Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00821

 

“Ч Л С М”ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02830 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 254 дүгээр магадлалтай,

“Ч Л С М”ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй

Ш.Бд холбогдох

Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхадын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, С.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Ч Л С М”ТБАГУТҮГазар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, С.Ууганбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал болох Чойжин ламын сүм нь 1904-1908 онд Олноо Өргөгдсөн Монгол Улсын төрийн сахиусны гүдэнбэ Эрдэнэ билэгт, тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин номын үйл хэрэгт зориулан бүтээгдсэн юм. Энэхүү сүм нь Монгол орны төдийгүй нийт дайчин гүрний түвшний сүм хийд хэмээн соёрхогдон батламжлагдаж хааны ордон-той адилд үзэж дээдлэхийн учирт тусгай зан үйл үйлдэн ямпай буюу Халх хаалга хэмээх нандин шүтээнийг бүтээсэн байдаг бөгөөд энэ нь тухайн сүм хийдийн зэрэг дэв, эрх ямбыг илэрхийлэх ба аливаа аюул, саад тотгор, муу муухай бүхнээс төр, шашныг хамгаалах бэлгэдэл утгатай юм. Түүнчлэн Монголын уран барилга, уран баримал, уран зургийн бүтээл, түүх соёлын үл хөдлөх дурсгал болох Чойжин ламын сүмийг нийтэд үзүүлэн, судлан сурталчлах, ашиглалт хамгаалалтын асуудлыг хариуцсан улсын төсөвт соёлын байгууллага болохын хувьд Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 235 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт газар, мөн 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 175 дугаар тогтоолоор батлагдсан Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт-аар улсын хамгаалалтад байхаар баталгаажуулж, 2001 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүсийг 2.0 га газар байхаар тогтоосон. Улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай 180 дугаар тогтоолоор Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсийн 2.0 га газрыг эзэмшил, ашиглалтад бусдын эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглосон газрын жагсаалтад оруулж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр захирамжаар дээрх 2.0 га газрыг музейн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн билээ. Гэтэл “Ч Л С М”гүн хүндэтгэл бүхий Халх хаалга-ыг халхлан иргэн Ш.Б нь хувийн сууц барьсан нь Монголын уран барилга, уран баримал, уран зургийн бүтээл, түүх соёлын үл хөдлөх дурсгал болох Чойжин ламын сүмийг нийтэд үзүүлэн, судлан сурталчлах, ашиглалт хамгаалалтын үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулж байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А-12 дугаар захирамжаар иргэн Д.Эрдэнэбилэг, Ш.Төмөрбаатар, Д.Авирмэд, Д.Баасансүрэн нарт амины орон сууцны барилгыг зориулалтаар газар ашиглуулах эрх олгосон байдаг бөгөөд 2000 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Захирамж хүчингүй болгох тухай 311 дүгээр захирамжаар ...Улсын хамгаалалтад байдаг түүх соёлын дурсгалт газар болох Чойжин ламын сүмийн барилгын цогцолборын сүр барааг хадгалах үүднээс Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний үндсэн зарчим болон Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж иргэн Д.Эрдэнэбат, Ж.Төмөрбаатар, Д.Авирмэд, Д.Баасансүрэн нарт амины орон сууц барих зориулалтаар газар ашиглах эрх олгосон нь хууль бус байна гэж Нийслэлийн Засаг даргын А-12 дугаар захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Дээрх захирамж гарснаас хойш иргэн Д.Эрдэнэбилэг, Ш.Төмөрбаатар, Д.Авирмэд, Д.Баасансүрэн нь иргэн Ш.Бтай хууль бусаар барьсан барилга болон ашиглах эрх нь дуусгавар болсон газрыг шилжүүлэн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байсан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №0616 дугаар шийдвэрээр хөрөнгийг улсын бүртгэлд анх бүртгүүлэхээс өмнө ашиглах хугацаа, газар ашиглуулах захирамж хүчингүй болсон, ... Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6, 16.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу түүх соёлын дурсгалын жагсаалтад багтаж, хамгаалалтын бүс тогтоогдсон газарт барилга барихыг хориглосон дээрх заалтыг зөрчиж, газар эзэмших, ашиглах эрхгүй этгээдийн барьсан барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль бус болох нь тогтоогдож байна гэж дүгнэн бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Манай байгууллагын зүгээс иргэн Ш.Бд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр №46 тоот албан бичгээр музейн эзэмшлийн талбайг чөлөөлөх тухай хүсэлтийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл газрыг чөлөөлж өгөхгүй, бидэнд амаар газрын чөлөөлж өгөхгүй гэж хариу хэлсэн тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Иймд Монголын түүх, шашин соёл урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал болох Чойжин ламын сүм музейн эзэмшил газарт газар эзэмших, ашиглах эрхгүй мөн бусдын эзэмшил газар дээр зохих зөвшөөрөлгүй барьсан иргэн Ш.Бы барилгыг албадан буулгуулж, газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.Б 2003 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэн Д.Баасансүрэн, Д.Эрдэнэбилэг, Ш.Төмөрбаатар, Д.Авирмэд нараас хуримын ордны баруун талд орших, Улсын бүртгэлийн Ү-2203011483 дугаартай, 270 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, Нийслэлийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А-12 тоот захирамжаар олгогдсон 3600 мкв эзэмшил газрын хамтаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авсан билээ. Нэхэмжлэгч нь иргэн Ш.Б болон Д.Эрдэнэбилэг, Ш.Төмөрбаатар, Д.Авирмэд, Д.Баасансүрэн нарын газар эзэмших эрх 2000 онд дуусгавар болсон гэж дурджээ. Гэтэл 2005 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн газрын албанаас гаргасан тодорхойлолтоор Д.Эрдэнэбилэг нарын 4 айл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хуримын ордны баруун талд байршилтай 3 600 м.кв газрыг эзэмшиж, ашигладаг болох-ыг тодорхойлсон байна. Үүнээс үзэхэд дээр дурдсан 4 айлын газар эзэмших эрх Газрын албанд бүртгэлтэй байсан гэдэг нь харагдаж байгаа бөгөөд 2010 онд “Ч Л С М”хамгаалалтын бүсийн 2 га газраа хаанаас аль хүртэл тогтоолгосон болох, дээр дурдсан 4 айлын газартай хэрхэн давхацсан, одоо эдгээр 4 айлын эзэмшлийн газар нь хаана байгаа зэрэг баримт тодорхойгүй байна. Мөн Нийслэлийн Засаг дарга М.Энхболд нь 2000 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 311 тоот захирамжаараа дээр дурдсан А-12 тоот захирамжийг хүчингүй болгож, Д.Баасансүрэн, Д.Эрдэнэбилэг, Ш.Төмөрбаатар, Д.Авирмэд нарын газар эзэмших эрхийг дуусгавар болгосон ба тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Газрын тухай хууль-ийн 34 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болгох үндэслэлүүдийн аль үндэслэлээр дуусгавар болгож байгаа нь тодорхойгүй байна. Нийслэлийн Засаг даргын 311 тоот захирамжинд дурдсан хамгаалалтын бүсийг тухайн үед Засгийн газраас тогтоогоогүй байсан ба уг 311 тоот захирамж гарснаас хойш жилийн дараа Засгийн газрын 2001 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсийг 2 га газраар тогтоож, уг асуудлыг хэлэлцсэн хурлын тэмдэглэлдээ Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хамгаалалтын бүсэд Засгийн газрын тогтоол гарахаас өмнө баригдсан байгууламжийн асуудлыг зохицуулах талаар Нийслэлийн Засаг даргатай ярилцаж шийдвэрлэхийг Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд А.Цанжидад даалгав гэжээ. Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд, Нийслэлийн Засаг дарга өнөөдрийг хүртэл энэ асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ аваагүй байгаа бөгөөд бид энэ талаар болон Нийслэлийн Засаг даргын 311 тоот захирамжийн талаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болон Нийслэлийн Засаг даргад нэхэмжлэл, гомдол гаргасан байгаа. Иймд Чойжин ламын сүм музейн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02830 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ч Л С М”ТБАГУТҮГазрын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Хуримын ордны баруун талд байршилтай, нэгж талбарын 18643310399724 дугаар бүхий 20 000 м.кв газраас хариуцагч Ш.Бы хувийн сууцыг албадан буулгаж, газрыг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар “Ч Л С М”УТҮГазар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Ш.Баас 70 200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 254 дүгээр магадлалаарСүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02830 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 92 дугаар зүйлийн 92.1 гэснийг 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 гэж өөрчлөн,шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 654 032 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа “нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй,” Давж заалдах шатны “хэрэглэвэл ЗОХИХ хуулийг хэрэглээгүй”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэж үзэж байна. 1. Анхан шатны шүүх “ нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухай: “Ч Л С М”нь 2 га газар эзэмших эрхтэй гэх боловч маргаан бүхий барилгын байрлалтай хэрхэн давхцаж байгаа талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагчийн зүгээс шүүхэд хүсэлт гарган Газрын албанаас дэлгэрэнгүй мэдээлэл, лавлагааг гаргуулах гэсэн боловч анхан шатны шүүх хүсэлтийг хангаагүй. Мөн барилгыг улсын бүртгэлд бүртгүүлсэн Д.