Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/149

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батбаяр,

Шүүгдэгч Ж.И, И.Б, Н.П,

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ж.И, И.Б, Н.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014001590121 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 сарын 23-ны дөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Баянхонгор аймгийн Баацагаан сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Ж.И,

2. Монгол улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй. ял шийтгэлгүй,  И.Б,

3. Монгол улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Н.П

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.И, И.Б, Н.П нар нь бүлэглэн 2020 оны 02 сарын 14-нөөс 2020 оны 02 сарын 15-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Талын худаг гэх газраас иргэн Л.Энхжаргалын эзэмшлийн 1 тооны адууг бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Л.Энхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2020 оны 02 дугаар сарын 17-ны 18 цагийн үед Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн харъяат И.Б, Ж.И, Н.П нараас хулгайд алдсан халтар зүсмийн адуугаа амьдаар нь бүрэн бүтнээр нь Баянхонгор аймгийн төвөөс хүлээн авч машинд ачиж хулгайлсан гэх Н.Птай хамт явж хөдөө гэрийн гадаа буулгасан. Надад ямар нэгэн санал байхгүй шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-28/,

Гэрч О.Нэмэхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 02 дугаар сарын 14-15-нд шйлжих шөнө Бөмбөгөр сумаас Баянхонгор аймаг руу явах асфальтан хучилттай зам дагуу миний бие ганцаараа машинтай эргүүлд гарсан юм. Харин надаас 20 км зайнд малын хулгайн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Мөнх-Учрал экологийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Галбадрах нар мөн тээврийн хэрэгсэлтэй эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. Тэгээд эргүүлд гараад байж байсан чинь шөнийн 03 цагийн орчимд миний эргүүлд гарч байсан хэсгээр машины ачааны хэсгийн сүүл буюу хойд хэсгээр нь берзэнтэн зүйлээр бүтээсэн Портер маркийн тээврийн хэрэгсэл өнгөрсөн тухайн үед дээрх Портер маркийн машинтай яваа хүмүүс их хурдтай явж байсан. Миний хувьд тус тээврийн хэрэгслийг зогсоож амжаагүй юм. Тэгээд дараагийн постын хүмүүс шалгах байх гэж бодоод үлдээгээд үргэлжлүүлэн тус газарт эргүүлд гарсан юм. Харин маргааш нь эргүүлээс буугаад аймгийн цагдаагийн газарт өглөөний 09 цагийн орчимд ирэхэд малын хулгайн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Мөнх-Учрал, экологийн мөрдөгч цагдаагийн дэслэгч М.Галбадрах нар хэсэг хүмүүсийг авчран шалгаж байсан. Тэгээд тэдгээрээс ямар учиртай хүмүүс болох талаар асуухад намайг эргүүлд гарч байхад зөрж өнгөрсөн дээгүүрээ берзэнтээр бүтээсэн Портер маркийн машинтай хүмүүсийг хулгайн 1 тооны адууг ачиж яваад баригдсан гэж хэлсэн юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44/,

Гэрч М.Галбадрахын мөрдөн байцаалтанд өгсөн … 2020 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Баянхонгор аймгаас Бөмбөгөр сум орох асфальтан хучилттай зам дагуу малын хулгай хэргийн гаралт ихэссэнтэй холбогдуулан шөнийн цагаар эргүүлд гарч ажилласан юм. Тухайн шөнө миний бие ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Мөнх-Учралын хамт миний эзэмшлийн энгийн цагдаагийн тоноглолгүй тээврийн хэрэгслээр эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. Тэгээд одоо цагийг нь нарийн сайн санахгүй байна. Шөнийн 03 цагийн орчимд байх Бөмбөгөр сумаас чиглэлтэй хөх өнгийн Портер маркийн машинтай хүмүүс ирж байснаа замаас салаад хойшоо эргэхээр нь араас нь маяакаа асаагаад сигналдаад нэлээн явж байгаад зогсоосон чинь машины ачааны хэсэгт 1 тооны адууг хөндлөн хэвтүүлж хүлсэн байсан. Мөн тус адууг Пүрэвгармаа, Итгэлт нар өөрсдийнхөө тэрлэгээрээ бүтээсэн байсан. Ямар учраас тэр хоёрын тэрлэг гэж байгаа юм бэ гэвэл Пүрэвгармаа, Итгэлт нар нь машинаас бууж ирэхэд тэрлэггүй цамцтайгаа байсан, мөн өөрсдөө ч бидний тэрлэг юм байгаа гэж хэлсэн. Тухайн үед тээврийн хэрэгслийг Баянмөнх гээд байгаа залуу жолоодоод явсан юм шиг байгаа юм. Тэр жолооч талын суудлаас бууж ирсэн. Түүний хувьд архи уусан бололтой байсан. Харин Итгэлт, Пүрэвгармаа гээд байгаа хоёр нь болохоор архи уугаагүй, эрүүл байсан. Тэгээд Итгэлт, Баянмөнх хоёрыг би аваад машинтай аймгийн цагдаа дээр ирсэн юм. Тэгээд тэдгээрийг шөнө хооронд нь уулзуулахгүйгээр тус тусад нь байлгаж байгаад маргааш өглөө нь цагдаагийн ахмад Б.Мөнх-Учрал тэдгээрээс мэдүүлэг авсан. Замдаа явж байхад Баянмөнх нь аргалаад өгчих боломж байна уу, ганцхан тооны адуу шүү дээ мөн гаргаагүй байгаа шүү дээ гэж байсан. Н.П гэгч нь хулгайн адуу миний буруу гэж хэлсэн. Шөнө би Итгэлт гээд байгаа залууг харж хоносон юм. Тэр хэлэхдээ уг нь Пүрэвгармаагийн адууг нь хайгаад явсан боловч олдоогүй тэгэхээр нь Пүрэвгармаа бид хоёр хоорондоо ярьж байгаад 1 тооны адууг хулгайлсан юм. Энэ талаар Баянмөнх анх мэдээгүй харин замдаа явж байхад мэдсэн гэж хэлсэн. Тээврийн хэрэгсэл дотор 2 ширхэг хутга байсан байх адууг гаргаагүй болохоор нь эд мөрийн баримтаар хураагаагүй Пүрэвгармаад өгсөн юм. Тээврийн хэрэгслийн дээр байсан мотоциклийг эвдэрхий мотоцикль юманд ашиглаагүй гэхээр нь асааж үзсэн чинь асахгүй эвдэрхий мотоцикль байсан. Итгэлтийн мотоцикль гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-47/,

Шүүгдэгч Ж.Иийн мөрдөн байцаалтанд өгсөн ... тэгээд харих гээд явж байхад машины гэрэлд хэдэн тооны адуу ороод ирсэн. Тэгсэн Пүрэвгармаа хэлэхдээ энэ Жагаагийн адуу байна би хүнээс авалтай юм эднээс нэг тооны адуу барьж авч явна гэж хэлсэн. Тэгэхэд тэдгээр адуунууд хорооны хажуу талд байсан ба тэгэхээр нь тийшээ тууж оруулаад Пүрэвгармаа нэг тооны халтар зүсмийн адууг бугуйлдаж барьсан. Тэгээд тэр нэг тооны адууг машинд Пүрэвгармаа бид 2 ачаад тэндээс шууд аймгийн төв рүү хөдөлсөн юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62/,

Шүүгдэгч И.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн ... нэг сэртэл засмал замаар явж байхаар нь бөөлжлөө гээд машиныг зогсоогоод машины ард бөөлжөөд машины тэвш рүү хартал нэг бараан адуу хүлээд аччихсан байхаар нь энэ чинь юун адуу вэ гэтэл Пүрэвгармаа адуугаа олохгүй байхаар нь адуунаас хулгайлсан гэхээр нь болох юм уу хүний адуу тавь гэтэл Пүрэвгармаа зүгээрээ аймгийн төв рүү ойртож байгаад хээр нядалъя гэсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64/,

Шүүгдэгч Н.Пгийн ... Би 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр И.Бийнд очтол архи ууж сууж байхаар нь манай хөдөө гэрээс нэг адуу аваад ирье гээд машинтайгаа цуг яваад өгөөч гэтэл тэгье гээд би машиныг нь унаад Баянмөнх хажууд суугаад тэндээсээ Итгэлийнд очтол адуу тэжээж байхаар нь манай хөдөө гэрээс нэг адуу аваад ирье гэтэл тэгье гээд бид 3 Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багаас 18 цагийн үед очоод өөрийн адуугаа 22 цаг хүртэл хайгаад олдохгүй байхаар нь тэр хавиар явж байтал Баацагаан сумын иргэн Л.Энхжаргал гэдэг хүний 20 гаруй адуу машины гэрэлд орж ирэхээр нь Итгэлт бид 2 хоорондоо яриад энэ адуунаас 1 адуу хулгайлъя гэж тохироод 3 км орчим газар адуунуудыг машинаар туугаад гэрлээ асааж унтрааж яваад Бөмбөгөр сумын Ганаа гэдэг хүний эзэнгүй хаваржаа дээр тууж очоод Итгэлт бид 2 машинаас буугаад бүх адууг хороонд тууж оруулаад машинд байсан миний өөрийн суран бугуйлаар би нэг адууг бугуйлдаад суран ногтоор ногтлоод машин дээр хөтөлж очоод машины ар хэсэгт Итгэлт бид 2 адууг унагаад хүлээд машинд ачаад Баянхонгор аймгийн зүг засмал зам орох гээд явж байтал Баянмөнх сэрээд зогсоодох би бөөлжмөөр байна гэхээр нь би машиныг зогсоотол бууж бөөлжөөд бид 3 гадаа зогсож байтал машинд дээр байгаа адууг хараад өөрийн чинь адуу мөн юм уу гэж надаас асуухаар нь биш хулгайн адуу гэтэл баригдчихав гээд би өөрөө машинаа барина гээд жолоо дээр суугаад тэндээсээ хөдлөөд Баянхонгор аймгийн төв рүү явдаг засмал зам руу явж байхдаа бид 3 аймгийн төврүү дөхөж байгаад нөгөө адууг хээр нядлахаар болоод явж байтал Баян-Овоо сумын нутагт төв замаас гардаг гарц дээр суудлын машин зогсож байхаар нь хажуугаар нь гарах гэтэл Баянмөнх жолооны үнэмлэх байхгүй цагдаа байна гээд засмалаас шороон зам руу буугаад зугтаатал араас нөгөө машин дагаад байхаар нь зогстол 2 цагдаа бууж ирээд бид нарыг Цагдаагийн газарт авч ирсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-68/,

Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 18-20/,

Энх-Нахиа ХХК-ны хулгайд алдагдсан 1 тооны адууг үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50/,

Энх-Нахиа ХХК-ны гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 91-92/,

Портер маркийн 69-04 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 83/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 93/,

Мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 97/,

Шүүгдэгч Ж.И, И.Б, Н.П нарын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 70-74, 77-82, 85-90/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Ж.И, И.Б, Н.П нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 02 сарын 14-нөөс 2020 оны 02 сарын 15-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Талын худаг гэх газраас иргэн Л.Энхжаргалын эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Л.Энхжаргал, гэрч О.Нэмэхбаяр, М.Галбадрах, шүүгдэгч Ж.И, И.Б, Н.П нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг, энх-Нахиа ХХК-ны хулгайд алдагдсан 1 тооны адууг үнэлсэн шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ж.И, И.Б, Н.П нарыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч Л.Энхжаргал нь алдагдсан адуугаа бүрэн бүтэн хүлээн авсан цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ж.И, И.Б, Н.П нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч И.Б нь өөрийн эзэмшлийн Портер маркийн 69-04 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул шүүгдэгч И.Бөөс Портер маркийн автомашиныг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.И, И.Б, Н.П нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Ж.И, И.Б, Н.П нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон ба бусдад төлөх төлбөргүй байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.И, И.Б, Н.П нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногт 1 ширхэг, бугуйл 1 ширхэг, хутга 2 ширхэг зэргийг тус тус устгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жаргалсайханы Итгэл, Н.П,  И.Б нарыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.Итгэл, Н.П, И.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Итгэл, Н.П, И.Б нарт зан үйлээ засах сургалтанд хамрагдах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Итгэл, Н.П, И.Б нарын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч И.Бийн эзэмшлийн Портер маркийн 69-04 БНА улсын дугаартай автомашиныг хурааж, улсын орлого болгосугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч И.Бийн эзэмшлийн Портер маркийн 69-04 БНА улсын дугаартай автомашин битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногт 1 ширхэг, бугуйл 1 ширхэг, хутга 2 ширхэг зэргийг тус тус устгасугай.

7. Шүүгдэгч Ж.Итгэл, Н.П, И.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.      

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Итгэл, Н.П, И.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ГЭРЭЛМАА