| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Ууганцэцэг |
| Хэргийн индекс | 158/2017/0026/з |
| Дугаар | 07 |
| Огноо | 2018-04-02 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Болормаа, шүүгч Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймгийн ** сумын иргэн П.С-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын ахлах байцаагч Д.С, Улсын байцаагч Ц.А нарт холбогдох “Улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/05/28, 20-05/04/27, 20-05/03/26 дугаар “Төлбөр хариуцуулан төлүүлэх тухай” актуудыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 158/2017/0026/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.С, хариуцагч Д.С, Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...1. 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/05/28 дугаартай актын тухайд: ...Булган аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/257 дугаар захирамжаар...эхний хагас жилийн ажлыг дүгнэж, ур чадварын нэмэгдэл олгох хэмжээг баталж, байгууллагын тухайн жилийн цалингийн сангийн ур чадварын санд багтаан олгохыг ня-бо нарт зөвшөөрсний дагуу манай байгууллагын 2016 оны цалингийн сангийн ур чадварын сандаа багтаан “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 5-д “...ур чадварын нэмэгдлийг сар тутам олгоно” гэснийг үндэслэн эхний хагас жилийнхийг 1 удаа бөөнд нь аваад дараа нь 9, 10 сард цалингийн сан хүрэлцээтэй байсан тул ур чадварын нэмэгдэл авсан. Эдгээр нь нийлээд 1027677 төгрөг болж байгаа юм. Энд ямар нэгэн хууль, журам зөрчигдөөгүй, харин ч тухайн жилдээ сар тутам нэмэгдэл эдлэх эрхтэй боловч цалингийн сангийн хүрэлцээнээс шалтгаалан 8 сарын нэмэгдэл авсан нь хууль, журам, дээд газрын шийдвэрийг зөрчөөгүй гэж үзэж байна.
2. 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/03/26 дугаартай актын тухайд: Манай сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш ** өвчний улмаас удаан хугацаагаар хичээл заах боломжгүй болсон тул...сургуулийн ахлах, дунд ангийн сургалтын менежер Ж.Жаргалцэцэг санал болгон зөвхөн Монгол бичгийн хичээлийг захирал надаар заалгасан. Миний бие сургуулийн захирлын хувьд сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах, сурагчдын эрх ашиг, сурах нөхцөл бололцоог алдагдуулахгүй гэсэн үүднээс эдгээр цагийн хичээлийг заасан болно. Заасан цагийн хөлсөнд жилдээ 308040 төгрөгийн цалинг нэмэгдэл цалин хэлбэрээр авсаныг хууль, журам зөрчсөн гэж үзэхгүй байна.
3. 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/04/27 дугаартай актын тухайд: ...Сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/144 тоот захирамжаар 12 сард үндсэн цалинг 1 сар 20 хувиар бууруулах арга хэмжээ тооцсон байхад цалинг бууруулаагүй гэжээ. ...сумын Засаг дарга надад аливаа хэлбэрээр арга хэмжээ тооцох эрхгүй гэж үзэж байна. ...Улсын байцаагч нарын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/05/28, 20-05/04/27, 20-05/03/26 дугаартай актууд хууль бус бөгөөд нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү”[1] гэжээ.
Нэхэмжлэгч П.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын байцаагчийн 20-05/04/27 дугаартай актад дурдсан ** сумын Засаг даргын захирамжийг Засаг дарга өөрөө хүчингүй болгосон учраас нэхэмжлэлийн энэ шаардлагаасаа татгалзаж байна. 20-05/03/26 дугаар актын хувьд: 1995 оны 3 сайдын хамтарсан тушаалаар сургуулийн захирал 7 хоногт 12 цагийн хичээл заана гэсэн тогтоол байсан. Үүнийг хүчингүй болгосон тушаал байхгүй байгаа. ** багш удаан хугацаагаар өвчтэй, эмнэлгийн чөлөөтэй байх хугацаанд манай сургууль Монгол хэл, Монгол бичгийн нэг багштай болсон бөгөөд Монгол хэлний хичээлийг нь нөгөө багш давхар орж Монгол бичгийн хичээл заах багш хүрэлцээгүй. Аймаг руу энэ талаар мэдэгдэхэд 2 багшийг санал болгосон. Эдгээр багш нартай холбоо барихад хөдөө орон нутаг руу түр ажлын байранд ажиллах боломжгүй гэж хэлсэн. Ингээд миний хувьд 6 дугаар ангид Монгол бичгийн хичээл дээр үсэг үзэж байсан учраас хичээлийн явцыг тасралтгүй явуулах, хоцрогдлоос сэргийлж, сургалтын менежерийн санал болгосноор 30 цагийн хичээл заасан. Тэгээд ажил давхцаад байсан учраас больсон. ** багшид жилийн чөлөө авах талаар санал болгоход цалингийн зээлтэй учраас боломжгүй гээд ажилдаа ирэн очин ажилласан. Бүтэн сар ажилласан цаг байгаагүй. Мөн хавар улсын шалгалтад хүүхдүүд бэлдээд ахиад хэдэн цагийн хичээл ор гээд дахин 17 цагийн хичээл орсон. Хийсэн ажлын хөлсөө хуулинд зааснаар авах ёстой гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Хичээл заах дээр захирамж, шийдвэр гаргана гэж бодоогүй. Миний хувьд захирлын цалингаар бодож авах нь зөв гэж үзэж байна. ** багшийн цалингаас тооцох ёсгүй. Манай нягтлан бодогч яг энэ байдлаар тайлбарлаж олгосон. Олон жил ажилласан хүн нэмэгдэл авдаг дүн, сүлжээ цалин нь ч өөр байдаг.
Улсын байцаагчийн 20-05/05/28 дугаар актын хувьд: Ур чадварын нэмэгдэл гэж байдаг ч захирлуудад өгдөггүй байсан. Эрдэнэбаатар дарга ажил авсаны дараа аймгийн Засаг даргаар захирамж гаргуулж захирлуудад ур чадварын нэмэгдэл олгосон. 2016 оны эхний хагас жил болоод нягтлан бодогч маань 6 сар хүртэл бөөнд нь өгөөд дараа нь 9,10 дугаар сард өгсөн. 2016 онд Засаг даргын “Ур чадварын нэмэгдэл олгох тухай” А/257 дугаар захирамж гарсан. Үүнээс өөр ур чадварын нэмэгдэл бууруулах, хасах талаар захирамж гаргаагүй. Тухайн жилийн цалингийн санд багтааж олго гэсний дагуу манай нягтлан бодогч бодож олгосон байгаа. Тухайн жилд санхүүгийн төлбөр тавихдаа өмнөх Засаг даргын захирамжийг агуулгын алдаатай хугацаа тавиагүй байна гэж хэлж байсан. 2017 онд бүтэн жилээр авсан. Иймд Улсын байцаагчийн 20-05/05/28, 20-05/03/26 дугаар актуудыг хүчингүй болгож өгнө үү?”
Хариуцагч Д.С, Ц.А нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрөхгүй байна. 1....аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/257 дугаар захирамжаар аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчдийн 2016 оны эхний хагас жилийн ажлыг дүгнэж, ур чадварын нэмэгдлийг хавсралтаар буюу 20 хувиар олгохоор шийдвэр гарсан байхад захирал П.Сд 2016 оны 1-6 сарын ур чадварын нэмэгдэлд нийт 880864 төгрөгийг 2016 оны ”6 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтээр, 10 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтээр ур чадварын нэмэгдэл нэрээр 146811 төгрөгийг 2 удаа буюу 293622 төгрөг, нийт 1174486 төгрөг авснаас 1027675 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/05/28 дугаар актаар төлүүлэхээр тогтоосон. Энэ актыг аймгийн Аудитын хороогоор хэлэлцүүлэн 1-6 сарын ур чадварын нэмэгдэлд олгосон 734053 төгрөгийн төлбөрийг чөлөөлж, 10-р сарын цалингийн тооцооны хүснэгтээр ур чадварын нэмэгдэл олгох шийдвэр гараагүй байхад олгосон 293622 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр баталсан болно.
2. ...2016 оны 3 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтээр 17 цагийн хөлсөнд 114119 төгрөг, мөн оны 10 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгтээр 196621 төгрөг, нийт 308040 төгрөгийг илүү цагаар бодож олгох эрх захирагчийн шийдвэргүй байсан учир 20-05/03/26 дугаар актаар төлбөр тогтоосон. Энэ нь ажлын зайлшгүй шаардлагаар багшлах үед Засаг даргын шийдвэр гаргуулаагүй ба тухайн илүү цагийн хөлсийг захирлын үндсэн цалингаас олгосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д заасныг зөрчсөн байна.
3. Сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/144 дугаар захирамжаар сургуулийн захирал П.Сд 1 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авсныг хэрэгжүүлээгүй байсан тул 20-05/04/27 дугаар актаар сарын үндсэн цалингийн 20 хувь болох 146811 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон....”[2] гэжээ.
Хариуцагч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гурван сайдын хамтарсан тушаалаар сургуулийн захирал 12 цагийн хичээл заах ёстой гэдэг байсан. Одоо Боловсрол, соёлын газраас асуухаар энэ зүйл хүчингүй болсон гэдэг ч албан ёсны хүчингүй болгосон баримт зүйл олоогүй. Улсын байцаагч акт тогтоохдоо багшийн цалингаас тооцохгүй, захирлын цалингаас тооцсон нь буруу гэж үзсэн. Ур чадварын нэмэгдлийн хувьд Засаг даргын захирамжаар хагас жилээр ур чадварын нэмэгдэл авах ёстой байсан байна гээд хасаад сүүлийн буюу илүү авсан 2016 оны 09, 10 дугаар сард авсан илүү мөнгийг ямар ч үндэслэлгүйгээр авсан байх тул төлөх нь зүйтэй гэж үзэж байна. Ажил дүгнэх журмаа харахаар хагас жилээр ажлыг дүгнэхээр заасан. 2016 онд хагас жилээр 2017 онд бүтэн жилээр олгохоор захирамж гарсан байдаг. Өмнөх жил хагас жилээр дүгнээд дараагийн хагас жилд дүгнэсэн шийдвэр байхгүй. Булган аймгийн хэмжээнд сургуулийн захирлууд сүүлийн хагас жилд ур чадварын нэмэгдэл гэж огт аваагүй. П.С эрх захирагчийн шийдвэр гаргаагүй ч хичээлээ нэгэнт заасан учраас багшаар ажилласан хугацааны нэмэгдэл хөлсөө багшийн цалингаас тооцож илүү цагийн хөлс авах ёстой. Захирлынхаа цалингаас тооцон авах үндэсгүй байсан” гэв.
Хариуцагч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “20-05/03/26 тоот акт бол П.С багшийг эрх захирагчийн шийдвэргүйгээр олон цагийн хичээл заасан. Илүү цагаа бодохдоо багшийн биш захирлын цалингаас бодож цалин олгосон байсан. Ямар ч шийдвэр гаргалгүйгээр хичээл зааж цалин авсан гэж үзсэн. Ур чадварын нэмэгдэлтэй холбоотой 20-05/05/28 тоот актын хувьд эхний хагас жилийн ажлыг дүгнээд 6 сар ур чадварын нэмэгдэл олгохоор заасан Засаг даргын захирамж гарсан. Хагас жилд зөвхөн ур чадварын нэмэгдэл олгох тухай захирамж гарсан. 2016 онд 1 удаа, 2017 онд 2 удаа Засаг даргын захирамж гарсан. Тиймээс энэ захирамжийн дагуу хагас, бүтэн жилээр урамшуулал авсан нь үндэслэлгүй байна гэж үзээд 6 сарын ур чадварын нэмэгдлийг хүчингүй болгоод үүнээс илүү авсан 2 сарыг төлүүлэхээр шийдвэрлэсэн. П.С багшийн цалингийн карт дээр нийт 8 сар нэмэгдэл авсан байгаа. П.Сд 7 сарын нэмэгдэл дээр анх акт бичигдээд Дотоод аудитын хорооны хурлаар 5 сарыг нь чөлөөлөөд үлдсэн 2 сарын нэмэгдэл гэж авсан мөнгийг төлөх ёстой гэж үзсэн. Үндсэн цалингаас тооцож үзэхэд 146811 төгрөгийг 10 дугаар сард 2 удаа авсан байгаа” гэв.
Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.С нь Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын ахлах байцаагч Д.С, Улсын байцаагч Ц.А нарт холбогдуулан “Улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/05/28, 20-05/04/27, 20-05/03/26 дугаартай актуудыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэг. Улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/04/27 дугаартай актыг[3] хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч П.С нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад “Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/04/27 дугаар “Төлбөр хариуцуулан төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ сайн дурын үндсэн дээр татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хоёр. “Улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/05/28 дугаартай актыг[4] хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд: Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/05/28 дугаартай “Төлбөр хариуцуулан төлүүлэх тухай” актаар “Илүү бодож олгосон ур чадварын нэмэгдэл 1027677 төгрөгийг П.Сгаар төлүүлэх”-ээр төлбөр тогтоожээ. Улсын байцаагчийн төлбөр тогтоосон 20-05/05/28 дугаартай актыг Булган аймгийн Дотоод аудитын хороо хянаад тус хорооны 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаар “Улсын байцаагчийн актаар тогтоогдсон төлбөрийг шийдвэрлэсэн тухай” тогтоолоор[5] “П.С-ийн төлөх төлбөрөөс 734055 төгрөгийн төлбөрийг чөлөөлж, 293622 төгрөгийн төлбөрийг төлүүлэх”-ээр шийдвэрлэсэн байна.
П.С нь Булган аймгийн ** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд сарын 734053 төгрөгийн үндсэн цалинтай ажилладаг бөгөөд Булган аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/257 дугаар “Ур чадварын нэмэгдэл олгох тухай” захирамжаар түүнд ур чадварын нэмэгдлийг үндсэн цалингийн 20 хувиар олгохоор тогтоожээ. Үүнээс тооцоход ур чадварын нэмэгдэл цалин сард 146811 төгрөг байна.
Булган аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/257 дугаар “Ур чадварын нэмэгдэл олгох тухай” захирамжийн 1 дэх хэсэгт “Аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчдийн 2016 оны эхний хагас жилийн ажлыг дүгнэж, ур чадварын нэмэгдэл олгох хэмжээг хавсралтаар баталсугай”[6] гэсэн байх бөгөөд уг захирамжаар ур чадварын нэмэгдэл олгох хугацааг тодорхой заагаагүй, уг захирамжийн үйлчлэх хугацаа хэзээнээс эхлэх, бүтэн жилдээ мөрдөгдөх, эсхүл хагас жилд мөрдөгдөх талаар тодорхой зохицуулаагүй байна.
Нэхэмжлэгч П.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Эрдэнэбаатар дарга ажил авснаас хойш ур чадварын нэмэгдэл олгох шийдвэрийг аймгийн Засаг даргаар гаргуулж мөрдөж байгаа” гэж, Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газраас ирүүлсэн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1/71 дугаартай албан бичигт “...2016 оны сүүлийн хагас жилээс эхлэн “Ур чадварын нэмэгдэл олгох тухай” шийдвэрийг аймгийн Засаг даргаар гаргуулан нэмэгдэл олгуулж байна”[7] гэж, мөн Булган аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/200 дугаар “Ур чадварын нэмэгдэл олгох тухай” захирамжаар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ур чадварын нэмэгдэл олгохоор[8], мөн аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/514 дугаар “Ур чадварын нэмэгдэл олгох тухай” захирамжаар 2017 оны 07 дугаар сараас 12 дугаар сарын дуустал ур чадварын нэмэгдэл олгохоор[9] тус тус шийдвэр гаргаж байжээ.
Дээрх байдлуудаас дүгнэхэд Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.9 дэх хэсэг /Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний доод хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно/, Засгийн газрын 1995 оны 96 дугаар “Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам батлах тухай” тогтоолын 4 дүгээр хавсралт “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 8 дахь хэсэг /Ур чадварын нэмэгдэл олгох салбар, мэргэжлийн онцлогийг харгалзсан шалгуур үзүүлэлтийг Сангийн яам, Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамтай хамтран төрийн захиргааны тухайн төв байгууллага баталж мөрдүүлнэ/, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 362/112/183 дугаар “Шалгуур үзүүлэлт батлах тухай” хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-ийн 7 дахь хэсэг /Багш, ажилтны ур чадварыг хагас жил тутам үнэлж дүгнэнэ/, 10 дахь хэсэг /Ерөнхий боловсролын сургуулийн захирал...д ур чадварын нэмэгдэл олгох, олгож байгаа нэмэгдлийн хэмжээг нэмэгдүүлэх, бууруулах, хасах асуудлыг Боловсрол, соёлын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн захирал, эрхлэгчийг томилсон этгээдийн шийдвэрээр шийдвэрлэнэ/-т зааснаар Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг хагас жил тутам дүгнэж, түүнтэй нь уялдуулан хагас жил тутам ур чадварын нэмэгдлийг Булган аймгийн Засаг даргын захирамжаар тогтоож байсан гэж үзэхээр байна.
Иймд Булган аймгийн ** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал П.Сд 2016 онд ур чадварын нэмэгдэл 6 сарын хугацаанд 880864 төгрөг олгосон нь хууль, холбогдох журмыг зөрчөөгүй бөгөөд төрийн үйлчилгээний албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4 дэх хэсэг /үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэргийн, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлээс тус тус бүрдэнэ/, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг /Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ/-т заасан үндсэн болон нэмэгдэл цалин хөлс авах эрхтэй байна.
Булган аймгийн Дотоод аудитын хорооны 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаар тогтоолоор Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/05/28 дугаар “Төлбөр хариуцуулан төлүүлэх тухай” актаар ногдуулсан 1027677 төгрөгийн төлбөрөөс 734053 төгрөг буюу нийт 5 сар /146811х5 сар=734053 төгрөг/-ын ур чадварын нэмэгдэл хөлсийг нөхөн төлөхөөс чөлөөлж, 293622 төгрөг буюу 2 сар /146811х2сар=293622/-ын ур чадварын нэмэгдэл хөлсийг нөхөн төлүүлэхээр үлдээсэн байна.
П.С-ийн 2016 оны цалингийн картаас[10] харахад 2016 оны 6 дугаар сарын цалин дээр 880864 төгрөгийн ур чадварын нэмэгдэл буюу 1-6 сар/146811х6сар=880864 төгрөг/-ын нэмэгдлээ бөөнд нь авч, 10 дугаар сарын цалин дээр 146811 төгрөг ур чадварын нэмэгдлээр, мөн “У/з” гээд 146811 төгрөгийн нэмэгдэл цалин авчээ. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар ““У/з” гэдэг нь урд зөрүү буюу 9 сарын ур чадварын нэмэгдэл” гэж тайлбарлаж байна.
Улсын байцаагч нараас “2016 оны 1-6 сард, мөн 9, 10 сард нийтдээ 8 сарын ур чадварын нэмэгдэл авсан” гэж тайлбарлаж байгаа ч актаар нийт 7 сар/146811х7сар=1027677/-ын ур чадварын нэмэгдэлд 1027677 төгрөг нөхөн төлүүлэхээр акт тавьсан байгаа учраас Улсын байцаагчийн актаар ногдуулсан төлбөрөөс 10 дугаар сард 146811 төгрөгийн ур чадварын нэмэгдлийг олгосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэг /Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно/-т зааснаар зохих эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр илүү олгосон гэж үзэж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1 дэх хэсэг /Хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих/, 10.12.2 дахь хэсэг /Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх/-т зааснаар төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/05/28 дугаар “Төлбөр хариуцуулан төлүүлэх тухай” актын дагуу нөхөн төлөх 293622 төгрөгийн төлбөрийг 146811 төгрөгөөр багасгаж, 146811 төгрөгийг П.С-аар нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Гурав. “Улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/03/26 дугаартай “Төлбөр хариуцуулан төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд: Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/03/26 дугаартай “Төлбөр хариуцуулан төлүүлэх тухай” актаар “Шийдвэргүй олгосон илүү цагийн 308040 төгрөгийг П.Сгаар төлүүлэх”-ээр төлбөр тогтоожээ.
Булган аймгийн ** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал П.С нь тус сургуулийн багш **ыг өвчтэй байх хугацаанд 2016 оны 3 дугаар сард 17 цагийн хичээл зааж 111419 төгрөгийн илүү цагийн хөлс, 2016 оны 10 дугаар сард 30 цагийн хичээл зааж 196621 төгрөгийн илүү цагийн хөлс авсан болох нь хэрэгт авагдсан ирц, үнэлгээ, багшийн тэмдэглэл[11], 2016 оны 3 дугаар сар болон 10 дугаар сарын ажилласан цагийн тооцоо[12], 2016 оны 3 дугаар сар болон 10 дугаар сард цалин олгосон баримт[13], П.С-ийн цалингийн карт[14] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 /Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн...бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно/-т заасны дагуу ажилтан нь эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсний нэмэгдэл хөлс авах эрхтэй байх тул П.Сд эзгүй байгаа багшийн оронд 3 дугаар сард 17 цагийн хичээл заасны илүү цагийн хөлс 111419 төгрөг, 10 дугаар сард 30 цагийн хичээл заасны илүү цагийн хөлс 196621 төгрөг, нийт 308040 төгрөгийн нэмэгдэл цалин олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтуудтай нийцэж байна.
Хариуцагч талаас “Илүү цагийн хөлсийг захирлын цалингаас бус багшийн цалингаас тооцож авах ёстой байсан” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар ажилтны үндсэн цалингаас тооцон нэмэгдэл хөлс олгохоор заасныг захирлын өөрийнх нь цалингаас нэмэгдэл хөлсийг олгох нь зүйтэй гэж ойлгоно.
Иймд Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/03/26 дугаар “Төлбөр хариуцуулан төлүүлэх тухай” актыг бүхэлд нь хүчингүй болгох нь үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Д.Баттулга нь “гачигдал гарсан” гэх шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нараас “иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой” гэсэн хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нарын зөвшөөрснөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.6, 106.4, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.С нь Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын ахлах байцаагч Д.С, Улсын байцаагч Ц.А нарт холбогдуулан гаргасан “Улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/04/27 дугаартай “Төлбөр хариуцуулан төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг актад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.12.2, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4, 28.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь заалтуудыг баримтлан Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын ахлах байцаагч Д.С, Улсын байцаагч Ц.А нарын гаргасан “Улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/03/26 дугаар “Төлбөр хариуцуулан төлүүлэх тухай” актыг бүхэлд нь хүчингүй болгож, Улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/05/28 дугаартай “Төлбөр хариуцуулан төлүүлэх тухай” актаар төлөх 293622 /Хоёр зуун ерэн гурван мянга, зургаан зуун хорин хоёр/ төгрөгийн төлбөрийн хэмжээг 146811 /Нэг зуун дөчин зургаан мянга, найман зуун арван нэгэн/ төгрөгөөр багасгах буюу төлөх төлбөрийн хэмжээг 146811 /Нэг зуун дөчин зургаан мянга, найман зуун арван нэгэн/ төгрөг болгон багасгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч П.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Сд олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА
ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