Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 589

 

 

 

 

 

 

 

    2020         06             15                                         2020/ШЦТ/589

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Б.Батсайхан,

шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч М.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овогт Т-н Т-д холбогдох эрүүгийн ** дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөгжим зохиодог гэх, ам бүл 3, эх, ах нарын хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, * тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн *** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ***/, Ц овогт Т-н Т.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.Т- нь 2019 оны 8 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан 2 тусдаа тугалган цаасанд ** грамм, ** грамм шавар гэх нэршилтэй Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Т- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 3-5-рт/,

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 6-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2355 дугаартай шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Тамир Тэлмэн” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

2. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 16-18-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2354 дугаартай шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн тугалган цаасанд боосон шавар мэт зүйл /2ширхэг/ болон АН0807643 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна.

2. Дельта-9 тетрагидроканнабинол нь  НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна.

3. Тугалган цаасанд наалдсан шавар мэт зүйлсийн тус бүрийн цэвэр жин нь 0.0374 грамм, 0.0312 грамм байсан ба шинжилгээнд 0.018 грамм, 0.0126 граммыг зарцуулав гэх дүгнэлт /хх-ийн 16-22-рт/,

 

Шүүх сэтгэц Эмгэг судлалын:

  1. Т.Т- нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.
  2. Т.Т- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. Т.Т- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  4. Т.Т- нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.
  5. Т.Т- нь хэрэг үйлдэх үедээ буюу 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.
  6. Т.Т- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  7. Т.Т- нь ял эдлэх чадвартай байна.
  8. Т.Т-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
  9. Т.Т- нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай гэх шинж, баримт

үгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 25-26-рт/,

Шүүгдэгч Т.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр намайг гэр рүүгээ орох гэж байтал цагдаагийн ажилтнууд ирж баривчилж, шалгалтын ажиллагаа явуулсан. Тухайн үед миний хэтэвч дотор хоёр тусдаа тугалган цаасанд наасан шавар илэрсэн. Биед хийсэн үзлэгээр өөр мансууруулах бодис илрээгүй. Шээснээс дээж авч тестээр үзэхэд ТНС гэсэн мансууруулах бодис илэрсэн талаар танилцуулсан. Миний хэтэвчинд байсан шаврыг өнгөрсөн зун буюу 2019 оны 8 дугаар сарын дундуур бааранд байхдаа зүс таних залуугаас авсан. Тэр хүн өөрийнхөө нэрийг Мүнки гэж байсан. Бүтэн нэр болон утасны дугаар, гэрийн хаяг, холбогдох мэдээлэл зэргээ надад хэлээгүй. Би тэр хүнээс шавар аваад хариу төлбөр төлөөгүй, зүгээр л сонирхож авсан. Тэр залуугийн царайг харвал сайн танихгүй. Учир нь тухайн үед шөнө болж байсан ба би архи уучихсан согтуу байсан. Шаварнаас хэрэглэхгүй байж байгаад цагдаад баригдахаас 7 хоногийн өмнө нэг удаа сорж хэрэглэсэн. Мөн баригдахын өмнөх өдөр нэг удаа хэрэглэсэн. Тэгээд дахиж хэрэглээгүй байсан. Тухайн үед Мүнки надад “Австрали улсад байж байгаад саяхан ирсэн, удахгүй буцаж явна” гэж хэлсэн. Надад уг шаварнаас өөр мансууруулах бодис байхгүй. Би урьд өмнө нь өөр бусад хүнээс мансууруулах бодис авч хэрэглэж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-рт/,

-иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59-рт/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Т-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Т- нь 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүрргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан 2 тусдаа тугалган цаасанд 0.0374 грамм, 0.0312 грамм шавар гэх нэршилтэй Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Т.Т-гийн биедээ хадгалж байсан шавар нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болохыг Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн тогтоосон, шүүгдэгч дээрх хориглосон шаварыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалж байсныг дээрх нотлох баримтуудаар нотолсон байх тул Т.Т-гийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Прокуророос шүүгдэгч Т.Т-гийн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Т.Т-гийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Т.Т-г сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Т.Т-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Т-д 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдууллаа.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 тусдаа тугалган цаасанд 0,0374 грамм, 0,0312 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй дельта-9  тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаархи тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Ц овогт Т-н Тг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Т-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.Т-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4,6-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 тусдаа тугалган цаасанд 0,0374 грамм, 0,0312 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаархи тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хадгалсугай.

 

  5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

   6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

   7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