Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Т.М

Улсын яллагч Б.Д

Иргэний нэхэмжлэгч Р.О

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Э, Г.М

Шүүгдэгч О.Э, А.Б, Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт А.Б, Д овогт О.Э, Ш овогт Б.О нарт холбогдох эрүүгийн 192.0000.8800.44 тоот хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б аймгийн Х суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Б аймгийн Х суманд оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Х овогт А.Б,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дорноговь аймаг Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Д овогт О.Э,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С аймгийн С суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдийн хамт Б аймгийн Х суманд оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 200,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүнд нь багтаан бүгд 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Ш овогт Б.О,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч А.Б нь Б.О, О.Э нартай бүлэглэн 2019 оны 04 сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтанд багтсан баавгайн соёо 2 ширхэгийг биедээ нууж гадаад улсад гаргасан,  

Шүүгдэгч О.Э нь А.Б, Б.О нартай бүлэглэн 2019 оны 04 сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтанд багтсан Согооны сүүл 4 ширхэгийг биедээ ороож, мөн амьтны цус 200 гр ... улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы хавтсанд нууж гадаад улсад гаргасан, 

Шүүгдэгч Б.О нь А.Б, О.Э нартай бүлэглэн 2019 оны 04 сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтанд багтсан баавгайн соёо 1 ширхэгийг биедээ нууж гадаад улсад гаргасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 04 сарын 09-ний өдөр БНХАУ-н Эрээн хотод наймаа хийдэг зүс таних өвөр монгол над руу холбогдож ирэхдээ миний дайварыг аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд тэр хүний жижиг хар ууттай нэг ширхэг бондгор зүйлийг аваад Улаанбаатараас эхнэрийн хамт Замын-Үүд сум руу 2019 оны 04 сарын 09-ний өдөр 276-р галт тэргэнд суугаад ирсэн. Тэгээд зүс таних урьд нь Эрээн хотоос нэг буудлаас ачаа ачдаг Э гэх залуутай таараад ах нь Эрээн хот орох гэж байна чи өнөөдөр гарах уу гэж асуусан чинь тэгнээ та гарах гэж байгаа юм уу гэхээр нь за тэгвэл хамт явъя гэж хэлсэн. Тэгээд би эхнэр Б.О, О.Э-н хамтаар хилийн 3-ын хаалтаар гараад Монгол улсын хил дээр очтол нөгөө өвөр монгол над руу утсаар холбогдож наад бараагаа хилээр нуугаад гараарай гэхээр нь би сандраад Э-н машинд жижиг хар ууттай зүйлийг О.Э-н машины арын хаалганы хавтсанд хийсэн. Тэгээд 3-н хэсэг болгож биедээ нуусан. Монгол улсын хилээр гарсан штамба даруулчихаад О.Э-г хүлээгээд зогсож байсан чинь Э нэг гаалийн улсын байцаагч дагуулаад ирсэн тэгээд авч явсан биедээ нуусан эд зүйлээ хураалгасан. Би тухайн үед сандраад зүүн хөлийнхөө ноосон оймсны түрүүнд хийсэн байсан. Миний буруу гэжээ. /хх-ийн 171-172/       

Шүүгдэгч А.Б шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 03 сарын 24-нд нутгаасаа гарсан. Эрээн явах зорилгоор Улаанбатаар хотод ирээд вокзал дээр байж байтал танил өвөрмонгол хүн утасдаад жоохон юм аваад Замын-Үүдэд хүргээд өгөөч гэхээр нь аваад явсан. Дотор нь юу байгааг мэдээгүй. Тэгтэл Замын-Үүдэд ирээд авна гэсэн хүн нь ирж аваагүй. Тэгээд урагшаа гарах болоод Э-тэй таараад түүний машинтай, эхнэр О нарын хамт явсан. Тэгтэл нөгөө хүн маань залгаад хилээр гарахдаа нуугаарай гэж хэлэхээр нь би Э, О нарт боодолтой зүйлийг өгсөн. Э-д хэлэхдээ жаахан мах байгаа гэж хэлсэн. Тэгээд бид биедээ нуугаад гарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ар гэрийн байдлыг маань харгалзан үзээд хөнгөн ял оноож өгнө үү. Хохирлоо төлж барагдуулна гэв. 

