Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 17

 

                              

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “ЭҮ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтэц, байгаль орчин, уул уурхай, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга, Улсын ахлах байцаагч Д.С, Хөдөлмөрийн хяналтын Улсын байцаагч Д.Э нарт холбогдох

“Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14-06-023/34 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг  хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны  хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, Д.Алтангэрэл, хариуцагч Д.Э, гуравдагч этгээд Л.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Наранхүү нар оролцов.       

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч нарын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14-06-023/34 тоот актыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Магнай овогтой Б гэх хүнд холбогдолтой асуудлаар тухайн актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. М.Б нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Авто тээврийн байгууллагад белазийн жолоочоор ажиллаж байсан. Авто тээврийн газрын даргын 254 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан байдаг. Уг тушаалд М.Б-д 6 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод мэргэжлээс шалтгаалах өвчтэй эсэх талаараа үзлэг хийлгэж эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 2 гарны тохойн үений үрэвсэл гэх оношоор хөдөлмөрийн чадвар алдалт 50% тогтоогдож байсан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас энэ шалтгаанаараа тэтгэмж авч байсан. Ингээд 2006 онд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдсан хувь хугацааг цуцлуулсан. Энэ тухай “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д М.Б мэдэгдэж ахмадын бүртгэлд хамруулж ахмадын тэтгэмж олгож өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Ингээд ахмадын тэтгэмжээ авч байгаад 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан байдаг. Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтэц, Байгаль орчин, Уул уурхай, Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга, Улсын ахлах байцаагч Д.С, Хөдөлмөрийн хяналтын Улсын байцаагч Д.Э нар нь дээрх маргаан бүхий актыг гаргахдаа М.Бд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс цуцалсан байгааг шалгалгүйгээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг М.Бгийн ар гэрт 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгох ёстой гэсэн акт гаргасныг зөвшөөрөхгүй байгаа. Мөн өмнө нь гуравдагч этгээд Л.А нь Иргэний хэргийн шүүхэд хандаж энэ асуудлыг шийдвэрлүүлж байсан. 2014 оны 09 дүгээр сарын 798 дугаар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр байдаг. Энэ шийдвэрт М.Бг мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байсан. Үүний дараа 2015 онд дахин нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч Л.А хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. 2017 онд шүүхэд хандаад 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 585 дугаар шүүгчийн захирамжаар өмнө нь энэ хэргийг шийдвэрлэсэн учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байсан байдаг. Үүний дараа Л.А Мэргэжлийн хяналтын газарт хандаж, Мэргэжлийн хяналтын газраас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д төлөвлөгөөт бус шалгалт хийж 14-06-023/34 дугаар актаар нөхөн төлбөр төлүүлэхээр заасан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК тухайн актыг хуульд заасан журмын дагуу дээд шатны эрх бүхий албан тушаалтан буюу Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт гомдол гаргасан. Гэтэл уг үйл баримтыг тогтоож ажиллагаа хийлгүйгээр төлбөр төлүүлэх тухай гэсэн хариу ирсэн учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсан. Үүнээс харахад Магнай овогтой Б нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас бараагүй тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтын гэрээнд заасан 36 сарын тэтгэмж олгох боломжгүй. Тухайн үед нас барах үед мөрдөгдөж байсан 2010, 2011 оны хамтын гэрээг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн. Уг хамтын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтаас харахад мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдөж, уг өвчнөөр нас барсан нь тогтоогдсон ажилтны ар гэрт олгохоор заасан байна. Энд хавсарсан буюу дагалдах өвчин гэж байхгүй. М.Б нь хавсарсан өвчний улмаас нас барсан байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14-06-023/34 тоот актыг хүчингүй болгож өгөөч гэж хүсэж байна.” гэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж тайлбарлах зүйл байхгүй.” гэв.

Хариуцагч Мэргэжлийн хяналтын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мэргэжлийн хяналтын газар Л.Агийн өргөдлийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д төлөвлөгөөт бус шалгалт хийгээд уг шалгалтаар белазын жолоочоор ажиллаж байсан М.Бтай холбоотой шийдвэр тушаал зэрэг 2004 оноос хойших бүхий л баримтуудыг татаж шалгаад мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдсөн нь тогтоогдож байсан. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 2 гарны тохойн үений үрэвсэл дагалдах өвчин артерийн даралт 2-р шат гэж заасан байсан. Мэргэжлийн хяналтын газраас Шүүхийн шинжилгээний албаны эмч Гэрэлмаагийн 133 дугаар цогцост хийсэн үзлэгээс гарсан дүгнэлт байгаа. Эдгээр баримтыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийн акт тогтоосон. Гэтэл тухайн “Эрдэнэт үйлдвэр” ХХК улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна. Анх М.Б нь эрүүл ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа мэргэжлээс шалтгаалах өвчтэй болсон. Мөн дагалдах бусад өвчний улмаас нас барсан гэж үзэж байгаа тул акт тогтоосон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэв.

