Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 552

 

 

 

 

 

 

 

    2020          06           02                                        2020/ШЦТ/552

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б-н Б-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа гар аргаар алт олборлодог, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, **аймгийн ** сумын ** дугаар хороо ** * дүүрэг гудамжны ** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ** аймгийн ** сумын ** баг * дугаар гудамжны ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар **/ Б овогт Б-н Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” /**/ нэртэй зочид буудлын ойролцоо хохирогч Г.Т-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд дээд уруулд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч Б.Б-ад холбогдох хэргийг яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Office” /Оффис/ нэртэй зочид буудлын ойролцоо хохирогч Г.Тийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд дээд уруулд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

 

Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “**” нэртэй зочид буудлын орчимд  явж байхад үл таних 4 залуу уг зочид буудлаас гарч ирж байсан. Би уг зочид буудлыг өнгөрөөд явж байтал нөгөө үл таних 4 залуу хойноос дуудсан. Тэгэхээр нь эргээд хартал нэг тамхилчих гэхэд нь би тамхи байхгүй гээд 4-5 алхсан чинь хойноос ирээд нэг залуу нь намайг хавирсан. Би газар унаад эргээд хартал нэг нь хөлөөрөө миний нүүр рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би толгойгоо дараад доошоо хэвтсэн. Тэр үед мөр хэсэг рүү нэг нь өшиглөсөн. Тэгээд нэг бүдүүн махлагдуу 170 орчим сантиметр өндөр нуруутай халзан толгойтой ах намайг татаж босгоход түүнтэй хамт явж байсан хүн нь надад тамхи өг гээд намайг машин руу шахсан. Би “надад тамхи байхгүй ах аа” гэхэд орилоод дахиад тамхи нэхээд байсан. Үстэй захтай, савхин хүрэмтэй ах гараараа миний уруул хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би “ах аа уруул сэтэлчихлээ” гэж хэлтэл намайг заамдаж байсан махлагдуу ах “байж байгаад чиний нүдийг чинь сэтлэнэ” гэж айлгасан. Тэгсэн чинь хажуунаас нь нэг саравчтай малгайтай хар өнгийн куртиктэй ах “одоо наадхаа явуулаач” гэж хэлсэн. Тэгээд миний куртикнээс татаад “одоо яв” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-рт/,

 

гэрч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манай найз Б намайг гандангийн урд талд байрлах буудалд байна, хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би “**” нэртэй зочид буудлын хоёр давхарт гараад тоотыг нь санахгүй байна, нэг өрөөнд орсон. Тухайн буудлын өрөөнд Б  ганцаараа байсан. Тэгээд бид хоёр “Голд **” нэртэй 500 граммын савлагаатай архи ууж байтал Б нь Б гэх найзыгаа дуудсан. Тэгээд Б ирээд бид 3 архи ууж байтал манай нутгийн М гэх ах над руу залгаад хаана байна гэхэд би байгаа газраа хэлсэн. Удалгүй М нэг шил архи барьчихсан орж ирээд бид 4 хамт архи ууцгаасан. Тэгээд А ах, Б хоёр над руу залгаад хаана байна явъя гэхээр нь байгаа газраа хэлээд ирээд ав гэж хэлсэн. Удалгүй А ах, Б хоёр ирээд Б, Б, М, Б бид тав архи уусан. А ах машин барина гээд архи уугаагүй. Архи дуусаад М, А ах, Б бид дөрөв буудлаас гарахад буудлын гадна нэг эрэгтэй явж байхаар нь тухайн эрэгтэйн хувцасных нь захаас барьж аваад нэг тамхи өгчих гэж хэлсэн.  Тухайн эрэгтэй “надад тамхи байхгүй” гээд миний хувцасны энгэрнээс зуурсан. Бид хоёр зууралдаж байтал биднийг М салгах гэж байгаад бид гурав хамт газар унасан. Би тухайн эрэгтэйг газраас босгож ирээд “ганц тамхи өгөөдөх, сүртэй юм” гэх мэт үг хэлж байтал надтай хамт явж байсан Б миний араас ирээд миний урд зогсож байсан эрэгтэйн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Гэтэл тухайн эрэгтэйн хамар болон амнаас нь цус гараад тухайн эрэгтэй цааш зугтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-рт/,

