Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 550

 

 

 

 

 

 

 

    2020         06           02                                         2020/ШЦТ/550

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б-н М-т холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “***” группт инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *** дүгээр хороо, “*** ” ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ***/, *Б овогт Б-н М.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.М нь үргэлжилсэн үйлдлээр, согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэр болох одоогоор ** дүгээр хорооны нутаг дэвсэрт байрлах “Алтай” хотхоны гаднах авто машины зогсоолд байрлуулсан хохирогч Ц.М-н эзэмшилийн “Jеер Liberty” /Жийп либерти/ загварын **-** УБЕ улсын дугаартай автомашины толийг хугалж 450.000 төгрөгийн,

хохирогч Д.Б-н эзэмшлийн “Тоyота Stima” /Тоёота Стима/  загварын **-**УБЛ улсын дугаартай автомашины толийг хугалж 100.000 төгрөгийн,

хохирогч Н.Б-н эзэмшилийн “Тоуоtа саmrу” /Тоёота Камри/ загварын **-** УНА улсын дугаартай автомашины толины хавтсыг хагалж, улсын дугаарыг нуглан гэмтээж 30.000 төгрөгийн,

хохирогч З.С-н эзэмшилийн “Тоyота Passo” /Тоёота Пассо/ загварын **-** УНП улсын дугаартай автомашины толийг хугалж 150.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас нийт 730.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.М-ыг үргэлжилсэн үйлдлээр, согтуурсан үедээ бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад нийт 730.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч Б.М-т холбогдох хэргийг яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч Б.М-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.М- нь үргэлжилсэн үйлдлээр, согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох одоогоор 24 дүгээр хорооны нутаг дэвсэрт байрлах “Алтай” хотхоны гаднах авто машины зогсоолд байрлуулсан хохирогч Ц.М-ны эзэмшилийн “Jеер Liberty” /Жийп Либерти/ загварын **-** УБЕ улсын дугаартай автомашины толийг хугалж 450.000 төгрөгийн,

хохирогч Д.Б-н эзэмшлийн “Тоyота Stima” /Тоёота Стима/  загварын **-** УБЛ улсын дугаартай автомашины толийг хугалж 100.000 төгрөгийн,

хохирогч С.З-н эзэмшилийн “Тоуоtа саmrу” /Тоёота Камри/ загварын **-** УНА улсын дугаартай автомашины толины хавтсыг хагалж, улсын дугаарыг нуглан гэмтээж 30.000 төгрөгийн,

хохирогч Н.Б-н эзэмшилийн “Тоyота Passo” /Тоёота Пассо/ загварын **-** УНП улсын дугаартай автомашины толийг хугалж 150.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас нийт 730.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

Шүүгдэгч Б.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.М-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн орчимд **-** УБЕ улсын дугаартай Jеер Liberty /Жийп Либерти/ маркийн тээврийн хэрэгсэлийг өөрийн амьдардаг Баянгол дүүргийн “Алтай” хотхон *** дугаар байрны гадаа зам дагуу байрлуулсан. Би өглөө 7 цагийн орчимд ажилдаа явах гээд машин дээрээ ирэхэд миний машины зүүн талын тольны хавтас хагарчихсан, дотор толь нь мөн хагарсан байдалтай байсан. Манай байрнаас цаашаагаа мөн хэд хэдэн машины толь хугарч, хагарчихсан байдалтай байсан бөгөөд хамгаалалтын албаны ажилтан Дагвадорж гэх залуутай уулзахад шөнө нэг согтуу залуу машинуудын толь хагалаад явчихсан гэж хэлсэн. Миний машин байрлуулсан ** дугаар байрнаас гадна 32 дугаар байрны орчимд байрлуулсан хэдэн тээврийн хэрэгсэлийн толийг мөн эвдэлсэн байсан. Тэгээд би цагдаагийн газарт мэдэгдсэн... **-** УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшилд байдаг. Би машины эвдрэлд 450.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15-рт/,

 

хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...:Би 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн орчимд **-** УБЛ улсын дугаартай “Тоёота Стима” маркийн тээврийн хэрэгсэлийг өөрийн амьдардаг Баянгол дүүргийн “Алтай” хотхон ** дугаар байрны гадаа зам дагуу байрлуулсан. Тэгээд өглөө 08 цагийн орчимд машин дээрээ ирэхэд миний машины зүүн талын толь хугарчихсан байсан. Мөн тэнд байсан хэд хэдэн машины толь хугарчихсан байдалтай байсан. Иймд цагдаагийн байгууллагад хандсан... **-**УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшилд байдаг. Б.М- нь миний машинд учирсан эвдрэл, гэмтэлд 100.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан... Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-рт/,

 

хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 20 цаг 40 минутын орчимд өөрийн эзэмшлийн **-** УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг Баянгол дүүргийн * дүгээр хороо “Алтай” хотхон ** дүгээр байрны гадаа зогсоолд зам дагуу байрлуулсан. Ингээд өглөө 9 цагийн орчимд машин дээрээ ирэхэд миний машины зүүн талын тольны гадна хавтас хагарчихсан, хойд талын улсын дугаар нугарчихсан байдалтай байсан. Тэгээд тухайн үед ажиллаж байсан Алтай хотхоны хамгаалагч Дагва гэх хүнтэй уулзахад тухайн хэргийг үйлдсэн этгээдийг барьсан гэж хэлсэн. Ингээд би Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газарт хандсан. Б.М- уучлалт гуйж, яаралтай хохирлыг чинь төлж барагдуулна гэсэн бөгөөд би тухайн залуутай хамт явж машины эд зүйлсээ засуулсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... **-** УНА улсын дугаартай тээрвийн хэрэгсэл миний эзэмшилд байдаг ба Б.М- миний машины эвдрэлд 30.000 төгрөг төлж барагдуулсан... Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24-рт/,

 

хохирогч, иргэний нэхэмжлэгч З.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Би 2020 оны 02 дугаар сарын 13-ны өлрөөс 14-нд шилжих шөнө  өөрийн эзэмшилийн “Тоёота пассо” маркийн тээврийн хэрэгслийг 01 цагийн орчимд өөрийн амьдардаг Баянгол дүүргийн * дүгээр хороо “Алтай” хотхон ** дугаар байрны орчимд  байрлуулсан. Ингээд маргааш өглөө нь ажилдаа явах гээд машин дээрээ ирэхэд миний машины баруун талын толь суурь хэсгээрээ хугарчихсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан... **-** УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшилд байдаг. Машины эвдрэлд 150.000 төгрөгийн хохирол учирсан ба Б.М уг хохирлыг төлж барагдуулсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-29-рт/,

 

гэрч С.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтай” хотхонд Хүчит бамбай харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажилладаг. 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд шөнө 01 цагийн орчимд ** дугаар байрны урд талын явган хүний зам дагуу байрлуулсан байсан тээврийн хэрэгсэлүүдийн толийг зүс таних согтуу хүн хугалаад байсан. Би тухайн хүний царайг харсан бөгөөд “Алтай” хотхонд амьдардаг хүн болохыг таньсан. Уг этгээд юүдэнтэй цамцтай явж байсан бөгөөд түүний араас хөөхөд тэр залуу зугтаагаад байр тойроод явсан. Тэгээд маргааш нь 07 цагийн орчимд уг этгээдтэй ** дугаар байрны орцонд тааралдсан бөгөөд өөр хувцас өмссөн байсан. Тэгэхээр нь би тэр залуугаас чи машины толь эвдэлчихсэн гэхэд тэр залуу үгүй тийм зүйл байхгүй гээд байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42рт/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Тоyота Камри” /Тоёота Камри/ маркийн автомашины толийг 15.000 төгрөг, “Тоyота Passo/ /Тоёота Пассо” маркийн автомашины толийг 150.000 төгрөг, “Тоyота Stima/ /Тоёота Стима/ маркийн автомашины толийг 100.000 төгрөг, “Jeep Liberty” /Жийп Либерти/ маркийн автомашины толийг 450.000 төгрөгөөр, нийт 730.000 төргөгөөр үнэлэв. /хх-ийн 43-44-рт/,

 

шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Би 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 120-ийн орчим пабд хэсэг найзуудтайгаа хамт 4 ширхэг пиво уусан. Тэндээсээ гараад гэр рүүгээ харихаар ганцаараа явсан бөгөөд манай гэр “Алтай” хотхонд байдаг. “Алтай” хотхоны **, ** дүгээр байрны орчимд явган хүний замаар явж байхад явган хүний зам дээр нэг машин байрлуулсан байсан. Тэр машины хажуугаар гарахдаа хувцасаа урчихсан бөгөөд цаашаа явж байгаад **-** дүгээр байрны орчимд мөн хэсэг машиныг явган хүний зам дээр тавьчихсан байхаар нь би бухимдсандаа тэр машинуудын тольнуудыг хугалчихаад гэртээ орж унтсан. Маргааш нь намайг гэрээсээ гараад явж байтал “Алтай” хотхоны хамгаалагч болон машины толио хагалуулсан хэсэг хүмүүс намайг барьж авсан. Тэгээд Цагдаагийн байгууллага дээр ирсэн. Би тухайн үед гэм буруугаа ухаарч хохирогч нарын хохирлыг барагдуулсан... Би  машины толь мөн нэг машины улсын дугаарыг нугалчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53-рт/,

- эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 54-рт/,

- нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 57-рт/,

- Депозит дансны хуулга /хх-ийн 77-78-рт/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор  уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагн талаарх саналыг яллагдагч Б.М-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Б.М-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Б овогт Б-н М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.М-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д хэсэгт зааснаар Б.М-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