Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 584

 

 

 

 

 

 

 

    2020          06           11                                        2020/ШЦТ/584

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт С-н Ц-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, Рашааны ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар **/ М овогт С-н Ц.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.Ц нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан “Баянгол дүүргийн ** дугаар хороо ** фитнесийн арын байранд нэг өрөө байр түрээслэнэ” гэж Фэйсбүүкт зар байршуулан 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт ** дүгээр байрны ** тоотод байсан иргэн Ч.О 400.000 төгрөгийг өөрийн төрсөн охин Э.Э-н эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны **** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Ц-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч С.Ц-д холбогдох хэргийг яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх шүүгдэгч С.Ц-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч С.Ц нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан “Баянгол дүүргийн ** дугаар хороо ** фитнесийн арын байранд нэг өрөө байр түрээслэнэ” гэж Фэйсбүүкт зар байршуулан 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 11 дүгээр байрны 144 тоотод байсан иргэн Ч.О-400.000 төгрөгийг өөрийн төрсөн охин Э.Э-нэзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 469021193 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

 

Шүүгдэгч С.Ц-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогч Ч.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр би фэйсбүүкээр байр, орон сууц түрээслэнэ гэсэн группт “Эгшиг Ээгий” гэсэн нэртэй хаягаас Баянгол дүүргийн **-р хороо модны хоёрт байрлалтай “Калифорниа фитнесийн арын байранд нэг өрөө байрыг удаан хугацаагаар гэрээ хийж түрээслэнэ” гэсэн зар байхаар нь ** гэсэн утасны дугаараар нь үл таних эмэгтэй хүнтэй холбогдоход “сонирхож байгаа бол барьцаа мөнгө хийгээрэй” гэж хэлээд Худалдаа хөгжлийн банкны ** тоот Эгшиг гэх нэртэй данс өгсөн. Ингээд би тухайн өдрөө Баянгол дүүргийн*-р хороонд оршин суух гэрээсээ интернет банкаар 400.000 төгрөг хэлсэн данс руу нь шилжүүлсэн. Тэгээд маргааш нь нөгөө эмэгтэйтэй холбогдох гэтэл утас нь холбогдохгүй байсан.... Би хохирлын мөнгө болох 400.000 төрөгийг буцаан авсан тул надад гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-22-рт/,

 

шүүгдэгч С.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Би 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн “**” гэх фэйсбүүкт “байр түрээсэлнэ” гэсэн зар тавьсан. Тэгээд над руу хэд хэдэн хүн залгаж асууж байсан ба би фэйсбүүкээр холбогдсон хүнд өөрийн ** дугаарын утсыг өгөөд барьцаа мөнгө гэж 400.000 төгрөгийг бага охин Э овогтой Э-н *** тоот данс руу шилжүүлэн авсан. Би тухайн мөнгийг хэрхэн зарцуулсан талаараа санахгүй байна. Би хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-92-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 69-рт/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан буюу бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч С.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор  уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч С.Ц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг яллагдагч С.Ц-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч С.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгч С.Ц-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. М овогт С-н Ц-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Ц-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Ц-доногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 3 гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Ц нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц-д авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