Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 544

 

 

 

 

 

 

 

  2020           5             28                                       2020/ШЦТ/544       

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

  улсын яллагч С.Батгэрэл,

иргэдийн төлөөлөгч Д.Даваадорж,

  шүүгдэгч Э.А-, түүний өмгөөлөгч Р.Оюунбадам,

  насанд хүрээгүй хохирогч Э.Ү, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

    

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Эрдэнэчимэгийн А-д холбогдох эрүүгийн ... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... дугаарын регистртэй, Боржигин овогт Эрдэнэчимэгийн А-.  

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.А- нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 01 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 17-87г тоотод хохирогч Э.Үийн биед хайчийг зэвсгийн чанартай хэрэглэж цээжний баруун ар дунд хэсгээр цээжний баруун хөндий рүү хатгагдаж, зүсэгдэж, нэвтэрсэн шарх, баруун уушигны уналт, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт /700гр/, баруун даланд шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд ххирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                                                            

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А- мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Э.Ү мэдүүлэхдээ:

“...А-д гомдол байхгүй. Би тэр үед А-г Мтэй хардаад хоёулаа гараад явсан. Тэгээд бид 2 муудалцаад буцаад орсон гэтэл миний нуруугаар халуун оргиод байсан тэгээд ухаан алдаад унасан...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.А-гийн өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 23-нд манай хамаатны эгч эмнэлэгт хэвтлээ гээд намайг хэд хоног гэр харчих гэхээр нь би БГД-н 22-р хороо Зүүн наран 17-87г тоотод очоод гэрийг нь харсан. Б- уг тоотод ирдэг байсан бөгөөд хэрэг гарахаас хоёр хоногийн өмнө Б- миний төрсөн өдөр болно уулзъя салхинд гаръя эсвэл яаж тэмдэглэхээ ярилцъя гэсэн. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 23-нд намайг хүүхэдтэй байж байхад Н ирсэн тэгээд Б-, Ү, Они, М, Б, Т нар орж ирсэн. Утсаа цэнэглээд юм яриад сууж байгаад хоёр охин ирж байна очиж тосно гээд бүгдээрээ гарсан. Ү намайг гэрээ цэвэрлэ Б-ын төрсөн өдөр тэмдэглэнэ гэсэн. Тэгээд гарч яваад Б- Ү Они М Б Т А Э гэх хоёр охин дагуулж орж ирсэн. Тэгэхдээ хоёр шил архи хоёр 2,5 литрийн пиво авчихсан байсан. Тэгээд гарна гэж байгаад болиод архиа Тгээс бусад нь хувааж уусан.

...Ү надад би Мг хутгална гээд хутга хайгаад байсан хутга байхгүй байсан тэгээд улаан иштэй хайч гал тогооны шүүгээн дээр байхад нь би авсан тэгэхэд Ү надаас булааж авах гээд булаацалдаад байхаар нь би өгөхгүй гэхэд намайг чи тэгвэл намайг хайчаараа шаачих чаддаг юм бол гээд байсан тэгээд намайг үүрч шидэх гээд байсан тэгээд би уурандаа гарт байсан хайчаараа нуруу ар хэсэг рүү нь хатгасан. Тэгээд цус гарахад Б- босч ирээд Үйлтөгөлдөрийг манайх руу явъя гэсэн Ү явахгүй гэхэд Б- намайг хэл амаар доромжлоод байхаар нь би хайчаар нуруу руу нь хатгасан. Би гэм буруугаа ухаарч байна...” гэх мэдүүлэг /хх-н 118-121/,  

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Э.Үийн өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 23-нд Б-тай 5 шар дээр уулзахад төрсөн өдөр нь гэсэн тэгээд Б-гийн гэрт очоод мр5 аваад гараад 5 шарын ТҮЦ-ний ахад зараад уг ахтай хамт ТҮЦ-нд нь байж байгаад Фэйсбүүк ороод Б- М Баагий хоёрыг дуудсан. Тэгээд Сүлжмэл дээр очиж биллъярд нэг цаг тоглоод дуусч байхад Они ирсэн тэгээд 5 шар ороод тэндээсээ Өргөө кино театрын арын Эын замд байдаг БГД-н 22-р хороо Зүүн наран 17-87г тоотод очиход Баагийгийн найз хоёр охин ирлээ гэхээр нь бид нар буцаж гараад Өргөө кино театр ороод уг хоёр охиныг аваад буцаад Өргөө кино театрт ороод дулаацаад Они-г ятгаад гар утсыг нь ломбарданд тавиулсан буцаад уг айлруугаа явах замаараа Анхил нэртэй дэлгүүр ороод хоёр шил 0,75 литрийн Хараа архи хоёр 2,5 литрийн Сэнгүүр пиво нэг фанта ундаа авсан тэгээд айлруугаа ороод авсан архи пиво ууцгаасан. Би архинаас нь 3-с 4 уусан пивоноос нь нэг уусан. Тэгээд Мтэй А-г хардсан юм шиг байна лээ тэгээд би Мд яг юу гэснээ санахгүй байна гадаа юм яриад байсан тэгээд буцаж ороод нэг удаа архи уусан тэгээд согтсон байна нэг сэргэхэд орон дээр хэвтэж байсан тэгээд Төгсөө Мөөжиг А- Номио нар байсан тэгээд намайг эмнэлэгт хүргэж өгсөн.

Уг гэмтлийн хэн ямар шалтгааны улмаас надад учруулсныг огт мэдэхгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 29-30/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.М-ийн өгсөн:

“...Би 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 05 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцсийн “Тsе" пабын гадна өөрийн найз А-гийн ах Ттой тааралдсан юм. Тэгтэл Т А-тай уулзмаар байна тийм учраас надад байгаа газрыг заагаад өг гэж хэлэхээр нь такси бариад Баянгол дүүргийн 22-р хороо Зүүн нарангийн 17-р гудамжны 87Г тоотод очоод гэрт ороход Үйлсээ, Н нар байж байсан бөгөөд Үйлсээ хутгалуулчихсан гээд доошоо хараад орон дээр хэвтэж байсан тэгтэл миний ардаас Ажин орж ирсэн юм тэгээд би Үйлсээгийн нуруун дээр цус хатчихсан байдалтай байхаар нь салфеткаар арчаад тэндээсээ ГССҮТ-д очиж хүлээлгэж өгчихөөд буцаад Ажингийн байж байсан газар ирээд амарсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 32-33/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Тын өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө би найз нартайгаа гадуур явж байгаад Ббаянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 11-87г тоотод найз Мөөжгийн хамт очиход зүс таних эрэгтэй доошоо харсан унтаж байсан. Би дөхөөд хартал нуруунд нь цус болсон байхаар нь сэрээгээд юу болсон юм бэ гэж асуухад ягаач үгүй ах гэж хэлэхээр нь би юу яриад байгаа юм бэ аймар их цус гараад байна гэж хэлээд нуруун тус газарлуу давс цацаад цусыг түр тогтоогоод байж байхад гаднаас дүү А- орж ирсэн би А- болон хамт байсан Мөөжиг Н дагуулаад гэмтлийн эмнэлэг орсон. Гэмтлийн эмнэлэг ороод хүн хутгалуулсан байна гэж хэлэхэд нэг өрөө рүү эмч нар дагуулаад орсон бид нар нилээн хүлээж байх хугацаанд Ү та нар яв аав ээж ирж байна гэнээ гэж хэлсэн. Тэгээд бид нар такси бариад дүүгийндээ очиж хоносон...” гэх мэдүүлэг /хх-н 36-37/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч О.Б-аас өгсөн:

“.... 2020 оны 01 дүгээр сарын 23-нд би Хорооллын Өргөө кино театраас  хойшоо яваад Энхболдын замаар өгсөөд байдаг А Ү ах хоёр амьдардаг гэрт нь очсон Ү ахад миний төрсөн өдөр гээд худлаа хэлсэн. Тэгээд Үйлсээ ах тэмдэглье гээд хамт гараад 5 шар Үйлсээ ахын найзруу нь очсон уг ах ТҮЦ ажиллуулдаг юм байна лээ тэгээд 5 шар дээр Б М хоёрыг дуудаад Они-г Сүлжмэлээс аваад нэг цаг ТҮЦ-ний ахтай бид нар биллъяард тоглоод уг ТҮЦ-ний ах явлаа гээд явсан. Үйлсээ ах Б М Они бид нар Өргөө кино театрын ард Энхболдын замд байдаг Үйлсээ ах амьдраад байдаг гэрт нь очсон. А, Э хоёр Өргөө дээр ирчихлээ гэхээр нь Т Б М Они Үйлсээ ах бид нар А, Э хоёрыг аваад хоёр таксинд хуваагдаж суугаад буцаад нөгөө байшин руу очсон. Тэгээд очиход Үйлсээ ах хоёр том пиво нэг шил 0,75 литрийн архи гаргаж ирээд Үйлсээ ах би Ака Номио бид нар уусан би их уугаагүй Үйлсээ ах уучих гээд байхаар нь хоёр аяга пиво уусан тэгээд би унтчихсан байсан. Тэгээд ёооёоо ёооёоо гээд орилоод дуугараад байхаар нь харахад Үйлсээ ах доошоо харчихсан согтуу ёооёоо гээд орилоод хэвтэж байсан. Тэгэхэд Ака гэх охин Үйлсээ ахын баруун далны хэсэгт нэг удаа араас нь улаан иштэй хайчаар зоосон тэгээд би болиоч гээд очиход дахиад зоочихсон. Тэгээд би Акаг боль чи мэдрэл юм уу гэхэд Ака чамайг би зоочих уу гэсэн. Би тэг тэг чаддаг юм бол гэсэн тэгэхэд Ака миний нуруу руу хайчаараа нэг удаа зоосон. Би түлхэхэд арагшаа унасан босоод хайчаа бариад зугтсан. Үийн нуруунд гурван шарх байсан гурвуулангаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-н 4-5/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Эийн өгсөн:

“...Т, Они хоёр хүүхдүүдийг дагуулаад гарсан А- эгч хүүхдээ тэвэрсэн хөл дээрээ тогтож чадахгүй байсан би хүүхдийг нь авсан Б- унтаж байсан. Тэгэхэд Үйлсээ гал тогоонд доошоо хараад хэвтчихсэн А- эгч улаан иштэй хайч барьчихсан зогсож байсан. Тэгэхэд Үйлсээ Ака чи яасан ч болно би яах ч үгүй хүссэн бүхнээ хийж болно хамгийн гол нь чи надад хайртай юм уу гээд байсан. Тэгээд А- эгч над руу ирээд аниа нь дүрчихлээ яах уу гэсэн би юу яриад байгаа юм бэ гээд Үйлсээгийн хажууд очиход Үйлсээгийн нурууны хэсэг цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 61-63/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Ц.Нандинцэцэгийн өгсөн:

“...Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд ба хурц ир үзүүртэй зүйл гэдэгт хутга хойч зэрэг аль аль нь байж болно...” гэх мэдүүлэг /хх-н 77/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ... тоот:

1. Э.Ү-н биед цээжний баруун ар дунд хэсгээр цээжний баруун хөндий рүү хатгагдаж, зүсэгдэж, нэвтэрсэн шарх, баруун уушигны уналт, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт /700гр/, баруун даланд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүдийн гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-н 73-74/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 124/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 125/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 132/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.А- нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 01 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 17-87г тоотод хохирогч Э.Үийн биед хайчийг зэвсгийн чанартай хэрэглэж цээжний баруун ар дунд хэсгээр цээжний баруун хөндий рүү хатгагдаж, зүсэгдэж, нэвтэрсэн шарх, баруун уушигны уналт, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт /700гр/, баруун даланд шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Э.А-гийн “...Ү би Мг хутгална гээд хутга хайгаад байсан хутга байхгүй байсан тэгээд улаан иштэй хайч гал тогооны шүүгээн дээр байхад нь би авсан тэгэхэд Ү надаас булааж авах гээд булаацалдаад байхаар нь би өгөхгүй гэхэд намайг чи тэгвэл намайг хайчаараа шаачих чаддаг юм бол гээд байсан тэгээд намайг үүрч шидэх гээд байсан тэгээд би уурандаа гарт байсан хайчаараа нуруу ар хэсэг рүү нь хатгасан...” гэх мэдүүлэг, 

 

гэрч Б.М-ийн “...Баянгол дүүргийн 22-р хороо Зүүн нарангийн 17-р гудамжны 87Г тоотод очоод гэрт ороход Үйлсээ, Н нар байж байсан бөгөөд Үйлсээ хутгалуулчихсан гээд доошоо хараад орон дээр хэвтэж байсан тэгтэл миний ардаас А- орж ирсэн юм тэгээд би Үйлсээгийн нуруун дээр цус хатчихсан байдалтай байхаар нь салфеткаар арчаад тэндээсээ ГССҮТ-д очиж хүлээлгэж өгчихөөд буцаад А-гийн байж байсан газар ирээд амарсан юм...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Тын “...2020 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө би найз нартайгаа гадуур явж байгаад Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 11-87г тоотод найз Мөөжгийн хамт очиход зүс таних эрэгтэй доошоо харсан унтаж байсан. Би дөхөөд хартал нуруунд нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй гэрч О.Б-ын “...ёооёоо ёооёоо гээд орилоод дуугараад байхаар нь харахад Үйлсээ ах доошоо харчихсан согтуу ёооёоо гээд орилоод хэвтэж байсан. Тэгэхэд Ака гэх охин Үйлсээ ахын баруун далны хэсэгт нэг удаа араас нь улаан иштэй хайчаар зоосон тэгээд би болиоч гээд очиход дахиад зоочихсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Эийн “...А- эгч над руу ирээд аниа нь дүрчихлээ яах уу гэсэн би юу яриад байгаа юм бэ гээд Үйлсээгийн хажууд очиход Үйлсээгийн нурууны хэсэг цус болсон байсан...” гэх мэдүүлэг,

 

шинжээч Ц.Нандинцэцэгийн “...Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд ба хурц ир үзүүртэй зүйл гэдэгт хутга хойч зэрэг аль аль нь байж болно...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1934 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.А-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Насанд хүрээгүй хохирогч Э.Үийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудаар тогтоогдсоноор шүүгдэгч Э.А-гаас 370,100 төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Э.Үийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

   Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Э.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жил хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 05 /таван/ жил хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т торгох ял оногдуулах хууль зүйн зохицууллалтгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Э.А-гийн бага насны хүүхэд болох 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн А-гийн Энхтайван /РД:.../, 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн А-гийн Энххүслэн /РД:.../ нарыг асран хамгаалах үүргийг Боржигин овогт Дашийн Эрдэнэчимэгт даалгав.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Эрдэнэчимэгийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 05 /таван/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Э.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           

4. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Э.А-гийн бага насны хүүхэд болох 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн А-гийн Энхтаван /РД:.../, 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн А-гийн Энххүслэн /РД:.../ нарыг асран хамгаалах үүргийг Боржигин овогт Дашийн Эрдэнэчимэгт даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.А-гаас 370,100 төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Э.Үийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эт олгосугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч Э.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.А-д авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                                ШҮҮГЧИД                                    Ц.ДАЙРИЙЖАВ  

 

                                                                                                                                                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