| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/00797/и |
| Дугаар | 151/ШШ2016/01130 |
| Огноо | 2016-11-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 151/ШШ2016/01130
| 2016 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 151/ШШ2016/01130 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2016/00797/и хэргийн индекстэй
Нэхэмжлэгч: Төв аймаг, Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
Замт нэгдлийн “Хөдөлмөр”-ийн гавъяаны улаан Тугийн одонгоор шагнагдаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунчимэг, нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга Баярнэмэх шүүхэд гаргасан хүсэлтдээ:- Тус сум анх 1936 онд Замтын нэгдэл нэрэйгээр байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байгаа юм. Замтын нэгдэл нь 1941 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байсан тухай түүхийн ном болон тухайн үед ажиллаж байсан ахмад малчин Д.Банк, Б.Гончигням гуайн дурсамж яриагаар нотлогддог. Гэвч Замтын нэгдлийг Борнуур суманд нэгтгэх шийдвэр гарч бүх зүйлийг шилжүүлсэн байдаг, дараа нь эргэж 1979 онд Баянчандмань сум болгосон. Бидний өвөг дээдсийн хөдөлмөрийн амжилтыг үнэлж олгосон төрийн өндөр шагналыг тэгш ойн өмнө буцааж олгуулах талаар бид Монгол улсын ерөнхийлөгчид хүсэлт гаргасан боловч шүүхийн байгууллагаар одон хэдэн онд хаана байхдаа үрэгдэж алга болсон тухай шүүхэд хүсэлт гаргалаа гэжээ.
Нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунчимэг /Баянчандмань сумын ЗДТГазрын хууль эрх зүйн ажилтан/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: - Төв аймгийн Баянчандмань сум нь 1936 онд Замтын нэгдэл нэртэй байгуулагдсан. 1941 онд Замтын нэгдэл нь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байсан гэж төр засгийн байгуулагад он, удаан жил ажилласан хүмүүс ярьдаг. Шагнагдаж байсан талаарх нотлох баримт нь Төв аймгийн Баянчандмань сумын архивт байхгүй, шатсан гэдэг. 1962 онд Замтын нэгдлийг Төв аймгийн Борнуур сум руу салгаж, сандал, ширээ, архивийн баримт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг бүх зүйлтэй нь хамт шилжүүлсэн гэдэг. Төв аймгийн Баянчандмань сум нь 1936 онд байгуулагдсан ба энэ жил буюу 2016 онд түүхт 80 жил ой болсон. Хойч үедээ үлдээх зорилгоор Замтын нэгдлийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Замтын нэгдэл 1936 онд одоогийн Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэр дээр байгуулагдсан байдаг. Архивийн баримт үзэхээр Замтын нэгдэл гэсэн нэртэй байсан. Энэ үйл явдлыг гэрчилж байгаа Д.Банкын эцэг эх нь анх Замтын нэгдэлд гишүүнээр орж ажиллаж амьдарч байсан ба Д.Банк нь олон жил нягтлан бодогчоор тус Баянчандмань сум, САА-д ажиллаж байсан, Жаргал нь сумын нарийн бичиг дарга хийж байсан хүмүүс. Харин Б.Гончигням нь малчин байсан хүн. Архиваас гаргаж ирүүлсэн баримтуудаас үзэхэд Замтын нэгдэл нь 52, 73-р км-т байсан гэж дурдагдсан байдаг энэ нь дурдагдаж байгаа 52 гэдэг нь одоогийн Баянчандмань сумын нутагт байдаг 52-ын даваа, 73-р км гэдэг нь Баянчандмань сумын төвийг хэлдэг байсан юм. Иймд Замтын нэгдлийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байсан үйл баримтыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэргийн оролцогчын хуульд заасан аргаар цуглуулж, бэхжүүлэн шүүхэд ирүүлсэн бичгийн нолтох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төв аймаг, Баянчандмань сумын Засаг дарга нь Замт нэгдлийг “Хөдөлмөр”-ийн гавъяаны улаан Тугийн одонгоор шагнагдаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байсан гэх Замт нэгдэл нь БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 12 сарын 04-ны өдрийн 80 дугаар тогтоолоор “Хөдөлмөр”-ийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байсан болох нь:
- гэрч Д.Банкын шүүхэд гаргасан тодорхойлолт, мэдүүлэгт “Би анх Баянчандмань сумын дундын засварын газарт Сангийн аж ахуйнуудын удирдах газрын тушаалаар 1961 оны 6 сарын 29-ний өдөр ерөнхий нягтлан бодохоор ажилд орж байсан. Манайх 1957 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөгжил нэгдлээс Төв аймгийн Баянчандмань сумын Замтын нэгдэлд шилжин ирж аав ээж дүү нарын хамт Замтын нэгдлийн гишүүн болж ирсэн юм. Ингээд 1958, 1959 онуудад зуны амралтаараа нэгдлийн саалийн бригадын бяцхан сүүж гэх газар заводын сүүг авч байсан. Миний эцэг Содовын Даш тус Замтын нэгдлийн намын хорооны орлогч даргаар ажиллаж байлаа. Замтын нэгдэл 1936 онд байгуулагдаж 1941 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор шагнагдсан. 1962 оны 2 сард Замтын нэгдлийн гишүүдтэй Төв аймгийн намын хороо, Намын төв хорооны төлөөлөгч нар очиж Замтын нэгдлийг тарааж Борнуурын сангийн аж ахуйд нэгтгэх нэгдлийн бүх гишүүдийн хурал хийж байсан юм. Би нэгдлийн гишүүний хувьд тус хуралд сууж гишүүдийн санал бодлыг сонсож байлаа. Тэгэхэд нэгдлийн гишүүд Борнуурын Сангийн аж ахуйтай нийлэхгүй хэрэв нэгдлийг маань сангийн аж ахуй болгох гэж байгаа бол Замтын сангийн аж ахуй болгож өг гэдэг санлыг тавьж байсан юм. Тэгээд энэ хурал 3 удаа болсон юм. Тэгээд сүүлд нэгдлийн дарга нар нэгдлийн гишүүдтэй уулзаж битгий нийлэхгүй гэсэн санлыг тавиачаа, нам улс орны шаардлагаар Борнуурын сангийн аж ахуйтай нэгтгэх боллоо гээд тараасан юм. Тэгэхэд гишүүд бид авсан хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоо өгөхгүй, бид Борнуур сумын сангийн аж ахуй руу очихгүй, одонгоо Баянчандмань сумандаа авч үлдэнэ гэдэг санлыг тавьж байсан боловч нэгдлийн бүх хөрөнгийг Борнуур авч явахад тугтайгаа өгч явуулсан юм. Замтын нэгдлийн төв Баянчандмань сумын төв дээр байсан. 1941 онд Замтын нэгдлийн хөдөлмөрийг үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм. ...” гэснээр /хх-н 6, 20-21/
- гэрч Ц.Жаргалын шүүхэд гаргасан тодорхойлолт, мэдүүлэгт “Би 1966 оноос эхэлж 1975 он хүртэл Баянчандмань хороо захиргааны ардын депатутуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар ажилласан. Энэ хугацаанд Баянчандмань сумын үүсэл хөгжилтэй холбоотой төрийн албан ёсны баримт бичгүүдэд тусгагдсан материалуудтай танилцаж байсан. Тийм ч үүрэгтэй. Тэгэхэд 1936 онд одоогийн Баянчандмань сумын нутаг Замтын адаг гэх газар нутгийн 7 иргэн санаачилж замтын нэгдэл гэдгийг байгуулж элдүүрчин гэдэг хятадын хувийн тээрмийн байшинд хуралдаж 1937 онд анхны нэгдлийн даргаар Доржийг томилсон түүх тэмдэглэгдсэн байдаг. Тэгээд 1951 онд одоогийн Баянчандмань сумын нутаг их сүүж гэх газар Баянцогтоос 7, 8, 11, 12 дугаар баг, тэр үеийн Баян-Өлзийт одоогийн Борнуур сумаас 3, 4, 5 дугаар багууд, Батсүмбэр сумын нутгаас 1, 2, 11, 13 дугаар багууд, Тэр үед байсан партизаны нэгдэл, өлгий нэгдэл, толгойтын нэгдлүүдээс газар нутгийг тусгаарлаж 1000 гаран хүн амтай, 200-гаад өрхтэй засаг захиргааны нэгж төвлөрсөн. ...1962 онд Замтын нэгдэл татан буугдаж Борнуурын сангийн аж ахуйтай нэгтгэсэн. 1957 онд Германы коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Эрнест Тельман гэх хүн Монгол улсад ирээд Замтын нэгдэлд зочилоход Замтын нэгдлийн тус хүний нэрэмжит болгож байсан. Нэгдлийн төв Баянчандмань сумын төв дээр байсан. ...1941 оны 12 сарын 4-ний өдрийн Бүгд найрамдах Монгол ард улсын Бага хурлын тэргүүлэгчдийн 80 дугаар тогтоолоор Замтын нэгдлийн хөдөлмөрийг үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байдаг. Хожим 1962 онд Замтын нэгдлийг Борнуурын суманд нэгтгэхэд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон нь тугтайгаа шилжсэн байдаг. Би 1982 онд тус сумын хороо захиргааны нарийн бичгийн даргаар дахин сонгогдож тухайн үед Борнуур сумын сангийн аж ахуйн дарга Дэчинпэл, сумын нарийн бичгийн дарга Дашцэрэн нартай уулзаж ярьж байхад одон нь алдагдсан, хаа байгаа нь мэдэгдэхгүй байгаа гэж байсан. Замт нэгдлийн анхны дарга Дорж одоо нас барсан. Дорж гуайн дараагийн дарга 1950-1955 он хүртэл Аюуш гэж хүн байсан. Нас барсан түүний гэр бүлийн хүн Тогтох гэж хүн одоо амьд сэрүүн байдаг. 1955-1957 онуудад Давга гэж хүн байсан. Тэр хүн 2011 онд нас барсан. 1957-1959 Отгон гэж байсан. Отгон дарга одоо Улаанбаатар хотод амьдардаг. 1959-1962 он хүртэл буюу нэгдэл тарах хүртэл Лувсанбалдан гэж дарга байсан. ...” гэснээр /хх-н 7, 22-24/
- Архивын Ерөнхий Газар, Үндэсний төв архивын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 02/193 дугаартай хариу тоотоор ирүүлсэн /хх 26-77/ Төв аймгийн Баянцогт сумын 18-р /Замт дах/ мал аж ахуйн нэгдлийн шалгасан акт, БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдээс, 1944 оны 6 дугаар сарын 28-ны өдрөө гаргасан 46-р хурлын тогтоол зэрэг баримтуудыг уйгаржин монголоос кирилл Монгол бичиг рүү хөрвүүлсэн баримт /хх 82-108/ бичиг буюу дараах бичгийн нотлох баримтанд:
-“Утга нь одон тэмдэгт Замтын нэгдлийн дарга Улсын Бага Хурлын гишүүн Доржийн илтгэлийг хэлэлцэх тухай” БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдээс 1944 оны 6-р сарын 28-ны өдрөө гаргасан 46-р тогтоолд “...Төв аймгийн Баянцогт сумын 68 дугаар /Замт/-ын одон тэмдэгт мал аж ахуйн ба үйлдвэрлэлийн нэгдлийг анх 1938 онд 3-р сард Баянцогт сумын хөдөлмөрчин ард түмнээс санаачлан 52-р км-ын Дээд замт хэмээх газар байгуулснаас хойш даруй 10 жил илүү болж 11 дэх жилдээ ажиллаж байна. ...Олон түмний оргилсон хөпөлгөөнийг нам засгаас аль болохоор дэмжин тусалж анх 10260 төгрөгөөр эхлэн их удирдагч маршал Чойбалсангийн шууд санаачлагаар 100 мянга хүртэл төгрөгийн урт хугацааны зээллэг олгож, улмаар Хөдөө аж ахуйн багаж зэвсэг олгох зэргээр тэдгээр нэгдсэн ард түмний дундын ба хувийн мал аж ахуй, газар тариалангийн хэргийг эрхлэн хөгжүүлэхэд нь бүхий л бололцоонуудаар ханган тусалсан төдийгүй удаа дараа тус нэгдлийн сайн ажиллагааг үнэлж улсын дээд байгууллагаас Хөдөлмөрийн гавьяаны одон тэмдэг хүртэл сайшаан шагнаж байжээ. ...Нөхөр Дорж нь удаа дараа хуралдсан Улсын бага хурал ба Намын бүгд хурлын илтгэл тогтоолыг өөрийн харьяаны 1081 тооны ард ажилчин албан хаагчдад ухуулан таниулж армийн фронтод 268 тооны бод мал ба 20140 төгрөгийг бэлэглүүлсэн байна. ...Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга Бумцэнд, Бага хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Баяр, Тэргүүлэгчид Цэдэнбал, Янжмаа, Жамилай, Дашзэгвэ.” гэснээр /хх-н 82/,
- “Тэргүүний шалгарсан сайн малчин ард ба улсын аж ахуй хийгээд өвс станцын сайн ажилчдыг шагнах тухай” БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдээс 1931 оны 12-р сарын 4-ны өдрөө гаргасан 80-р тогтоолын Нэгдүгээр зүйл Хөдөлмөрийн гавьяаны одонгоор. ...15. Төв аймгийн Замтын нэгдлийн дарга Батнасангийн Дорж ... Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга Бумцэнд, Бага хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Баяр, Тэргүүлэгчид Цэдэнбал, Янжмаа, ...Жамилай” гэснээр /хх-н 91/,
- 2013 онд хэвлэгдсэн Төв аймгийн Баянчандмань сумын “Сэтгэлд ойрхон, бодолд уяатай нутаг минь” гэх номны “Түүхэн он цагийн товччоо” гэсэн гарчиг 13-р хуудсанд “...Замтын нэгдлийн малын тоо 5 дахин өсөж, 913560 төгрөгийн үйлдвэрлэл явуулж, 274069 төгрөгийн цэвэр ашиг олж, 481 га газарт тариа тарьж 4033 тн буудай хураан авч 1000 га газарт өвс хадаж 433.0 тн хадлан авсан зэрэг хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт гаргасныг үнэлж БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн зарлигаар тус нэгдлийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. ...” гэснээр /хх-н 113/
- 2013 онд хэвлэгдсэн зохиолч Чулуутын Болдбаатарын “Монгол улс Төв аймаг” он дарааллын бичиг гэх номны 89-р хуудсанд “Замтын нэгдэл” гэсэн гарчигтай одоогийн Баянчандмань сумын төв буюу сумын ЗДТГазрын байр болон ойр орчмын барилга байшинг буулгасан зурагны доод хэсэгт “...Замтын нэгдлийг нийгмийн 63 малтайгаар байгуулснаар тус аймаг дахь хөдөө аж ахуйн нэгдлүүдийн эх үүсвэр тавигдаж улмаар Төв аймагт хөрөнгө хөдөлмөрөө хоршсон олон нэгдэл бий болжээ. ...” гэснээр /хх-н 112/ Замтын нэгдэл нь одоогийн Баянчандмань сумын нутаг 52-р км, 73-р км-г хамарсан нутаг дэвсгэрт үүсгэн байгуулагдаж, 1941 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байсан болох нь тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд Төв аймаг, Баянчандмань сумын Засаг даргын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Замтын нэгдлийг “Хөдөлмөр”-ийн гавъяаны улаан Тугийн одонгоор шагнагдаж байсан болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байсан гэх Замтын нэгдэл нь 1941 онд “Хөдөлмөр”-ийн гавъяаны улаан Тугийн одонгоор шагнагдаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийншийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