| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0169/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/175 |
| Огноо | 2020-05-27 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2020/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Г.Цогтмагнай,
Хохирогч Д.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******
Шүүгдэгч Х.Э,
Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Х.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн *********** суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х.Э,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Э нь Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргатай 2019 оны 05 сарын 28-ны өдөр байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-нд заасан солбилцолын цэгээс өөр цэг болох Баянхонгор аймгийн ******* сумын “Тогоотын ам” гэх газарт 2019 оны 07 сараас 2019 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсаны улмаас байгаль экологид 10.318.840 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:
Хохирогч Д.Мын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 05 сарын 28-ны өдөр 60/2 тоот байгуулсан гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр сумын засаг даргын захирамжаар цуцалсан. Гэрээг цуцалсан талаар Х.Эод 7 хоногийн дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн орчим би өөрийн биеэр очиж уулзаж хэлж мэдэгдсэн. Гэтэл Х.Э нь гэрээ цуцалсан талаар мэдсээр байж том оврын техник ашиглаж олборлолт хийж байсан байна лээ. Одоогийн байдлаар уг газарт нөхөн сэргээлт хийгдээгүй байгаа. ...учирсан хохирлыг барагдуулж, байгаль орчинд нөхөн сэргээлт хийлгэх саналтай байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 125-126/
Гэрч Н.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Гэрээнд бол солбилцол тусгагдаагүй байгаа. Гэхдээ гэрээний хавсралт болох Ашигт малтмал, газрын тосны газрын дүгнэлтэд солбилцолууд тусгагдсан байгаа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 129/,
Гэрч Т.*******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 08 сарын орчим байх Х.Э нь надад "Баянхонгор аймгийн ******* сумын нутаг дэвсгэр Тогоотын ам гэх газарт ашигт малтмал эрэл хайгуулын ажил хийх гэж байгаа юм, техникүүдээ түрээслэх үү гэхээр нь би зөвшөөрөөд 66-84 УН улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн Лоникинг маркийн түрэгч техник 1 ширхэг, 86-29 УБ улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн Семь маркийн түрэгч техник 1 ширхэг зэрэг 2 техникийг нийлүүлээд сарын 8 сая төгрөгөөр түрээслэхээр болж машинуудаа Х.Эод өгсөн боловч өнөөдрийг хүртэл өгөх ёстой түрээснийхээ мөнгийг өгөөгүй байгаа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 137/,
Гэрч Х.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Одоо манай нөхөрлөлд 1 ширхэг эксковатор ковш 2 ширхэг, алт угаах төхөөрөмж болсх скубер 1 ширхэг. цахилгаан үүсгэвэр гаргагч мотор 1 ширхэг тус тус ажиллаж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/,
Шинжээч Б.Очмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн ... “Ойт бүс” ХХК-ний экспертүүд 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр уг Баянхонгор аймгийн ******* сумын нутаг Тогоотын ам гэх газарт очиж 2 хоногийн турш шинжилгээ хийж дүгнэлтийг миний бие гаргасан. Тогтоолд дурдагдсан цэгүүдээр талбайн хэмжээг гаргахад нийт 3,11 га талбай ашиглалтын үйл ажиллагаанд өртөн эвдрэлд орсон байсан. ... байгаль орчинд учруулсан хохирлыг тооцохдоо “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын” 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/156 тоот дугаартай тушаалаар баталсан аргачлалаар тооцон бодсон ба газрын хэвлийд 7,015,140 төгрөг, эдэлбэр газарт 116,680 төгрөг, хөрсөн бүрхэвчинд 3.303.700 төгрөг нийт 10.318.840 төгрөгийн хохирлыг учруулсан байна гэж үзэн дүгнэлтэд тусгасан. ... Баянхонгор аймгийн ******* сумын нутаг дэвсгэр “Тогоотын ам” гэх газар өмнө нь эвдрэлд өртсөн талбай байсан. Эвдрэлд өртсөн гэдэг нь газрын ерөнхий хэв шинж хөрснөөс дээж авч шинжпүүлэхэд хөрсний ялзмагийн хэмжээ, эвдэгдсэн, ургамал ургаагүй байдал зэрэг шинж тэмдгээр эвдрэлд өртөөгүй газраас ялгагдана ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 168-169/,
Шүүгдэгч Х.Эын мөрдөн байцаалтанд өгсөн ... Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Тогоотын ам гэх газарт 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 4,92 гектар талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг ******* сумын Засаг дарга Н.*******тай байгуулан үйл ажиллагаа явуулахаар 2019 оны 07 дугаар сард 04-54 УН улсын дугаартай Хитачи 350 маркийн эксковаторыг таньдаг хүнээсээ 80 сая төгрөгөөр худалдаж авахаар тохирч Транс капитал банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан зээл авч одоо уг тээврийн хэрэгсэл нь Транс капитал банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй одоог хүртэл би сар болгоны зээлийн хүү болон үндсэн төлбөрийг төлж барагдуулж явдаг, мөн 66- 84 УН улсын дугаартай Лонкинг маркийг түрэгч, 89-26 УБ улсын дугаартай Сейм маркийн түрэгч зэрэг техникийг өөрийн танил Т.*******ээс тус бүр сар болгон 8 сая төгрөгөөр түрээслэн тохирч ажиллахаар гарч ирсэн. ... Миний бие орон нутгаас зааж өгсөн талбайгаас өөр газарт ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж үйл ажиллагаа явуулснаа хүлээн зөвшөөрч байна. Би уг шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан 10,318,840 төгрөг болон бусад техник хэрэгслүүдийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 188/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-13/,
2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 00/2 дугаартай “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-ний хуулбар /хх-ийн 24-27/,
“Ойт бүс” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 19/14 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-56/,
“Арвижих эстимейт” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01/117, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/17 дугаартай автомашины зах зээлийн үнэлгээ /хх-ийн 59, 140/,
Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 7/7367 дугаартай албан бичиг /хх-ийн 74/,
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 11 дүгээр сарын 06- ны өдрийн 066/7811 дугаартай албан бичиг, хавсралт/хх-ийн 75-76/,
Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дугаартай “Гэрээ цуцалсан тухай” албан бичиг, хавсралт /хх-ийн 144-151/,
Авто тээврийн үндэсний төвийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 287 дугаартай, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 453 дугаартай лавлагаанууд, хавсралт/хх-ийн 172-174, 178-179/,
Шүүгдэгч Х.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 77, 82-84, 87-110,142, 152-158/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч Х.Э нь Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргатай 2019 оны 05 сарын 28-ны өдөр байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-нд заасан солбилцолын цэгээс өөр цэг болох Баянхонгор аймгийн ******* сумын “Тогоотын ам” гэх газарт 2019 оны 07 сараас 2019 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсаны улмаас байгаль экологид 10.318.840 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч Х.Эын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Х.Эод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Х.Эыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Х.Эын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсны улмаас эдэлбэр газарт 116.680 төгрөг, газрын хэвлийд 7.015.140 төгрөг, хөрсөн бүрхэвчинд 3.303.700 төгрөгийн хохирол тус тус учруулсан талаар “Ойт бүс” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 19/14 дугаартай шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан бөгөөд уг дүгнэлтийг шүүх үндэслэлтэй дүгнэлт болсон гэж үнэлэв.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4-т зааснаар “газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”, 49 дүгээр зүйлийн 5-д зааснаар “газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”, “хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр тус тус заасан байх тул эдэлбэр газарт учирсан 116.680 төгрөгийг 3 дахин буюу 350.040 төгрөг, газрын хэвлийд учирсан 7.015.140 төгрөгийг 2 дахин буюу 14.030.280 төгрөг, хөрсөн бүрхэвчинд учирсан 3.303.700 төгрөгийг 3 дахин буюу 9.911.100 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж нийт хохирлын хэмжээг 24.291.420 төгрөгөөр тооцов.
Уг хохирлыг шүүгдэгч Х.Э нь төлж барагдуулаагүй байх тул түүнээс 24.291.420 төгрөгийг гаргуулж төлбөрийг Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, уур амьсгалын санд олгов.
Шүүгдэгч Х.Эын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 66-84 УН улсын дугаартай автоачигч ковш, 89-26 УБ улсын дугаартай автоачигч ковш автомашинууд нь иргэн Т.*******ийн эзэмшлийнх байх ба тэрээр уг тээврийн хэрэгслүүдийг иргэн Т.*******ээс түрээслэн ашиглаж байсан, 04-54 УН улсын дугаартай Hitachi маркийн эксковатор нь зээлийн барьцааны гэрээний дагуу “Транс капитал” ББСБ-ын эзэмшилд байсан учир уг тээврийн хэрэгслүүдийг мөрдөн байцаалт, прокурорын шатанд хураан авч битүүмжлээгүй байна.
Шүүгдэгч Х.Эод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Х.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Шүүгдэгч Х.Э нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Эыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Эод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.Эод оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Эод мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.Эоос 24.291.420 төгрөг гаргуулж Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын дэргэдэх Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.
6. Шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА