| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2020/0073/Э |
| Дугаар | 76 |
| Огноо | 2020-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Л.С
Хохирогч С.М
Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Г.Э-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 07 сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Замын-Үүд сумын 1-р багт оршин суух, З овогт Г.Э,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 06 дугаар сарын 20 ноос 21-нд шилжих шөнө 00:10 цагийн орчимд Замын-Үүд сумын 1-р багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч С.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 06 сарын 20-ны өглөө С.М нь хадмуудтай хөдөө яваад 23 цагийн үед ирсэн. Би тэр өдөр гэртээ 3 настай бага хүүгээ хараад үлдсэн. 16 цагийн үед хамт ажилладаг хүний гэрт нь очиж 2,5 л савтай 1 пиво хувааж уусан. Орой 21 цагийн үед ажлынхаа нэг найзыг гэртээ дуудаж ахиад 2,5 л 1 пиво хувааж уусан. 23 цаг өнгөрч байхад М утсаар залгаад намайг аавынхаас ирээд ав гэсэн. Би М-г очиж авсан. М намайг хүүхдээ дагуулж архи уулаа гэж загнасан. Үүнээс болоод бид 2 харих замдаа маргасан. Гэртээ орсны дараа ч бас маргаж муудалцсан. Би уураа барьж дийлэлгүй М-н нүүр лүү 2-3 удаа баруун гараараа цохисон. М гараараа нүүрээ дарж байсан, би гаран дээр нь бас цохисон. Би уураа барьж чадалгүй эхнэртээ гар хүрч хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би буруу зүйл хийсэндээ харамсаж байгаа болохоор ахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна гэжээ. /хх-ийн 38-39/
Шүүгдэгч Г.Э шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Хэрэгт өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогч С.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 06 сарын 20-ны өдөр би Эрдэнэ сумын Бүрдэнэ амралт руу өөрийн ээж, аавтайгаа явсан, орой 00 цаг болох гэж байхад Замын-Үүдэд ирсэн. Э-г аавынхаас ирээд авчих гэж хэлсэн. Э удаагүй таксигаар ирээд намайг авсан. Тэгээд гэрлүүгээ таксинд явж байхдаа би Э-той маргасан. Учир нь Э бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Хүүхэд харж үлдчихээд хүүхдээ дагуулж архи уулаа гэж аашилсан юм. Ингээд гэртээ ирээд ахиад бага зэрэг маргасан. Э өөрийгөө өмөөрөөд намайг үсдээд доош дарсан. Тэгсэнээ миний зүүн нүд рүү баруун гараараа 2 удаа цохисон, би зүүн гараараа нүүрээ хамгаалтал миний зүүн гарын бугалганд ахиад гараараа цохисон. би тусламж гуйж аллаа гэж орилсон. Удалгүй цагдаа орж ирээд Э-г аваад явсан. Одоо гомдол санал байхгүй, бид эвлэрсэн гэжээ. /хх-ийн 14-16/
Хохирогч С.М шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Гэрч А.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манайх Замын-Үүд сумын 1-р багт байдаг. 2020 оны 06 сарын 21-22-нд шилжих шөнө унтахаар гэртээ байж байхад манай хажуу ... тоотын айлын хүмүүс хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Би 2 сартай нялх хүүхэдтэй тул халуунд хаалгаа онгойлгочихсон байсан юм. Тэгтэл ... тоотын айлын хүмүүс сүүлдээ муудалцаад гэр дотороо түжигнээд, хүүхэд уйлаад, эмэгтэй хүн орилоод явчихаар нь би иргэний үүргээ биелүүлж цагдаад дуудлага өгсөн гэжээ. /хх-ийн 19/
Шинжээчийн 04/99 дугаартай дүгнэлт: 1. С.М-н биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Учирсан гэмтлүүд нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 27-28/
Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 6/
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 7-9/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 34-37/
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Замын-Үүд сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний цахим үнэмлэх, УБТЗ-ын 4-р ангийн тодорхойлолт, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-47, 55/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 59-60/
Шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 5/20 дугаартай тогтоол, хялбаршуулсан журмаар шалгах хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 57-58,62, 68/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 06 дугаар сарын 20 ноос 21-нд шилжих шөнө 00:10 цагийн орчимд Замын-Үүд сумын 1-р багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч С.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч С.М-н /хх-ийн 14-16/ мэдүүлэг, гэрч А.Ц-н /хх-ийн 19/ мэдүүлэг, шинжээчийн 04/99 дугаартай дүгнэлтээр “С.М-н биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Учирсан гэмтлүүд нь нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.” /хх-ийн 27-28/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Э-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл /хх-ийн 43/ зэргээр тогтоогдож байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав. Шүүгдэгч Г.Э-н үйлдсэн гэх хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байдал,үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдалтай нийцэж байна гэж үзлээ. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд прокурорын санал болгосон торгуулийн ялыг оногдуулав.
Оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага байхгүй байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолийг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б