Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 614

 

 

 

 

 

 

    2020         06           22                                         2020/ШЦТ/614

 

          

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Н.Анхбаяр,

насанд хүрээгүй хохирогч Н.Х,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Ч,

шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Б.Мандхай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт У-н Б-д холбогдох эрүүгийн ** дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн *** суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Баянгол дүүргийн ** дугаар *** ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суух хаягтай, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /регистрийн дугаар **/, Б овогт У-н Б.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч У.Б нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны ** тоотод хүний сэтгэл санаанд дарамт учруулж, бие махбодид халдан дагавар охин болох насанд хүрээгүй Н.Х-г ээж Н.Ч-тэй маргах явцыг салгах гэж очих үед нүүрэн тус газар нь цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний биед зүүн зовхинд цус хуралт зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны ** тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах явцдаа хохирогч Н.Ч-гийн эзэмшлийн Тоshiba /Тошиба/ загварын 42 инчийн зурагтыг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 466.676 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Н.Х мэдүүлэхдээ: “...Б буюу У.Б ах гэрт орж ирээд ээж Н.Ч-тэй ариун цэврийн өрөөнд маргасан. Тэгээд У.Б ах гэнэт сүх авч гарч ирээд “ална” гээд орилоод байсан. Мөн намайг гарт нь байсан сүхийг авсны дараа У.Б ах хутга аваад “ална” гэж орилоод байсан. Тэгээд хутгыг нь гараас нь авсны дараа “гэрийг чинь шатаана” гэж орилоод, ээжийг цохиж унагаасан. Би У.Б ахыг ээжээс салгаж холдуулах гэтэл У.Б ах миний нүүр рүү цохисон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Ч мэдүүлэхдээ:

“...Би хэрэг гарсан орой ажлаа тараад гэртээ 19 цагт очсон. Манай гэрт засвар хийж байсан хүмүүс надад ариун цэврийн өрөөнийхөө замаск хусаарай гэж хэлсэн тул замаск хусаад байж байтал У.Б орой 21 цаг болж байхад ирсэн. Ариун цэврийн өрөөнд орж ирээд сүх бариад плита хагалаад байсан. Би тухайн үйлдлийг нь болиулахад “ална” гэж орилоод зурагт өшиглөж хагалсан. Би 466.676 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би гэртээ 2 хүүхдийнхээ хамт байж байтал манай нөхөр У.Б гаднаас согтуу орж ирээд агсам тавиад байсан. Тэгээд сүхээр угаалгын өрөөний плита хагалахаар нь би сүхтэй гарыг нь барьж аваад сүхийг нь хаяулаад, гар гэж хэлээд түлхэхэд “та нарыг бүгдийг нь алаад, бензин авч ирээд шатаана, энэ та нарын гэр орон биш” гээд дайраад байхаар нь манай том охин Н.Х У.Б-тэй  зууралдаж байгаад сүхийг нь хаяулахад халааснаасаа эвхэгддэг хутга гаргаж ирээд “чамайг алчихъя, би бүх юмыг чинь эвдэж шатаана” гэж хэлээд зурагт өшиглөж хагалсан. Би У.Б-ийг гар гээд гэрийнхээ хаалгыг онгойлгоход намайг коридорт түлхэж унагаагаад багалзуурдсан. Манай том охин Н.Х У.Б бид хоёрыг салгах гэж очиход У.Б Н.Х-гийн нүд рүү гараараа цохисон. Тэгээд У.Б “би цагдаа нараас айхгүй” гэж хэлээд явчихсан... У.Б миний хамрын үзүүрийг шалбалсан бас 2 гар хөндүүр байна. Би гомдолтой байна. Зурагтын үнэ 466.676 төгрөгийг нэхэмжилж байна... ” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7-рт/,

