| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2020/0081/Э |
| Дугаар | 83 |
| Огноо | 2020-07-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга Т.М,
Улсын яллагч Б.Д,
Шүүгдэгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Л.О-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн А гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х овогт Л.О,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.О нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух иргэн Г.А-н гэрт нууцаар орж, 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, 336,000 /гурван зуун гучин зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Л.О мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2020 оны 02 дугаар сараас эхлэн Замын-Үүд сумын 3 дугаар багийн иргэн А-н гэх айлын малыг малладаг юм. Тэднийх Замын-Үүд сумаас баруун хойд 45 км-т байдаг юм. Тусдаа илүү гэрт нь ганцаараа амьдардаг бөгөөд тэднийх сарын 300,000 төгрөгийн цалин өгдөг, дээр нь хоол унд бусад зардлыг даадаг юм. Би 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр замын унаанд дайгдаад Замын-Үүд суманд ах дүү нартайгаа сар шинийн золголт хийх гээд ирсэн юм. Би садан төрлийнхөө айлуудаар ороод хүргэн ах Б-нд хонохдоо түүнтэй архи ууж байгаад согтоод унтсан. Маргааш өглөө нь буюу 2020 оны 02 дугаар сарын 29-ний өглөө босоход дотор эвгүй, шартсан байсан тэднийд байсан 0.5 литрийн Е архины тал байсныг уучихсан чинь нилээд халаад эргээд бага зэрэг согтсон байх, тэгээд Б-н гэрээс гараад ... байх танил У гэдэг айл байх ёстой гээд хайж явж байгаад 1 айлын хаалга нь онгорхой байхаар нь шагайсан чинь ширээн дээр 4 ширхэг мөнгөн аяга харагдахаар нь 1 нь том, нөгөөх нь жижиг сэржимний аяга нийт 2 ширхэг аягыг дээлийнхээ энгэртээ хийгээд тэндээс гарч яваад өөр очих хэсэх айл байхгүй, дахин архи авч уумаар санагдаад нөгөө 2 аягаа өвөртөлж явж байгаад гэр байрны гудамжинд байдаг цагаан худгийн түгээгч эмэгтэйд жижиг сэржимний аягаа “буцах гэсэн бинзенгүй болчихлоо” гэж хэлээд 15,000 төгрөгөөр зараад, тэгээд тэндээсээ дахиад хоошоо яваад 2 давхар /нэрийг нь анзаараагүй/ дэлгүүрийн худалдагч эмэгтэй том аягаа 100,000 төгрөгөөр зараад тухайн мөнгөөрөө архи авч уугаад дуусгасан юм. Би бусдын эд зүйлийг хулгайлсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна... Нэг аягыг нь өгсөн, нэг аяга нь байхгүй болчихсон гэсэн учраас 250,000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/,
- Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд: “... Би Замын-Үүд сумын 2 дугаар багт нөхөр 2 хүүхдийн хамтаар амьдардаг хилийн ... дугаар ангид телекамерийн хянагчийн ажил хийдэг. 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа явах гээд өглөөний 08:40 минутын үед бага насны хүүхдээ гэртээ унтуулж орхиод ажил дээрээ очоод цагаа бүртгүүлчихээд ирнэ гэж бодоод хаалгаа түгжилгүйгээр хаалгаа хаачихаад ажил дээрээ очоод буцаад 09 цаг 40 минутын үед гэртээ ирээд ширээн дээр байсан аяга тавгаа цэвэрлэх гээд хурааж байсан чинь ширээн дээр байсан 4 ширхэг мөнгөн аяганы 2 ширхэг нь байхгүй байхаар нь хүүхдүүд цай унд уугаад энд тэнд тавьсан юм байхдаа гээд тоолгүй орхисон. Тэгээд нөгөө 2 мөнгөн аяга маань гарч ирэхгүй байхаар нь 2 ширхэг мөнгөн аяга хайччихсан юм бэ гээд хүүгээсээ асуутал таныг ажилдаа явсан хойгуур нэг цэнхэр дээлтэй ах манай гэрийн хаалгаар шагайчихсан байсан гэхээр нь манай 2 мөнгөн аягыг хүн хулгайлчихсан юм байна гээд цагдаад мэдэгдсэн...Миний бие хулгайд алдсан 2 ширхэг мөнгөн аягны нэгийг нь биет байдлаар буцаагаад авсан, нэг аягыг нь дамжуулан авсан хүнийг нь олохгүй байгаа гэсэн, гэхдээ бэлэн мөнгө хэлбэрээр төлбөрийг нь О-с 2020 оны 06 сарын 28-ны өдөр миний Х банкин дахь ... дугаартай дансанд 250,000 төгрөг шилжүүлж би хохирол нэхэмжлэхгүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8, 50/,
- Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Дорноговь аймаг Замын-Үүд суманд эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг юм. Одоогоор Хилийн ... дугаар ангид ээлжийн даргын ажлыг хийж байгаа. Уг хаяганд 2018 оноос хойш амьдарч байна. Би орцныхоо оршин суугчдыг сайн мэднэ хэн хэн амьдардгийг нь хүртэл мэднэ. Яагаад гэвэл дандаа надтай хамт ажилладаг хүмүүс гэр бүлээрээ байдаг болохоор би сайн мэднэ нэг нэгнийхээрээ орж гардаг хүмүүс байдаг 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр байсан байх тэр өдрийн өглөө 09 цаг 30 минутанд гэж санаж байна би тэр үед гэртээ амарч байхад хажуу айл буюу ... тоотын хаалга дуугарах шиг болоод нэг бакалтай хүний хөлийн чимээ буюу хатуу ултай гутлын чимээ гараад удалгүй манай гэрийн хаалгыг нэг танихгүй хүн шууд онгойлгоод ороод ирэхээр нь яах гэсэн юм бэ гэж асуухад хуучин танай арын даргынх мөн үү гэхээр нь би бишээ тийм хүн байхгүй гэхэд нөгөө хүн гараад явсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/,
- Гэрч Ж.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би энэ хүнийг сайн танихгүй урьд нь манай дэлгүүрээр үйлчлүүлж байсныг нь санахгүй байна. Тухайн өдөр хэн дэлгүүрт суусныг нь сайн санахгүй байна. Миний хүүгийн дэлгүүр болохоор бид нар ээлжлээд ажил багатай нэгнийгээ суулгачихдаг...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/,
- Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би эгчээсээ сонсож л байсан болохоос биш би тэр мөнгөн аягыг нь хараагүй дээрээ бичигтэй аяга гэж ярьж байсныг санаж байна зарсан хүнийг нь бол хараагүй 100,000 төгрөгөөр худалдаж авснаа надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/,
- Гэрч Ш.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт нөхрийн хамтаар амьдардаг. Одоогоор ... ажил хийдэг. 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр өөрийн ажилладаг 11 дүгээр худагт усаа түгээгээд сууж байхад 14 цагийн үед байх ногоон өнгийн дээлтэй хөдөөний бор царайтай хүн орж ирээд эгч минь дүүдээ тусал би Дорноговь аймгийн Хөвсгөл сумын хүн байгаа юмаа мотоциколтой явж байсан бинзен дуусаад бинзений мөнгө байдаггүй та энэ аягыг 15,000 төгрөгөөр авч туслаач гэхээр нь хүү минь хулгайн юм биш биздээ хаанаас авсан юм Хөвсгөл сумын хэний хүүхэд вэ гэж асуухад энэ аяга хулгайн аяга бишээ миний охин саяхан шинэ гэр бүл болсоон тэгээд надад цагаан сарын бэлэг болгож өгсөн юмаа гэхээр нь миний 5 хүүхдийн эцэг Хөвсгөл сумын хүн байсан болохоор нь нутгийнх нь хүн байна өвлийн хүйтэнд ядарч яваа юм гэж бодоод туслахаар 15,000 төгрөгийг өгч авсан нь үнэн...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Замын-Үүд сумын 3 дугаар багт байрладаг М нэртэй ногоон өнгийн барилгатай 2 давхар дэлгүүрт худалдагчаар ажилладаг юм. 2020 оны 02 сарын 29-ний өдөр дэлгүүртээ сууж байсан чинь 45-50 орчим насны ногоон өнгийн дээлтэй эрэгтэй хүн орж ирээд том мөнгөн аяга харуулаад “энэ аягыг зарах гэсэн юм, ах нь буцах гэсэн мөнгөгүй болчихоод байна” гэхлээр нь юун аяга вэ хулгайн эд зүйл биш үү, энэ бичигтэй байна гэсэн чинь манай охины аяга байгаа юм, хамт олон нь шинэ жилээр бэлэглэсэн гэсэн гэхлээр нь би худлаа яриад бай, юу гэж дурсгалынхаа аягыг таньд өгдөг юм бэ гэсэн чинь аавдаа цагаан сараар бэлэглэсэн юм гэж хэлээд 100,000 төгрөгөөр авчих гээд байхаар нь би итгээд авчихсан юм... 100,000 төгрөгөндөө Л.О нь надад 1 ямаа авчирч өгсөн, надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/,
- “А” ХХК-ний үнэлгээний дүгнэлт /хх-ийн 12-14/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-36/,
