| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2020/0075/Э |
| Дугаар | 77 |
| Огноо | 2020-07-02 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Л.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч Л.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л.Д-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 07 сарын 02-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн Х суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Сангийн далай багт оршин суух, урьд Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн ... оны ... сарын ...-ны ... дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1231-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Л.Д-д
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Л.Д нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Сангийн далай багийн нутаг, иргэн Д.Ч-н адуунаас 2018 оны 02 дугаар сард 1 адуу, мөн оны 09 дүгээр сард 1 адуу буюу 2 тооны бод малыг хулгайлан авч 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 02 сард Улаанбадрах сумын 4 дүгээр багийн иргэн Д.Ч-н адуун сүргээс “М” тамгатай бор зүсмийн хязаалан байдас хулгайлж өөрийн хэрэгцээндээ хэрэглэсэн. Мөн 2018 оны 09 сард дахин Д.Ч-н адуун сүргээс “М” тамгатай зээрд зүсмийн соёолон байдас хулгайлж зарж борлуулж өөрийн гэр бүлийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэжээ. /хх-ийн 70-71/
Шүүгдэгч Л.Д шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны зун хотын хүмүүст зээрд адууг өгсөн. Бор адууг нь намар идсэн юм. Хохиролд ботготой ингэ, тугалтай үнээ өгсөн гэв.
Хохирогч Д.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Би 2018 оны 02 дугаар сард Улаанбадрах сумын 1 дүгээр багийн нутаг С гэх газраас М тамгатай бор зүсмийн хязаалан байдас, намар нь буюу 2018 оны 09 сард зээрд зүсмийн тамга ижил байдас хулгайд алдсан. Би гомдолтой би бор зүсмийн болон зээрд зүсмийн байдсаа тус бүрийг нь 1,200,000 төгрөгөөр үнэлээд хохирлоо төлүүлж авмаар байна. ....2018 онд алдсан хоёр адууны оронд нэг ботготой ингэ, нэг тугалтай үнээг хохирлоор тооцож авсан одоо ямар нэгэн гомдол санал байхгүй хэрэг бүртгэлтийн ... дугаартай хэргийг хурдан шийдүүлмээр байна гэжээ. /хх-ийн 6, 11/
Хохирогч Д.Ч-н Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорт гаргасан тайлбарт: Миний бие нь 2018 онд алдсан 2 гүүний оронд Л.Д-с саран дэвсгэртэй бундан тамгатай ширээ бор ингэ ботготой, улаан алаг тугалтай зөв чих урд талаас ухамтай үнээ авч төлүүлсэн тул одоо ямар нэгэн гомдол байхгүй гэжээ. /хх-ийн 12/
Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2018 оны 03 сард Монгол мөн тамгатай бор зүсмийн хязаалан байдсыг манай нөхөр Д нь Улаанбадрах сум 1 дүгээр баг Сухайн ус гэх газраас хулгай хийж 600,000 төгрөгөөр ченжид зарсан гэж надад хэлсэн. 2018 оны 09 сард намайг Сайншанд суманд байхад манай нөхөр Д нь М тамгатай зээрд зүсмийн соёолон байдсыг хулгайлж С гэх газар гэрийнхээ гадаа төхөөрсөн. Хэний адуу болох талаар асуухад манай адуу гэсэн. Би бог малаа чихлээсээр нь мэднээ, бод малаа бол танихгүй гэжээ. /хх-ийн 19/
Гэмт хэргийн талаарх амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 2/
Улаанбадрах сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 30 дугаартай албан тоот, хохирогч Д.Ч-н 2018-2019 онд жилийн эцсийн мал тоолологоор тоолуулсан Улаанбадрах сумын 4 дүгээр багийн Засаг даргын 29 дугаартай тодорхойлолт /хх-ийн 9-10 /
А ХХК-ны үнэлгээний тайлан /хх-ийн 22-24/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, цахим иргэний үнэмлэх /хх-ийн 38-39/
2000 оны 03 сарын 27-ны өдрийн 69 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 40-42/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах 192.0002.9500.64 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 67/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 86/
Шүүгдэгч, өмгөөлөгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 5/27 дугаартай тогтоол, хялбаршуулсан журмаар шалгах хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 88-90, 96/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Л.Д нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Сангийн далай багийн нутаг, иргэн Д.Ч-н адуунаас 2018 оны 02 дугаар сард 1 адуу, мөн оны 09 дүгээр сард 1 адуу буюу 2 тооны бод малыг хулгайлан авч 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Ч-н /хх-ийн 6, 11-12/ мэдүүлэг, гэрч Д.М-н /хх-ийн 19/ мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-9/, Улаанбадрах сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 30 дугаартай албан тоот, Улаанбадрах сумын 4 дүгээр багийн Засаг даргын 29 дугаартай хохирогч Д.Ч-н 2018-2019 онд жилийн эцсийн мал тооллогоор тоолуулсан тодорхойлолт /хх-ийн 9-10/, А ХХК-ны үнэлгээний тайлан /хх-ийн 22-24/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Л.Д-н дээрх үйлдэл нь 2018 оны үйлдэл тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлон” гэж хуулчилсан. Шүүгдэгчийн хулгайлсан 2 бод нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-ийн 2020 оны 01 сарын 16-ны өдрийн хуулийн өөрчлөлтийн “олон тооны мал” гэдгийг тайлбарлахдаа 2 бод нь “олон тооны мал”-д хамаарсан байна. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна. Яллах дүгнэлтэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүхэд ирүүлсэн прокурорын зүйлчлэлийг өөрчлөн зүйлчилж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзлээ. Шүүгдэгч нь хулгайн үйлдлийг хийхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрөөр хэлбэр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн...” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн хувьд:
Шүүгдэгч Л.Д нь хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан болох нь хохирогч Д.Ч-н Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорт гаргасан тайлбар /хх-ийн 12/-аар батлагдсан. Иймд шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав.
Шүүгдэгч Л.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 1, 2, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Л.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Л.Д-д 1 жилийн хугацаанд оршин суух газараа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолийг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б