Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 604

 

 

 

 

 

 

 

   2020          06              17                                       2020/ШЦТ/604

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

хохирогч Д.У,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч овогт Б-н М-д холбогдох эрүүгийн ** дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуурийн дуучин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, Орчлон * дугаар байрны ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар **/ Ч овогт Б-н М.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хороо, “**” зочид буудалд хохирогч Д.У-ын нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь тархи доргилт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.У мэдүүлэхдээ: “...Би хэрэг гарсан орой гадуур пиво уугаад явж байтал Б.М над руу “хаана байна” гэсэн чат бичихээр нь би “гадуур явж байна” гэсэн хариу бичсэн. Гэтэл Б.М “такси бариад хүрээд ир” гэхээр нь би гэрийнх нь гадаа явж очсон. Тухайн үед Б.М таксины мөнгө төлсөн. Бид хоёр ярилцаж байгаад буудал руу ороод 1 өрөө аваад амарцгаахаар болсон. Бид хоёр дэлгүүрээс 1 виски, 1 шампанск авсан. Тэгээд виски уугаад юм яриад инээлдэж байгаад маргалдсан. Би нэг мэдэхэд шалан дээр хэвтэж байсан ба Б.М намайг зодож байсан. Би хүн дуудаж орилоход буудлын ресепшн орж ирсэн. Буудлын ресепшн орж ирээгүй бол Б.М намайг алах байсан байх. Өрөөнд ресепшн орж ирэхээр нь би цагдаа дуудахад 2 цагдаа ирээд Б.М бид хоёрыг аваад явсан. Надад санал гомдол байхгүй, эмнэлэгт хэвтэх 2.000.000 төгрөг нэхэмжилнэ...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

хохирогч Д.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 23 цаг өнгөрч байхад найз Б.М-тай уулзсан. Бид хоёр ярилцаж байгаад дэлгүүр орж 1 шил шампансик, 1 шил виски, бас идэж уух юм аваад ** дугаар хорооллын “**” зочид буудал руу орсон. Бид хоёр нилээн согтсон байсан. М над руу согтчихоод надтай унтах гээд дайраад байхаар нь би уурлаад түлхтэл миний уруул руу цохисон. Би толгойгоо хамгаалж дартал миний толгойны ар хэсэг рүү 5 удаа цохисон, зүүн гар болон зүүн гарын суга хэсэг рүү өшиглөсөн бас нуруу руу хэд хэдэн удаа цохисон. Намайг чанга орилтол буудлын ресйпшн ирж хаалга онгойлгосон. Тэгээд би шууд буудлаас гараад 102-руу залгаж цагдаа дуудсан. Цагдаа дуудчихаад цагдаа ирэхийг хүлээж байх хооронд М буудлаас гараад явсан... Би эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэнэ, эмчилгээ хийлгэх тодорхой зардлуудыг Б.М-аас гаргуулах хүсэлттэй байна. Эмчилгээний зардалд ойролцоогоор 1.000.000 төгрөг, мөн нааш цааш явсан зардал 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөг нэхэмжилнэ... “ гэх мэдүүлэг /хх-ийн 18-22-рт/

 

гэрч Ч.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сарын 17-ны өглөө ажил дээр ирэхэд тухайн үед ресейпшнээр ажиллаж байсан Чимгээ гэдэг охин надад “өнгөрсөн шөнө өрөөнд орж үйлчлүүлсэн эрэгтэй, эмэгтэй хоёр маргалдаад эрэгтэй нь эмэгтэйгээ зодчихоод зугтаасан, тэгээд цагдаа ирсэн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

1. Д.У-ын биед хамрын нурууны хугарал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. 

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 29-30-рт/,

 

шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр оройн 23 цаг өнгөрч байхад  Д.У над руу залгаад танай гэрийн гадаа ирчихлээ гэхээр нь гарч уулзсан. Д.У над дээр ирэхдээ архи уусан байсан. Би ч бас архи уусан байсан. Тэгээд Д.У бид хоёр дэлгүүр орж архи дарс аваад “**” нэртэй зочид буудал руу орсон. Буудалд ороод авсан архиа уугаад Д.У бид хоёр хоёулаа согтсон.  Тэгээд би Д.У-тай үнсэлцэж байгаад хэтэрхий их согтсондоо Д.У-ыг цохисон. Д.У цагдаа дуудчихлаа гэж хэлэхэд нь би айсандаа гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40-рт/,

- тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 41-рт/,

- эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 45-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хороо, “**” зочид буудалд хохирогч Д.У-ын нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь тархи доргилт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл үүсгэн, эруүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.У-ын “...М над руу согтчихоод надтай унтах гээд дайраад байхаар нь би уурлаад түлхтэл миний уруул руу цохисон. Би толгойгоо хамгаалж дартал миний толгойны ар хэсэг рүү 5 удаа цохисон, зүүн гар болон зүүн гарын суга хэсэг рүү өшиглөсөн бас нуруу руу хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Б.М-ын “...Би 2019 оны 12 дугаар сарын 16-ны орой  Д.У-тай “***” нэртэй зочид буудал руу орсон. Буудалд ороод авсан архиа уугаад Д.У бид хоёр хоёулаа согтсон. Тэгээд би Д.У-тай үнсэлцэж байгаад Д.У-ыг цохисон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ** дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Д.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Хохирогч Д.У нь хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байх тул хохирогчийг энэхүү гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.М-аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг харгалзан мөн шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон хувийн байдлыг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Ч овогт Б-н М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.М-д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.М-д оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Д.У нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.М-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