Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2021/0631

 

“ГО” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 550 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “ГО” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 550 дугаар шийдвэрээр:

“...Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3, Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.3-д заасныг тус тус баримтлан “ГО” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалын “ГО” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

“...Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн , өмгөөлөгч Д.Б миний бие “ГО” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа билээ.

Уг захиргааны хэргийг хянан шийдвэрлээд гарсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 550 дугаар шийдвэрийг дор дурьдсан үндэслэлүүдээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэрт заасан үндэслэлийн талаар

Анхан шатны шүүх “ГО” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь дараах байдлаар холбогдох хууль тогтоомжид нийцээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийн “... шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна ...” гэсэнд нийцээгүй гэж үзэж байна.

1.1. “... Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар “ГО” ХХК-ийн ашиглалтын МҮ-13297 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээж шийдвэрлэхдээ Ашигт малтмалын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтийг үндэслэсэн гэсэн боловч тус хэлтсийн хяналт шинжилгээ хийсэн тайланд “ГО” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээх асуудал тусгагдаагүй, тус шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын архивт хийсэн үзлэгээр “ГО” ХХК-ийн талаар хийсэн дүгнэлт тайлан гараагүй, мөн хэрэг хянан шийвэрлэх ажиллагаанд оролцсон гэрчүүдийн мэдүүлгээр “ГО” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээх асуудлыг судлан тогтоосон, дүгнэлт гаргасан талаар хэн аль нь мэдэхгүй гэсэн тайлбар өгсөн ...” гэх үндэслэлийн талаар.

Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаал нь Ашигт малтмалын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн гарсан байдаг. Уг дүгнэлт нь “ГО” ХХК-аас гаргасан тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтүүд болон түүнд хавсаргаж өгсөн баримтуудад үндэслэн хийгдсэн гэж үзэхээр байна.

Шүүх дээрх Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтийг шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын архивт хийсэн үзлэг болон гэрчүүдээс авсан мэдүүлгээр тус дүгнэлт гараагүй, гарсан талаар гэрчүүдийн хэн аль мэдэхгүй байсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Тухайлбал шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын архивт хийсэн үзлэгээр Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт нь гараагүй гэдэг нь тогтоогдоогүй харин тус архивын баримтаас олдоогүй, байхгүй байсан. Мөн гэрч С.Д, Д.О болон Т.Б нарын мэдүүлгээр уг дүгнэлтийг гараагүй гэдэг нь тогтоогдоогүй бөгөөд уг дүгнэлтийг гарсан эсэхийг мэдэхгүй, санахгүй байна гэх мэдүүлэг өгч байсан.

Харин 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалыг гаргасан гэрч Д.Ү нь шүүхэд “... Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн дүгнэлт байсан болоод сэргэсэн шийдвэр гарсан байгаа ... Дүгнэлт гарсан учраас л сэргэсэн шийдвэр гарсан ... ” гэж мэдүүлсэн байдаг.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт гарсан болох нь хэрэгт авагдсан 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалын 1 дэх заалт, уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/28 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан дүгнэлт гэх баримт бичгүүдэд, Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 01/20 дугаар албан даалгавар зэрэг баримтуудаас тодорхой харагдана.

Мөн тухайн үед “ГО” ХХК-тай нэг тушаалаар асуудал нь шийдвэрлэгдсэн “Л” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар “ГО” ХХК-тай яг адилхан асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсээс дүгнэлт гарсныг хэрэгт нотлох баримтаар авахуулсан.

Дээрх баримтуудаар “ГО” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн эрхээ сэргээлгэх асуудлаар гаргасан гомдлын хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсээс тодорхой дүгнэлт гарч, уг дүгнэлтийг үндэслэн тус компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Ашигт малтмал, газрын тосны газрын, Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүй болгох шийдвэрийг дээд шатны дарга болох Ашигт малтмал, газрын тосны газрын дарга гаргасан.

“ГО” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх үндэслэл болсон Ашигт малтмал, газрын тосны газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтийг төрийн захиргааны байгууллага алга болгосон /эсхүл түүнийг гарган өгөхгүй нуун дарагдуулсан/ үйлдэл нь “ГО” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.

Нөгөө талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байсныг тогтоосон, нотолсон нэг ч баримт хэрэгт авагдаагүй.

1.2. “... Хариуцагчаас Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана. гэж заасан бүрэн эрхийн хүрээнд гарсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалыг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна ...” гэсэн дүгнэлтийн талаар.

1.2.1. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д заасан зохицуулалт нь Ашигт малтмал, газрын тосны газрын дарга 1 дүгээрт "эрх хэмжээний хүрээнд”, 2 дугаарт “хууль тогтоомжид нийцүүлэн” шийдвэр гаргах агуулгыг илэрхийлж байгаа.

Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэрээ хүчингүй болгох тухайн маргаан бүхий захиргааны акт нь хуулийн дээрх зохицуулалтын шаардлагад нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар тус компанийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхдээ Ашигт малтмал, газрын тосны газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтийг үндэслэл болгосон болох нь тогтоогдож байгаа.

Гэтэл хариуцагч дээрх дүгнэлтийг үгүйсгэсэн ямар нэгэн баримт байхгүй байхад тусгай зөвшөөрөл сэргээсэн шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх, түүнийг хүчингүй болгох ямар нэгэн хуулийн үндэслэл заалгүйгээр хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын анхан шатны шүүхэд гаргасан тайлбараар “ГО” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны А/49 дүгээр тушаал нь хууль зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй.

1.2.2. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах шийдвэртэй холбоотой харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулахаар хууль тогтоогч тогтоосон.

Ашигт малтмалын тухай хууль тогтоомжоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах шийдвэр гаргах эрхийг ашигт малтмалын асуудал эрхэлсэн сайд энэ тохиолдолд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад олгогдоогүй. Иймээс маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалыг үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалд нэхэмжлэгч “ГО” ХХК-ийг тусгай зөвшөөрлийг хүчингүй болго гэсэн заалт огт байхгүй.

Харин уг тушаалын 1 дэх заалтад “... Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр болон сонгон шалгаруулалтын журмаар олгосон байдал, тусгай зөвшөөрлийн бүртгэлд орсон өөрчлөлтөд хийсэн хяналт шалгалтын мөрөөр дараах арга хэмжээ авч ажиллахыг Ашигт малтмал, газрын тосны газар ...-т даалгасугай ...” гээд уг заалтын 1-д “... Ажлын хэсгийн хяналт шалгалт хийсэн тухай дүгнэлтэд дурдсан тусгай зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулах, хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох холбогдох албан хаагчдад хариуцлага тооцох ...” гэж заасан байдаг.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Ашигт малтмал, газрын тосны газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны А/69 дүгээр тушаалд заасны дагуу “ГО” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн нь хууль тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоосон ямар нэгэн эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй болох нь тогтоогдож байгаа.

Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны А/69 дүгээр тушаалын заалтыг хэрэгжүүлээгүй атлаа нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хууль бус болсон.

1.3. Шүүх хариуцагчийг ... Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө нэхэмжлэгчид мэдэгдээгүй ... гэж дүгнэсэн атлаа, уг дүгнэлтээ үгүйсгэж, ... хариуцагчийн төлөөлөгчийн сонсох ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага байгаагүй гэх тайлбар үндэслэл бүхий байна ... гээд сонсох ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага байгаагүй гэдгийг ... “ГО” ХХК-ийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол Улсын Засгийн 2018 оны 243 дугаар тогтоолоор нийтэд зарласан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайтай бүхэлдээ давхцалтай ... гэсэнтэй холбож дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

“ГО” ХХК-ийн Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын нутагт байрлах Д худаг нэртэй 489.47 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 13297 А тоот тусгай зөвшөөрлийн талбай нь нийтэд зарласан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайтай давхцалтай байгаагаас үл хамаарч, “ГО” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн боломжтой юм.

Мөн хариуцагчийн төлөөлөгчийн ... сонсох ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага байгаагүй ... гэх тайлбар нь нотлогдоогүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгуулага нотлох үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч өөрөө нотлох үүрэгтэй боловч, түүнийгээ нотолж чадаагүй байхад ... хариуцагчийн төлөөлөгчийн сонсох ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага байгаагүй гэх тайлбар үндэслэл бүхий байна ... гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хоёр. Давж заалдах шатны шүүхэд гаргах хүсэлт

Энэхүү гомдолд дурьдсан тайлбар, ундэслэлийг хянан үзэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 550 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

ГО” ХХК-ийн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Д худаг нэртэй газар орших 541 гектар талбайтай MV-013297 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 276 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр цуцалжээ.

Үүний дараагаар Ашигт малтмал газрын тосны газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар дээрх тусгай зөвшөөрлийг сэргээсэн боловч тухайн тушаал хууль зөрчсөн байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалаар хүчингүй болгосныг нэхэмжлэгч “ГО” ХХК эс зөвшөөрч өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалаар Ашигт малтмал газрын тосны газарт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 28-ны өдрийн 28 дугаар тушаалаар байгуулагдсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр болон сонгон шалгаруулалтын журмаар олгосон байдал, тусгай зөвшөөрлийн бүртгэлд орсон өөрчлөлтөд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийн хяналт шалгалт хийсэн тайланг үндэслэн арга хэмжээ авах талаар үүрэг болгожээ.

