Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 551

 

 

 

 

 

 

 

    2020          06              02                                      2020/ШЦТ/551

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Ч-н Б-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, **** оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ***/ Т овогт Ч-н Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 03 дугаар сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” дэлгүүрийн орчим хохирогч Г.О хамран тус газарт цохиж эрүүл мэндэд нь хамрны нурууны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Ч.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч Ч.Ч.Б-г холбогдох хэргийг яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч Ч.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 03 дугаар сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” дэлгүүрийн орчим хохирогч Г.О-н хамран тус газарт цохиж эрүүл мэндэд нь хамрны нурууны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:  

 

Шүүгдэгч Ч.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

хохирогч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 03 дугаар сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө намайг таксинд явж байхад Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооллын автобусны буудал дээр 2 эрэгтэй гараа өргөхөөр нь авсан. Тэгээд Баянгол дүүргийн ** дугаар хороо Таац дэлгүүрээс шагийн архи авна гэж хэлсэн. Тэгээд нэг ах, нэг эмэгтэйтэй хамт зам дагуу явж байхад нь такси барьсан ах тухайн ахаас шагийн юм байна уу гэхэд уг ах шагийн юм зарахаар харагдаад байна уу гэж хэлсэн. Гэтэл машинд сууж байсан ах машинаас буугаад нэг нэг цохилцсон. Би тэднийг болиоч гээд такси барьсан ахыг машинд суулгаад байрны голоор явах гэтэл  битүү байсан тул буцахаас өөр  аргагүй байсан тул буцаад явж байтал нөгөө маргасан ах хүмүүстэй хамт машин руу чулуу шидээд өшиглөхөөр нь би машин эвдлээ гээд машинаасаа буутал миний хамар руу хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би яаж байгаа юм бэ би таксинд явж байна, шагийн юм хайгаад явж байна гэхэд нэг хүн толгой руу цохисон. Намайг доош зугтаахад цагдаа ирж байхаар нь юу болсон талаар хэлэхэд миний машин руу очсон. Гэтэл нөгөө хүмүүс байхгүй байсан. Гэтэл гудамжинд явж байсан хүн буудал руу явсан байх гэхээр нь буудал руу очтол ажилтан нь манайд байж байгаад зодоон боллоо гээд гараад явчихсан, Баянголын цагдаа руу оч гэж хэлсэн. Эмнэлгийн байгууллагад хандсан одоогоор баримт байхгүй. Машинд учирсан эвдрэл гэмтэл байхгүй. Биндэрьяа миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан, бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-рт/

 

гэрч Ц.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 03 дугаар сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө найз О-ын приус 20 маркийн машинаар бид хоёр хамт таксинд явж байсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Содон хорооллын хажууд байхад хоёр танихгүй ах гараа өргөхөөр нь авахад шагийн архи зардаг газар байна уу гээд Баянгол дүүргийн ** дугаар хороо “**” дэлгүүр рүү явж очиход эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зам дагаад алхаж байсан. Гэтэл такси барьсан ах зам дагуу явж байсан эрэгтэйгээс архи байна уу гэхэд нөгөө залуу архи зарахаар харагдаад байна уу гэсэн. Гэтэл жижиг туранхай ах машинаас буугаад уг залуутай маргасан, би тухайн үед юу болсныг харж чадаагүй. О машинаасаа буугаад тэднийг салгаад буцаад машиндаа суусан. Тэгээд машинаа асаагаад тухайн газраас явтал мухар гудамж руу орчихсон. Тэгээд эргээд гарах гэхэд урдаас зам дагуу явж байсан залуу олуулаа болчихсон ирсэн. Тэгээд машины цонх цохиод байсан. О машиныхаа хаалга онгойлгоход уг залуу О-г цохиод байсан. О би таксины жолооч байна гэхэд юм яриагүй. Би машинаас буугаагүй. О руу харахад хамраас нь цус гарсан байсан. Тэгээд уг залуу машины ард байсан ахыг татаж буулгаад цохиод байсан. Жижиг биетэй ард байсан ах алга болчихсон. Намайг цагдаа дуудтал уг залуучууд цагдаа дуудчихлаа гээд зугтаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-рт/,

 

