Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2016/01073

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2016/01073

Төв аймаг

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүгч Л.Оюунцэцэг, Б.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Р.Баяртуяагийн гаргасан хариуцагч: Б.Баасанжавд холбогдох  “Гэм хорын хохирол 12 788 698 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Б.Баасанжавын нэхэмжлэгч Р.Баяртуяагаас  9 590 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Баяртуяа, түүний өмгөөлөгч П.Ганбаатар, хариуцагч Б.Баасанжав, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, гэрч А.Шинэнаран, Н.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Р.Баяртуяа шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: -  2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ныг шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг, Улаан туг гэх газар иргэн Батсайханыд ажлынхаа газрын хүмүүстэй очсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан гэмт хэргийн хохирогч болсон. Энэ асуудлын Төв аймгийн Цагдаа, Прокурорын байгуулгынхан шалгаад Б.Баасанжавыг буруутайд тооцоод шүүх хуралдаанаар асуудлыг шийдээд нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан. Гэтэл Б.Баасанжавын үйлдсэн хэргийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өршөөлийн хуулинд хамруулсан, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрсөн бичиг үйлдсэнийг хэрэгт хавсаргасан байгаа. Ингээд прокурорт 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Миний бие сэтгэл санаа, нэр төр, ажил болон бие махбодид, эд хөрөнгө болон бусад зүйлээрээ хохирсон. Ингээд би аргагүй эрхэнд Төв аймгаас Өвөрхангай аймаг руу шилжсэн. Б.Баасанжав одоо болтол буруугаа хүлээгээгүй, уучлалт гуйх зэрэг ямар ч үйлдэл хийгээгүйд нь би маш их гомдолтой байна. Холбогдох материалаа бүрдүүлээд өгсөн.  Материал нь бүрдүүлээгүй зардлууд гарсан, зөвхөн баримттай зардлаа нэхэмжилж байгаа. Гэм буруутай этгээдийг өршөөлийн хуулинд хамруулчихаад, хохирсон этгээдийг хамгаалах байх гэж найдаж байна. Эрүүгийн хэрэг дээр хохирогчоор тогтоогдож явж байхдаа өмгөөлөгч н.Цэрэндоржтой гэрээ хийж 1,200,000 төгрөг төлсөн. Гэрээ баримт нь хэрэгт байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-д заасан хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжилж байнаа. Б.Баасанжав нь энэ хэргийн дараа миний нэр төрийг гутаасан, элдэв янзаар доромжилсон зүйл ярьсны гэрчлэх гэрчүүд байгаа. Энэ хэргийн улмаас өөрийн эрхэлж байсан Төв аймгийн Сэргэлэн сумын нийгмийн даатгалын байцаагчийн ажлаасаа аргагүйн эрхэнд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Хүмүүс янз бүрээр намайг ярьж, доромжилж байсан. Б.Баасанжав надад 30-40 сая төгрөг өгсөн гэж хүмүүст ярьсан байсан. 30-40 саяар биеэ үнэлсэн үнэлсэн хүүхнийг харъя гэж хүртэл хүмүүс ирж байсан. Манай аав ээжийг гандан дээр явж байхад хүртэл танайх 2 өрөө байр аваад хөгжчихсөн гэлүү гэж хүртэл хэлсэн байсан. Ингээд тэнд ажиллах ямар ч боломжгүй болсон учраас ажлаасаа гарсан. Энэ хэргийн улмаас энд байх аргагүй болчихсон учраас би нөхөр дээрээ очсон боловч энэ хэргийн улмаас таарч тохирохгүй, нөхөр маань надад гар хүрч зодсон. Ингээд би нөхрөөсөө салсан. Миний 4 настай охин өнчирч үлдсэн байгаа. Ингээд бодит зардлаа нэхэмжилж байна. Эмчилгээний зардал, өмгөөлөгчийн зардал 2,000,000, сэтгэл санааны хохирол 8,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөөд 2016 оны 05 дугаар сарын 25 хүртэлх хугацааны нийт 6 сарын хугацааны цалинг нэхэмжилж байна. Сарын цалин 464,783 төгрөгийн 6 сараар үржүүлээд 2,088,698 төгрөг, нийт 12,788,698 төгрөг нэхэмжилж байна гэв.

            Хариуцагч Баасанжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: -Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь Р.Баяртуяа бид хоёр бие бинээ таньж мэддэгүй байсан. Тийм хэрэг болоогүй. Гэм хор учруулсан гэж байна. Би гэм хор учруулаагүй. Цагдаа шүүхээр жил гаран явсан. 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 5 сар хүртэл явсан. Өршөөлийн хууль гарсан болохоор цаашид ингэж явах хэцүү байсан учраас Өршөөлийн хуульд хамрагдъя гэж бодсон. Гэмт хэрэг үйлдээгүй, өршөөлийн хуулинд хамрагдахын тулд энэ хэргийг үлдсэн гэж хүлээн зөвшөөрөөд бичсэн гэв.

