| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 500/2018/0029/Э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2018-01-11 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 33
Э.Год холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Д.Ууганцэцэг,
Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1014 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Ууганцэцэгийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаартай прокурорын эсэргүүцлээр Э.Год холбогдох эрүүгийн 17080093101060000000 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овогт Эын Г, 1900 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч, механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 32 дугаар гудамжны 36 тоотод оршин суудаг,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 227 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: 00000000/,
Э.Г нь 2017 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, 32 дугаар гудамжны 36 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч А.Оийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Э.Год холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхээс яллагдагч Э.Год холбогдох хэргийг хянаад эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэв.
Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана...” гэж, мөн хуулийн 30.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болно...” гэж тус тус заажээ.
Яллагдагч Э.Год холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нээсэн байх боловч, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр А.Оюунцэцэгийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авч тэмдэглэл үйлдсэн (хавтаст хэргийн 14-18). Мөн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болно гэж хуульчилсан байхад тухайн ажиллагааг хийгээгүй буюу хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй байж мөрдөгч шинжээч томилох тогтоол тус тус үйлдсэн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа ...энэ хууль...ийн заалтыг чанд сахина...” гэснийг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл бүрдээгүй байхад мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тодруулбал хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол хууль бус учир А.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтад дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39) мөн хууль бус болно.
Хоёр. 1. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хуульчилсан ба тус зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрхтэйг заасан. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хохирогч, ...яллагдагчаас мэдүүлэг авахад энэ бүлэгт заасан нийтлэг журмыг баримтлана...”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “...мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг тайлбарлаж өгнө...” гэсэн байна. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл хохирогч гэх А.Оюунцэцэг, яллагдагч Э.Г нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна. Гэтэл хохирогч А.Оюунцэцэгээс 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр (хавтаст хэргийн 15-18) мэдүүлэг авсан байх боловч түүнд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан эрхийг тайлбарлаж өгөөгүй мэдүүлэг авсан. Дээрх мэдүүлэг нь нотлох баримт бэхжүүлэх хуулийн шаардлага хангахгүй.
Гурав. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол (хавтаст хэргийн 29), яллагдагчаар татах тогтоолд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол (хавтаст хэргийн 73) хууль ёсны байх хуулийн шаардлага хангахгүй. Өөрөөр хэлбэл тус тогтоолуудад хохирогч А.Оюунцэцэгээс (гэр бүлийн хамаарал бүхий этгээд) авсан мэдүүлэг (хавтаст хэргийн 15-18, 37-39) нь нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж авагдсан тул эдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон дүгнэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Тиймээс дээр дурдсан зөрчлийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцэх тул яллагдагч Э.Год холбогдох эрүүгийн 1708009310106 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна. ...Яллагдагч Э.Год холбогдох эрүүгийн 1708009310106 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Э.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Д.Ууганцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Иймд хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дараах үндэслэлээр эсэргүүцэл бичив. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа ...энэ хууль...ийн заалтыг чанд сахина...” гэснийг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл бүрдээгүй байхад мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тодруулбал хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол хууль бус учир А.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтад дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39) мөн хууль бус болно гэж үзсэн нь ойлгомжгүй хуулийн зүйл, хэсэг, заалтыг илтэд буруу тайлбарлаж, хэрэглэсэн, хууль бус шийдвэр болжээ. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.36-д “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах ажиллагааг хэлнэ” гэсэн ба мөн хуулийн 30.1 дүгээр зүйлд “Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хуртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ.” гэж, 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас гадна дараах мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно.” гэж, хуулийн 5 хэсэг нь бүхэлдээ мөрдөн шалгах ажиллагаа явуулах журам ба энэ хэсэгт “шинжилгээ хийлгэх” 27 дугаар бүлэг багтдаг, гомдол, мэдээлэл шалгах ажиллагаа нь хэрэг бүртгэлтийн ажиллагаанд ордог хуулийн заалтыг үндэслэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацаандаа шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас гадна дараах мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно.” гэж хуульчилсан бөгөөд хуулийн 22.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу прокурорын зөвшөөрлөөр явуулах ажиллагаанаас бусад энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг бие даан явуулна” гэж заасан нь мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс өмнө хохирогчоор тогтоох тогтоол үйлдэж, мэдүүлэг авсан нь хууль зөрчөөгүй, дээр дурдсан бусад ажиллагаанд хамаарах, прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөгчийн бие даан явуулах мөрдөн шалгах ажиллагааны нэг юм. Өөрөөр хэлбэл, хохирогчоор тогтоох тогтоол үйлдэж, мэдүүлэг авах, шинжээч томилох тогтоол үйлдэж, дүгнэлт гаргуулах ажиллагааг хэрэг бүртгэлтийн хэрэг нээсний дараа хийх талаар хуульчилсан заалт байхгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хэрэг бүртгэлтийн хугацаанд оруулж тооцно...” гэж хуульчлан зааснаар давхар батлагдана.
2. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр (хавтаст хэргийн 14-18) иргэн А.Оюунцэцэгийг хохирогчоор тогтоох тогтоол үйлдэж, мэдүүлэг авсан бөгөөд байцаалтыг авахдаа Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан эрхийг тайлбарлаж өгөөгүй байсан тул прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.15 дахь заалт “мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгаврыг өгөх, түүний биелэлтийг хангуулах...”, 2.18 дахь заалт “...илэрсэн зөрчлийг арилгуулах...” гэж заасан прокурорын бүрэн эрхийн хүрээнд 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 365 дугаартай прокурорын даалгавар бичиж, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч А.Оюунцэцэгийг дахин байцаахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан эрхийг нь тайлбарлан өгч, мэдүүлэг авснаар дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зөрчил арилсан болно. Иймд 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хохирогчоор тогтоол тогтоол, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн хохирогчийн мэдүүлэг зэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хууль ёсны байх хуулийн шаардлага хангасан нотлох баримтууд юм.
3. Прокурор 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Э.Гыг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хохирогч А.Оюунцэцэг, яллагдагч Э.Г нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдсон тул 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоол үйлдэн яллагдагч Э.Год ял өөрчлөн сонсгосон болно. Түүнчлэн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол”-д (хавтаст хэргийн 29), “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол”-уудад (хавтаст хэргийн 73) хохирогч А.Оюунцэцэгийн мэдүүлгээс гадна яллагдагч Э.Гыг гэмт хэрэг үйлдсэн болохыг давхар нотолсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 10442 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 26), гэрч А.Номинцэцэгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-45), яллагдагч Э.Гын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-34) зэрэг баримтууд дурдагдсан бөгөөд нотлох баримт тус бүрд тусгагдсан мэдээллийн хэр хэмжээг бүрэн тусгасан тул эдгээр баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж цуглуулсан, хууль бус нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд Э.Год холбогдох Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1014 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичсэн…” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Год холбогдох эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
“Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолын хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд тодорхойлон хуульчилжээ.
Хавтаст хэргийн 73 дугаар талд “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол авагдсан ба уг тогтоолын тодорхойлох хэсэгт тухайн хүний гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нотлох эсхүл үгүйсгэх ач холбогдол бүхий баримтууд буюу хохирогчийн мэдүүлэг /хх-37-39/, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-26/, гэрч А.Нийн мэдүүлэг /хх-43-45/ зэргийг тусгасан нь дээрх хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар мөрдөгч нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор энэ хуульд заасан прокурорын зөвшөөрлөөр явуулахаас бусад мөрдөн шалгах ажиллагааг, тухайлбал хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргах, мэдүүлэг авах, шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох зэрэг ажиллагааг бие даан явуулах боломжтой байна.
Дээрх байдлыг үндэслэн мөрдөгч нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэн А.Оийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан, мөн өдрөө иргэн А.Оийн биед учирсан гэмтлийн шинж, хэр хэмжээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй болно. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт энэ хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хэрэг бүртгэлтийн хугацаанд оруулж тооцохоор хуульчилсан байна.
Мөрдөгч нь хохирогч А.О, яллагдагч Э.Г нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байхад 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэн А.Оийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг /хх-15-18/ авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хуульчилсан ба тус зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хохирогч, ...яллагдагчаас мэдүүлэг авахад энэ бүлэгт заасан нийтлэг журмыг баримтлана...”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “...мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг тайлбарлаж өгнө...” гэсэн хуулийн заалтуудыг зөрчиж авсан зөрчил гаргасан боловч хохирогчоос дахин мэдүүлэг /хх-37-38/ авахдаа дээрх зөрчлийг залруулж, хохирогч А.От Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус заасан эрхийг нь танилцуулан мэдүүлэг авсан байна.
Иймд яллагдагч Э.Год холбогдох эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих зүйлүүдийг шалгасан, цаашид хийх ажиллагаа байхгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Э.Гын гэм буруугийн асуудлыг эцэслэн хэлэлцүүлэхээр хэргийг тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1014 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Э.Год холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Э.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.ОЧМАНДАХ
Д.МЯГМАРЖАВ