Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Л.С

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б.Г-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 07 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засвар чимэглэлийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Дорноговь аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 3, 241 дүгээр зүйлд зааснаар 3 жилийн хорих ял, Дорноговь аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэгдсэн, Б овгийн Б.Г,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 02 сарын 10-ны орой 21 цаг 22 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ний хашааны гадна талд байсан ... улсын дугаартай Б маркийн автомашины чиргүүл дээрээс хучлага, даруулга тор, олс зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 02 сарын 10-ны өдөр 10 цагийн орчимд гэрээсээ гарч таксинд явж байгаад 2 дугаар сургуулийн ойролцоо байдаг байрны хойд талын хашааны хажууд зогсож байсан том оврын ачааны тээврийн хэрэгслийн чиргүүл дээр хуйлаатай ногоон өнгийн хучлага тавьсан байсныг харсан. Орой 17-18 цагийн үед гэртээ харьж хоолоо идээд 19 цагийн орчимд дахин таксинд явахаар гэрээсээ гарч явж байгаад гэр байрнаас Халиун кабелийн телевиз орох хүн суугаад Халиун кабелийн телевизийн үүдэнд хүнээ буулгасан. Хөвсгөл буудлын урд талын зам руу гарахаар явж байхдаа тэр машин дээр байсан хучлагыг яаж авдаг юм билээ гэж бодож явж байгаад танил Ч-тай таараад машиндаа суулгаад бид хоёр таксинд ясан. Тоочикын байрны голд танил А-тай таараад машиндаа суулгаад тэр хоёроос машин дээрээс машины хучлага буулгаж авах гэсэн юм туслаад өгч гэж гуйсан юм. Тэгээд бид гурав миний өдөр харсан 2 дугаар сургуулийн ойролцоо байрны хойд талын хашааны хажууд зогсож байсан том оврын ачааны машины хажуу талд очиж зогсож тэр хоёрт машин дээр байгаа хучлагыг буулгаад машинд хийгээд өгөөч гэж хэлсэн. Тухайн үед Ч надаас энэ хучлагаар юу хийдэг юм гэж асуухаар нь байшингийн дээвэр дээр тавих гэж байгаа юм гэсэн. Дусаал дусаад байгаа гэсэн л яриа болсон. Бид хучлаганы талаар өөр зүйл яриагүй, харин ойр зуурын ажил төрөл, эхнэр хүүхдийнхээ талаар багахан яриа болоод А надад хучлага ачихад тусалчихаад л яваад өгсөн. Бид хоёр цаашаа яваад манай гэрт очоод Ч хучлага буулгаж өгөөд явсан. Хучлага буулгаж байхад дотор талаас нь хүрэн өнгийн даруулга тор, олс байсан.  Би тэр хучлага, олсыг хулгайлж авсан гэж хэнд ч хэлээгүй. Манай гэрийнхэн ч хучлага авчирсан талаар огт мэдээгүй. Ч, А нар тэр хучлагыг хулгайн эд зүйл байсан гэдгийг мэдээгүй. Би тэр хоёрт “юм өргөөд, ачилцаад өгөөч” гэж гуйж авч яваад туслуулсан. Тэрнээс биш тэр хоёр намайг хүний эд зүйлийг хэлэлгүй авч байгааг огт мэдээгүй. Тэр хоёр ямар нэг хөлс мөнгө, шан харамж өгөөгүй. Тэр хоёр надад туслаж өгөөд явсан /хх-ийн 91-93/                 

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 02 сарын 10-нд М-н хажууд байсан машины хучлагыг 2 хүн гуйж байгаад авсан. Энэ 2 хүн намайг хулгай хийж байгааг мэдээгүй. Би өөрийн юм аа авч байгаа гэж ойлгуулсан. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна гэв.

Хохирогч Л.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 06 сараас М ХХК-д жолоочоор ажиллаж байна. 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ... улсын дугаартай Beiben маркийн ачааны автомашинд БНХАУ-ын Эрээн хотоос ачаа ачиж орж ирсэн. 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ... улсын дугаартай Beiben маркийн ачааны автомашинд ачигдсан барааны бүрдүүлэлтийг хийж хилээр орж ирсэн. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өглөө би өөрийн төрсөн ах Л.М-н хамт ... улсын дугаартай Beiben маркийн ачааны автомашинтай Замын-Үүдээс Улаанбаатар хот руу явж замдаа нэг хонож 2020 оны 02 дугаар сарын 05-ны орой Улаанбаатар хотод очиж Хөгжил трейд ХХК-ний хашаанд ... улсын дугаартай Beiben маркийн ачааны автомашинд ачигдсан ачааг буулгасан. Х трейдийн ачааг буулгахаар хашаанд нь очихдоо ачааг хучиж явсан ногоон өнгийн гялгар материалтай хучлага дотор татлага олс, даруулга тор зэргийг боож чиргүүлийн тавцан дээр тавьсан. 2020 оны 02 дугаар сарын 07-ны 11 цаг өнгөрч Улаанбаатар хотод М ХХК-ний хашаанаас 40 тонны хоосон чингэлэг ачиж 12 цагийн орчим Улаанбаатар хотоос Замын-Үүд сум руу ... улсын дугаартай Beiben маркийн ачааны автомашинтай явж Замын-Үүд суманд 03 цаг өнгөрч байхад ирээд М ХХК-ний хашааны ертөнцийн зүгээр баруун талд ... улсын дугаартай Beiben маркийн ачааны автомашиныг ертөнцийн зүгээр урагш харуулан байрлуулан тавьсан. 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр миний төрсөн ах М бид хоёр ... улсын дугаартай Beiben маркийн ачааны автомашины консны хий авч, ойр зуурын боолтыг чангалж засвар хийсэн. 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн орчим ах Л.М миний ... дугаарын гар утас руу залгаж ... улсын дугаартай Beiben маркийн ачааны автомашины чиргүүл дээр байсан хучлага чинь алга болсон байна гэхээр нь би гайхаад өөрөө очиж үзэхэд ... улсын дугаартай Beiben маркийн ачааны автомашины чиргүүлэн дээр тавьсан байсан хучлага болон дотор нь боолттой байсан татлага олс, даруулга тор байхгүй байсан. Тэгээд М баарны ди жи Х-н ... дугаарын гар утас руу залгаж машины хучлага алга болсон байна хяналтын камерын бичлэг шүүж үзье гэж хэлэн дуудсан. М баарны ди жи Х ирж хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 2020 оны 02 дугаар сарын 10-ны орой 21 цаг өнгөрч байхад машинтай хүмүүс ирж авч явж байгаа нь бичигдсэн байсан. Сая надад үзүүлсэн ногоон өнгийн хучлага, татлага олс, даруулга тор миний алдсан эд зүйл мөн байна. Би үнэлгээний байгууллагын гаргасан үнэлгээтэй танилцлаа, үнэлгээтэй. Надад санал, хүсэлт, гомдол байхгүй /хх-ийн 16-17/

Гэрч Л.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манай дүү М ... улсын дугаартай Beiben маркийн ачааны автомашинд БНХАУ-ын Эрээн хотоос ачаа ачиж орж ирсэн. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр би дүү Л.М-н ээлжийн жолоочоор ... улсын дугаартай Beiben маркийн ачааны автомашинтай Замын-Үүдээс Улаанбаатар хот руу явж замдаа нэг хонож 2020 оны 02 дугаар сарын 05-ны орой 22 цагийн орчим Улаанбаатар хотод очиж Х трейд ХХК-ний хашаанд ... улсын дугаартай Beiben маркийн ачааны автомашинд ачигдсан ачааг буулгасан. Х ХХК-ний хашаанд ... улсын дугаартай Beiben маркийн ачааны автомашинд ачигдсан ачааг буулгах үед нь би хучлага дотор нь татлага олс, даруулга тор зэргийг боож чиргүүлийн тавцан дээр тавьсан. 2020 оны 02 дугаар сарын 07-ны 11 цаг өнгөрч Улаанбаатар хотод М ХХК-ний хашаанаас 40 тонны хоосон чингэлэг ачиж 12 цагийн орчим Улаанбаатар хотоос Замын-Үүд сум руу ... улсын дугаартай Beiben маркийн ачааны автомашинтай явж Замын-Үүд суманд 2020 оны 02 дугаар сарын 08-ны 03 цаг өнгөрч байхад ирээд М ХХК-ний хашааны ертөнцийн зүгээр баруун талд ... улсын дугаартай Beiben маркийн ачааны автомашиныг ертөнцийн зүгээр урагш харуулан байрлуулан тавьсан. 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 14 цаг өнгөрч байхад М бид хоёр ... улсын дугаартай Beiben маркийн ачааны автомашины консны хий авч, ойр зуурын боолтыг чангалж засвар хийсэн. 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн орчим гэрээсээ гараад А дэлгүүрээс гэртээ хүнсний зүйл авах явж байсан чинь ... улсын дугаартай Beiben маркийн ачааны автомашины чиргүүл дээр тавьсан хучлага нь байхгүй байхаар нь би Л.М-н ... дугаарын гар утас руу залгаж ... улсын дугаартай Beiben маркийн ачааны автомашины чиргүүл дээр байсан хучлага чинь алга болсон байна гэж хэлсэн. /хх-ийн 21/   

Гэрч Ч.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг Т зочид буудалд манаач, галчаар ажилд орсон. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр амарч байсан чинь 14 цагийн орчим Т зочид буудлын жижүүр Ө миний ... дугаарын гар утас руу залгаад бохир бөглөрсөн байна гээд намайг дуудахаар нь ... ажилтай найз Г-с бохирын бөглөө гаргадаг тороосыг нь авч Т буудал руу явсан. Т буудлын бохирын бөглөөсийг 16 цаг өнгөрч байхад дуусгаж шилжүүлэн ачих анги руу очиж найз Г-д тороосыг нь буцааж өгсөн. Б дэлгүүрээс авсан 0.75 литрийн нэг Е нэртэй архиа 18 цаг өнгөрч байхад найз Г-той хувааж ууж дуусаад гэрлүүгээ явж байсан манай гэрийн үүдэнд Б.Г Ниссан маркийн бор саарал өнгийн автомашинтайгаа зогсож байсан. Б.Г-той уулзаад машинд нь суухад том машины хучлага авах гэсэн юм ачаад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрсөн. Б.Г манай гэрийн гаднаас хөдөлж Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн ертөнцийн зүгээр урд талд байдаг хуучин каргоны хажууд очиж зогссон. Хуучин хашааны гадаа зогсож байсан том машины чиргүүлний тавцан дээр байсан ногоон өнгийн боолттой хучлагыг тэр байна гэж Б.Г-г заахаар нь ийм том хучлагаар яах гэж байгаа юм гэсэн чинь байшингийнхаа дээврийг хучих гэж байгаа юм гэж байсан. Би тухайн үед согтуу байсан тул зарим зүйлийг сайн санахгүй байна. Ямар ч байсан Г-н зааж байсан ногоон өнгийн хучлагыг Г-н Ниссан маркийн бор саарал өнгийн машиных нь багажийг онгойлгож хийж байснаа санаж байна. Би тухайн үед согтуу байсан тул зарим зүйлийг сайн санахгүй байна. Г-той хамт 1 удаа хуучин каргоны хашааны гадаа очиж байснаа санаж байна. Би Г-г хучлага ачаад өгөөч гэж гуйхаар нь зөвшөөрч машиных нь багажинд хийж өгсөн. Хэрэв Г-г хүний юм хулгай хийж байна гэж мэдсэн бол би Г-той хамт явж ачиж өгч туслахгүй байсан юм. Г-г суумгаа тахир дутуу болохоор нь туслах санаатай ачиж өгсөн. Надад бол тэр том машины хучлагыг хулгай хийе гэсэн бодол байгаагүй гэжээ. /хх-ийн 25-26 /  