            Хариуцагч Б.Баасанжав шүүхэд  болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан сөрөг нэхэмжлэл тайлбартаа: - Өмгөөлөгчийн зардал, тухайн үед Сэргэлэн сумаас Зуунмод сум хүртэл явж байсан бензины зардал зэргийг нэхэмжилж байгаа. Учир нь тухайн үед Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хэргийн хохирогчоор дуудагдаж явдаг байсан.  Өгөө 9 цагт ирж орой бас ирж  цагаа бүртгүүлдэг байсан. Портер машинаар ирж  бүртгүүлдэг байсан. Өдөрт 10 литр шатахуун орж байсан. 6 сарын хугацаанд ирж, очин явсан. Замын зардал 4 590 000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 5,000,000 төгрөг нэхэмжилж, нийт 9 590 000 төгрөг нэхэмжилж байна гэв.

            Нэхэмжлэгч Р.Баяртуяагийн өмгөөлөгч П.Ганбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын өмгөөлөгч сөрөг нэхэмжлэл гаргасан байна. “Монсуль” шатахуун түгээх газрын баримт байдаг. Нэг удаа явахдаа  459,000 төгрөгөөр явсан гээд нийт 300 литр шатахуун хийсэн байдаг. Нийт 10 удаа явсан гээд 4,590,000 төгрөг нэхэмжилсэн байсан. Төв аймгийн Сэргэлэн сумаас Зуунмод сум хүртэл 18 км зайтай. 18 км газарт яагаад ч ийм зардлаар ирж явахгүй. Энэ хугацаанд эрүүгийн хэрэг дээр явж байхдаа 5,000,000 төгрөгийн өмгөөлөгчийн зардал өгсөн гэсэн байсан. Эрүүгийн хэрэг дээр хохирогчийн өмгөөлөгчид буюу Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-т зааснаар хохирогчийн өмгөөлөгчид төлөх зардлыг гаргуулдаг болохоос шүүгдэгчийн өмгөөлөгчид өгсөн зардлыг гаргуулдаггүй. Ийм хуулийн заалт, зохицуулалт байхгүй. Эрүүгийн хэрэг дээр хүн болгонд зардал гаргадаг бол миний өмгөөлсөн хүн болгон иргэний шүүхэд хандах юм байна гэж ойлгож байна. Миний үйлчлүүлэг Р.Баяртуяа Өвөрхангай аймгаас 465 км газраас 20,300, 20,000, 14,000 төгрөг гэсэн ийм зардлуудаар ирж байсан. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэргийн оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн судалсан Төв аймгийн Прокурорын газарт 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б.Баасанжавын түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын бичсэн хүсэлт /хх-4/, Р.Баяртуяагийн замын зардлын баримтууд, шатахууны зардлын баримт, өмгөөлөгчийн хөлсийн баримт /хх-5-16/, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Д.Цэрэндорж өмгөөлөгчтэй хийсэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-17/, Р.Баяртуяагийн 2015 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн эм тариа авсан баримт /хх-20-21/, 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нян судлалын шинжилгээ хийлгэсэн баримт /хх-22/, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 180 дугаартай тодоорхойлолт /хх-23/, Р.Баяртуяагийн цалингийн хүснэгт /хх-24/, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-25/, гэрч А.Шинэбаяр, гэрч Н.Энхтуяа нарын мэдүүлэг  зэрэг нотлох баримтууд,

Хариуцагчийн өмгөөлөгчийн судалсан 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б.Баасанжавын хариу тайлбар /хх-47/, Монсуль ХХК-аас авсан шатахууны 11 ширхэг баримт /хх-82-83/, Ц.Хүрэлбаатар өмгөөлөгчид өгсөн өмгөөлөгчийн хөлс төлсөн баримт /хх-84/ зэрэг нотлох баримтууд эдгээр болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, тэдгээрийн хуульд заасан журмын дагуу цуглуулж гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудыг оролцогчдын хүсэлтээр тал бүрээс нь бодитойгоор харьцуулан бүрэн дүүрэн шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

1.Нэхэмжлэгч Р.Баяртуяа нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Улаантолгой гэх газарт 2015 оны 12 дугаар сарын 13-нд Б.Баасанжавт хүчиндүүлсэний улмаас бие махбод, сэтгэл санаанд учирсан гэх хохирол, мөн ажилгүй байсан хугацааны цалин нийт 12 788 698  төгрөг Б.Баасанжаваас гаргуулахаар нэхэмжилж,

Хариуцагч Б.Баасанжав нь дээрхи гэмт хэргийг үйлдээгүй, нэхэмжилж байгаа хохирлыг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

2.Хариуцагч Б.Баасанжав нь “2015 оны 6-р сард Р.Баяртуяад эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж надад Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан юм. Бид хоёр цагдаа хуулийн байгууллагад явж залхсан. Тухайн үед хүчингийн гэмт хэрэг гарсан нь нотлох баримтаар нотлогдохгүй байсан. Би бүр залхаж гүйцээд Өршөөлийн хууль гарсан учир өршөөлд хамрагдаж дуусгая гэж бодоод хүсэлт өгсөн юм. Р.Баяртуяагийн ...нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж бодож байна. Би гарсан зардлаа дундаж байдлаар  тооцож үзэхэд 9 590 000 төгрөг гаргасан байна.. Үүнд өмгөөлөгчийн зардал 5 000 000  төгрөг, бензин шатахууны зардалд 4 590 000 төгрөг бүгд 9 590 000  төгрөг Р.Баяртуяагаас нэхэмжилж байна” гэж сөрөг нэхэмжлэл гаргаж,

Нэхэмжлэгч Р.Баяртуяа нь  ...намайг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт шалгаж байгаад хэрэгсэхгүй болгосон. ...201519000352 тоот эрүүгийн хэрэгт хариуцагч Б.Баасанжав яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “...намайг Баяртуяа цохиж гэмтэл учруулаагүй, хар машинтай хоёр залуу ирээд зодсон. ...” гэж мэдүүлсэн байдаг. ...Сэргэлэн сумаас Зуунмод сум хүртэл 18 км газарт нийт 10 удаа буюу 4 590 000  төгрөгөөр замын зардал хийж өмгөөлөгчид 5 000 000 төгрөг төлсөн гэдэг нь үндэслэлгүй юм. ...Энэ нэхэмжилж байгаа зүйл нь ор үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус маргажээ.

1.Нэхэмжлэгч Р.Баяртуяа нь хариуцагч Б.Баасанжавд хүчиндүүлсэн гэх үйлдлийг Төв аймгийн Цагдаагийн газар шалгаж, мөн аймгийн Прокурорын газраас 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 127 тоот тогтоолоор яллагдагч Б.Баасанжав нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч дээрхи гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн учраас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь Прокурорын газрын тогтоол, Б.Баасанжавын Прокурорын газарт гаргасан хүсэлт зэргээр /хх-н 4, 30-32/ нотлогдож байна.

Харин нэхэмжлэгч Р.Баяртуяагийн дээрхи гэмт хэргийн улмаас учирсан гэх сэтгэл санааны хохирол тухайлбал гэр бүлээсээ салсан, ажилгүй болсон гэх зүйлүүд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсонгүй. Учир нь Р.Баяртуяагийн ажлаас чөлөөлөгдсөн гэх Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/55 дугаартай тушаалаас үзэхэд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байх ба мөн Төв аймгийн Сэргэлэн суманд амьдрах аргагаүй болоод Өвөрхангай аймаг руу шилжиж явсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь баримтаар нотлогдоогүй болно.

Иймд Р.Баяртуяагийн нэхэмжлэлийн шаардлага 12 788 698 төгрөгөөс 10 885 798  төгрөгийн шаардлага буюу сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан хугацааны цалин гэх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, харин  1 902 900  төгрөгийн шаардлага  буюу эмчилгээ, замын зардал, өмгөөлөгчийн төлбөр зэргийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. 

2. Хариуцагч Б.Баасанжавын сөрөг нэхэмжлэлийн 9 590 900  төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Учир нь Б.Баасанжав нь Р.Баяртуяаг хүчиндсэн гэх хэргийн улмаас өөрийнхөө эрх ашгийг хамгаалах зорилгоор өмгөөлөгч хөлсөлж хууль зүйн туслалцаа авсан, мөн дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч хохирлоо төлөхөө амлан Өршөөлийн хуульд хамрагдсан байдал зэргээс үзэхэд сөрөг нэхэмжлэлд дурдсан 9 590 900  төгрөгийн хохирол гэх зүйл нь Р.Баяртуяагийн буруутай үйл ажиллагаанаас болж Б.Баасанжавд учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгч Р.Баяртуяагийн нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүй нэхэмжилсэн 10 885 798 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй олгож 1 902 900 төгрөгийг хариуцагч Б.Баасанжаваас гаргуулж нэхэмжлэгч Р.Баяртуяад олгож, хариуцагч Б.Баасанжавын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Нэхэмжлэгч нь тус шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 151/ШЗ2016/02144 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Б.Баасанжавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168 390 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 45 396 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

            3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.         

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.МӨНХЦЭЦЭГ

 

                                               ШҮҮГЧИД                                   Л.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                    

Б.ЦОЛМОН