Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Л.С, 

Шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Э.Х-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д аймгийн Ц суманд төрсөн, эмэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх Ш овгийн Э.Х,

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Э.Х нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хооронд иргэн Б.О-г “авто машин зарна” гэж итгэл төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, цахим хэрэгсэл ашиглаж, 2,250,000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг Х банкны ... дугаарын дансанд шилжүүлэн авч, залилан мэхэлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Э.Х мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 05 дугаар сарын эхээр байсан байхаа ЗҮД фэйсбүүк зар дээр ... фэйсбүүк хаягнаас хямдхан машин авна гэсэн зар байршуулсан байхаар нь би комент хэсэгт нь хямдаар машин оруулж ирнэ шүү гэж бичсэн. Тэгсэн чинь ... гэсэн фэйсбүүк хаягнаас миний хувь чат болох ... гэсэн фэйсбүүк хаяг руу лайк дарж орж ирсэн.  ... фэйсбүүк хаяг руу машин оруулж ирнэ, ямар машин сонирхож байна гэсэн чатыг бичсэн чинь ... хаягнаас приус-20 маркийн автомашин сонирхож байна гэсэн чат ирэхээр нь болноо оруулж ирнэ гэсэн хариу бичээд, өөрийнхөө гар утасны ... дугаарыг өгсөн. ... дугаарын гар утаснаас эмэгтэй хүн залгаад сая чатаар орж ирсэн хүн байна. 1,000,000 төгрөг урьдчилгаанд өгч захиалж болох уу гэж асуухаар нь би болно гэж хэлсэн. Хэд хоногийн дараа ... гэсэн фэйсбүүк хаягнаас миний ... гэсэн фэйсбүүк хаяг руу Замын-Үүдээс хямд машин авахаар болсон гэсэн утгатай чат бичихээр нь би зa зa гэсэн хариу өгсөн. Тэгээд маргааш өглөө нь ... гэсэн фэйсбүүк хаягнаас миний ... гэсэн фэйсбүүк хаяг руу байна уу гэсэн чат бичиж орж ирэхээр нь би байна гэсэн хариу өгсөн чинь эгч нь машинаа захиалъя гэсэн чат бичихээр нь би болноо гэж чат бичсэн. Тэгээд ... гэсэн фэйсбүүк хаягнаас дансаа өгөөрэй гэж чат ирэхээр нь би өөрийнхөө Х банкны ... дугаартай дансаа өгсөн. Намайг Х банкны ... дугаартай дансаа явуулснаас хойш нэг цагийн орчим хугацаанд 1,000,000 төгрөг миний ... дугаартай дансанд орсон. ... гэсэн фэйсбүүк хаягнаас миний ... гэсэн фэйсбүүк хаяг руу байнга мэнд мэдсэн чат бичдэг байсан. Нэг удаа гэртээ тавилга авах над руу тавилганы зураг явуулаад Улаанбаатар тавилга үзээд явж байна гэхээр нь би зурагтны тавиур, гоо сайханы ширээ сандалны зураг явуулаад надад бас ийм тавилга ирдэг гэж чат бичсэн. Тэгсэн чинь гоо сайханы ширээ сандлыг нь сонирхож байна захиалъя гээд захиалсан. Гоо сайханы ширээ, сандал захиалж миний ... дугаартай Х банкны данс руу 350,000 төгрөг хийсэн. Энэ хийсэн 350,000 төгрөгний 200,000 төгрөг нь гоо сайханы ширээ, сандалны мөнгө, үлдсэн 150,000 төгрөгийг нь мөнгөтэй байгаа дээрээ машиныхаа урьдчилгаа мөнгөн дээрээ нэмж хийе гэж хэлсэн. Тэгээд нилээн хэд хоногийн дараа би ... гэсэн фэйсбүүк хаяг руу оруулж ирэх гэж байгаа машины гаалийн татварын мөнгө 500,000 төгрөг болно гэж чат бичсэн чинь тэр эгч над руу өмнөх 150,000 төгрөг дээр нэмээд 250,000 төгрөг хийе үлдсэн мөнгийг нь чи өөрөөсөө аргалаад өгч байх боломж байна уу гэхээр нь би надаа боломж байхгүй гэж хэлсэн. Тэгээд миний ... дугаартай Х банкны данс руу 250,000 төгрөг хийсэн. Хоёр хоногийн дараа ... гэсэн фэйсбүүк хаягнаас миний ... гэсэн фэйсбүүк хаяг руу миний дүү аргалаж чадсан уу, эгч нь эсвэл аргалах уу гэхээр нь би аргалж чадаагүй гэсэн чинь, өөрөө аргалая гэж чат бичээд тэр оройноо миний ... дугаарын Х банкны данс руу 100,000 төгрөг хийсэн. Хэд хоногийн дараа би ... гэсэн фэйсбүүк хаяг руу машиндаа дугаар авбал 50,000 төгрөгөнд дугаар олдох юм шиг байна гэсэн чинь чи наанаасаа