Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 575

 

 

 

 

 

 

 

   2020         06              09                                         2020/ШЦТ/575

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш овогт Б-н Ж-д холбогдох эрүүгийн ** дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 сарын 04-ний өдөр ** аймгийн ** суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “**” т ээлжийн ахлагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 26 дугаар байр, 60 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар **/, Ш овогт Б-н Ж.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Ж нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 11 цагийн үед Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, 26 дугаар байрны орчим хохирогч Б.Х-ыг **-** УБХ улсын дугаартай, хар өнгийн “Тоёота приус 20” загварын автомашинтай замын хөдөлгөөнд оролцож байхад нь “машинаа ухраасангүй” гэх шалтгаанаар маргалдан зодож хуруунд шарх, тохойнд цус хуралт, шагайд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн хохирогч Б.Х-ны унаж явсан **-** УБХ улсын дугаартай, хар өнгийн, “Тоёота приус 20” загварын автомашиныг буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйдийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж шүүгдэгч Б.Ж-т холбогдох хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх шүүгдэгч Б.Ж-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Ж- нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 11 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 26 дугаар байрны орчим хохирогч Б.х-г **-** УБХ улсын дугаартай, хар өнгийн “Тоёота приус 20” загварын автомашинтай замын хөдөлгөөнд оролцож байхад нь маргалдан зодож хуруунд шарх, тохой цус хуралт, шагайд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн хохирогч Б.Х-ны унаж явсан **-** УБХ улсын дугаартай, хар өнгийн, “Тоёота приус 20” загварын автомашиныг буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь: 

 

Шүүгдэгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 11 цагийн орчим ээж Д, дүү Х нарын хамт **-** УБХ улсын дугаартай хар өнгийн “Тоёота приус 20” загварын автомашинтай Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны баруун урд талаар өгсөөд явж байтал цэнхэр өнгийн “Тоёота приус 30” загварын **-** УНБ улсын дугаартай автомашин өөдөөс гарч ирсэн. Тэгээд зөрөх боломжгүй байсан болохоор жолоочид нь хандан “ах аа та хойшоогоо ухарчих” гэхэд нөгөө машины жолооч “чи өөрөө ухар гөлөг минь” гэхээр нь би өгсөөд явж байсан болохоор надад зам тавих ёстой гээд хөдлөөгүй. Тэгтэл приус 30 загварын машины жолооч машинаасаа бууж ирээд элдвээр хэлээд байсан. Намайг машинаасаа буухад машин руу түлхээд тэвэрч аваад газар унагаасан. Тэгээд би ухаан алдчихсан ба нэг мэдэхэд эгчийнхээ гэрт ухаан орсон. Намайг түлхэх үед миний автомашины урд крыло, хойд крыло, хойд баруун талын багана хонхойсон байсан ба үнэлгээ хийлгэхэд 400.000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-рт/,

 

гэрч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “... Би 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 11 цаг 20  минутын орчимд хүүхэдтэйгээ хамт эгчийнхээ гэр рүү явж байтал нэг өгсүүр зам дээр өөдөөс нэг машин гарч ирэхээр нь манай хүү Б.Х “зам тавиад өгчих” гэж хэлэхэд нөгөө машины жолооч “чи ухар, гөлөг минь” гээд машиныхаа цонхыг хаачихсан. Нөгөө машины жолооч машинаасаа бууж ирээд манай хүүг “буугаад ир, гөлөг минь” гэж хэлээд ар дагз хэсгээр нь машины дээд талын буланг 4-5 удаа мөргүүлсэн. Тэгэхээр нь би бууж очоод тухайн залуугийн араас нь үсдэж салгасан. Тэгтэл нөгөө жолооч манай хүүхдийг татаж ирээд хавсарч унагаасан. Гэтэл манай хүүхэд ар дагз хэсгээрээ цемент дээр унаад ухаан алдчихсан. Би тухайн залуу дээр очоод “чи цагдаа иртэл байж бай” гэж хэлэхэд “чи намайг олоорой” гэж хэлээд явах гэхэд нь “би чиний зургийг дарлаа” гэхэд “тэг тэг авгай минь, намайг олоорой” гэж хэлээд явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-07-рт/,

 

гэрч Т.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нөхөр Ж болон хүүхдийн хамт **-** УНБ улсын дугаартай “Тоёота приус 30” загварын автомашинтай 26 дугаар байрны урд талаар зам эргээд явж байтал хар өнгийн приус 20 загварын автомашин өөдөөс тулаад зогссон. Тэгээд зөрөх боломжгүй байсан тул хоорондоо маргалдаад барьцалдаж авсан. Манай нөхөр Ж нөгөө машины жолоочийг хөлөөрөө тонгорч унагаасан. Гэтэл нөгөө машинаас нэг эмэгтэй гарч ирээд манай нөхөр рүү хүүхэд “унагаачихлаа” гээд орилоод, дайраад байсан. Гэтэл манай нөхөр машиндаа суугаад зам тавьж өгчихөөд цааш явчихсан...” гэх мэдүүлэг /хх-67-69-рт/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ** дугаартай дүгнэлтэд:

1. Б.Х-ны биед хуруунд шарх, тохойд цус хуралт, шагайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. /хх-ийн 25-26-рт/,

                    

- Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн эмчилгээний баримт /хх-27-рт/,

- Томографийн шинжилгээний хариу /хх-28, 46-рт/,

- Хохирлын баримтууд /хх-47, 50, 51-рт/,

- “**” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайланд /хх-48-рт/,

 

Шүүгдэгч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр би Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрнаас эхнэр, хүүхдийнхээ хамт өөрийн **-** УНВ улсын дугаартай автомашинтай 26 дугаар байрны урд үзүүр дээр иртэл хар өнгийн приус 20 загварын автомашин урдаас гарч ирсэн бөгөөд тухайн үед зөрөх боломжгүй байсан болохоор би замын хажуу руу шахсан ч хар өнгийн приус машин миний хажуугаар гарах боломжгүй байсан. Тухайн машины жолооч “та ухарчих, би өгсөж байна” гэхээр нь ухрах боломжгүй байсан тул “чи ухарчих” гэж хэлээд бид хоорондоо маргалдсан. Тэгээд би машинаасаа бууж очтол Б.Х ч бас машинаасаа буугаад ирсэн. Тэгэхээр нь түүнийг барьж аваад машин руу нь түлхтэл Б.Х миний хамар руу нэг удаа цохисон. Би суга руу нь гараа хийгээд нэг гарыг нь бариад тэврээд автал ээж нь “болиоч” гэж хэлээд намайг үсдсэн. Тэгэхээр нь би Б.Х-г хавирч газар унагаасан. **-9УБТ улсын дугаартай хар өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг хохирогч Б.Х-тай маргалдаж, ноцолдох үед учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчтой сайн дураар эвлэрч, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 4259-61-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 37-рт/,  

- гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 38-рт/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор  уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Ж-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Ж-ын эдлэх ялыг нийт 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, уг торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Ш овогт Б-н Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ж-т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял дээр,

мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.  

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Ж-т оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ж- нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.    

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