Насанд хүрээгүй хохирогч Н.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Намайг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ээж Ч, дүү М нарын хамт гэртээ байж байтал хойд аав У.Б гаднаас согтуу орж ирээд ээжтэй маргалдаж байсан. Гэтэл нэг мэдэхэд хойд аав У.Б гартаа сүх барьчихсан ариун цэврийн өрөөний плита хагалаад зогсож байсан. Тэгэхээр нь би “боль” гэж хэлтэл У.Б “бүгдийг нь ална” гэж хэлээд сүх бариад дайраад байсан. Гэтэл ээж У.Б-тэй зууралдаад байхаар нь би тэднийг салгах гээд голоор нь ороод сүхийг нь тагтан дээр тавьчихаад иртэл У.Б ах гадуур куртикнийхээ халааснаас жижиг эвхдэг хутга гаргаж ирээд ээж рүү чичиж дайраад “ална” гээд байсан. Би У.Б ахын гарт нь байсан хутгыг авчихаад байж байтал ээж цагдаа дууд гэж орилсон. Гэтэл У.Б ах уурлаад зурагт өшиглөж хагалаад “би бензин авч ирээд та нарыг шатаана, цагдаа нараас айхгүй, нэг хүн алаад шоронд ороход яадаг юм” гэж хэлээд гарахдаа ээжийг үсдээд, боож унагаагаад толгой дээр нь дэвсэнэ гэхээр нь би У.Б ахыг түлхэж цааш болгосон. Гэтэл У.Б ах миний зүүн нүд рүү цохьчихоод гараад явсан. Манай хажуу айлын хүн цагдаа дуудсан байсан. Тухайн үед миний зүүн нүд хөхөрсөн байсан. Би Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Манай хойд аав У.Б хэдэн жилийн өмнө ээжийг нэг удаа боож унагаагаад цохиж, зодож байсан. Ер нь сардаа нэг удаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирчихээд хэл амаар доромжлоод ална гэж хэлдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-рт/

 

гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...М Ч эгчийн утаснаас над руу залгаад “би айгаад байна, аав эгчийг цохьчихлоо” гэж хэлээд утас нь тасарсан. Тэгэхээр нь би буцаагаад залгахад Х утас аваад “Б ах хутга, сүх бариад ална гэж дайраад байна” гэхээр нь би “цагдаа дууд, эгч нь удахгүй очно” гэж хэлсэн. Гэтэл Х “манай найз цагдаа дуудсан” гэж хэлсэн. Х над руу чатаар 10 цаг 30 минутын үед нүд нь хөхрөөд улайчихсан зургаа явуулсан. Би гэрт нь очтол 2 цагдаа ирсэн байсан. Гэрт нь Ч эгч, Х, М гурав байсан. Х-н баруун нүдний дээд, доод хэсэг улайж хөхөрч, хавдсан байсан. Тэгээд бид нар цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-рт/,

 

Гэрч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нилээн орой унтах гэж байтал орцонд хүн орилж, чарлах чимээ гарахаар нь хаалгаар шагайтал ** тоот руу хижээл насны эмэгтэй, залуухан хүүхний хамт орж харагдсан. …Тухайн үед 2-3 удаа орилох чимээ гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

  1. Н.Х-гийн биед зүүн зовхинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх-ийн 69-рт/ гэжээ.

 

Аюулгүй зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 17-20-рт/,

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 21-22-рт/,

Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 115-117-рт/,

 

Бичлэг бүхий компакт дискэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 35, 43-44-рт/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 46-рт/,

Хохирлын үнэлгээний тайланд: “Toshiba Regza 42 инч” зурагтыг 466.676 төгрөгөөр үнэлэв. /хх-77-82-рт/ гэжээ. 

 

Шүүгдэгч У.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Би 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагийн үед ажлаа тараад гэртээ харих замдаа Ганбаа гэдэг танилтайгаа таараад пиво хувааж уусан. Тэгээд би 21 цагийн үед гэртээ орсон. Тэгсэн орон сууцны контороос над руу яриад “танайх дуудлага өгөөгүй байж яагаад ус хаасан юм” гэж хэлэхээр нь би эхнэртээ танайхан дандаа худлаа ярьдаг, би өөрөө плитагаа наана” гэж хэлээд тагтан дээр байсан сүхийг аваад ариун цэврийн өрөөний плитаг хуулах гэхэд эхнэр Ч, охин Х нар намайг болиулсан. Гэтэл эхнэр “хүүхэд айгаад байна” гээд байсан. Тухайн үед манай бага хүү М орилоод байсан юм. А “хажуу айлын хүн цагдаа дуудчихлаа” гэж хэлэхээр нь би гараад явсан. Эхнэр бид хоёр суугаад 7 жил болж байна, үүнээс хойш мөнгө хурааж байгаад 2019 онд одоо амьдарч байгаа байраа худалдаж авсан. Гэтэл намайг мэдээгүй байхад байрны ордерыг манай эхнэрийн эгч М охин Х-н нэр дээр болгосон байхаар нь би яагаад ганц хүүхдийн нэр дээр байдаг юм, М-н нэр яагаад байхгүй байгаа юм, хэрэв ямар нэг юм болсон тохиолдолд М бид хоёр гудамжинд гарах юм уу гэж маргалдсан. ...Би эхнэр, хүүхэдтэйгээ болон хөндлөнгийн эрэгтэй хүмүүстэй маргалдсан ч гадуур зодоон хийж, хэрэг төвөгт оролцож үзээгүй. Х, Ч хоёр худлаа хэлж байна, намайг гүтгэж байна... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хүнд гар хүрээгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 94-97-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100-рт/,

- Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 98-99/,

-иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 102-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч У.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би насанд хүрээгүй хохирогч Н.Х-гийн биед халдсан үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй. Н.Х өөрөө юм мөргөсөн. Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Ч-гийн эд зүйл устгасан үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Би малгайгаа авах гэж байтал зурагт өөрөө унаж хагарсан...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал” тогтоогдоогүй.  Иймд шүүгдэгч У.Б нь насанд хүрээгүй хохирогч Н.Хгийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг учруулаагүй... Мөн зурагт хагалсан асуудлын хувьд малгай авах үед зурагт унаж хагарсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруугүйд тус тус тооцож өгнө үү...” гэж тус тус мэдүүлсэнийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны ** тоотод насанд хүрээгүй М, насанд хүрээгүй хохирогч Н.Х, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Ч нар байсан ба тухайн цаг хугацаанд болсон үйл явдлын талаар хохирогч нар тус тус агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлэг өгсөн, гэрч С.Б, Д.Г нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт уг тоотод хүний орилох хашгирах чимээ гарсан талаар, Хгийн баруун нүдний дээд, доод хэсэг улайж хөхөрч, хавдсан байсныг харсан талаар мөн гэрч С.Б-руу М “би айгаад байна, аав эгчийг цохьчихлоо” гэж, Х “Б ах хутга, сүх бариад ална гэж дайраад байна” гэж тус тус утсаар ярьсан талаар мэдүүлж, энэхүү мэдүүлэгийн эх сурвалжийг хохирогч нарын мэдүүлэг давхар баталсан байна.

 

Иймд шүүгдэгч У.Б нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны ** тоотод насанд хүрээгүй хохирогч Н.Х-гийн нүүрэн тус газар нь цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний биед зүүн зовхинд цус хуралт зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны ** тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах явцдаа хохирогч Н.Ч-гийн эзэмшлийн Тоshiba /Тошиба/ загварын 42 инчийн зурагтыг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш 466.676 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч У.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч У.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Насанд хүрээгүй хохирогч Н.Х нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч У.Б нь хохирогч Н.Х-д төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.

 

Хавтаст хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Ч-гийн “Toshiba Regza 42 инч” зурагтыг 466.676 төгрөгөөр үнэлсэн хохирлын үнэлгээний тайлан /хх-77-82-рт/ авагдсан байх тул шүүгдэгч У.Б-ээс 466.676 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Ч-д олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч У.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар У.Б-д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал, 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж өгнө үү..” гэх санал, хүсэлт тус тус гаргасныг мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Б овогт У-н Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч У.Б-ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600  /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Б-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр,

мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600  /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1400 /нэг мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар У.Б-д оногдуулсан 1400 /нэг мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч У.Б торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.    

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч У.Б-ээс 466.676 /дөрвөн зуун жаран зургаан мянга зургаан зуун далан зургаан/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ч-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

8. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б-д авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