авчих, Дорноговийн дугаар авбал сайн байна гэхээр нь би болноо аваад өгье гэсэн. Тэгээд миний ... дугаарын Х банкны данс руу 50,000 төгрөг хийсэн. Миний Х банкны данс руу 50,000 төгрөг хийснээс хойш хэд хоногийн дараа ... гэсэн фэйсбүүк хаягнаас миний ... гэсэн фэйсбүүк хаяг руу байна уу, юу болж байна, машин орж ирэх болж байна уу гэсэн чат ирэхээр нь би удахгүй орж ирнэ, машин орж ирэхээр миний гарын бас хоосон байлгахгүй биз дээ гэж чат бичсэн. Тэгсэн чинь эгчдээ ний нуугүй хэлээ хэдийг авах вэ гэж асуухаар нь би ер нь бол 500,000 төгрөг авна гэж бичсэн чинь тэр эгч эхний ээлжинд 250,000 төгрөг өгье гэж хэлээд миний ... дугаарын Х банкны данс руу 250,000 төгрөг хийсэн. Би хохирогч Б.О-д нийт 2,250,000 төгрөгний хохирол учируулсан. Б.О-д учруулсан хохирлоо бүрэн барагдуулж дууссан байгаа. Би гаргасан үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна миний буруу би дахин ийм алдаа гаргахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54/,

- Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн орчим Замын-Үүд зар, мэдээлэл гэсэн фэйсбүүк зар дээр өөрийн ... гэсэн фэйсбүүкнээс хямд машин сонирхож байна гэсэн зар оруулсан. Намайг зар оруулсаны дараа орой 16 цаг өнгөрч байхад миний ... фэйсбүүкний чат руу ... фэйсбүүк хаягтай чатнаас – сайн байна уу, та машин сонирхож байна уу, би банкинд ажилладаг хүн байна, хувиараа хүүгүй хямдхан машин оруулж ирдэг гэж чат бичихээр нь би хариуд нь сонирхоё гэсэн чинь над руу гар утасныхаа дугаарыг өгчих, өөрөө залгая гэж чат бичихээр нь би өөрийнхөө ... дугаарын гар утасны дугаараа бичсэн. Намайг чатаар гар утасны дугаараар бичсэний дараа удалгүй миний ... дугаарын гар утас руу ... дугаарын гар утаснаас залгаад өөрийгөө Х байна гэж хэлсэн. Тэгээд намайг машин сонирхож байна уу гэж асуухаар нь би тиймээ гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэй өөрийгөө банкинд ажилладаг хүн байна, хувиараа Уранаас машин оруулж ирж зардаг, 7-10 хоногт орж ирнэ, урьдчилгаа нэг сая төгрөгнөөс гурван сая төгрөг байдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь би сарын төлбөр нь хэд байдаг юм гэж асуусан чинь нэг зуун мянган төгрөгнөөс гурван зуун мянган төгрөг байдаг, энэ сард төлж чадахгүй бол дараа сард нь бөөндөнө төлж болно гэж хэлэхээр нь би боломжийн байна машин худалдаж авъя гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өөрийн цалингаа авдаг ХХБ-с зээл авахаар материалаа бүрдүүлж зээл хөөцөлдсөн. 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр би ХХБ-с зургаан сая төгрөгний цалингийн зээл аваад Х гэдэг хүний ... дугаарын Х банкны данс руу нэг сая төгрөгийг шилжүүлсэн. Х гэсэн Х банкны ... дугаарын Х банкны данс руу мөнгө хийсний дараа миний ... гэсэн фэйсбүүк хаягны чат руу ... фэйсбүүк чатнаас машин чинь удахгүй орж ирнэ гэсэн чат явуулсан. Хоёр хоногийн дараа би Х-н ... дугаарын гар утас руу нь залгаад машин юу болж байна, хэзээ орж ирэх гэж байна гэж асуусан чинь таны машины захиалгыг өгсөн байгаа санаа зоволтгүй гэж хэлсэн. Дахиад арав хоногийн дараа чат руу өөрийнхөө чатнаас долоо хоног чинь өнгөрчихлөө, машин яасан бэ гэж асууж чат бичсэн чинь корона вирустэй холбоотой Уранаасаа татвар нь нэмэгдсэн байна гэж хэлэхээр нь би тэгээд татвар нь хэд болсон юм гэж асуусан чинь 500,000 төгрөг миний данс руу шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд би татварын мөнгийг нь өгчих юм бол яг найдвартай орж ирэх юмуу гэж асуусан чинь найдвартай орж ирнэ гэж хэлэхээр нь би Х гэсэн ... дугаарын Х банкны данс руу 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Дахиад 2, 3 хоног чимээгүй болчихоор нь ... чат руу өөрийнхөө чатнаас машин яасан бэ татвараа төлчихсөн орж ирж байгаа юмуу гэж