Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 00184

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг 42-40 тоотод оршин суух, Сурчин овогт Банзрагчийн Өлзийтуяагийн /ЕП80010204 / нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг 100 айл 48б тоотод оршин суух Боржигон овогт Галхүүгийн Чимэддоржид /ЕС65081411/ холбогдох

206,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Өлзийтуяа, хариуцагч Г.Чимэддорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Өлзийтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Б.Өлзийтуяа миний бие 2016 оны 01 дүгээр сараас эхлэн Говийн бумба хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байна. Хариуцагч болох Г.Чимиддорж 2016 оны 02 дугаар сараас эхлэн үйлчлүүлдэг байсан. 03 дугаар сараас эхлэн “Батмонгол хийц” компанид хоол хүнсний материал тамхи зээлээр авч байя, компаниас мөнгө өгөхөөр нь буцааж төлж байя гэж тохиролцоод надаас зээлээр бараа авдаг байсан. Эхэндээ барааныхаа мөнгийг өгдөг байсан. Сүүлдээ компани мөнгө өгөхгүй байна гээд 106,300 төгрөгийн өр үлдсэн. Дараа нь 6 сард дээврийн ажил дууссан 3 хоногийн дараа мөнгөө авахаар боллоо, яаралтай мөнгө хэрэгтэй байна чи 100,000 төгрөг түр зээлүүлээч гэж гуйсаар байгаад миний ээждээ эм авахаар хадгалж байсан 100,000 төгрөгийг надаас авсан. Би ээжийн эм 5 хоногийн эм байгаа тэрнээс өмнө өгөөрэй гэж хэлж хэлж өгсөн боловч буцааж өгөөгүй. Тэрнээс хойш ээж минь нас бараад хагас жил болж байна. Би ядаж ээжийн минь эм авах мөнгийг ядаж өгөөч гэж эхнэрт нь удаа дараа хэлсэн боловч өгөхгүй байна. Одоо мөнгөө нэхэхээр “Батмонгол” мөнгөө өгөөгүй, одоо удахгүй өгнө, 110 дугаар ангиас хүнээс мөнгө авна тэгэхээр өгнө гэх мэтээр байнга худал хэлж байна. Дахин дахин залгахаар утсаа авахгүй байна. Би аргаа бараад “Батмонгол” компаниас танайх Г.Чимиддорж гэдэг хүнд мөнгө өгөх тооцоо байгаа эсэхийг асуусан боловч тооцоогоо аль эрт дууссан гэж байна лээ. Иймд энэ хүнээс нийт 206,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Чимэддорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 2016 оны 02 дугаар сараас эхлэн үйлчлүүлсэн 3 дугаар сараас Батмонгол хийц компанид дээврийн ажил хийж байхдаа ажилчдын хоолонд зориулж хүнсний материал, тамхи зэргийг зээлээр аваад буцааж төлж байсан. Нэхэмжилж байгаа 206,300 төгрөгнөөс охин нь худалдагч хийдэг өөрөө байхгүй байсан тул ээждээ өгөөрэй гээд 55000 төгрөгийг өгсөн. Би одоогоор ажилгүй байгаа. Боломжгүй учраас өгч чадаагүй удсан. Иймд 2017 оны 03 дугаар сард багтаан хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Өлзийтуяагийн нэхэмжлэлийн шаардлага 206,300 төгрөгийг хариуцагч Г.Чимэддорж 2017 оны 03 дугаар сард багтаан төлөхийг, нэхэмжлэгч Б.Өлзийтуяа хариуцагчийн заасан хугацааг тус тус хүлээн зөвшөөрсөн байна.   

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Өлзийтуяа нь хариуцагч Г.Чимэддоржид холбогдуулан 206,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Г.Чимэддорж нь нэхэмжлэлийн шаардлага болох 206,300 төгрөгийг 2017 оны 03 дугаар сард багтаан төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 6839 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6839 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон    

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч Б.Өлзийтуяагийн нэхэмжлэлийн шаардлага 206,300 төгрөгийг хариуцагч Г.Чимэддорж 2017 оны 03 дугаар сарын дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6839 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Г.Чимэддоржоос 6839 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Өлзийтуяад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                   Б.БЯМБАСҮРЭН