| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0100/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/147 |
| Огноо | 2020-05-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Шүүгдэгч Ц.Э,
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ц.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 10 сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 04 сарын 07-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 19-ний өлрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар ялаас өршөөгдсөн, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 07-ны өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ц.Э,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 03 сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* иргэн Д.******* эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө болох Huawei P20 маркийн гар утсыг олж бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж бусдад 910.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 03 сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* иргэн Д.******* эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө болох Huawei P20 маркийн гар утсыг олж бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж бусдад 910.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь ...
Хохирогч Д.******* ... Би 2019 оны 03 сарын 11-ны өдөр 17 цаг 10 минутын үед гэрээсээ гараад Баянхонгор сумын 6 дугаар багт байх Гэгээхэн цэцэрлэг орж хүүхдээ аваад өөрийнхөө утсаар хүнтэй ярьчихаад халаасандаа хийгээд тэндээсээ Номун далай сургууль орж 3 дугаар ангийн хүүхдээ авах гэж хүлээж байхад хүүхдүүд машинаас бууж суугаад байсан. Тэгээд хүүхэд мөд гарч ирэхгүй байхаар нь Баруун бүсийн худалдааны төв орчихоод хүүхэдрүүгээ залгах гэтэл миний гар утас байхгүй байхаар нь нөхрийнхөө гар утсаар залгатал миний утас холбогдохгүй байсан. Гар утас Номун далай сургуулийн гадна хүүхдээ хүлээж байхад хүүхдүүд машинаас бууж суугаад байх үед машинаас унасан байж магадгүй гэж бодож байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-72/,
Гэрч У.******* ... Манай аавын дүү Б.Мөнхтуяа нь юнителын дугаар авах гэхэд иргэний үнэмлэхгүй явсан тул миний иргэний үнэмлэхээр ******* дугаар худалдаж авсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 74/,
Гэрч Б.******* ... 2019 оны 03 сарын 10-ны үед намайг гэртээ байж байхад манай нөхөр Ц.Э гар утас олсон гээд Huawei маркийн гар утас авч ирэхээр нь би өөрийн 88225807 дугаарын сим картыг хийж 2 хоног ашигласан ... тэр утсыг манай нөхөр Номун далай сургуулийн урдаас олсон гэж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 76/,
Яллагдагч Ц.Эын ... Тус өдөр миний бие Номун далай 1 дүгээр сургуулиас дүүгийнхээ хүүхдийг авах гээд хүлээгээд зогсож байхад цагаан өнгийн машин хөдлөөд явсан. Тэгээд би бие засах гэж буугаад алхаад явж байсан чинь газарт улаан өнгийн зүйл хэвтэж байсан. Тэгэхээр нь авч үзсэн чинь гар утас байсан. Тэгэхээр нь авсан юм. ... Би тухайн гар утсыг олчихоод эзэн нь эргэж залгах байх гэж бодоод хэсэг хүлээсэн боловч залгаагүй тэгэхээр нь гэрлүүгээ авч харьсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 108-109/,
Энх-Нахиа ХХК-ны 2019 оны 03 сарын 15-ны өдрийн 139 тоот эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76/,
Unitel ХК-ийн 2019 оны 04 сарын 25-ны өдрийн 05-01/2549 тоот албан бичиг /хх-ийн 61/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ц.Эыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Д.Баяржаргал нь гээгдүүлсэн эд хөрөнгө болох Huawei P20 маркийн гар утсыг шүүгдэгч Ц.Э нь бүрэн төлж барагдуулсан талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Ц.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч Ц.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Эыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Эт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Эын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Эт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА