Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 78

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Т.М

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э  

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн М.Б-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 06 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Х аймгийн Ж суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд оршин суух хаягтай, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1-д зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, А овогт М.Б,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 10 сараас 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрүүдийн хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суух иргэн Б.Б-н амбаарт болон гэрт нууцаар нэвтрэн орж хөргөгч 1 ширхэг, нүүр буддаг толь 1 ширхэг, угаалтуур 1 ширхэг, гал тогооны түмбочка 1 ширхэг, майхан 1 ширхэг, ханын дрилл 1 ширхэг, тэгш ус 1 ширхэг, тасдагч 1 ширхэг, хана цоологч 1 ширхэг зэрэг нийт 10 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 1,322,750 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10 сарын дундуур Улаанбаатар хотоос аав, ээж, 2 дүүгийн хамт Замын-Үүд суманд шилжин ирсэн. Бид нар шилжиж ирээд Замын-Үүд сумын 2-р багт Ц гэх хүний хашаанд гэрээ бариад амьдардаг болсон. Тэгээд би 10 сарын сүүлээр манай буусан айлын хашаанд гэрийн хойд талд байсан жижиг төмөр амбаар дотор байсан цахилгаан дрилл 1 ширхэг, молоток 1 ширхэг, тэгш ус 1 ширхэг, цахилгаан таслагч 1 ширхэг эд зүйлийг авсан. Замын-Үүд фейсбүүк зар луу орж цахилгаан багаж худалдаж авна гэсэн зарыг хараад утсаар нь холбогдож манай амьдарч байсан Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй нэг настай ах ирээд 30,000 төгрөгөөр худалдаж аваад явсан. ...Замын-Үүд фейсбүүк зар луу орж зар харж байхад хуучин тавилга худалдаж авна гэсэн зар байхаар нь хашаан дотор манай гэрийн ертөнцийн зүгээр зүүн талд байдаг хашааны эзэн болох Б эгчийн гэрийн хаалга цоожтой байхаар нь цоожноос татсан чинь цүү хэсгээр сугараад гараад ирсэн. Тэгээд би гэрт нь ороод хөргөгч, толь, угаалтуур, гал тогооны тавилга, ширээ, майхан зэрэг эд зүйлийг авч гарсан. Тэгээд би зарын дагуу утсаараа холбогдож манай гэрээс цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй цэнхэр өнгийн дээлтэй харааны нүдний шилтэй эгч ирээд майхнаас бусад зүйлийг 160,000 төгрөгөөр худалдаж аваад явсан. Маргааш өглөө Замын-Үүд сумын 2-р багт байдаг А нэртэй хүнсний дэлгүүрийн эзэн С гэх ахын гар утас руу холбогдож майхан байна зарна шүү гэж хэлэхэд удалгүй цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд 10,000 төгрөгөөр худалдаж аваад явсан гэжээ. /хх-ийн 40-42/                  

Шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10 сарын дундуур санагдаж байна. Замын-Үүд сумын 2 дугаар багт хашаандаа айл буулган үлдээж явсан. 2020 оны 05 сарын 27-ны өдөр манай найз надруу залгаад танай гэр онгорхой байна хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. Би 2020 оны 05 сарын 28-нд Замын-Үүд суманд гэртээ ирэхэд манай эд зүйлс алга болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон. 700,000 төгрөгөөр худалдан авсан хөргөгч 1 ширхэг, 133,000 төгрөгөөр худалдан авсан нүүр буддаг толь 1 ширхэг, 100,000 төгрөгөөр авсан гэрийн угаалтуур 1 ширхэг, 300,000 төгрөгөөр авсан гал тогооны түмбочка 1 ширхэг, 247,000 төгрөгөөр авсан майхан 1 ширхэг, 25,000 төгрөгөөр авсан ширээ 1 ширхэг, 150,000 төгрөгөөр авсан кен ханын дрилл 1 ширхэг, 120,000 төгрөгөөр авсан тэгш ус 1 ширхэг, 80,000 төгрөгөөр авсан кет тастагч 1 ширхэг, 180,000 төгрөгөөр авсан кен хана цоологч 1 ширхэг тус тус алга болсон байна гэжээ. /хх-ийн 12-14/

Гэрч П.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 05 сарын 17-ны өглөө хөдөө байж байхад Замын-Үүд сум руу машинд түлш авах гээд явж байхад М.Б нь манай нөхөр Т.П-н гар утасруу залгаад 10,000 төгрөг зээлээч би Улаанбаатар хот явах гээд машинд сууж байна гэж хэлсэн. Манай нөхөр надад мөнгө байхгүй гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй М.Б дахиж залгаад майхан авах уу гэж асууж байсан. Манай нөхөр авахгүй гэхэд 10,000 төгрөгөөр авчих манай аав, ээж хоёр мэдэж байгаа гээд гуйгаад байсан. Тэр үед манай нөхөр бид хоёр С.Б-тэй Замын-Үүд сумын 2-р баг Шалганы гудамжинд уулзахад шууд манай машины багаажинд хийгээд бид хоёр дэлгүүрээс очоод мөнгө авчих гэж хэлээд салаад явсан. Тэгээд М.Б манай гэрээс очоод мөнгө авсан байсан. Майхан манай гэр буюу Замын-Үүд сум 2 дугаар багт байгаа гэжээ. /хх-ийн 23-25/   

Гэмт хэргийн талаарх амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 2/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-9/

А ХХК-ны үнэлгээний тайлан /хх-ийн 28-32/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол 2020000660062 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 38-39/

Чингэлтэй дүүргийн 12-р хороны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46, 49, 51-53/

... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 58-60/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 65-66/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 10 сараас 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрүүдийн хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суух иргэн Б.Б-н амбаарт болон гэрт нууцаар нэвтрэн орж хөргөгч 1 ширхэг, нүүр буддаг толь 1 ширхэг, угаалтуур 1 ширхэг, гал тогооны түмбочка 1 ширхэг, майхан 1 ширхэг, ханын дрилл 1 ширхэг, тэгш ус 1 ширхэг, тасдагч 1 ширхэг, хана цоологч 1 ширхэг зэрэг нийт 10 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 1,322,750 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Б-н /хх-ийн 12-14/ мэдүүлэг, гэрч П.Ц-н /хх-ийн 23-25/  мэдүүлэг,  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-9/, А ХХК-ны үнэлгээний тайлан /хх-ийн 28-32/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч М.Б-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж үзнэ. Шүүгдэгч нь хулгайн үйлдлийг хийхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрөөр хэлбэр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн...” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч М.Б нь хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байх тул А ХХК-ны үнэлгээний тайлангаар гарсан 1,322,750 төгрөгийг шүүгдэгч М.Б-с гаргуулж хохирогч Б.Б-т олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 06 сарын 25-ны өдрөөс 07 сарын 03-ныг хүртэл нийт 8 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулах тооцох нь зүйтэй байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Б-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-н цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Б-с 1,322,750 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-т олгосугай.

6. Шүүхэд эд мөрийн баримт, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.Б