Шүүгдэгч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 04 сарын 10-ны өдөр Замын-Үүд суманд нөхөр А.Б-н хамт гэртээ эд зүйл авахаар БНХАУ-ын Эрээн хот орж жаал жуул юм авах санаатай явж байсан тэгтэл манай нөхөр Улаанбаатар хотоос галт тэргэнд суух гэж байсан чинь нэг танихгүй хүн ирээд манай нөхөрт хар ууттай эд зүйл өгсөн. Тэгээд энэ чинь юу юм бэ гэж асуутал Эрээнээс таньдаг хүн аваад ир гэж хэлсэн, тэгээд би санаанд ороогүй нээх юм нөхөрөөсөө асуугаагүй. Тэгтэл хил дээр ирээд миний хань нуугаад гарчих гэж хэлэхээр нь юу вэ гэж хэлтэл за гайгүй байхаа гэхээр нь биедээ нуугаад хилээр гарсан. Тэгтэл хамт явсан жолооч О.Э нэг гаалийн байцаагч дагуулж ирээд намайг нэгжиж миний нуусан гялгар ууттай 1 ширхэг эд зүйлийг хураан авсан ийм л зүйл болсон. Би яаг юу байгааг мэдээгүй тэгтэл гаалийн байцаагч ууттай жижиг зүйлийг нээж үзэхэд 1 соёо гарч ирсэн. Тэгээд би сандраад нөхөртөө баахан уурлаад гаалийн байцаагч миний гадаад паспортыг хураагаад явахаар нь уурандаа буцаад явсан. Би тухайн үед сандраад биеийнхээ хөхний даруулгын дор хэсэгт хавчуулаад хийсэн байсан. Миний буруу гэжээ. /хх-ийн 178-179/         

Шүүгдэгч Б.О шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Улаанбаатар хотод вокзал дээр явж байтал манай хүнд нэг хүн ирээд боодолтой зүйл өгсөн. Юу юм бол гэхэд мэдэхгүй хүнд хүргээд өгчих гэнээ л гэж хэлсэн. Би тухайн үед санаанд ороогүй. Тэгээд Замын-Үүдэд ирээд Э-н машинтай урагшаа гарах болсон. Тэгээд левчикний доод талдаа баавгайн 1 ширхэг соёо нуусан. Тэр үед юу болоод байгааг сайн ойлгохгүй байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирлоо төлөх болно гэв.   

Шүүгдэгч О.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 04 сарын 10-ны өдөр БНХАУ-ын Эрээн хот орж тухайн өдрөө буцаад Замын-Үүд сум руу орсон, тэгээд 117-р байрны гадаа ирж зогсоод машинаа янзлаад зогсож байсан чинь миний таньдаг А.Б эхнэрийнхээ хамт ирээд дүү Эрээн гарах уу гэж хэлсэн. Тэгээд мэнд мэдээд би машинаа янзалж дуусаад Эрээн гарна гэж хэлсэн. Машинаа янзалж дуусаад А.Б, Б.О-г суулгаад хилийн цэргийн 3-ын хаалтаар гарч хил дээр очсон. Тэгтэл А.Б надад хандан миний дүү жаахан мах байгаа юм аваад гарчих гэхээр нь би зөвшөөрч биеийнхээ хэвлий хавьд нууж гадуураа куртка өмсөж халхалсан. Тэр хоёрыг буулгаад машинаа унаад гаалийн хяналтын талбайд зогсож гаалийн байцаагчид машинаа шалгуултал гаалийн байцаагч миний биенд үзлэг хийсэн. Тэгтэл миний биедээ нуусан гялгар ууттай зүйлийг хураан авч задлахад амьтны сүүл гарч ирсэн. Гаалийн байцаагч энэ хэний эд зүйл вэ гэж надаас асуухад уг барааны эзэн нь надтай хамт яваа гэтэл гаалийн байцаагч тэр хүнээ зааж өг гэхээр нь би А.Б, Б.О нарыг зааж өгсөн. Тэгтэл тэр хоёр бас гаалийн байцаагчид шалгуулж эд зүйлээ хураалгасан. Би тухайн үед биеийнхээ хэвлийн хэсэгт нуусан байсан. Харин 200 гр цус мэт зүйлийг тээврийн хэрэгслийнхээ зөв талын хойд хаалганы хавтсанд нуусан байсан. Миний буруу, буруугаа хүлээж байна гэжээ. /хх-ийн 185-186/

