Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 567

 

 

 

 

 

    

    2020         06              08                                       2020/ШЦТ/567

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт О-н О-д холбогдох эрүүгийн ** дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “**”-д бармен ажилтай, ам бүл 2, эхийн хамт, ** аймгийн ** сум, ** дугаар баг ** тоотод оршин суух хаягтай, одоо Баянгол дүүргийн * дугаар хороо, ** дугаар байр ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ***/ Б овогт О-н О.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.О-нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” /**/ нэртэй баарны гадна орчим иргэн Н.Н-ыг “чи хэзээ ийм том болчихсон юм” гэх шалтгаанаар биед нь халдан зодож, түүний биед зүүн зовхинд цус хуралт, зүүн зулайн хуйханд зулгаралт, цус хуралт, баруун гарын сарвууны 3, 4, 5 дугаар хуруунд зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.О-хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч О.О-д холбогдох хэргийг яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх шүүгдэгч О.О-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч О.О-нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” /**/ нэртэй баарны гадна орчим иргэн Н.Н-ын биед нь халдан зодож, түүний биед зүүн зовхинд цус хуралт, зүүн зүйлайн хуйханд зулгаралт, цус хуралт, баруун гарын сарвууны 3, 4, 5 дугаар хуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

 

Шүүгдэгч О.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 04 дүгээр сарын 25-ны орой гэртээ байж байгаад 23 цагийн үед би В-д ажилладаг найз охин А-тай уулзах гэж очсон. Манай найз Галбадрах надтай уүлзах гэж тохирсон байсан тул би Винсвэйгийн гадна хүрээд ир гэж хэлсэн. Винсвэйд ороход хаах гээд цэвэрлэгээ хийж байсан. Тэгээд би найз охин А-тай уулзаад байж байхад В-н бармен О намайг үгээр идээд “найз охинтойгоо гарч уулз” гэхээр нь би жаахан хүлээж бай гэхэд гараад уулз гээд хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би гараад хүлээж байя А-г араас гаргаад ирээрэй гэж хэлсэн чинь араас О, Б, Н, Б ах нар гараад ирсэн. Тэгээд О “чи хэзээ ийм том болчихсон юм, В-н үүдэн дээр чи ийм томордог болчихсон юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би О-н мөр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгсэн хэдэн талаас гар орж ирээд  О намайг заамдаад шатны уруу руу түлхэж унагаагаад дээрээс өшиглөж, цохиж зодсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-рт/

 

гэрч П.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 3 давхарт О, О-н найз охин С хоёр цэвэрлэгээ хийж байсан. Харин би тооцоо бодож байсан. 1 давхарт шилэн эдлэлийн угаагч А, зөөгч Б, зохион байгуулагч Н нар байсан. Би тооцоо бодож дуусаад 2 давхарт хувцасаа сольж байтал Н орж ирсэн. Би хувцасаа сольчихоод 3 давхар руу буцаад гарсан. Тухайн үед Н Н-тэй юм яриад 2 давхарт үлдсэн. О, С хоёрыг цэвэрлэгээ хийхийг хүлээгээд байж байсан. Тэгээд бид гурав 22 цаг өнгөрч байхад доошоо 1 давхар руу буусан. Намайг коридорт хүлээж байсан чинь А-н яая гэх дуу сонсогдохоор нь яваад очтол Н А-г алгадсан юм шиг байсан. Намайг очиход хоолойноос нь боочихсон зогсож байсан. Тэгээд би Н-н гараас нь татаад “гаръя, гадаа гараад учраа олчих” гэж хэлсэн. Тэгсэн Н гарахгүй байхаар нь би түлхсэн чинь буцаагаад миний цээж рүү түлхсэн. Н гараараа миний хоолойг боосон. Гэтэл Н, О нар ирээд бид хоёрыг салгаад бөөнөөрөө гадагшаа гарсан. Н гарах гэж байхдаа утсаар яриад хүрээд ир гэж хэлж байсан. Тэгээд О Н хоёр муудалцаад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-рт/,

 

гэрч М.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Тэгээд В-д ажилладаг өндөр залууг хар малгайтай ханцуйгүй цамцтай эрэгтэй цохиод авсан чинь өндөр залуу газар унахаар нь би тэр цохисон залууг нь бариад авсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд өндөр залуугаас чи гомдолтой юм уу гэхэд гомдол байхгүй гэж хэлж байсан. Тэгээд тэр залуугийн цохисон залууг цагдаа нар аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,

 

гэрч О.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Н 2-3 хүнтэй хамт гарч ирээд том биетэй залуутай нь хэрэлдэж байгаад шууд зодоон болоод нэг нь Н-г шатны уруу руу аваад явсан. Тэгсэн хар цамцтай үсээ дээрээ боочихсон жижиг банди хантаазтай залууг хүмүүсийн дундуур түрж унагаасан. Тэгээд би эргэж хартал Н-г газар хэвтүүлчихсэн нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би Н-г очоод татаж босгоход замын хажуу талаас цагдаа нар гараад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

1. Н.Н-ын  биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн зулархайн хуйханд зулгаралт, цус хуралт, баруун гарын сарвууны 3, 4, 5 дугаар хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ямар дэс дарааллаар үүссэн эсэхийг тогтоох боломжгүй.

3. Хэрэг учрал болсон гэх тухайн нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 27-28-рт/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-8-13-рт/,

 

Шүүгдэгч О.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 04 дүгээр сарын 24-ний 21 цаг өнгөрөөд хувцасаа сольчихоод 1 давхар руу буусан. Манай найз охин С ажлын гадаа ирчихсэн байсан тул гарах гээд явж байтал А яа яа гэж орилохоор нь яваад очтол Н А-н хоолойноос боогоод алгадаж байсан. Тэгээд Э бид хоёр очоод болиоч гэж хэлээд салгасан. Тэгсэн Н Э-г заамдсан. Тэгээд Н “та нар яадаг болчихсон юм, одоо яах гээд байгаа юм” гээд дайраад байсан. Тэгээд намайг замдаад “хоёулаа үзчихье” гэж хэлээд чирсэн. Манай найз охин С боль гээд миний баруун гараас татсан. Мөн Э ч бас болиоч гэж хэлсэн. Гэтэл Н намайг тавихгүй заамдаад байсан. Тэгээд арай гэж салчихаад байж байтал Н миний баруун шанаа руу 1 удаа гараараа цохисон. Энхбаяр бид хоёрыг салгаад тэндээ хэсэг зууралдаад шатны уруу руу Н, Э бид гурав зууралдсан чигээрээ унасан. Тэгээд би Н-н толгойр уу гараараа 2 удаа цохиод хөлөөрөө толгойных нь дагз руу 2 удаа өшиглөсөн. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд салсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-4-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49-рт/,

-“Санкомичид” ХХК-ийн тодорхойлолт /хх-45-рт/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч О.О-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор  уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч О.О-нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг яллагдагч О.О-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч О.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгч О.О-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Б овогт О-н О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.О-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар О.О-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.О торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг  1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хадгалсугай.

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-д авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