Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 32

 

                                                                                                                                                                                                                                                        

                                                                    

 

 

 

 

 

 

 

         Э.Мд холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Энхбат,

Шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 452 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Мын гаргасан давж заалдах гомдлоор Э.Мд холбогдох эрүүгийн 20162601000000 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

             Дэжээ овогт Э.М, 1993 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эгч, хүү, зээ дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 9 дүгээр гудамжны 325 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 6 дугаар гудамжны 17 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 0000000000000/,   

 

             Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 9 дүгээр гудамжинд иргэн П.Бын нуруун тус газарт хоёр удаа хутгалж, эрүүл мэндэд “цээжний хөндийн нэвтэрсэн шарх, уушгины хатгагдсан шарх, уушги уналт, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Э.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

             Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Э.Мыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Мд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Мын урьдчилан хоригдсон 84 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хүрэн өнгийн иштэй 1 ширхэг хутга, цагаан өнгийн 1 ширхэг малгай, банзны 1 ширхэг хугархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.М энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Э.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...452 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Э.М би хийсэн хэрэгтээ туйлын их гэмшиж байна. Э.М би ам бүл 3, өндөр настай ээж, бага балчир 4 настай, хүүгийн хамт амьдардаг. Өрх толгойлсон эмэгтэй. Өндөр настай ээж минь хөгжлийн бэрхшээлтэй группэд байдаг. Би ээжтэйгээ хамтран гар урлалын бизнес хийдэг байсан. Намайг хэрэгт шалгагдан хоригдож байх хугацаанд нөхөр минь салаад явсан байсан. Миний өндөр настай ээжийг болон бага балчир 4 настай хүүг минь асран хамгаалах хүнгүй амьдрал маш хүнд байна. 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр гэр бүлийн найзуудаараа уулзахаар манайд цугларсан. ...Удаагүй байтал Төгөлдөр нүүр ам нь хавдчихсан, цамц нь урагдчихсан орж ирээд “Нямбаярыг хүмүүс зодоод байна” гэж хэлсэн. Бид нар сандралдан гарсан гэхдээ би үүдний өрөөнд байсан нөхрийн дүүгийн куртикийг өмсөөд гарсан. Маралмаагийн машинтай бид нарыг очиход Нямбаяр хэсэг хүмүүстэй зодолдож байсан. Бид нар машинаас буугаад очиход Төгөлдөр лүү хэсэг хүмүүс дайрч зодолдсон. Би сандран айж салгах гэж очоод өөрийн санамсар болгоомжгүй байдлаас болж, куртикэнд байсан хутгаар хохирогч Бадрахын нуруун тус газарт нь түлхэх гэж байгаад хутгалсан байсан. Нөхрөө зодооноос хол байлгаж салгах гэж яваад ийм байдалд орж хэрэгт холбогдсондоо туйлын их гэмшиж байна. Э.М би тухайн үед бусдыг гэмтээж, санаатайгаар хохироох зорилго байгаагүй. Э.М би бусдын биед учруулсан хохирлыг арилгаж эмчилгээний төлбөрийг төлөх гэсэндээ гадагшаа явж ирсэн минь үнэн. Хууль зүйн мэдлэг муутайгаасаа болж гадагшаа явж болохгүй гэдгийг мэдээгүй явсан. Гэхдээ би өөрийн ажил хийж цуглуулсан мөнгөө хадгалан авчирч, сайн дураар ирж хохирогчийн гомдлыг бүрэн арилгасан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...Ар гэрийн гачигдал зовлон болон анх удаа гэмт хэрэгт холбогдсоныг минь харгалзан үзэж надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд хамруулан ял шийтгэлийг минь багасгаж өгнө үү...” гэв.