Уг шалгалтаар “ГО” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн а/49 дүгээр тушаалаар сэргээж шийдвэрлэхдээ Ашигт малтмалын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтийг үндэслэсэн гэж тайлагнасан тул дахин тодруулан шалгахад тус хэлтсийн хяналт шинжилгээ хийсэн тайланд “ГО” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээх асуудал тусгагдаагүй бөгөөд хууль зөрчсөн нөхцөл байдлууд илэрсэн тул хуульд нийцүүлэн маргаан бүхий тушаалыг гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4454 албан бичгээр Хяналт-шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсийн дүгнэлт тус газарт байхгүй гэх лавлагааг ирүүлсэн, шүүхээс асуусан гэрчийн мэдүүлгүүдээр дүгнэлт хийгдсэн эсэх нь тогтоогдоогүй учир нэхэмжлэгчээс “дүгнэлт байхгүй нь дүгнэлт гаргаагүй болохыг нотлохгүй” хэмээн тайлбарлаж байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдаж, маргаан бүхий захирамж хүчингүй болсноор нэхэмжлэгчийн эрх ашигт сэргэгдэхэд ач холбогдолтой нотлох баримт гэж үзэх боломжгүй тул энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Харин Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/1870 албан бичгээр ирүүлсэн Г-79 дугаартай гомдол мэдээллийг шийдвэрлэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Хяналт, шинжилгээ үнэлгээ, статистикийн хэлтсийн мэргэжилтэн С.Д-ийн өгсөн мэдүүлэгт “... “ГО” ХХК-ийн 13297А тусгай зөвшөөрөлд М.Я гэдэг ажилтан хяналт шалгалт хийсэн...” гэх тайлбарыг өгсөн байх боловч хэргийн оролцогч нар М.Я-ыг гэрчээр асуух тухайд хүсэлт гаргаагүй, шүүх асууж тодруулаагүй нь нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл болохоргүй байна.  

Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “....кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ хуулийн 11.1.13-11.1.23-д заасан асуудлыг эрхэлнэ”, 11.1.14-д “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх” гэж тус тус зааснаас үзвэл ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах эрх нь зөвхөн Кадастрын хэлтсийн даргад олгогдсон байна.

Гэтэл Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалыг Кадастрын хэлтсийн дарга бус Ашигт малтмалын газрын дарга гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн, өөрт хамаарахгүй эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан үйлдэл болсон байх тул уг тушаалыг хүчингүй болгосон захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид сэргэх эрх ашиг байхгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэл бүхий байна.

Нөгөөтэйгүүр ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл дуусгавар болсон тул Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар дахин хуульд заасан шаардлагыг хангуулан сонгон шалгаруулалтад оролцолгүйгээр тусгай зөвшөөрлийг сэргээсэн нь хууль бус нөхцөл байдал үүссэн болох нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 28-ны өдрийн 28 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн.

Ийнхүү Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаал нь дээрх үндэслэлээр нэгэнт хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Кадастрын хэлтсийн даргаас ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргээх талаарх ямар нэгэн шийдвэр гаргаагүй тул хариуцагчаас Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд өмнө гаргасан А/49 дүгээр тушаалыг хүчингүй болгосон байх тул “...Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Сонсох ажиллагаа хийгдээгүй гэх гомдлын тухайд:

Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/63 дугаар тушаалаар Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/49 дүгээр тушаалыг хүчингүй болгосныг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй гэж тайлбарлаж байна.

Гэвч анх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 276 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг нэхэмжлэгч мэдэж байсан буюу захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар хангалттай ойлгосон гэж шүүх үзэхээр байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын даргыг тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг сэргээсэн тушаал гаргасантай холбогдуулж Авлигатай тэмцэх газраас хянан шалгах үйл ажиллагаа явагдаж байсан, мөн маргаан бүхий акт гарсанаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 2 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшсэний жилийн төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

Иймд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээсэн үйлдлийг захиргааны байгууллага өөрийн гаргасан шийдвэрийг дахин хянаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу өмнө гаргасан хууль бус шийдвэрээ хүчингүй болгосон үйлдэл байх тул энэхүү харилцаанд нэхэмжлэгчид шийдвэрийн үр дагаврыг өмнө мэдэгдээгүй хариуцагчийг буруутгах шаардлагагүй гэж үзлээ.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч “ГО” ХХК-ийн эзэмшиж байсан Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын нутагт байрлах Д худаг нэртэй 489.47 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МҮ-13297 тоот тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол улсын Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор нийтэд зарласан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайтай бүхэлдээ давхцалтай байгаа тухайд нэгэнт нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2016 онд дуусгавар болсон байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-д “Тусгай зөвшөөрөл дуусгавар болоход түүнийг эзэмшиж байсан этгээд тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагад буцааж өгөх бөгөөд уг талбайд энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл шинээр олгож болно” гэж зааснаар 2018 онд маргаан бүхий газрыг тусгай зөвшөөрөл олгохоор сонгон шалгаруулах талбайд хамааруулсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 550 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ГО” ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн  захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                Д.ОЮУМАА