Шүүгдэгч О.Э шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 04 сарын хэдний өдөр гэдгийг санахгүй байна. 117-р байрны гадаа машинаа янзлаад байж байтал Б, эхнэрийн хамт ирсэн. Урагшаа гарна гэсэн. Тэгээд урагшаа явж байтал 3-ын хаалтны наад талд Б жаахан мах байгаа үүнийг ургашаа гаргаад өгөөч, зардал дээр нэмээд жоохон мөнгө өгнө гэж хэлсэн. Тэгээд би тухайн мах гэх боодолтой зүйлийн биедээ ороосон. Гааль дээр ирээд шалгуулаад байцаагч намайг биедээ юм ороосон байна гээд шалгаад боодолтой зүйл гаргаад ирсэн. Тэгээд хэнийх юм гэж асуусан. Би 2 зорчигчтой яваа гэдгээ хэлж энэ хоёрыг заасан. Тэгээд миний машиныг рентгенээр оруултал миний суудлын арын хаалганы хавтсанд дахин нэг ууттай зүйл байсан. Тэрийг амьтны цус гэсэн. Тэр цусны талаар ерөөсөө мэдэхгүй. Миний биеэрээ ороосон зүйлийг гаргаад иртэл 4 ширхэг бугын сүүл байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирлоо төлж барагдуулна  гэв.

Иргэний нэхэмжлэгч Ц.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр миний нэр байгаа би тухайн тээврийн хэрэгсэлийг 2 жил гаруй ашиглаж байгаад О.Э гэж хүнд 2,800,000 төгрөгөөр зарсан. Одоо бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлагны зүйл байхгүй. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг тухайн үед О.Э-д шилжүүлэх байсан боловч ажил гараад нэр дээр нь шилжүүлж өгөөгүй амжаагүй юм. Сүүлд Э-н эхнэр байна гээд нэг хүн надтай утсаар холбогдож би танай машиныг худалдан авсан хүн байна. Э гэх хүнтэй хамт амьдарч байгаад салсан юм. Таниас авсан машины мөнгийг би цалингийн зээл авч таны машиныг худалдан авсан юм, та энэ хэргийг шийдвэрлэгдэж дуусахаар миний нэр дээр шилжүүлж өгөөрэй гэж байсан. Би хүнээс сураглаад үзсэн чинь Э гэх залуугаас салсан гэж хүн хэлж байсан. Тэгээд Э нь эхнэрээсээ салахдаа цалингийн зээл хийлгэж авсан юм билээ. Одоо би Р.О гэх хүнд шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ. /хх-ийн 42-43/       

Гэрч Р.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Э нь надтай хамтран амьдарч байх хугацаандаа надаар Г банкнаас 5,000,000 төгрөгний зээл авахуулаад 2,700,000 төгрөгөөр ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл авахуулаад таван сар гаруй хугацаанд БНХАУ-ын Эрээн хот руу ачаа болон хүн тээвэрт явж байгаад 2019 оны 04 сард улсын хилээр хориотой ангийн эд эрхтэн биедээ болон машиндаа нууж гарч байгаад гаалийн байгууллагад баригдаж одоо Замын-Үүд сумын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсэгт шалгагдаж байгаа. Э нь надтай хамтран амьдарч байгаад одоо бол тусдаа амьдарч байгаа. Э нь хэрэг гарснаас хойш 10 гаруй хоног архи ууж байгаад түүнээс хойш ирээгүй би жирэмсэн байх хугацаанд намайг хаяад явсан. Би энэ хүнээс 2,700,000 төгрөгөөр авсан ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлээ гаргуулж авна гэжээ. /хх-йн 45-46/

