| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2020/0074/Э |
| Дугаар | 75 |
| Огноо | 2020-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Л.С
Хохирогч И.О
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Н.Б-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 07 сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ө аймгийн Г суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа гаалийн эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Замын-Үүд сумын 1-р багт оршин суух, Х овогт Н.Б,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Н.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт ажилтай И.О-г эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 06 сарын 14-ний өдөр Замын-Үүд сум 3-р багт өөрийн эзэмшлийн газарт хашаа барьж байхдаа хамт ажиллаж байсан 2 хүний хамт бид 3 Н нэртэй лаазтай 10 ширхэг пиво хувааж уусан. Тэгээд тухайн өдөр их халуун байсан тул пиво уугаад дууссаны дараа 21 цагийн орчимд миний зүрх өвдөөд байхаар нь эхнэр Ү-г намайг ирж ав гэж дуудсан. Тэгээд манай эхнэр Ү ирээд Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг рүү залгаж дуудлага өгсөн. Тэгээд эмнэлэг рүү дуудлага өгсөн цагаас хойш 1 цагийн дараа эмч ирэхгүй болохоор нь эхнэр Ү-р машинаа бариулаад Нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах руу ороход О гэх нэртэй сувилагч, нэг эмэгтэй хүн зөрөөд гарсан. Тэгээд би та нар дуудлага өгөөд байхад яахаараа ирдэггүй юм бэ гэж хэлээд уурлахад та согтуу байна цаанаа хүлээгээд байж бай гэж хэлэхээр нь би дахин уурлаад ширээний голд тусгаарлах хамгаалалтыг баруун талын гараараа цохиж мөн сувилагчийн нүүр хэсэг рүү хүрчих шиг болсон. Тэгээд байж байхад гаднаас нэг эрэгтэй эмч орж ирсэн гэжээ. /хх-ийн 17-19/
Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 06 сарын 14-нд хашаа барьж байгаад хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ хамт пиво уусан. Тэгээд бие өвдөөд эхнэрээр түргэн дуудуулсан чинь ирээгүй. Тэгээд нэгдсэн эмнэлэг дээр очоод түргэн ирэхгүй удаад байсан болохоор нь бухимдаад мөн пиво уусан байсандаа ийм асуудал гаргасан. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хохиролд 158,850 төгрөгийг төлсөн гэв.
Хохирогч И.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 06 сарын 14-ний 22:05 цагийн үед ажлынхаа өрөөнд сууж байтал гаднаас би үхлээ пиздаанууд минь, танайд дуудлага өгсөн 30 минут хүлээлээ яахаараа ирдэггүй юм бэ гээд хашгичаад 30 орчим насны танихгүй залуу ороод ирсэн. Таны дуудлагийг аваад манай эмч явсан гэж хэлэхэд шууд миний хамар руу цохиод авсан. Би өрөөнөөсөө гарч гүйгээд эмчээ дуудаад цагдаад дуудлага өгсөн. Баруун гараараа миний хамар хэсэгт 1 удаа цохьсон. Ажилаа хийж байгаад шалтгаангүй хүнд цохиулсандаа гомдолтой байна. ...Би эмийн бус аргаар эмчилгээ хийж хамарны хавдрыг буулгасан. Яг одоо учирсан хохирол байхгүй гэжээ. /хх-ийн 02, 25-26/
Хохирогч И.О шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Санал гомдол байхгүй. Тухайн өдөр яаралтай тусламжийн тасагт ээлжийн сувилагчаар ажиллаж байсан. 22 цагийн үед дуудлага ирсэн. Дуудлага хүлээн авахдаа яасан талаар заавал асуудаг юм тэгтэл пиво уусан юм бие нь өвдөөд байна гэхээр нь уг нь архи уусан хүн дээр очидгүй юм, өөрсдөө хүрээд ирэх боломж байна уу гэсэн чинь ирэх боломжгүй гэж хэлсэн. Тэгээд эмчидээ хэлээд эмч дуудлага хүлээн аваад гарсан байсан. Тэгтэл гаднаас нэг хүн орж ирээд орилоод байсан. Би согтуу байна гэж бодсон тэгтэл миний хамар луу цохисон. эмчилгээний зардалд 158,850 төгрөг авсан гэв.
Гэрч Д.Ү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 06 сарын 14-ний орой 21 цагийн үед нөхөр Б залгаад ирээд ав гэсэн. Би Замын-Үүд сумын 3-р багаас очиж авахад хашаа барьж байсан 2 хүнтэй нийлээд пиво уусан байсан. Намайг очсоны дараа Б толгой өвдөөд, дотор муухайраад би босож чадахгүй байна гээд хэвтээд байхаар нь эмнэлэг рүү залгаж дуудлага өгсөн. Дуудлага авсан хүн юу болсон юм бэ гэж асуухаар нь манай нөхөр 2,3 ширхэг пиво уусна юм. Гэнэт толгой нь өвдөөд дотор нь муухайраад босож чадахгүй байна гэж хэлэхэд архи уусан дуудлаганд очихгүй, өөрсдөө ир гэхээр нь эгчээ үнэхээр очих боломжгүй болоод дуудаж байна гэж хэлсэн. Намайг утсаар ярьж байхыг Б сонсоод боль боль очиж үзүүлье гээд хэсэг хугацааны дараа би машинаа бариад эмнэлэг явсан. Эмнэлэг рүү Б түрүүлээд би араас нь дагаад орсон. Б орж очингуутаа эмчийн өрөөнд байсан сувилагчийн толгой /шанаа/ хэсэг рүү нь цохьсон гэжээ. /хх-ийн 03/
Шинжээчийн 04/97 дугаартай дүгнэлт: 1. И.О-н хамрын таславчны уналт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
3.“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 10-11/
Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 6/
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 7-9/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 34-37/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Замын-Үүд сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 29, 32 /
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 50-51/
Шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 5/21 дугаартай тогтоол, хялбаршуулсан журмаар шалгах хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 53-54, 59/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Н.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт ээлжийн сувилагчаар ажиллаж байсан И.О-г эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч И.О-н мөрдөн шалгах ажиллагаанд /хх-ийн ийн 02, 25-26/ болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, гэрч Д.Ү-н /хх-ийн 03/ мэдүүлэг, шинжээчийн 04/97 дугаартай дүгнэлтээр “И.О-н хамрын таславчны уналт гэмтэл тогтоогдсон. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Учирсан гэмтлүүд нь нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.” /хх-ийн 10-11/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч И.О нь 2020 оны 06 сарын 14-ний өдөр Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээн авах яаралтай тусламжийн тасагт ээлжийн сувилагчаар ажиллаж байсан нь шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлэг, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн 2020 оны 309 дугаартай албан тоот зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч Н.Б-г хохирогчийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан зодож И.О-н хамрын таславчны уналт бүхий хөнгөн хохирлыг учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Б-г зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэгээр тогтоогдож байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав. Шүүгдэгч Н.Б үйлдсэн гэх хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байдал, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдалтай нийцэж байна гэж үзлээ. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд прокурорын санал болгосон торгуулийн ялыг оногдуулав.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Оногдуулсан торгуулийн ялыг шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал, биеийн эрүүл мэндийн байдал /хх-ийн 36-49/ зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Н.Б нь оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолийг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б