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 09 цаг өнгөрч байхад би найз С-н гэрт очсон. Намайг найз С-н гэрт очиход С-н эхнэр О, найз С нар байсан. С бид хоёр Э бөөний төв орж С Е нэртэй 0.75 граммын нэг шил авсан. С-н авсан Е нэртэй 0.75 граммын нэг шил архийг С гэрт очиж С бид хоёр хуваагаад уугаад би С-н гэрт унтсан. Би ер нь архи сайн даадаггүй юм. С-н гэрт унтаж байгаад 20 цагийн орчим сэрээд гэрлүүгээ алхаж явж байгаад найз Г-той З бөөний төвийн хажуу талын машин зам дээр таарсан. Г-той таараад машинд нь суусан чинь Г жолооны ард суусан, хажуу талын суудал дээр нь нэг танихгүй эрэгтэй хүн сууж байсан. Г намайг нэг газраас хучлага аваад өргөөд машинд хийгээд өг, хөл муутай авч чадахгүй байна гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Г том машины хучлага авах газар луу явж байхад нь би хулгайн юм биш биз, хаанаас авах гэж байгаа юм гэж Г-с асуусан чинь Г хулгайн юм бишээ таньдаг хүнийх байгаа юмаа гэж надад хэлсэн. Хуучин каргоны хашааны гадаа зогсож байсан ачааны том машины хажууд очиж зогсоод чиргүүлийн урд хэсэг дээр нь байсан хуйлаастай хучлагыг зааж өгсөн. Г-н зааж өгсөн хучлагыг авахаар би тэр том машины чиргүүл рүү гарч, Г-н хажууд сууж байсан эрэгтэй хүн доороос хуйлаастай хучлагыг тосож аваад Г-н машины багажинд хийсэн. Г-н зааж өгсөн машины хучлагыг нь тэр том машины чиргүүл дээрээс буулгаж өгөөд Г-р гэртээ хүргүүлсэн. Би Г-г хучлага ачаад өгөөч гэж гуйхаар нь туслах санаатай зөвшөөрч хучлагыг тэр том машины чиргүүл дээрээс буулгаж өгсөн. Хэрэв Г-г хүний юм хулгай хийж байна гэж мэдсэн бол би Г-той хамт явж ачиж өгч туслахгүй байсан юм. Надад бол тэр том машины хучлагыг хулгай хийе гэсэн бодол байгаагүй гэжээ. /хх-ийн 28-29 / 

Гэрч С.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2007 оноос хойш ... ажиллаж байна. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр урд өмнө надтай хамт ажиллаж байсан Ч.Ч миний ... дугаарын гар утас руу залгаад бохирын бөглөөс гаргадаг тороосоо өгч бай гэж гуйхаар нь би зөвшөөрч ажил дээр ирээд ав гэж хэлсэн. 14 цаг өнгөрч байхад Ч.Ч миний ажилладаг төмөр замын Замын-Үүд ачаа шилжүүлэн ачих ангийн уурын зуухан дээр ирсэн. Ч.Ч манай ажил дээр бохирын бөглөө гаргадаг тороос авахаар ирээд намайг хамт Т буудал руу яваад бөглөрсөн бохирыг нь гаргаад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрч хамт Т буудал дээр очиход бохирын шугам нь хөлдчихсөн нэг залуу галаар төөнөж байхаар нь би наад хөлдүүс чинь галаар төөнөөд байхаар гэсээд гарчихана гэж хэлээд Ч.Ч-н хамт ажил руугаа буцаж явсан. Ажил дээр бохирын бөглөө гаргадаг тороссыг аваачиж тавиад би гал тогооноос 1 ширхэг бэлэн гоймон, 2 ширхэг жижиг торт аваад гэр лүүгээ явсан. Ажлаас гэрлүүгээ явахад Ч.Ч надтай хамт явж байгаад өндөр улаан худагийн хажуу талын дөрвөн зам дээрээс надаас салаад явсан. Ч.Ч-г надаас бохирын бөглөөс гаргадаг тороос авахаар ирдэг өдөр бид хоёр архи уугаагүй. Харин Ч.Ч-с архи үнэртэж байхаар нь архи уусан юмуу гэж асуухад өчигдөр жаахан уучихсан юм гэж надад хэлэхээр нь би Ч.Ч-т чи одоо наад архи уухаа боль гэж хэлсэн. Ч.Ч 2020 оны 02 сарын 10 өдөр надаас бохирын тороос авахаар ирэхдээ Т зочид буудалд манаач, галчаар ажиллаж байгаа гэж хэлж байсан. Одоо хаана ямар ажил хийж байгааг нь мэдэхгүй гэжээ. /хх-ийн 30-32/

Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ...Одоо бид 2 хүүхдүүдийн хамтаар амьдарч байгаа. Миний нөхөр Г 2012 оны 08 дугаар 20-ны өдөр Э хувьцаат компанид ажиллаж байгаад осолд орж ачаа бараанд даруулж хөдөлмөрийн чадвараа 90% алдаж нуруу нугалам аарцаг /L4/ хоёр хөлийн саажилт оноштойгоор нийгмийн даатгалын групт орсон. Одоо миний асрамжинд байдаг. Зан байдлын хувьд миний нөхөр Г нь төлөв даруу, дуу цөөнтэй эхнэр хүүхдүүддээ халамжтай ажилч хичээнгүй зантай гарын уртай гоёлын хатгамал хийдэг өөрийн хүүхдүүддээ гутал байнга хийж өгдөг. Осолд орсноос хойш сэтгэл санаа хааяадаа тавгүйрхдэг болчихсон хүүхдүүдээ хараад тайвширч сэтгэл санаа нь дээрддэг. Гэртээ хатгамал оёж өөрийнхөө сэтгэл санааг тайвшруулж хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мартдаг. Би нөхрийгөө хүний юм хулгайлсан гэж мэдээгүй байж байгаад 2020 оны 03 дугаар сарын 10 үед цагдаа нар ирэхээр мэдсэн. Манай нөхөр Г том ногоон өнгийн машины бүтээлэг урт олс, машины дээгүүр бүтээдэг тор зэргийг авчраад амбаарт хийсэн байсныг цагдаа ирээд үзэхэд л харсан. Тухайн үед би ... дугаартай автомашинаа гэртээ үлдээсэн байсан. Би бодохдоо манай амьдарч байгаа байшингийн дээврээс байнга бороо шороо унаад байдаг болохоор дээвэр дээрээ тавих гэж авсан байх гэжээ. /хх-ийн 33-35/

Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Б.Г-г мэднэ яагаад мэддэг вэ гэхээр манай эмнэлгийн хяналтанд хөдөлмөрийн чадвар алдалттай өвчний улмаас хяналтанд байдаг. Мөн өрхийн эмнэлгийн хяналтанд байдаг. Б.Г нь нуруу нугасны гэмтлийн улмаас бүсэлхий хэсгээс доошоо өтгөн шингэнээ гаргах болон бэлгийн үйл ажиллагаа, 2 хөлийн үйл ажиллгаа алдагдсан шалтгаанаар эмнэлгийн байнгын хяналтанд байдаг. Б.Г 2012 онд нуруу нугасандаа гэмтэл авч гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд орсон боловч нугасны үйл ажиллагаа нь бүрэн сэргээгүйн улмаас 2012 онд Хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгон манай эмнэлгийн хяналтанд орсон. Б.Г нь одоогийн байдлаар хөдөлмөрийн чадвар алдалт нь 90% хувийн хөдөлмөрийн чадвар алдалттайгаар 2 жилийн хугацаатайгаар тогтоолгосон байна дуусах хугацаа 2021 оны 02 дугаар сарын 27 өдөр дуусаж байгаа. Б.Г-н хөдөлмөрийн чадвар алдалт нь түүний сэтгэцэт ямар нэгэн нөлөө байхгүй. Түүний гэмтэл нь нуруу нугасны гэмтэл учраас шууд сэтгэцэт нөлөөлөхгүй ба эмнэлгийн хяналтанд байх хугацаанд ч сэтгэцийн өөрчлөлт өгсөн зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 37-36/

Гэрч Л.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би М ХХК-д хөгжмийн техникчээр ажилладаг юм. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр би ажил дээрээ байгаагүй манай баар ажиллахгүй байгаа болохоор гэртээ амарч байсан. Харин тэр өдөр манай ажлын газрын жолооч М миний ... дугаарын утасруу залгаж машины хучлагаа алдчихлаа камерийн бичлэг шүүмээр байна гэсэн. Би ажил дээрээ ирж бааран дотор байдаг камерийг шүүж үзэхэд саарал өнгийн дээрээ семпор болон такси гэсэн бичигтэй жижиг суудлын машинтай 3 хүн ирээд М-н том оврийн ... улсын дугаартай автомашиний ачаан дээр байсан хучлага болон татлага олс, ачаа даруулдаг тор зэргийг аваад явж байгаа бичлэг нь камерт бичигдсэн байсан. Мөн тус камерийн бичлэг дээр хашааны хаалгаар нэг хүн хальт цухуйгаад орсон бичлэг байсан. Би харвал танихгүй камерийн бичлэгт тэр хүмүүсийн царай нь харагдахгүй байсан харин машин нь арай дээр харагдаж байсан. Номер дугаар нь харагдаагүй ямарч байсан суудлын жижиг автомашин байсан тэр машины онцлог шинж тэмдэг нь гэвэл хойд бөгсний гэрэл болон семпор нь маш содон байсан мөн номерийх нь нэг гэрэл нь шатсан байсан. Би тэр хүнийг танина тухайн үед ээлжинд гарч байсан галч байна лээ би галчийг бичлэг дээр бичигдсэн тухай захирал А-д хэлэхэд захирал асуугаадхий гэсэн. Удалгүй захирал А нь галч Б ахаас асуулаа тэр хүмүүсийг кампаний жолооч нар өөрийнхөө машиныг үзэж байна гэж бодоод буцаад орсон хулгай хийж байгаа хүмүүс гэдгийг мэдээгүй гэсэн талаар надад хэлсэн. Тэгээд манай жолооч М цагдаагийн байгуулагад хучлагаа алдлаа гэж дуудлага өгсөн гэжээ. /хх-ин 39/

Гэрч Ш.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 02 дугаар сард М ХХК-нд галчаар нэг сар ажлынхаа хажуугаар давхар ажилласан. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр М ХХК-нд галчаар ажиллаж байсан. Сая надад үзүүлсэн камерын бичлэг дээр хашааны хаалган дээр гарч ирж байгаа хар хувцастай хүн би мен байна. Би тухайн үед дэлгүүр орж талх авахаар гарч явж байгаад галаа арай их хийсэн байсан болохоор санаа зовоод буцаж орж байсан юм. Би хашаанаас гараад 1,2 алхаад буцаж хашаа руу орсон. Бичлэг дээр байгаа том машины хажууд зогсож байгаа жижиг машиныг хараагүй. Би М ХХК-д 2020 оны 02 сард ажиллаж байхдаа зөвхөн галчаар ажилласан. Ямар нэгэн харуул, жижүүрийн үүрэг гүйцэтгээгүй гэжээ. /хх-ийн 41/

Гэмт хэргийн талаарх амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 2/

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8/

Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56-58/

А ХХК-ны үнэлгээний тайлан /хх-ийн 61-63, 67-69/

Б.Г-н амбултороор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 74-80/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол 2020000320072 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 87-90/

2020 оны 06 сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 97/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100/

... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 103-104, 107-108/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн тодорхойлолт, шүүгдэгч Б.Г-н иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 116-117/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 121/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 124-125/

Шүүгдэгч Б.Г-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 127/

Хохирогч Л.М-н хүсэлт /хх-ийн 128/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 02 сарын 10-ны орой 21 цаг 22 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ний хашааны гадна талд байсан ... улсын дагаартай Бэйбэн маркийн автомашины чиргүүл дээрээс хучлага, даруулга тор, олс зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Л.М-н /хх-ийн 13-14/ мэдүүлэг, гэрч Л.М-н /хх-ийн 21/, гэрч Ч.Чулуунбаатарын /хх-ийн 25-26/, гэрч Б.А-н /хх-ийн 28-29/, гэрч Т.А-н /хх-ийн 34-35/ нарын мэдүүлэг, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12/, А ХХК-ны үнэлгээний тайлан /хх-ийн 61-63/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Г-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж үзнэ. Шүүгдэгч нь хулгайн үйлдлийг хийхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрөөр хэлбэр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн...” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав. Шүүгдэгч нь хулгайлсан эд зүйлийн биет байдлаар нь буцаан өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл болгон үзлээ.

Шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоёр бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 1, 2, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Г 1 жил 6 сарын хугацаанд оршин суух газараа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар ирсэн хоёр бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хадгалсугай.

6. Шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолийг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Э.Б