Гуравдагч этгээд Л.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдөж хөдөлмөрийн чадвараа 50% алдсан гэж тогтоолгосон учраас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас нөхөн олговор олгож өгөөч гэж хүсэж байна” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Наранхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар иргэн Л.Агийн өргөдлийн дагуу төлөвлөгөөт бус шалгалтын удирдамж гаргаад шалгалт хийж 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14-06-023/34 тоот актыг гаргасан. Улсын байцаагчийн актыг зохих хуульд үндэслэж бүрэн эрхийнхээ дагуу гаргасан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг үндэслэж, бүрэн эрхийнхээ дагуу акт гаргасан нь хуулийн заалттай нийцсэн тул хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх боломжгүй. Гол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно” гэж заасан. М.Б нь мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилж нас барсан байх тул хохирлыг нөхөн олгох зорилгоор нөхөн төлбөр гаргуулах тухай акт тогтоосон байна. Мөн задлан шинжилгээний дүгнэлтийг үндэслэсэн байдаг. М.Бг хавсарсан өвчний улмаас нас барсан гэж үзсэн. Тэгэхээр хавтаст хэрэгт авагдсан баримтаас харвал Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 72 тоот тушаал дээр М.Бгийн нас барсан шалтгаан нь мэргэжлээс шалтгаалах өвчин биш гэж дүгнэсэн. Мэргэжлийн хяналтын газрын албан бичгээр М.Бгийн оношийг үндэслээд үзвэл мэргэжлээс шалтгаалах өвчин гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. Гарч байгаа дүгнэлтүүд нь энэ мэт зөрүүтэй байдаг. Хамгийн сүүлд шинжилгээний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлт нь нас барсан шалтгаан нь мэргэжлээс шалтгаалах өвчин биш гэсэн дүгнэлт гаргасан. Эдгээр нь хууль сануулсны үндсэн дээр дүгнэлт гаргаагүй ч дүгнэлтүүд зөрүүтэй байна. Эндээс үзвэл мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан нь үндэслэлтэй юм байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу мэргэжлийн хяналтын байцаагчийн акт тогтоосноор нөхөн төлбөр олгох үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

             

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар,  хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК “Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14-06-023/34 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг  гаргасан.

Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Жигдэнгомбо иргэн Л.Агийн ирүүлсэн өргөдлийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д  “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн болон бусад холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар төлөвлөгөөт бус “Хяналт шалгалт хийх тухай” удирдамжийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д заасны дагуу батлан гаргажээ.

Удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус шалгалт хийж 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 14-06-023/34 дугаартай Мэргэжлийн хяналтын улсын байцаагч акт гаргаж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2017 оноос хэрэгжүүлэх хамтын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1.г-д /2006 оноос өмнө Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон ажилтнуудад олгох нөхөн төлбөрийг тооцох сарын дундаж цалинг 480.000 төгрөгөөр тооцож олгоно/ заасан заалтын дагуу нөхөн төлбөр 17.280.000 /арван долоон сая хоёр зуун наян мянган/ төгрөгийг М.Бгийн ар гэрт 2017 оны 12 дугаар сарын 15-ны дотор нөхөн олгож, барагдуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн, ерөнхий нягтлан бодогч С.С нарт хариуцуулан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь М.Бг мэргэжлээс шалтгаалах өвчнөөр нас бараагүй тул мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актыг зөвшөөрөхгүй гэж

Хариуцагч болон гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нар М.Бг мэргэжлээс шалтгаалах өвчнөөс болж нас барсан гэж тус тус маргасан.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар нь маргаан бүхий захиргааны акт болох төлбөр тогтоосон 14-06-023/34 дугаартай актыг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.4-д “хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах” гэсэн улсын байцаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй болох нь хариуцагч Д.Эын шүүхэд “Шүүхийн шийдвэр эцсийн байх тул нөлөөлөх байсан. Шалгалтын явцад холбогдох баримтуудад шүүхийн шийдвэр байгаагүй ..” гэсэн тайлбараар нотлогдож байна.

Мөн маргааны үйл баримтын талаар 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрүүл мэнд судлалын төвийн 72 дугаар бүхий албан бичигт “ Магнай овогтой Б  ... мэргэжлээс шалтгаалсан үндсэн өвчин болох DS: Деформирующий остеоартроз локтевых суставов /Мэргэжлээс шалтгаалсан тохойн үений хэлбэр, хөдөлгөөн алдагдах өвчин/ өвчин нь нас баралтын шалтгаан болохгүй болно.”, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 798 дугаартай хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр “М.Бгийн нас барсан шалтгааныг үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчин, түүний хүндрэлийн улмаас нас барсан гэх боломжгүй байх ба түүний мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан гэдэг нь эмнэлэгийн байгууллагын шинжилгээ, магадлагаагаар  .. тогтоогдохгүй байна.” гэж тус тус үнэлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн шүүх Нийгмийн даатгалын Ерөнхий газрыг шинжээчээр томилсон ба шинжээч нар  “... 3. Мэргэжлээс шалтгаалсан DS: Деформирующий остеоартроз локтевых суставов өвчин нь удаан хугацаагаар үенд хэт ачаалал, жижиг гэмтлүүд өгснөөс үүссэн үений дегеннаратив-дистрофийн өөрчлөлтөд орж хөдөлгөөн хязгаарлагддаг өвчин бөгөөд уг өвчний улмаас булчингийн хатингаршил, үений мултрал, үений хөдөлгөөн хязгаарлагдах зэрэг хүндрэл үүсдэг болно. Иймд М.Бгийн үхлийн шалтгаанд DS: Деформирующий остеоартроз локтевых суставов өвчин шууд нөлөөлөх боломжгүй гэж үзэж байна...” гэж дүгнэлт гаргасан.

Хариуцагч Д.Э “М.Бг дагалдах артерийн даралт 2 дугаар шатанд байсан” гэж тайлбарласан боловч шинжээчийн дүгнэлтээр “...мэргэжлээс шалтгаалсан хавсарсан болон дагалдах эмгэг байгаагүй болно.” гэж дүгнэсэн.

 “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 274/137 дугаар  тушаалын 1 дүгээр хавсралтаар “Ердийн өвчний жагсаалт”-ыг баталсан. Ердийн өвчний жагсаалтын “Дотрын өвчин” гэсэн гуравдугаар хэсгийн 3.4-д  Артерийн даралт ихдэх өвчний 2 үе бичигдсэн нь М.Бг артерийн даралт ихдэх өвчин буюу мэргэжлээс шалтгаалах дагалдах өвчнөөр нас барсан гэж үзэх үндэслэлгүй байна. 

Дээрхи байдлуудаас дүгнэхэд М.Бг мэргэжлээс шалтгаалсан  DS: Деформирующий остеоартроз локтевых суставов өвчний улмаас нас барсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14-06-023/34 дугаар “Нөхөн төлбөр төлүүлэх тухай” актаар 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр 17280.0 мянган төгрөгийг М.Бгийн ар гэрт нөхөн олгож, барагдуулахыг “Эрдэнэт үйлдвэр“ ХХК-д хариуцуулсан нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Иймээс нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14-06-023/34 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг  хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд шүүхийн задлан шинжилгээний хариу, шинжээчийн дүгнэлт зөрүүтэй, шинжээчид хууль сануулаагүй гэж тайлбарласан ба 2011 оны 12 сарын 07-ны өдрийн 133 дугаар “Задлан шинжилгээний акт”-аар М.Бг мэргэжлээс шалгаалах өвчнөөр, эсвэл бусад төрлийн дагалдах өвчнөөр нас барсан тухай дүгнэлт хийгээгүй болохыг, шүүх Нийгмийн даатгалын Ерөнхий газрыг шинжээчээр томилсон ба шинжээч нарт эрх үүрэг болон холбогдох хууль тайлбарласан талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан болохыг /ХХ-100-101 хуудас/, хариуцагч Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтэц, байгаль орчин, уул уурхай, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Д.Сад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 52 дугаар зүйлийн 52.1, 10 дугаар зүйлийн 10.9.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн  Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14-06-023/34 дугаар “Нөхөн төлбөр төлүүлэх тухай” актыг хүчингүй болгосугай.   

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д олгосугай.

 

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА