Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “ЭК” ХХК

Хариуцагч: Орхон аймгийн ЗД болон ГХБХБГ

“Орхон аймгийн ЗД болон ГХБХБГ-ын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 41/16 тоот барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг сунгах тухай акт гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2018/0009/3 тоот индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ЭК” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай компани Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-р хороолол 10 байрны 600 м2 үйлчилгээний зориулалттай газрыг 2015.03.16-ны өдрийн А/91 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай захирамжийн дагуу эзэмшиж, уг газарт 5 давхар үйлчилгээний зориулалттай барилга барих зураг төсөл, техникийн нөхцөл, гадна цахилгаан дулаан цэвэр бохир усны ажлууддаа холбогдох байгууллагын зөвшөөрлөөр хийж гүйцэтгэн, 2016.07.08-ны өдрийн 41/16 тоот барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг авч, 2016.07.08-ны өдрөөс ажлаа эхлэхээр хашаа барих үед оршин суугчдын гомдлын дагуу Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас гомдлыг хэлэлцэж шийдвэрлэх хүртэл ажлаа эхлүүлэхийг түр хугацаагаар зогсоох хүсэлтийг хэлсний дагуу бид үйл ажиллагааг эхлүүлэх хариуг хүлээсэн. Ингээд уг асуудал хэрхэн шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй байсан тул Орхон аймгийн Засаг даргад хандаж барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийн хугацаа дуусаж байгаа талаарх хүсэлтийг 2017.01.18-ны өдөр гаргаж, оршин суугчдын маргаантай асуудлыг даруй шийдвэрлэж зөвшөөрлийн хугацааг сунгаж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан. Гэвч уг асуудалд оршин суугчдын гомдлыг шийдвэрлэтэл хүлээж байх тухай хариуг Орхон аймгийн Засаг даргатай биечлэн уулзахад хэлж, сунгахгүй байлгасаар байгаад Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2018.03.27-ны өдрийн 229 тоот хариуг өгч, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016.07.08-ны өдрийн 41/16 тоот барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай уг хариуг албан бичигтээ дурдсан байсан.

Ингээд тухайн албан тоотыг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2016.08.02-ны өдрийн 626 тоот албан бичгийн хуулбарыг авахад түдгэлзүүлсэн тухай мэдэгдэл байсан. Энэхүү албан тоотыг манай компанид мэдэгдэлгүй өдий болгож, барилгын ажил эхлүүлэх ажлыг үндэслэлгүй түдгэлзүүлж, оршин суугчдын гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй үндэслэлээр өнөөдрийг хүртэл барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг хэрэгжүүлэхгүй, сунгахгүй байгаа нь манай компанийг их хэмжээний хохирол амсахад хүрч байна” гэжээ.

Нэхэмжлэгч “ЭК” ХХК-ийн захирал Б.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Барилгыг ажил эрхлэх буюу үргэлжлүүлэх зөвшөөрлийг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар өгдөг учраас Засаг даргыг хариуцагчаар татахаас татгалзаж байна. Тиймээс зөвхөн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулаад явах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна” гэв.  

Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Цолмон шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №41/16 дугаартай “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл”-ийг захиалагч “ЭК” ХХК-д манай байгууллагаас олгосон. Уг зөвшөөрлийг үндэслэн “ЭК” ХХК нь барилга угсралтын ажлыг эхлүүлсэн боловч тухайн газрын орчин тойронд амьдарч буй иргэдийн зүгээс орон нутгийн удирдлагуудад барилгын ажлыг эсэргүүцсэн гомдол гаргасан байдаг. Иргэдээс гаргасан гомдлын дагуу орон нутгийн удирдлагын төлөөлөл газар дээр нь очиж уулзалт хийсэн бөгөөд барилга угсралтын ажлыг зогсоох үүргийг манай байгууллагад өгсний дагуу ГХБХБГ-аас 2016 оны 08 дугаар сарын  02-ны өдрийн 626 дугаартай барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухай албан бичгийг “ЭК” ХХК-д хүргүүлсэн. Компаний зүгээс ажил эхлүүлэх зөвшөөрлийг сунгуулах хүсэлт дахин гаргасан бөгөөд иргэдийн гаргасан гомдолтой холбогдуулан барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй тухай хариуг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 229 дугаартай албан бичгээр “ЭК” ХХК-д өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно” гэжээ.

  Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай талаас тухайн үед “ЭК” ХХК нь барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авсан. Үйл ажиллагаагаа эхлэх гэхэд оршин суугчдаас эсэргүүцэл гомдол гаргаад Орхон аймгийн Засаг даргын орлогч Түвшинжаргал газар дээр нь ирээд үйл ажиллагаа явуулахыг зогсоох үүрэг чиглэлийг амаар манайд өгсөн. Ингээд үндсэндээ үйл ажиллагаа эхлүүлэхийг түр түдгэлзүүлээд зогсоосон байдаг. Энэ нь зөвшөөрөл авснаас 2 хоногийн дараа болсон. Иргэдээс гомдол, санал бичгээр өгсөн зүйл байхгүй. Тухайн үед Засаг даргын орлогчоос барилгын ажлыг эхлүүлэхийг зогсоо гэж амаар хэлж байсан. Аймгийн Засаг даргаас албан ёсоор хориглосон албан бичиг ирүүлсэн зүйл байхгүй. Одоо барилгын ажлыг эхлүүлэхэд харшлаад байх юм байхгүй. Иргэдийн эрх ашиг хөндөгдөөгүй” гэв.

Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Аймгийн Засаг дарга 2016 онд Баян-Өндөр сумын Согоот багийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэдээс ирүүлсэн гомдол, хүсэлт, саналыг хүлээн авч шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэлд дурдсан 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 41/16 тоот барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас түдгэлзүүлсэн. Барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг түдгэлзүүлснээс хойш буюу 2016 оноос хойш зөвшөөрлийг сэргээлгэх, хугацааг сунгах талаар ямар нэг хүсэлт, санал ирүүлээгүй байна. Зөвшөөрлийг үндэслэлгүйгээр түдгэлзүүлэх бус иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үед түдгэлзүүлсэн, нөгөө талаас зөвшөөрлийн хугацааг сунгуулах, сэргээлгэх талаар санаачлагатай хандаагүй байна. Барилгын тухай хуульд зааснаар дээрх тохиолдолд барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг шинээр авах зохицуулалттай тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүү шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ЭК” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. Аймгийн Засаг дарга 2016 онд Баян-Өндөр сумын Согоот багийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэдээс ирүүлсэн гомдол, хүсэлт, саналыг хүлээн авч шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас түдгэлзүүлсэн байсан. Барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар түдгэлзүүлсэн бөгөөд уг ажиллагаанд аймгийн Засаг дарга ямар нэг эрх зүйн акт гаргаагүй, оролцоогүй тул уг захиргааны хэрэгт хариуцагчаар оролцох боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар  хуульчилсан. Хэдийгээр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний хэрэгжүүлэгч агентлаг боловч барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэхэд аймгийн Засаг даргын шийдвэр гараагүй тул нэхэмжлэгчээс хариуцагчийг зөв тодорхойлж өгнө үү” гэжээ.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ЭК” ХХК нь Орхон аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 41/16 тоот барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг сунгах тухай акт гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

Нэхэмжлэгч талаас хариуцагчаар Орхон аймгийн Засаг даргыг татан оролцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Орхон аймгийн Засаг даргаас “ЭК” ХХК-ийн маргаан үүсгэж буй барилга угсралтын ажлыг түдгэлзүүлэхэд нөлөөлөхүйц ямарваа нэг шийдвэр гаргаагүй тул Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 41/16 тоот барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг сунгах тухай акт гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийг 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас хүн, хуулийн этгээдийн  эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэн уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэдэг ба дээрх нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэв.

“ЭК” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Зочид буудал бүхий үйлчилгээний барилга 28х14 зоорьтой 6 давхар төмөр бетон каркастай” барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрлийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-10 байрны урд барихаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулатын газар /Барилга угсралт, технологи, техникийн хяналт хариуцсан мэргэжилтэн/-аас[1] авчээ.

 Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь тухайн барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 626 тоот албан бичгээр[2] түдгэлзүүлж “ЭК” ХХК-д мэдэгдсэн байна.

Захиргааны байгууллага нь өөрийн үндсэн чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд аливаа хууль бус үйл ажиллагаа, үйлдлийг таслан зогсоох эрх нь хуулийн дагуу олгогдсон байдаг хэдий ч шалган тогтоох, нягтлах үүрэг, хариуцлага нь мөн өөрт нь ногдсон байдаг.

Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “ЭК” ХХК-ийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэхдээ Барилгын тухай хуулийн ямар зүйл заалт /журам/ зөрчсөн талаар дурдаагүй, иргэдээс гаргасан гомдол, хүсэлтийг шалгаж тогтоолгүй Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалын амаар өгсөн үүргийн дагуу тухайн барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг түдгэлзүүлж буй шийдвэр нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч талаас “...иргэдээс гаргасан гомдол, хүсэлт, саналын дагуу түдгэлзүүлсэн...”[3] гэх тайлбарыг ирүүлсэн боловч энэ талаарх нотлох баримт гаргаж ирүүлэхийг шаардсан боловч “...иргэдээс гомдол манай байгууллагад ирээгүй...” гэх тайлбарыг[4] Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн нь нэхэмжлэгчийн /барилга угсралтын ажлыг хугацаандаа барьж эхлүүлэх субьектив эрхийг зөрчсөн/ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 41/16 тоот барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл”-ийг сунгах тухай захиргааны акт гаргахыг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт  даалгах нь зүйтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.4, 106.3.12, 106.4-т заасныг тус тус удирдлага болгон

         

                                                              ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.15 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ЭК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 41/16 тоот барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл”-ийг сунгах тухай захиргааны акт гаргахыг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийг 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ЭК” ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 41/16 тоот барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг сунгах тухай акт гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Орхон аймгийн төрийн санд хэвээр үлдээж, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болно.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.САРАНГЭРЭЛ