Баасансүрэнгийн болон тухайн үед бүртгэлтэй байсан Ш.Бы нэр дээр бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгосноор иргэн Ш.Бы өмчлөх эрх хүчингүй болсон буюу уг хөрөнгийн өмчлөл нь хэнийх болон энэ үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой үүргийг хэнээс шаардах нь тодорхойгүй байна. Хариуцагч нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ш.Б мөн гэдэг нь тогтоогдоогүй, тухайн барилга нь уг газар дээр нь хэрхэн давхцаж байгаа нь тодорхойгүй байна. 2. Анхан шатны болон Давж заалдах шатны шүүх “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” тухай: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Хуримын ордны баруун талд 3600 мкв газрыг анх Нийслэлийн Засаг Даргын 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А-12 дугаар захирамжаар иргэн Д.Эрдэнэбилэг, Ш.Төмөрбаатар, Д.Авирмэд, Д.Баасансүрэн нарт олгож, мөн оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 311 дүгээр захирамжаараа хүчингүй болгосон байна. Уг захирамжийн үндэслэл нь "...Улсын хамгаалалтанд байдаг түүх соёлын дурсгалт газар болох Чойжин ламын сүмийн барилгын цогцолборын сүр барааг хадгалах үүднээс Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний үндсэн зарчим болон “Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль”-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн” гэсэн байна. Энэ нь тухайн үед мөрдөгдөж байсан “Газрын тухай хууль”-ийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээд дараахь тохиолдолд тухайн газар эзэмших эрхийг захиргааны журмаар дуусгавар болгоно”, уг хэсгийн 3-т “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан” гэсэн заалтад хамаарахаар байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Газрын тухай хууль”-ийн 39 дүгээр зүйлд “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно” гээд 39.1.5-д “газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн.” гэж заасан. Иймд уг нөхөн төлбөр олгогдох хүртэл газар эзэмших эрх дуусгавар болохгүй. Шүүх “Чойжин ламын сүм музей”-д газар эзэмших эрх үүссэн талаас нь дүгнэсэн боловч өмнөх эзэмшигчийн эрх дуусгавар болсон эсэхийг нягталж, дүгнээгүй. Газар эзэмших эрх зөвхөн “Газрын тухай хууль”-д тухайлан заасан үндэслэлээр дуусгавар болох бөгөөд энэ үндэслэлүүд дотор шинэ газар эзэмшигчийн эрх үүссэнээр өмнөх эзэмшигчийн эрх дуусгавар болох заалт байхгүй. Мөн “Газрын тухай хууль”-ийн 36 дугаар зүйлд газрыг улсын тусгай хэрэгцээнд хэрхэн авах тухай зохицуулсан байх буюу газар эзэмших эрхийг захиргааны санаачлагаар дуусгавар болгож байгаа бол “Газрын тухай хууль”-ийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Газрын тухай хууль”-ийн 41.1/-т заасны дагуу “гэрээ” байгуулсанаас хойш 90 хоногийн дотор газрыг чөлөөлөхөөр хуульчилсан байна. Иймд хуульд зааснаар Д.Баасансүрэн нар нь уг газрыг эзэмших нь бүрэн дуусгавар болоогүй, хуульд заасан нөхцөл болзол хангагдаагүй, хугацааны хувьд чөлөөлөх үүрэг үүсээгүй байна. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан 90 хоногийн хугацаа дуусах хүртэл хугацаанд Д.Баасансүрэн нар уг газрыг эзэмшигч нь байна үзэж байна. Давж заалдах шатны шүүх нь энэхүү хугацааны талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй харин “газрыг нөхөн олговортойгоор буцаах” нь захиргааны байгууллагад хамаарна гэж дүгнээд орхисон нь ойлгомжгүй байна. Газар эзэмшихтэй холбоотой харилцаа нь Иргэний эрх зүйн харилцаа бөгөөд Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.5-д Төрийн өмчийн газрыг ...эзэмших-тай холбоотой харилцааг хуулиар зохицуулна.” гэж заасны дагуу “Газрын тухай хууль” батлагдсан. Иймд иргэний эрх зүйн маргаантай асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн салбар хууль буюу нарийвчлан зохицуулсан хууль болох Газрын тухай хуулийг хэрэглэх байсан гэж үзэж байна. 3.Давж заалдах шатны шүүх “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай: Давж заалдах шатны шүүх хуралдааны дэгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 166.5-д “...Дараа нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тайлбар гаргах, харилцан асуулт тавих бөгөөд....” гэж заасан. Гэтэл шүүхээс зохигчид, тэдгээрийн төлөөлөгчид “харилцан асуулт тавих” боломжоор хангаагүй буюу хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Ч Л С М”нь хариуцагч Ш.Бд холбогдуулан түүний хууль бус эзэмшил, ашиглалтаас эзэмшлийн газраа чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч зөвшөөрөхгүй, маргажээ.