 

            Шүүгдэгч Э.Мын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ өмгөөлөгчийн торгох ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээж аваагүй. Торгох ял биелэгдэх ямар нэгэн үндэслэл, нотлох баримтууд авагдаагүй гэсэн байдалтай байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй гэж үзсэн. Шүүгдэгч Э.Мыг хийсэн хэрэгтээ гэмшсэн гэж үзээгүй. Гэмшсэн гэж үзэх үндэслэлгүй гэдгээ хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарлаагүй. Үндсэн хуульд хүн өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдалд нарийвчлан тусгасан байдаг. Тэгээд энэ эрхээ эдэлсний төлөө эрх зүйн байдлыг нь хүндрүүлж хуулийн хэр хэмжээг хэрэглэх хууль зүйн боломжгүй гэсэн байр суурьтай байгаа. Гэмшээгүй юм болов уу гээд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхээр гэм буруугаа үгүйсгэсэн, би энэ хэрэгт холбогдолгүй гэж өгсөн мэдүүлэг тайлбар нотлох баримтууд байдаггүй. Анхнаасаа би энэ хэргийг хийсэн, чин санаанаасаа гэмшиж байна гэсэн байдлаар яваад анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт энэ байдлаа илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн байдаг. Гэвч анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа үүнийг гэмшсэн гэж үзэх үндэслэлгүй гэсэн байр суурьтай байсан. Учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Хавтаст хэрэгт энэ тухай баримт авагдсан. Хохирогч цаашид ямар нэгэн эмчилгээ хийхгүй, миний биед учирсан гэмтэл бүрэн эдгэрсэн, хохирол мөнгөө бүрэн авсан, гомдолгүй гэсэн хүсэлт тайлбарыг гаргаж өгсөн. Иймд энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдлэхдээ огт үгүйсгээгүй. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж хохирлоо нөхөн төлсөн, тухайн зүйл хэсэгт заасан ялын дээд хэмжээний ½-с хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний ½-с багагүй ялыг оногдуулна гэснийг хэрэглэж өгнө үү...” гэв.

 

            Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Э.Мд 2 жилийн хорих ял оногдуулсан. Шүүхээс шүүгдэгч Э.Мыг мөрдөн байцаалтаас санаатайгаар зайлсхийж байсан. 2 дугаар сарын 17-ны өдөр оргоод 6 дугаар орж ирсэн хувийн байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж үзээд 2 жилийн хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Иймд шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 9 дүгээр гудамжинд иргэн П.Бын нуруун тус газарт хоёр удаа хутгалж, эрүүл мэндэд “цээжний хөндийн нэвтэрсэн шарх, уушгины хатгагдсан шарх, уушги уналт, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч П.Бын “...Би 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр гэртээ орой 20 цаг өнгөрч байх хашааны гадна талд Дашравдан, Бямбадорж, Бат-Өлзий, Эрдэнэцогт нар намайг утсаар дуудсан. “Хүслэн” хүнсний дэлгүүр рүү ороод 1 шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авч бид 5 хашааны гадна хувааж уусан. Дахин “Хүслэн” дэлгүүрээс 2.5 литрийн “Нийслэл” нэртэй нэг пиво авч хувааж уусан. Би машинаа хашаа руугаа оруулаад тавих гэж байтал найз Нямбаяр над руу утсаар залгаад “намайг 105 дугаар сургуулийн баруун урд талын худгийн хажуу талаас ирээд авчих” гэсэн. Тэгээд би Бат-Өлзий, Бямбадорж хоёртой хамт Нямбаярын байгаа газар руу очсон. Бид гурвыг очиход Нямбаяр нэг танихгүй залуутай юм яриад, жаахан халамцуу байдалтай зогсож байсан. Тэгээд Нямбаяр хамт явж байсан залуугийн хамт миний ...машинд суусан. Би Нямбаяраас “цуг явж байгаа хүн чинь хэн юм бэ” гэж асуухад Нямбаяртай хамт машинд суусан залуу надад хандаж “миний хэн байх чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Би тэр залуутай машин дотор муудалцаад байж байтал тэр залуу намайг “чи машинаас буугаад ир” гээд намайг дуудсан. Тэр үед би машинаас буугаад тэр залуу руу очтол нөгөө залуу “наашаа хүрээд ир, чи амжихгүй шүү банди минь” гээд дуудсан. Тухайн үед би Нямбаяртай ноцолдоод “гэрт чинь хүргэж өгье, машинд суучих” гэхэд Нямбаяр “би гэртээ харихаа болилоо” гээд машинд суухгүй байсан. Тэгээд ноцолдож байх үед Нямбаяр гараа мулталж авах гэж байгаад санамсаргүй байдлаар миний машины хойд талын салхины шилийг баруун гараараа нэг удаа цохиод хагалчихсан. Тэр үед намайг дуудаад “зодолдъё” гээд байсан залуу Нямбаярын эхнэр Маралаа, өөрийнхөө эхнэр, мөн нэг хүүхэн, залуу хоёрыг дагуулаад хүрээд ирсэн. Гэтэл Нямбаярын эхнэрийн машинаас намайг “зодолдъё” гээд байсан залуу бууж ирээд намайг барьж аваад ноцолдож эхэлсэн. Гэтэл надтай заамдалцаад, муудалцаад байсан залуугийн эхнэр миний нурууны ард тал руу 2-3 удаа цохих шиг болсон. Гэтэл миний биеийн урд хэсэг рүү халуун зүйл урсах шиг болсон. Би баруун гараараа чээжний урд хэсгийг элээд үзтэл цус урсаж байсан. Тэр үед би арагш эргээд хартал бараан өнгийн хувцастай, 160 см орчим өндөртэй эмэгтэй баруун гартаа 10-15 см орчим урт төмөр хутга барьчихсан зогсож байсан. Би заамдалцаад зогсож байсан залууг тавьчихаад зугтаасан. Тэгтэл нөгөө эмэгтэй намайг хутгалах гээд хутга барьчихаад дайраад байсан. Тэр үед би “наад эмэгтэй чинь намайг хутгалчихлаа, хутгатай байна” гэж орилтол намайг хутгалсан эмэгтэйг замд нь нэг залуу бариад авсан. Би хагалгаанд орохоосоо өмнө ухаан алдчихсан байсан. Тэрнээс хойш юу болсныг би санахгүй байна...” /хх-26-27/,