 

гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 01 дүгээр сарын 27-ны 17 цагийн орчим хуурай дүү болох Б-н хамт Модны хоёрт байрлах нэрийг нь мэдэхгүй нэг буудалд нутгийн дүү Г-г дуудахаар нь явж очсон. Бид хоёрыг тухайн буудлын өрөөнд ороход Г, Б, М болон бас нэг танихгүй эрэгтэй хүнтэй хамт байж байсан. Тухайн өдөр Б, Г бид гурав хөдөө ажлаар явах ёстой байсан. Би машин барьж явах байсан болохоор архи огт уугаагүй. Нэг танихгүй эрэгтэй болон Б, Г, Б, М нар нэг шил архи хувааж ууцгаасан. М, Г, Б бид дөрөв явахаар болоод тухайн буудлаас гарах гээд явж байтал Г дээгүүрээ өмсөж байсан цамцаа буудлын өрөөнд мартчихлаа гэхээр нь би буцаж буудлын өрөө рүү ороод Г өмсөж байсан цамцыг нь аваад гадаа гарахад Г нь нэг танихгүй эрэгтэйн цамцны захнаас барьчихсан өөд өөдөөсөө хараад зогсож байсан. Харин Б, Г хажуу талд нь зогсож байсан ба Б баруун гар нь шалбараад цус болчихсон байсан. Тэгээд би гүйж очоод Б холдуулахад Г зуурчихсан зогсож байсан эрэгтэй гараараа нүүрээ дараад цааш зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-рт/,

 

гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр намайг гэртээ байж байтал  нутгийн ах болох Г над руу залгаад ах нь Улаанбаатар хотод ирчихсэн, буудалд байна, хүрээд ир гэж дуудсан. Тухайн буудалд нь явж очтол Г, Б, А ах бас танихгүй ганц, хоёр эрэгтэй архи ууж байсан. Би тэд нартай хамт архи уусан. Харин А ах архи уугаагүй. Би тухайн үед архи нилээн уусан байсан болхоор зарим зүйлсийг сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь Г, Б бид гурав тухайн буудлаас гарч байсан. Гэтэл Г нэг эрэгтэй хүнтэй “тамхи өгчих” гээд маргалдаад хувцаснаас нь зуураад зогсож байхаар нь би Г тухайн эрэгтэйгээс салгах гэж байгаад бид гурав хамтдаа газар унасан. Тэгээд босч байтал Б хажуу талаар орж ирээд тухайн эрэгтэйн хамар хавьцаа нь гараараа нэг удаа цохисон. Б цохиулсаны дараа тухайн эрэгтэй хүний хамар болон амнаас нь цус гарч байсан бөгөөд тэр чигээрээ цаашаа зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-рт/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

1. Г.Т-ийн биед дээд уруулд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.  

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 34-рт/,

 

шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Би 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Г, М, А ах нарын хамт дөрвүүлээ буудлаас гарч ирсэн. Гэтэл буудлын үүдээр нэг эрэгтэй хүн ганцаараа явж байхаар нь би тухайн эрэгтэй хүнээс тамхи асуухад “байхгүй” гэж хэлчихээд цаашаа явчихсан. Гэтэл Г ах тухайн залуугийн араас нь явж очоод хөлөөрөө хавираад газар унагаад хөлөөрөө нэг удаа өшиглөх үйлдэл хийсэн боловч тухайн өшиглөлт нь тэр залууг оноогүй. Тэгээд М бид хоёр Г ахыг тухайн залуугаас залгахад газар унасан эрэгтэй босоод ирсэн. Би тухайн залууд хандаж “одоо эндээс яв” гэж хэлсэн боловч явахгүй байхаар нь түүний уруул руу нь баруун гараараа нэг удаа цохисон. Гэтэл тухайн эрэгтэйн уруулнаас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44-рт/,

- мэргэжилийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 45-рт/,

- Депозит дансны хуулга /хх-ийн 48-49-рт/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор  уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Б-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Б.Б-д 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Б овогт Б-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 460 /дөрвөн зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б-д оногдуулсан 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялыг 3 гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