гэрч Ч.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би найз Б-тэй хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын гадна талын автобусны буудал дээрээс такси барьсан. Тэгээд Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” дэлгүүрийн гадна талд архи зардаг хүмүүсээс архи авахаар очтол нэг залуу нэг эмэгтэйтэй хамт “**” дэлгүүрийн урд талын замаар явж байсан. Тэгэхээр нь бид нар тухайн залуугаас архи байна уу гэж асуухад тэр залуу би архи зарах хүн шиг харагдаад байна уу гээд маргаан үүсгэсэн. Тэгээд би машинаас буугаад тэр хажуу талаар зогсож байгаа хүмүүсээс архи асууж байгаад таксиндаа буцаж суугаад бид байрны зам руу ортол тухайн зам нь мухар зам байсан. Тэгээд бид эргээд зам руу явах гэж байтал машины урдаас 7-8 орчим залуу ирсэн. Тэгээд тэр залуучууд машины цохиод машины хаалга онгойлгоод зохиж зодоод эхэлсэн. Тэгэж байтал таксинд явж байсан залуу цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-рт/,

 

гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө найз нартайгаа Э-н замд байрлах нэрийг нь мэдэхгүй зочид буудалд ороод пиво ууж байгаад манай найз Б нь хамт байсан эмэгтэйг гаргаж өгөх гээд гарсан. Тэгээд араас нь гарахад Б нэг өндөр залуутай маргаад зууралдаад байсан. Намайг очиход нэг залуугийн хамраас цус гарсан байсан. Тэгэхэд хамраас нь цус гарч байсан залуу би таксины жолооч байна, намайг танай найз цохьчихлоо гэхээр нь больцгоо гээд салгасан. Би Б-с яасан бэ гэж асуухад “намайг гадаа явж байхад архи байна уу гэхээр нь би архи зардаг хүн шиг байна уу гээд маргалдсан” гэж хэлсэн. Би “хамраас нь цус гарсан байсан залуугийн хамраас яагаад цус гарсан юм бэ” гэхэд яагаад цохисон гэдгээ мэдэхгүй байна гэсэн. Цагдаа дуудсан гэхээр нь бид нар явчихсан. Жолооч гэх залуугийн хамраас цус гарсан байсан, өөр гэмтэл шархтай хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-рт/,

 

гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би найз Мөнх-С-тэй хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын гадна талын автобусны буудал дээрээс такси барьсан. Тэгээд Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” дэлгүүрийн гадна талд архи зардаг хүмүүсээс архи авахаар явсан.  Тэгээд “**” нэртэй дэлгүүрийн гадна талд очоод архи зардаг хүмүүс байна уу гээд харж байтал нэг залуу нэг эмэгтэйтэй “Таац” дэлгүүрийн урд талын замаар явж байсан. Бид нар тухайн залуугаас архи байна уу гэж асуухад тэр залуу би зарах хүн байна уу гээд М-тэй маргаан үүсгэсэн. Тэгээд М машинаас буугаад тэр залуутай маргалдаж байгаад буцаад машиндаа суугаад бид тухайн газраас хөдөлсөн. Тэгээд бид нар байрны замруу ороход тухайн зам нь мухар болохоор эргээд гартал урдаас 6-7 залуучууд гарч ирээд сууж явсан машиныг цохиод эхэлсэн. Гэтэл таксинд явж байсан залуу цагдаа дуудсан байсан...” гэх мэдүүлэг /хх-28-29-рт/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

1. Г.О-д хамрын нурууны хугарал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 34-рт/,

шүүгдэгч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө найз нартайгаа хамт Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** нэртэй зочид буудалд ороод пиво ууж байгаад нэг мээгтэй гэртээ харина гэхээр нь би гаргаж өгөх гээд “**” дэлгүүрийн орчим явж байхад приус маркийн машинтай хүмүүс ирээд архи байна уу гэхээр нь би архи зардаг хүн шиг харагдаад байна уу гэхэд уг машины ард нь сууж байсан залуу бууж ирээд бид хоёр маргалдаж, зууралдаад бие биеэ цохилдоод салсан. Тэгээд хамт байсан эмэгтэй маань найз нараа дуудах гээд явсан. Намайг найз нартайгаа уулзаад зогсож байтал нөгөө машин урдаас гараад ирсэн. Би тухайн машины урдаас очоод жолоочийг нь цохиход хамраас нь цус гарсан. Тухайн жолооч надад би таксины жолооч байна гэж хэлсэн. Би анх муудалцсан залуутайгаа зууралдаж цохилдоход биднийг манай найзууд ирж салгасан. Тэгээд цагдаа ирж байна гэхээр нь явчихсан... Би Г.О-н  биед  гэмтэл учруулсан гэм буруугаа ухаарч хохирлыг нь бүрэн төлж барагдуулж, бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-рт/,

- Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны тодорхойлолт /хх-67-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66-рт/,

- мэргэжилийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 47-рт/,

- гадаад паспортын хуулбар /хх-48-рт/,

- Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-ийн 62-63-рт/,

- хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 49-рт/,

- Депозит дансны хуулга /хх-ийн 69-70-рт/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан буюу хүний эрүлүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор  уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ч.Б-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Ч.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Т овогт Ч Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ч.Б-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