“...Төгөлдөр гэх залуу машинаас буугаад шууд над руу гүйж ирээд миний энгэрээс заамдаж аваад бид хоёр зууралдаад байж байтал /тухайн үед нэг нэгнээ цохиж зодоогүй зууралдаж байсан/ араас тэр Төгөлдөр гэх залуугийн эхнэр нь буюу Э.М гэх хүүхэн ард ирээд намайг 2-3 удаа цохиж авч байсан. Би тухайн үед хутгалж байна гэж мэдээгүй. Гэтэл хүзүүнээс халуун оргиод явчихаар нь нэг гараараа хүзүү орчмоо арчтал цус болчихсон байхаар нь тэр залууг түлхэж унагаагаад эргэж харахад Э.М гэх хүүхэн гартаа хутга барьчихсан дахиад над руу хутгалах гээд дайрахаар нь “наадах чинь хутгатай байна, хутгалчихлаа” гэж хэлсэн чинь тэр хүүхэн над руу хутгаа бариад дахин хутгалах гээд дайрахаар нь би зугтаасан. ...Би Төгөлдөр гэх залууг цохиж зодсон зүйл байхгүй. Тэр залуу түрүүлж машинаас буучихаад зайтай зогсчихоод “нааш ир чамайг ална” гэж хэлэхээр нь яваад очихоор зугтаагаад цааш яваад өгсөн. Нямбаяр гараа тавиулах гээд зууралдаж байгаад л гараа татахдаа санаандгүй машины цонхыг цохиод хагалсан юм. Тэрнээс санаатай цохисон зүйл байхгүй. ...Миний биеийн байдал сайнгүй, өмнөхөө бодвол арай гайгүй болсон. Өмнө гараа өргөхөд хэцүү байсан, одоо гайгүй болж байна. Гэхдээ хүнд юм өргөж чадахгүй. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгөө гаргуулмаар байна. Дахин эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэмээр байна, биеэ тэнхрүүлмээр байна. Миний эмчилгээ хийлгэсэн баримт гэвэл нэг сая төгрөг болж байгаа. Гэхдээ баримт аваагүй эмчилгээ хийлгэсэн. Ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа гээд зөндөө асуудалтай тул би 5 сая төгрөг нэхэмжилж байна. Миний зүүн мөрөнд нэг удаа, ар нурууны доод хэсэгт 2 удаа хутгалсан...” /хх-28-29/,

Гэрч Б.Бын “Би 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр гэртээ байж байхад 14 цагийн үед Маралмаа, Э.М нар манай гэрт ирсэн. Манай гэрээс гараад Э.Мын гэр рүү явж байх замдаа 2 сав пиво аваад очсон. Тэгээд 30-40 минутын дараа Маралаа нөхөр Амбаагийн хамтаар 0.75 литрийн “Соёрхол” нэртэй нэг шил архи, 2.5 литрийн нэг сав пиво аваад Э.Мынд орж ирсэн. Авчирсан архийг манай нөхрүүд уусан, харин Маралаа, Э.М бид гурав пиво уусан. Манай нөхөр Сүхтөмөр, Төгөлдөр, Амбаа нар ууж байсан архиа дуусгаад дахин нэг шил архи авахаар гурвуулаа дэлгүүр явсан. Тэр гурав удалгүй нэг шил 0.75 литрийн архи аваад орж ирсэн. Энэ архиа тэр гурав хувааж уусан. Бид нар архи, пиво уугаад дуусч байтал Амбаа “Сүхтөмөр, Төгөлдөр хоёрыг гаръя” гээд хоорондоо ярьсан. Тэгэхээр нь би нөхрийгөө гаргаагүй “гараад яах юм бэ” гэж уурласан. Гэтэл Амбаа, Төгөлдөр хоёр Э.Мынхаас гараад явсан. Тэр хоёр гараад 20-30 минут орчим болж байтал гаднаас Төгөлдөр орж ирсэн. Тэр үед Төгөлдөрийн нүд нь жоохон улайчихсан байсан. Төгөлдөр орж ирэхдээ “Амбаа дээр худгийн хажууд хүмүүст зодуулаад байна” гэж хэлээд гэрээс гарсан. Араас нь Маралаа, би, манай нөхөр Сүхтөмөр, Э.М бид 4 гэрээс гараад Маралаагийн машинд суугаад худгийн тийшээ явсан. Маралаа машиныхаа цонхыг буулгаад тэр зогсож байсан машины хажуу талд зогсож байсан махлаг залуугаас “Амбаа хаана байна” гэж асуутал нөгөө залуу нь энд байна гээд машинаа заатал дотроос нь Амбаа бууж ирсэн. Гэтэл Амбаа, Төгөлдөр хоёр хоорондоо муудалцаад байх үед Маралаа “та хоёр муудалцахаа болиоч, Амбааг зодсон хүн хаана байгаа юм” гэж Төгөлдөрөөс Маралаа асуусан. Гэтэл Төгөлдөр “энэ залуучууд” гээд нөгөө цагаан “Верна аксент”-тай залуучууд руу заасан. Тэгтэл Амбаа Төгөлдөр рүү “юу яриад байгаа юм бэ, энэ залуучууд биш” гээд байх шиг байсан. Тэгээд Төгөлдөр болон нөгөө цагаан өнгийн “Верна аксент” машинтай залуучуудын хооронд үл ойлголцол болоод хоорондоо зодолдоод байсан. Тэгэхээр нь Маралаа, бид хоёр салгах гээд ноцолдож байтал Э.М бид хоёрын хажууд ирчихсэн харагдсан. Шонгийн модны хажуу талаас Амбаа “Зулаа чи манай найзыг хутгалчихлаа шүү дээ” гээд орилж байсан. Маралаа бид хоёр Э.М руу хараад гарыг нь барьтал гарандаа нэг зүйл барьчихсан байсан, би яг хутга гэдгийг нь харж чадаагүй, гадаа харанхуй болчихсон байсан. Маралаа бид хоёр хутгалуулсан хүн дээр яваад очтол нөгөө хүн газар хэвтчихсэн, бие нь нэлэнхүйдээ цус болчихсон байдалтай харагдаж байсан. ...Төгөлдөр хүрч ирээд хутгалуулсан залуутай маргалдаад байсан. Яг юу гэж маргалдаж байсныг мэдэхгүй байна. Тэгэхэд Нямбаяр эхнэртэйгээ маргалдаад мөн манай нөхрийг танихгүй байгаа бололтой манай нөхөр Сүхээ рүү дайраад байсан. Тэрийг салгаад цаашаа болгочихоод байж байтал Нямбаяр “Э.Маа чи манай найзыг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлж байсан. Тэгээд харахад Э.М наашаа ирсэн ба гартаа юм барьчихсан байсан. Э.М Бадрахтай маргалдаагүй. Төгөлдөр л тэр залуутай маргалдаад байсан гэхдээ зодолдсон зүйл байхгүй...” /хх-33/,

Гэрч Б.Бийн “...Бид нарыг очиход Нямбаяр нэг залуугийн хамт явж байсан. Машинд орж ирээд суусан чинь Бадрах тэр залууг “энэ хэн юм бэ” гэхэд нөгөө залуу нь “хэн байх нь чамд хамаагүй” гээд тэр залуу машинаас буугаад Нямбаяр, Бадрах хоёр араас нь буугаад Нямбаярыг авч явах гээд бид машинд суулгах гэсэн чинь Нямбаяр “явахгүй” гээд Бадрах Нямбаярыг суулгах гэж ноцолдож байгаад машины шилийг хагалчихсан. Тэгээд байж байтал нэг машинтай хүмүүс ирээд 4, 5 хүн бууж ирсэн. Би Бат-Өлзийгийн хамт машинд сууж байсан. Машины гадна талд Нямбаяр, Бадрах хоёр байсан. Гэтэл Төгөлдөр гэх залуу шууд хүрч ирээд Бадрахын энгэрээс нь хоёр гараараа бариад зууралдаад байж байсан, нэг харсан чинь Бадрах дөрвөн хөлөөрөө доошоо харчихсан, нөгөө Төгөлдөр гэх залуу хажууд нь зогсож байсан. Тэгэхээр нь би очоод Бадрахыг өргөх гээд бариад автал гар нойтон оргиод явчихаар нь хартал цус болчихсон байсан. Тэгээд Бадрахыг харсан чинь нуруугаар нь дагаад цус урсаад байхаар нь “хутгалчихсан байна шүү дээ” гэхэд Бадрах, Э.М гэх хүүхэнг заагаад “энэ намайг хутгалсан” гэж хэлсэн. Би тухайн үед Э.М хутга барьсан эсэхийг нь анзаарч хараагүй...” /хх-34/,

Гэрч М.Мийн “...Ингээд бид нар кино үзээд сууж байтал 20 гаруй минутын дараа Төгөлдөр гаднаас гүйгээд амьсгаадсан байдалтай нүүр нь халаад улайчихсан орж ирээд “Маралаа нөхрийг чинь баахан хүмүүс зодоод байна” гэсэн. Бид нар хувцсаа өмсөөд “хаана юм бэ” гэхэд Төгөлдөр “зүүн зүг рүү” гэхээр нь би нөхрийн ахын машиныг унаад бид нар 50 метр орчим яваад очиход тэр гудамжинд “71-21” гээд Саруулын машин зогсож байсан. Зодоон болсон шинжгүй байсан. Манай нөхөр машинаас бууж ирэхээр нь “хэн чамайг зодсон юм бэ” гэхэд “үгүй ханиа зодоогүй шүү дээ” гэсэн. Тэгээд би нөхрийгөө “яаж байгаа юм хаяж яваад, хэнтэйгээ зодолдож байгаад юм, хэн ирсэн юм” гээд жаахан маргалдаад зогсож байтал Бямбадорж “Бадрахыг хусчихлаа шүү дээ” гээд орилсон. Тэгээд нөхөр бид хоёр Бадрах дээр гүйгээд очсон чинь Бадрах газар сөхрөөд суучихсан байсан. “Яачихваа Бадрах аа” гэхэд “танай найз чинь намайг хутгалчихлаа шүү дээ” гэхээр нь “хэн хутгалчихаж байгаа юм бэ” гэхэд “тэр намхан шар, Э.М гэх хүүхэн чинь намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Э.М багцаагаар 10 алхмын цаана зогсож байхаар нь Э.М дээр яваад очиход Э.М “би яанаа Маралаа, Буугий” гээд орилоод зүүн гараа хойноо барьчихаад гартаа юм барьсан байдалтай байсан. Тэр үед Э.Мын гаранд хутга байсан юм байна. Би сайн хараагүй, хутгыг нь хэн салгаж авсныг мэдэхгүй байна. Би Бадрахыг хутгалуулахыг хараагүй. Дараа нь Төгөлдөр ярихдаа тэр өдөр Э.М толгой хуйхалж байсан, хутгаа куртикнийхээ халаасанд хийсэн байсан гэж хэлж байсан. ...Тухайн үед Э.Маас бид нар “энэ хэргийг хэн нь хийсэн юм бэ” гэж асуухад Э.М “би өөрөө хутгалсан” гэж ярьж байсан. Хохирогчийн биеийн аль аль хэсэгт хутгалж байснаа хүртэл мэдэж байсан. Э.Мын ярьснаар хохирогчийн дал, суганы доод хэсэг, нурууны хэсэгт хутгалж байсан тухай мэдэж байсан, надад ярьж байсан...” /хх-35-36, 161/,

Гэрч Ж.Бийн “...Бид нарыг очиход Нямбаяр Э.М гэх хүүхний нөхөртэй цуг явж байсан. Тэр хоёр машинд суухад нь Нямбаяраас “Бадрах хэнтэй явж байгаа юм бэ” гэхэд нөгөө залуу “чамд хамаатай юу” гээд тэр хоёр маргалдаж байгаад тэр залуу машинаас буугаад хол очиж зогсчихоод “та нар амжихгүй шүү” гээд Бадрах машинаас буугаад тэр залууг “зүгээр яв” гээд тэр залуу цаашаа явсан. Тэр үед ямар нэгэн зодоон болоогүй. Бид явах болоод Нямбаярыг машинд суулгах гэтэл явахгүй гээд Нямбаяртай зууралдаж байгаад гарыг нь барьчихсан чинь Нямбаяр гараа татахдаа санаандгүй машины шил хагалчихсан. Тэгээд Бадрах бид хоёр Нямбаярыг машинд суулгах гээд байж байтал Төгөлдөр гэх залуу эхнэр болон Нямбаярын эхнэр, эрэгтэй, эмэгтэй хоёр найзын хамт машинтай ирсэн. Тэгээд Маралмаа хүрч ирээд “та нар манай нөхрийг зодсон юм уу” гээд бид нар “зодоогүй” гээд Нямбаяр, Маралмаа нарын хамт юм яриад зогсож байхад Төгөлдөр Бадрахтай маргалдаад байсан. Нэг харсан чинь Бадрах машинаас 7, 8 алхмын хажуухан газар дөрвөн хөллөчихсөн, хажууд нь Төгөлдөр гэх залууг эхнэр нь тэвэрчихсэн хориод байгаа бололтой зогсож байхаар нь би очоод Бадрахыг “яасан” гэхэд “намайг хутгалчих шиг боллоо” гэхээр нь “хэн хутгалсан юм бэ” гэхэд “Төгөлдөрийн эхнэр нь намайг хутгалчихлаа” гэсэн. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор хэн хутга барьсан байсныг би хараагүй...” /хх-37-38/,