- Л.О-н иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний дэлгэрэнгүй мэдээлэл /хх-ийн 37-39/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд: Л.О нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух иргэн Г.А-н гэрт орж ширээн дээр нь байсан 2 ширхэг мөнгөн аягыг авсан үйл баримт болсон байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Л.О-г 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг ... тоотод оршин суух иргэн Г.А-н гэрт нууцаар орж, 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, 336,000 /гурван зуун гучин зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Л.О нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух иргэн Г.А-н гэрт нууцаар орж, 2 ширхэг мөнгөн аягыг хууль бусаар авсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хохирогч Г.А “...2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа явах гээд өглөөний 08:40 минутын үед бага насны хүүхдээ гэртээ унтуулж орхиод ажил дээрээ очоод цагаа бүртгүүлчихээд ирнэ гэж бодоод хаалгаа түгжилгүйгээр хаалгаа хаачихаад ажил дээрээ очоод буцаад 09 цаг 40 минутын үед гэртээ ирээд ширээн дээр байсан аяга тавгаа цэвэрлэх гээд хурааж байсан чинь ширээн дээр байсан 4 ширхэг байдаг мөнгөн аяганы 2 ширхэг нь байхгүй байхаар нь хүүхдүүд цай унд уугаад энд тэнд тавьсан юм байхдаа гээд тоолгүй орхисон. Тэгээд нөгөө 2 мөнгөн аяга маань гарч ирэхгүй байхаар нь 2 ширхэг мөнгөн аяга хааччихсан юм бэ гээд хүүгээсээ асуутал таныг ажилдаа явсан хойгуур нэг цэнхэр дээлтэй ах манай гэрийн хаалгаар шагайчихсан байсан гэхээр нь манай 2 мөнгөн аягыг хүн хулгайлчихсан юм байна гээд цагдаад мэдэгдсэн...” гэсэн, гэрч Г.С-н “...2020 оны 02 дугаар сарын 29 өдөр байсан байх тэр өдрийн өглөө 09 цаг 30 минутанд гэж санаж байна би тэр үед гэртээ амарч байхад хажуу айл буюу ... тоотын хаалга дугарах шиг болоод нэг бакалтай хүний хөлийн чимээ буюу хатуу ултай гутлын чимээ гараад удалгүй манай гэрийн хаалгыг нэг танихгүй хүн шууд онгойлгоод ороод ирэхээр нь яах гэсэн юм бэ гэж асуухад хуучин танай арын даргынх мөн үү гэхээр нь би бишээ тийм хүн байхгүй гэхэд нөгөө хүн гараад явсан...” гэсэн, гэрч Б.Х “...Би эгчээсээ сонсож л байсан болохоос биш би тэр мөнгөн аягыг нь хараагүй дээрээ бичигтэй аяга гэж ярьж байсныг санаж байна зарсан хүнийг нь бол хараагүй 100,000 төгрөгөөр худалдаж авснаа надад хэлсэн...” гэсэн, гэрч Ш.Н-н “...“Ч” ХХК-нд ажил хийдэг. 2020 оны 02 дугаар сарын 29-ны өдөр өөрийн ажилладаг 11 дүгээр худагт усаа түгээгээд сууж байхад 14 цагийн үед байх ногоон өнгийн дээлтэй хөдөөний бор царайтай хүн орж ирээд эгч минь дүүдээ тусал би Дорноговь аймгийн Хөвсгөл сумын хүн байгаа юмаа мотоцикльтэй явж байсан бинзен дуусаад бинзений мөнгө байдаггүй та энэ аягыг 15,000 төгрөгөөр авч туслаач гэхээр нь хүү минь хулгайн юм биш биздээ хаанаас авсан юм Хөвсгөл сумын хэний хүүхэд вэ гэж асуухад энэ аяга хулгайн аяга бишээ миний охин саяхан шинэ гэр бүл болсоон тэгээд надад цагаан сарын бэлэг болгож өгсөн юм аа гэхээр нь миний 5 хүүхдийн эцэг Хөвсгөл сумын хүн байсан болохоор нь нутгийнх нь хүн байна өвлийн хүйтэнд ядарч яваа юм гэж бодоод туслахаар 15,000 төгрөгийг өгч авсан нь үнэн...” гэсэн, иргэний нэхэмжлэгч Б.Ч “...Би Замын-Үүд сумын 3 дугаар багт байрладаг М нэртэй ногоон өнгийн барилгатай 2 давхар дэлгүүрт худалдагчаар ажилладаг юм. 2020 оны 02 сарын 29-ний өдөр дэлгүүртээ сууж байсан чинь 45-50 орчим насны ногоон өнгийн дээлтэй эрэгтэй хүн орж ирээд том мөнгөн аяга харуулаад “энэ аягыг зарах гэсэн юм, ах нь буцах гэсэн мөнгөгүй болчихоод байна” гэхлээр нь юун аяга вэ хулгайн эд зүйл биш үү, энэ бичигтэй байна гэсэн чинь манай охины аяга байгаа юм, хамт олон нь шинэ жилээр бэлэглэсэн гэсэн гэхлээр нь би худлаа яриад бай юу гэж дурсгалынхаа аягыг таньд өгдөг юм бэ гэсэн чинь аавдаа цагаан сараар бэлэглэсэн юм гэж хэлээд 100,000 төгрөгөөр авчих гээд байхаар нь би итгээд авчихсан юм...” гэсэн мэдүүлгүүд, А ХХК-ний үнэлгээний дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.О-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Л.О-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүний байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х овогт Л.О-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Л.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н