асууж чат бичсэн чинь над руу одоо орж ирж байгаа одоо оношлогооны мөнгө одоо миний данс руу шилжүүл гэж чат бичсэн. Оношлогооны мөнгө явуул гэж чат бичсэний маргааш өдөр нь Х гэсэн ... дугаарын Х банкны данс руу 250,000 төгрөгийг шилжүүлсэн. Дахиад 2, 3 хоногийн дараа ... чат руу өөрийнхөө чатнаас машин болж байна яаралтай машины хэрэг гараад байна гэсэн чат бичсэн чинь хариуд нь таны машин маргааш орой орж ирнэ гэж чат бичээд, номерны мөнгө 50,000 төгрөг явуул, манайх эрсдэлээ бодож бүх бичиг баримтыг бүрдүүлж өгдөг юм гэж чат явуулсан. Тэгээд би маргааш орж ирэх юм байна гэж бодоод Х гэсэн ... дугаарын Х банкны данс руу 50,000 төгрөгийг шилжүүлсэн. Маргааш орой нь миний чат руу мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн автомашины зураг явуулаад машин чинь ороод ирсэн, ийм гоё машинтай боллоо гэж чат бичихээр нь би Замын-Үүд рүү явуулах боломж байгаа юу гэж асууж чат бичсэн чинь болно гэсэн хариу өгсөн. Маргааш наашаа явуулчих уу гэж чат бичсэн чинь би таны ийм их ажлыг бүтээж өгч байхад дүүгээ шагнана биз дээ гэхээр нь би яаж шагнадаг юм гэж асуусан чинь мөнгө авна гэхээр нь би хэдийг авах юм гэж асуусан чинь 500,000 төгрөг гэхээр нь би хувааж өгч болох уу гэж асуусан чинь болно гэж хариу өгсөн. Тэгээд би шагналын мөнгөний тал болох 250,000 төгрөгийг Х гэсэн ... дугаарын Х банкны данс руу шилжүүлсэн. Маргааш өдөр нь ... дугаарын гар утас руу ... дугаарын гар утаснаас залгасан чинь миний гар утсыг блок хийсэн байхаар нь ... чат руу өөрийнхөө чатнаас машин орж ирсэн үү, юу болов гэж асууж чат бичсэн чинь, захирал намайг хувиараа машин оруулж ирж байгааг мэдчихсэн байна гэж хариу бичсэн. Тэгээд би юу яриад байгаан зөндөө олон машин оруулж ирсэн байж ганц миний машиныг орж ирэхэд баригдана гэж юу байдаг юм, миний машинтай өшөө хэдэн машин орж ирсэн бэ гэж асуусан чинь, долоон машин орж ирсэн, би ажилгүй болох гээд байна, захирал намайг дуудсан гэж хариу чат бичиж байсан. Цагдаагийн байгууллагад 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өргөдөл өгсөний дараа 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ... чатнаас миний ... чат руу дансны дугаараа өгчих, 300,000 төгрөг хийчие гэж чат бичихээр нь би ХХБ-ны ... дугаартай дансаа өгсөн. Дансны дугаар өгсөний дараа данс руу чинь мөнгө хийчихлээ гэж чат бичихээр нь дансаа шалгасан чиньХХБ-ны миний данс руу 300,000 төгрөг хийсэн байсан. 2020 оны 06 дугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд ... чатнаас миний чат руу мөнгө хийчихлээ гэж чат ирэхээр нь ХХБ-ны ... дугаарын дансаа шалгаж үзсэн чинь 400,000 төгрөг, 300,000 төгрөг, 1,250,000 төгрөгийг тус тус хийсэн байсан... Х-с нийт 2,250,000 төгрөгийг буцаан авсан тул надад санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41/,

- Диспозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-15/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-58/,

- Э.Х-н иргэний үнэмлэхийн лавлагаа,  оршин суугаа газрын лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60-65/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд:  шүүгдэгч Э.Х нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хооронд цахим хэрэгсэл ашиглаж иргэн Б.О-д авто машин зарна уранаас оруулж ирдэг гэж худлаа хэлж  2,250,000  төгрөгийг Х банкны дансаараа шилжүүлэн авсан үйл баримт болсон байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Э.Х нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хооронд иргэн Б.О-г “авто машин зарна” гэж итгэл төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, цахим хэрэгсэл ашиглаж, 2,250,000 төгрөгийг Х банкны ... дугаарын дансанд шилжүүлсэн авч залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. 

Шүүгдэгч Э.Х нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хооронд иргэн Б.О-г хуурч, цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2,250,000 төгрөгийг Х банкны ... дугаарын дансанд шилжүүлсэн авч залилсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч Б.О “...2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн орчим Замын-Үүд зар, мэдээлэл гэсэн фэйсбүүк зар дээр өөрийн ... гэсэн фэйсбүүкнээс хямд машин сонирхож байна гэсэн зар оруулсан. Намайг зар оруулсаны дараа орой 16 цаг өнгөрч байхад миний фэйсбүүкний чат руу ... фэйсбүүк хаягны чатнаас – сайн байна уу, та машин сонирхож байна уу, би банкинд ажилладаг хүн байна, хувиараа хүүгүй хямдхан машин оруулж ирдэг гэж чат бичихээр нь би хариуд нь сонирхоё гэсэн чинь над руу гар утасныхаа дугаарыг өгчих, өөрөө залгая гэж чат бичихээр нь би өөрийнхөө ... дугаарын гар утасны дугаараа бичсэн… тэр эмэгтэй өөрийгөө банкинд ажилладаг хүн байна, хувиараа уранаас машин оруулж ирж зардаг, 7-10 хоногт орж ирнэ, урьдчилгаа нэг сая төгрөгнөөс гурван сая төгрөг байдаг гэж хэлсэн... Х гэдэг хүний ... дугаарын Х банкны данс руу нэг сая төгрөгийг шилжүүлсэн... арав хоногийн дараа ... чат руу өөрийнхөө чатнаас долоо хоног чинь өнгөрчихлөө, машин яасан бэ гэж асууж чат бичсэн чинь корона вирустэй холбоотой уранаасаа татвар нь нэмэгдсэн байна гэж хэлэхээр нь би тэгээд татвар нь хэд болсон юм гэж асуусан чинь 500,000 төгрөг миний данс руу шилжүүлчих гэж хэлсэн… 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Дахиад 2, 3 хоног чимээгүй болчихоор нь ... чат руу өөрийнхөө чатнаас машин яасан бэ татвараа төлчихсөн орж ирж байгаа юмуу гэж асууж чат бичсэн чинь над руу одоо орж ирж байгаа одоо оношлогооны мөнгө одоо миний данс руу шилжүүл гэж чат бичсэн… маргааш өдөр нь Х гэсэн ... дугаарын Х банкны данс руу 250,000 төгрөгийг шилжүүлсэн. Дахиад 2, 3 хоногийн дараа ... номерны мөнгө 50,000 төгрөг явуул, манайх эрсдэлээ бодож бүх бичиг баримтыг бүрдүүлж өгдөг юм гэж чат явуулсан… 50,000 төгрөгийг шилжүүлсэн. Маргааш орой нь миний ... чат руу мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн автомашины зураг явуулаад машин чинь ороод ирсэн, ийм гоё машинтай боллоо гэж чат бичихээр нь би Замын-Үүд рүү явуулах боломж байгаа юу гэж асууж чат бичсэн чинь болно гэсэн хариу өгсөн. Маргааш наашаа явуулчих уу гэж чат бичсэн чинь би таны ийм их ажлыг бүтээж өгч байхад дүүгээ шагнана биз дээ гэхээр нь ... асуусан чинь 500,000 төгрөг гэхээр нь би хувааж өгч болох уу гэж асуусан чинь болно гэж хариу өгсөн… 250,000 төгрөгийг Х гэсэн ... дугаарын Х банкны данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Х-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг бусдыг хуурч, хуурч, цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан  бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлж, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж, торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овгийн Э.Х-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан  бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овгийн Э.Х-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х нь 450,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.Н