Гэрч Л.Нын “...Ингээд бид хоёр гараад зүүн зүг рүү алхаж байтал Бадрах, Бат-Өлзий, Бямбадорж нар 71-21 дугаартай автомашинтай ирчихсэн байсан. Машинд орсны дараа би Бадрахыг “юу байна, хаа хүрээд явж байгаа юм” гэхэд эцэс орчихоод явж байна, хэнтэй явж байгаа юм бэ гэхэд Төгөлдөр урд талаас “миний хэн байх нь чамд хамаатай юм уу гөлөг минь, чи намайг мэдэх үү” гэж хэлсэн. Бадрах өөдөөс нь “чи хэн юм бэ, чи угаасаа золбин царайтай юм байна шүү дээ” гэж хэлсэн. Төгөлдөр машинаас буугаад “чи буугаад ир” гэхээр нь Бадрахыг буулгасан. Бид хоёр машинаас буухад Төгөлдөр цаашаа яваад хашааны буланд оччихоод “чи намайг мэдэх үү” гээд орилоод байсан. Тэгээд би Төгөлдөр дээр очоод “гэр рүүгээ яв” гэж хэлээд явуулсан. ...Тэгээд Бат-Өлзий, Бадрах бид гурав машины хажууд байж байхад Төгөлдөр гэрийнхээ зүгээс гүйгээд ирсэн. Манай эхнэр машинаас бууж ирээд “Нямбаярыг хэн зодсон юм бэ, хаана байна” гэхээр нь “хэн ч зодоогүй, би энд байна шүү дээ” гэхэд Маралмаа “яагаад намайг хаяж явж байгаа юм бэ, явъя гэж хэлдэггүй юм уу” гээд уурлаад Аксент маркийн машины хажууд бид хоёр маргалдаад зогсож байтал Бямбадорж “Бадрахыг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь бид хоёр гүйгээд очиход Бадрах машины цаад талд нь дөрвөн хөллөчихсөн байсан. Түүний хажууд бүгд оччихсон зогсож байсан. Тэгээд “юу болсон бэ” гэхэд “танай найз чинь намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлж байсан. Бадрах хэлэхдээ “намайг Э.М хутгалсан” гэж хэлсэн...” /хх-39-40/,

Э.Мын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Маралмаа, Буджав бид гурав авсан 2 пивоо ууж дуусчихаад дахин нэг сав пиво уусан. Харин Маралмаа, Буджав бид гурав хөзөр тоглонгоо пиво хувааж уусан. Гэтэл манай нөхөр Төгөлдөр гаднаас цамц нь урагдчихсан байдалтай, зүүн талын нүд нь хавдчихсан орж ирсэн. Орж ирэхдээ “Нямбаярыг гадаа хүмүүс зодоод байна” гээд бид нар гараад Маралмаагийн машинд суугаад Зүүнбаян цагааны 9 дүгээр гудамж өгсөөд явж байтал гудамжны үзүүр хэсэгт Нямбаярын найзууд гэх залуучууд зогсож байсан. Тухайн үед яг ямархуу байдалтай байсныг санахгүй байна. Миний ухаан санаа орж гараад байсан. Тухайн үед би нилээн согтсон байсан. Тэгээд нэг хартал миний дэргэд олон хүмүүс ноцолдоод байсан. Маралмаагийн нөхөр Нямбаяр “чи хүн хутгалчихлаа” гээд үсдээд алгадаад байсан санагдаж байна. Гэтэл миний баруун гарт бор өнгийн иштэй, төмөр хутга байсан. Хутгыг нэг эмэгтэй найз маань булааж авсан. Би яг хэнийг нь хараагүй. Надад сонсгож байгаа ялыг би зөвшөөрөхгүй...” /хх-57-58, 240-241/,

Э.Мын анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Хохирол төлсөн. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” /хх-110-111-II/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2014 дугаартай акт, шинжээчийн дүгнэлтийн “...1. Т.Бадрахын биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, уушгины хатгагдсан шарх, уушиг уналт, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-45/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2093 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх шар өнгийн вакум шилтэй цус мэт улаан өнгийн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Уг шинжилгээнд ирүүлсэн дээж нь цус мөн байна. Уг цус нь 0 (I) бүлгийн харьяалалтай байна...” /хх-49/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1784 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн хутга шинжилгээнд тэнцэнэ. 2. Уг хутганаас цус илэрсэн. Уг цус нь В (III) бүлгийн харьяалалтай байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн хутганаас илэрсэн цусны ДНХ тогтоцыг тогтоов. Уг цус нь эрэгтэй хүний цус байна...” /хх-124-125/, Т.Бын өвчний түүх /хх-1-10-II/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-10/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-17/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-24/, зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Э.М нь “…надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд хамруулан ял шийтгэлийг минь багасгаж өгнө үү…” гэх давж заалдах гомдол гаргаж байх ба гомдлыг хүлээн авч хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Учир нь шүүгдэгч Э.М нь гэм буруугаа хүлээсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, бага насны хүүхэдтэй зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэв.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 452 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 452 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн: - 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Мд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Мд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Д.ОЧМАНДАХ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