Гэрч Г.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:  2019 оны 04 сарын 10-ны өдөр АЗШНЦ-1 зорчигчийн гарах чиглэлд хувиарын дагуу үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 15 цагийн үед ... улсын дугаартай авто машиныг шалгахад уг тээврийн хэрэгсэлийн жолоочийн биеийг шалгахад жолоочийн хэвлий хэсгээс эд зүйл гарч ирсэн тэгээд тухайн тээврийн хэрэгслийг жижиг тэрэгний рентгенээр оруулахад уг машины зөв талын хойд хаалганы хавтсанд гадуураа гялгар уутанд хийсэн эд зүйл илэрсэн юм. Тэгээд жолооч Э-г та хэдэн зорчигтой явж байна гэсэн чинь би хоёр зорчигчтой яваа гэж хэлсэн. Тэгээд хамт яваа зорчигчоо зааж өг гэсэн чинь эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг зааж өгсөн. Тэр эмэгтэй, эрэгтэй хоёр хүнийг дуудан биед нь үзлэг хийхэд тухайн хоёр иргэний биеэс эд зүйл гарч ирсэн. Тухайн үед эмэгтэй хүний биед нь үзлэг хийлгэхээр манай гаалийн улсын байцаагч А биед нь үзлэг хийсэн. Тэгээд тухайн эмэгтэйн биеэс нь нэг ширхэг соёо гарч ирсэн. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Э-г нь тээврийн хэрэгслээ гаалийн шалгалтаар оруулсан, А.Б, Б.О нар нь явган зорчигчийн заалаар штамба даруулаад гарсан байсныг буцаалт хийлгэсэн юм. Тухайн эд зүйлийн талаар гаальд мэдүүлээгүй байсан, мэдүүлсэн байсан ч улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй, рентгенээр оруулаагүй байсан бол илрэх боломж муутай, автомашины зөв талын хойд хаалганы хавтсанд гадуураа гялгар уутанд хийсэн эд зүйлээ нуусан байсан гэжээ. /хх-ийн 49-50/        

Иргэний нэхэмжлэгч Г.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Дүгнэлттэй танилцлаа тухайн дүгнэлттэй санал нийлж байна. Уг хэрэгт Засгийн газрын 153 дугаар тогтоолд зааснаар хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна гэжээ. /хх-ийн 51-53/  

Иргэний нэхэмжлэгч Р.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Хамтран амьдрагч О.Э-тэй хамт амьдраад 1 жил гаруй хугацаанд ажилгүй байгаад байхаар нь Г банкнаас 5,000,000 төгрөгний цалингийн зээл авч 2,700,000 төгрөгөөр ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авч Эрээн хот хооронд ачаа тээвэр хийлгэхээр явуулсан. Тэгтэл Э нь хил хооронд болохгүй хүмүүстэй нийлж хориотой зүйл авч гарч байгаад баригдсан. Түүнээс хойш гэртээ ирэхгүй нэг хэсэг алга болсон. Э-г хэрэгт орсонг сүүлд мэдсэн. Бид тэр хэрэг гарсан үеэс хойш хамт амьдрахгүй салсан. Өөрийн цалингийн зээлээр авсан ... улсын дугаартай тээврийн хэрэгслээ хамтран амьдарч байсан О.Э-с нэхэмжлэх болно гэжээ. /хх-ийн 55-57/  

Иргэний нэхэмжлэгч Р.О шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Э-тэй 2018 онд танилцаад 1 жилийн хугацаанд хамт амьдарсан. Амьдарч байх хугацаандаа цалингийн зээл авч 2,700,000 төгрөгөөр ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн худалдан авч Э-д өгч урагшаа тээвэр хийлгэдэг байсан. Одоо бид тус тусдаа амьдарч байгаа тул цалингийн зээлээр авсан тээврийн хэрэгслийг би өөрөө авмаар байна гэв.

Шинжээч Ц.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Аливаа амьтнаас авсан цусны дээж амархан муудаж задралд орж шинжилгээ хийх боломжгүй болдог. Тиймээс шинжилгээнд зориулж дээж авах тохиолдолд бид нар цусыг шингэн азотанд хийх, эсвэл хөргөгчинд хийдэг. Цусыг авсанаас хойш бүрэн хөлдөөгөөгүй тохиолдолд хэдхэн цагийн дотор муудан задралд ордог. Шинжилгээнд ирүүлсэн цус нь муудсан задарсан байсан тул шинжилгээ хийх боломжгүй байсан бөгөөд энэ талаар дүгнэлтэд бичсэн гэжээ. /хх-ийн 62-63/

Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн лабориатоийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Г-н шинжээчийн дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг сүүл болон соёо шүд зэрэг нь шинжилгээ хийх боломжтой. Цус гэж зүйлээс шинжилгээ хийх боломжгүй. 2.Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг сүүл нь Халиун буга /Cervus elaphus/ болохыг тодорхойлов. Соёо шүд бүхий хоншоорын хэсэг нь Хүрэн баавгай /Ursus arctos/ болохыг тодорхойлов. 3.Шинжилгээнд ирүүлсэн сүүл болон соёо шүднээс хүйс тодорхойлох генетикийн шинжилгээг хийж байж тодорхойлох боломжтой. Соёо шүдний хэмжээнээс үзэхэд бие гүйцсэн амьтаных болохыг тогтоов. 4.Халиун буга болон Хүрэн баавгай нь Монгол улсын ховор зүйлд хамаарна. Дээр дурьдсан зүйл амьтад нь Монгол улсад тархсан. 5.Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд үнэлснээр Халиун бугын эр бодгаль 6,600,000 төгрөг, эм бодгаль 7,500,000 төгрөг байна. Хүрэн баавгайг дээр дурдсан үнэлгээнд эд бодгалийг 6,500,000, эм бодгалийг 7,500,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. 6.Соёо шүдийг ашиглах боломжтой. Сүүлийг ашиглах боломжгүй. 7.Дээрхи эд эрхтнийг хятадын уламжлалт ангаах ухаанд эмийн найрлаганд ашигладаг гэхээс тодорхой зүйл байхгүй. 8.Дээрхи эд эрхтнийг амьтныг үхсэн болон агнасан тохиолдолд л авах боломжтой. Уг эрхтэнгүйгээр амьтан амьдарч чадахгүй. 9. 4 ширхэг Халиун бугын сүүл нь дөрвөн бодгаль амьтанд хамаарна. Баавгайн соёо шүд бүхий хоншоорын хэсэг нь нэг бодгаль амьтанд хамаарна. /хх-ийн 76-77/

Хэрэг бүртгэлтийн  хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 1/

Хойшлуулшгүй ажилгааны материал /хх-ийн 9-30/

Эд мөрийн баримт хураан авч, хүчинтэйд тооцох тухай прокурорын 5/12 тоот тогтоол /хх-ийн 65/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 5/10 тоот  тогтоол /хх-ийн 66-67/

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, Замын-Үүд сумын 3-р багийн Засаг даргын ажлын албаны тодорхойлолт, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 92, 96, 102-107, 112-115/

Шийтгэх тогтоолын хуудбар /хх-ийн 122-124/

... дугаартай тэврийн хэрэгсэлийн гэрчилгээ /хх-ийн 125/

Улсын хилээр гарах чиглэлийн хяналтын хуудас /хх-ийн 139/

Тээврийн хэрэгсэл, автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 156-159/

Шүүгдэгч О.Э, А.Б нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 160-163/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 188-190/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч О.Э-г прокуророос шүүгдэгч А.Б, Б.О нартай бүлэглэн 2019 оны 04 сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтанд багтсан амьтны 200 гр цусыг ... улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы хавтсанд нууж гадаад улсад гаргасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд ирүүлсэн. 2019 оны 11 сарын 25-ны Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76/-ээр шинжилгээнд ирүүлсэн цус гэх зүйлээс шинжилгээ хийх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан, мөн шинжээч Ц.Б-н мэдүүлэгээр “Цусыг авсанаас хойш бүрэн хөлдөөгөөгүй тохиолдолд хэдхэн цагийн дотор муудан задралд ордог. Шинжилгээнд ирүүлсэн цус нь муудсан задарсан байсан тул шинжилгээ хийх боломжгүй байсан бөгөөд энэ талаар дүгнэлтэд бичсэн” гэж мэдүүлдэг /хх-ийн 62-63/. Шинжээчийн дүгнэлт болон шинжээчийн мэдүүлэгээр шүүгдэгч О.Э нь ямар ховор амьтны эд зүйл буюу цусыг тээврийн хэрэгсэлд нууж гадаад улсад гаргасан болох нь тогтоогдсонгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх үйлдлийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар үйлдэл холбогдолыг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Б нь Б.О, О.Э нартай бүлэглэн 2019 оны 04 сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтанд багтсан баавгайн соёо 2 ширхэгийг биедээ нууж гадаад улсад гаргасан, 

Шүүгдэгч О.Э нь А.Б, Б.О нартай бүлэглэн 2019 оны 04 сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтанд багтсан Согооны сүүл 4 ширхэгийг биедээ ороож гадаад улсад гаргасан, 

Шүүгдэгч Б.О нь А.Б, О.Э нартай бүлэглэн 2019 оны 04 сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтанд багтсан баавгайн соёо 1 ширхэгийг биедээ нууж гадаад улсад гаргасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаан дээр болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Г.У-н “2019 оны 04 сарын 10-ны өдөр АЗШНЦ-1 зорчигчийн гарах чиглэлд хувиарын дагуу үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 15 цагийн үед ... улсын дугаартай авто машиныг шалгахад уг тээврийн хэрэгсэлийн жолоочийн биеийг шалгахад жолоочийн хэвлий хэсгээс эд зүйл гарч ирсэн тэгээд тухайн тээврийн хэрэгслийг жижиг тэрэгний рентгенээр оруулахад уг машины зөв талын хойд хаалганы хавтсанд гадуураа гялгар уутанд хийсэн эд зүйл илэрсэн юм. Тэгээд жолооч Э-г та хэдэн зорчигтой явж байна гэсэн чинь би хоёр зорчигчтой яваа гэж хэлсэн. Тэгээд хамт яваа зорчигчоо зааж өг гэсэн чинь эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг зааж өгсөн. Тэр эмэгтэй, эрэгтэй хоёр хүнийг дуудан биед нь үзлэг хийхэд тухайн хоёр иргэний биеэс эд зүйл гарч ирсэн. Тухайн үед эмэгтэй хүний биед нь үзлэг хийлгэхээр манай гаалийн улсын байцаагч А биед нь үзлэг хийсэн. Тэгээд тухайн эмэгтэйн биеэс нь нэг ширхэг соёо гарч ирсэн.” гэх мэдүүлэг, Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн лабориатоийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Г-н шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-77/, шүүгдэгч О.Э, А.Б нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 160-163/ зэрэг баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь үйлдсэн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нь зүйтэй байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч Б.О, А.Б, О.Э нарт зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.О, А.Б, О.Э нар нь 2019 оны 04 сарын 10-ны өдөр ховор амьтан болох Халиун бугын эд эрхтэн болох 4 ширхэг сүүл, Хүрэн баавгайн соёо шүд бүхий хоншоорын хэсэг нь Амьтны тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар “...амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг ...гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна.”, мөн хуулийн 37.2-т зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заасан. Шүүгдэгч нарын гадаад улсад гаргасан 4 ширхэг сүүл, соёо шүд бүхий хоншоорын хэсгээр амьтны эр, эмийг нь тодорхойлох боломжгүй байх тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд эр Халиун буга, эр Хүрэн баавгайн үнэлгээгээр хохирлыг тооцох нь зүйтэй гэж үзлээ. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолд зааснаар Халиун бугын үнэлгээг эрийг нь 6,600,000 төгрөг, Хүрэн баавгайн үнэлгээг эрийг нь 6,500,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Иймд шүүгдэгч нараас 26,400,000 төгрөгийн үнэ бүхий 4 бодгаль халиун бугын эд зүйл болох сүүл 4 ширхэг, 6,500,000 төгрөгийн үнэ бүхий 1 бодгаль Хүрэн баавгайн соёо шүд бүхий хоншоорын хэсэг болох түүхий эд зүйлийг гадаад улсад гаргаж улсад /26,400,000х2/, /6,500,000х2/ нийт 65,800,000 төгрөгийн хохирол учруулсан байх тул шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч А.Б, Б.О нар нь уг ховор амьтны түүхий эд зүйлийг Замын-Үүдэд авчирч гадаад улсад гаргах санаа зорилготой байсан, шүүгдэгч О.Э-г уг гэмт хэрэгт татан оролцуулсан байх тул улсад учирсан хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч нар нь ховор амьтны эд зүйлийг биедээ нуусан нь дээрх баримтуудаар тогтоогдсон, харин тээврийн хэрэгсэлд нуусан гэх цус нь ямар амьтных болох нь тогтоогдоогүй тул тээврийн хэрэгсэлийг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Шүүгдэгч О.Э-н унаж явсан ... улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Р.О-х болох нь түүний өгсөн мэдүүлэг, шүүгдэгч О.Э-н мэдүүлэг зэргээр тогтоогдсон. Иймд тээврийн хэрэгсэлийн битүүмжлэлийг хүчингүй болгон иргэний нэхэмжлэгч Р.О-д буцаан олгох нь зүйтэй юм.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч О.Э нь анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч Б.О, А.Б нарын ар гэрийн байдал насанд хүрээгүй 3 хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан үзлээ. Шүүгдэгч нар нь улсад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө шүүх хуралдаан дээр илэрхийлсэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг шүүгдэгч нарт хүлээлгэн шийдвэрлэв.

Эд мөрийн баримтаар хураагдсан Халиун бугын эд эрхтэн болох 4 ширхэг сүүл, Хүрэн баавгайн соёо шүд бүхий хоншоорын хэсэг, амьтны цус гэх эд зүйл нь  шүүх хуралдаанаар шинжлэн судлах үед муудаж, өмхийрсөн цаашид хэрэглэх боломжгүй тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй юм.

Шүүгдэгч А.Б, Б.О, О.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д овогт О.Э-г 200 гр амьтны цусыг тээврийн хэрэгсэлд нууж гадаад улсад гаргасан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Х овогт А.Б, Д овогт О.Э, Ш овогт Б.О нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн ховор амьтны түүхий эд зүйлийг гадаад улсад гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч А.Б, О.Э, Б.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Б, О.Э, Б.О нарт 2 жилийн хугацааны дотор гэмт хэрэгийн хор уршийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч А.Б, О.Э, Б.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Халиун бугын эд эрхтэн болох 4 ширхэг сүүл, Хүрэн баавгайн 3 соёо шүд бүхий хоншоорын хэсэг, 200 гр амьтны цус гэх зүйл зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8-д зааснаар ... улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож иргэний нэхэмжлэгч Р.О-д буцаан олгосугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Б, О.Э, Б.О нараас 65,800,000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу нэг шүүгдэгчээс 21,933,333 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

10. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О, А.Б, О.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           Э.Б