Нэхэмжлэгч “Ч Л С М”нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хуримын ордны баруун талд байрлах, нэгж талбарын 18643310399724 дугаар бүхий 20 000 м.кв газрын хууль ёсны эзэмшигч болох нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр захирамж, 0234662 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, газрын байршлын кадастрын зураг зэрэг баримтаар тогтоогджээ. Нэхэмжлэгчийн эзэмшлийн уг газрыг Засгийн газрын 2001 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт оршдог түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүс болгон тогтоож, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаар тогтоолоор хамгаалалтын бүсийн газрыг бусдын эзэмшил ашиглалтад олгох болон уг газарт барилга байгууламж барихыг хориглож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ш.Б нь орон сууцны 2 давхар 270 м.кв талбай бүхий барилга, 0,36 га газрын эзэмших эрхийг 2003 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр Д.Эрдэнэбилэг, Ш.Төмөрбаатар, Д.Авирмэд, Д.Баасансүрэн нараас худалдан авсныг үндэслэн 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олгосныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 616 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон байна.

Ш.Бы өмчлөлд бүртгэгдсэн барилга нэхэмжлэгчийн эзэмшил газар дээрх  хүндэтгэлийн хаалганы урд, нэхэмжлэгчийн эзэмшил газрын хил зааг дотор байрласан нь кадастрын зургаар тогтоогджээ. 

Нийслэлийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А-12 дугаар захирамжаар Д.Эрдэнэбилэг, Ш.Төмөрбаатар, Д.Авирмэд, Д.Баасансүрэн нарт 0,36 га газрыг эзэмшүүлсэн боловч 8 сарын дараа буюу мөн оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 311 дүгээр захирамжаар хүчингүй болгосон байна. Хариуцагч Ш.Бы хувьд амины орон сууцыг худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр олж авсан шударга эзэмшигч боловч газрыг эзэмших эрхгүй, энэ эрхээ алдсан тул газрыг эрх бүхий этгээдэд буцааж өгөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй.” гэж заажээ. Ш.Б нь газрын эзэмшлийг хууль бус болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан учир шударга эзэмшигч мөн хэдий ч газрыг эзэмших эрхгүй тул газрыг буцааж өгөх буюу чөлөөлж өгөх үүрэгтэй байна. Учир нь хүсэл зоригийн дагуу эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг тул энэ шаардлагад нийцээгүй эзэмшил хууль бус болдог байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу тул зөвтгөж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр  сарын 19-ний өдрийн 254 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...106 дугаар зүйлийн 106.1, 106.4...гэснийг 94 дүгээр зүйлийн 94.1...гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Г.ЦАГААНЦООЖ

                    ШҮҮГЧ                                                             П.ЗОЛЗАЯА