Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2022/0010

 

         

П.А, Д. нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн Үйлдвэр-4 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр төлөвлөсөн Гачууртын автозамаас Шар хадны эцсийн зогсоол хүртэл 4,27 км автозам болон салаа автозамын трассыг бидний өмчлөлийн газар дээгүүр татсан замын трассын хэсгүүдийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 728 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Уранцэцэг,

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг

Хэргийн индекс: 128/2021/0190/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П.А, Д.Д нараас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн Үйлдвэр-4 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр төлөвлөсөн Гачууртын автозамаас Шар хадны эцсийн зогсоол хүртэл 4,27 км автозам болон салаа автозамын трассыг бидний өмчлөлийн газар дээгүүр татсан замын трассын хэсгүүдийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 728 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.1, 73 дугаар зүйлийн 73.1.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 78 дугаар зүйлийн 78.1, Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1., 11 дүгээр зүйлийн 11.1, 11.5.2, 12 дугаар зүйлийн 12.5, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8, 32 дугаар зүйлийн 32.2, 32.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.А, Д.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Тэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн Үйлдвэр-4 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-ний 37, 38 дугаар бүсэд нэхэмжлэгч нарын өмчлөлийн нэгж талбарын 18652310337570, 18652310325532, 18652310320555 дугаартай газарт давхцуулсан Гачууртын автозамаас хойшоо Шархадны автобусын эцсийн зогсоол хүртэлх 4.27 км одоо байгаа замыг өргөсгөх, шинээр хажуугийн туслах зам тавих, уг замаас зүүн тийш Гачуурын автозам руу холбогдох замын уулзвар бүхий автозам төлөвлөсөн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “Хот байгуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоотой төлөвлөлтийн зарчмыг тусгаж ажиллана” гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн 9, 10, 23 дугаар хорооны нутаг дэвсгэр 688.9 га талбайд 4068 өрх, 15865 хүнээс түүврийн аргаар санал, асуулга авч төлөвлөлт хийгдсэн. Төлөвлөлт гэдэг бол Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар “хот төлөвлөлт" гэж тухайн хот, тосгоны ирээдүйн хөгжил, эдийн засаг, нийгэм, дэд бүтцийн зөв зохистой үйлчилгээг бий болгохын тулд газар ашиглалт, хотын барилгажилт болон хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн үе шат бүхий төлөвлөлтийн мэргэжлийн үйл ажиллагааг” хэлнэ. Төлөвлөлт хийгдэж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаж, цаашид төлөвлөлтгүй барилга, байгууламж баригдахаас сэргийлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хангах, гэр хорооллыг барилгажуулах зэрэг үйл ажиллагааны баримтлах баримт бичиг болохоос биш, газар өмчлөгч болгонтой тохиролцоо хийх, нөхөн олговор олгохтой харилцаа нь дараа дараагийн асуудал буюу газар эзэмшигч, өмчлөгчтэй уг асуудлаар хэлэлцэх тохиролцох асуудал нь инженерийн дэд бүтэц болон замын ажлын зургийн шатанд хийгдэх ажил юм.

Гэвч шүүх газар эзэмшигч, өмчлөгчтэй газрыг солих, нөхөн олговортойгоор эргүүлэн авах тохиролцох үүрэгтэй гэж дүгнэсэн нь буруу юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч П.А-ын 2204027628 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 18652310337570 нэгж талбарын дугаартай, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3 хэсэг сургуулийн гудамж, 1287 тоот хаягт байршилтай 700 м.кв газар[1], 2204018282 газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 18652310325532 нэгж талбарын дугаартай, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3 хэсэг сургуулийн гудамж, 1286 тоот хаягт байршилтай 442 м.кв газар[2], нэхэмжлэгч Д.Д-ийн 2204010595 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 18652310320555 нэгж талбарын дугаартай, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3 хэсэг сургуулийн гудамж, 1287а тоот хаягт байршилтай 700 м.кв газартай[3] Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” 63 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн Үйлдвэр-4 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Гачууртын автозамаас Шар хадны эцсийн зогсоол хүртэл 4,27 км автозам болон салаа автозамын трассын зарим хэсэг нь давхцалтай болох нь тогтоогдсон, талууд үүнтэй маргаагүй байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлээ хариуцагч нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан журмаар санал авах талаар зохицуулагдаагүй” хэмээн, хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нэхэмжлэгч нар маргаан бүхий акттай холбоотой асуудлаар одоогоор ямар нэгэн гомдол гаргаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8-д заасан нөхцөл бий болсон” гэж тус тус тайлбарлан маргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно”, “73.1.2.хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх”, 74 дүгээр зүйлийн 74.1-д “Төлөвлөгөөнд сонсох ажиллагааг төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллага хариуцна”, Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болох хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн дүүрэг, орон сууцны болон гэр хорооллын газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилтын төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний хангамжийг нарийвчлан тодотгож төлөвлөсөн хот байгуулалтын үйл ажиллагааны баримт бичгийг боловсруулахдаа юун түрүүнд уг төлөвлөгөөний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдэд сонсох ажиллагаа явуулах, улмаар санал авах, оролцоог нь хангах талаар нарийвчлан зохицуулсан байна.

Хэдийгээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан захиргааны байгууллага болох Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас түүврийн аргаар 409 иргэнээс санал авсан талаар дурдаж, иргэдээс авсан гэх 2 саналын хуудас ирүүлсэн байх боловч уг баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүйн дээр маргаан бүхий Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн Үйлдвэр-4 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдээс авсан санал гэж үзэх боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.2. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу өмчлөх эрх үүссэн газартаа уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй бөгөөд дээрх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний улмаас уул эрхээ бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... газар өмчлөгч болгонтой тохиролцоо хийх, нөхөн олговор олгохтой холбоотой харилцаа нь дараа дараагийн асуудал ... инженерийн дэд бүтэц болон замын ажлын зургийн шатанд хийгдэх ажил” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

2.3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгтээ нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хальж, Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн Үйлдвэр-4 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Гачууртын автозамаас хойшоо Шархадны автобусны эцсийн зогсоол хүртэл 4,27 км одоо байгаа замыг өргөсгөх, шинээр хажуугийн туслах зам тавих, уг замаас зүүн тийш Гачууртын автозам руу холбох туслах замын уулзвар бүхий автозам төлөвлөсөн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

            Учир нь нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн Үйлдвэр-4 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр төлөвлөсөн Гачууртын автозамаас Шар хадны эцсийн зогсоол хүртэл 4,27 км автозам болон салаа автозамын трассын бидний өмчлөлийн газартай давхацсан хэсгүүдийг хүчингүй болгуулах” хэмээн тодорхойлж, уг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний өөрсдийн 18652310337570, 18652310325532, 18652310320555 нэгж талбарын дугаар бүхий газартай давхацсан хэсэгтэй маргасан байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн Үйлдвэр-4 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр Гачууртын автозамаас Шар хадны эцсийн зогсоол хүртэл одоо байгаа замыг өргөсгөх болон шинээр тавих салаа авто замын төлөвлөсөн хэсгээс нэхэмжлэгч П.А, Д.Д нарын газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт маргааны үйл баримтад төдийлөн хамааралгүй хуулийн зүйл, заалт баримталсан байх тул хассан өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 728 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.1, 73 дугаар зүйлийн 73.1.2, 74 дүгээр зүйлийн 74.1, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн Үйлдвэр-4 нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр Гачууртын автозамаас Шар хадны эцсийн зогсоол хүртэл одоо байгаа замыг өргөсгөх болон шинээр тавих салаа авто замыг төлөвлөсөн хэсгээс нэхэмжлэгч П.А, Д.Д нарын газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

 

[1] Хавтаст хэргийн 7 дугаар талд,

[2] Хавтаст хэргийн 13 дугаар талд,

[3] Хавтаст хэргийн 16 дугаар талд,