Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Хохирогч  П.Х,

Шүүгдэгч О.Б,

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1967 оны 01 сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  О.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах аймгийн захиргааны уурын зуухны ойролцоо 2020 оны 04 сарын 10-ны өдөр иргэн  П.Хтай хэрүүл маргаан хийж хавсарч унагаан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч О.Б нь 2020 оны 04 сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутагт иргэн  П.Хыг хавсарч унагаан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ...

Хохирогч  П.Хын ... 2020 оны 04 сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд аймгийн захиргааны уурын зуух дээр ямааны 15 толгой хуйхлах гэж очсон. Тэгээд эвэр хугалаад дуусаж нэг том бүхэл нүүрсэн дээр сууж утсаа оролдоод байж байхад миний араас нэг хүн ирээд шууд дарж унагаасан. Тэгээд заамдаж авсан би боль гэж хэлээд толгой хуйхлах гэж ирсэн талаараа хэлсэн. Тэгээд босож ирээд хувцасаа гөвж шороо тоосыг нь унагаагаад байж байхад нь Болдоо гэж хүн ирээд шууд миний хөл орчимд нэг удаа өшиглөсөн. Тэгээд миний хөл хугарсан. Тэгээд Болдоо гэх хүн нь яваад өгсөн. Би чи яаж байгаа юм хөл хугалчихлаа гэж хэлсэн чинь ******* нь юм хэлэхгүй чимээгүй болсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6/,

Гэрч Б.*******ийн ... Би 2020 оны 04 сарын 10-ны өдөр Баянхонгор сумын 3 дугаар багт байх аймгийн захиргааны уурын зууханд галчаар ажиллаж байхад ******* гэх залуу согтуу ирчихээд толгой хуйхлах гэсэн юм гэхээр нь би малын толгойг нь хуйхалж өгсөн. Тэгтэл машин дугараад нүүрс авмаар байна гэсэн. Тэр үед ******* согтуу хүн байж галаас холд эрүүл хүн хүртэл галруу орчих гээд байдаг юм болгоомжтой бай гэж хэлсэн. Тэрнээс болж хоорондоо хэрүүл хийсэн. Тэгээд уурын зуухнаас хоёулаа гарч ******* түлхэж байгаа харагдсан. Тэгсэн *******гийн хөл эвгүй болчихлоо гэж байх шиг байсан би зуух галлаад тэр хоёрт ойртоогүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 9/,

Шүүгдэгч О.Бын ... Би тэр өдөр ажил дээрээ уурын зууханд ээлжинд гарч байсан. Тэгтэл Хүрэлбаатар ирж малын хэдэн толгой хуйхална нүүрс авна гэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Би тэгээд нүүрс өгөхгүй чи согтуу байж энэ их халуун зууханд ойртох хэрэггүй түлэгдэж үхэх гэж байгаа юм гэж хэлээд мөрөн дээрээс нь татаж зуухны амнаас холдуулж гадаа үүдэн гаргаж хавсарсан. Тэгтэл унаж хөл сонин болчихлоо гэсэн би тухайн үед өөрөө цагдаад хандаж дуудлага өгсөн өөр зүйл болоогүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/,

Баянхонгор  аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 сарын 16-ны өдрийн 234 тоот шинжээчийн ...  П.Хын биед зүүн хөлийн тахилзуурын хавчаар ясны цууралт, зүүн шилбэ, тавхайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 12-13/,

Гэмтлийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 10/,

Яаралтай тусламж авсан тухай хуудас, гэрэл зураг /хх-ийн 15-17/,

Эмчийн магадлагаа, эм тариа худалдан авсан тухай баримт /хх-ийн 24-27/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч  П.Х нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан баримтаар 197.575 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтаар 141.500 төгрөг нийт 339.075 төгрөгийг санхүүгийн баримтаар нэхэмжилсэн ба шүүгдэгч О.Б нь мөрдөн байцаалтын шатанд 200.000 төгрөгийн хохирлыг төлжээ.

Мөн хохирогч  П.Х нь 2020 оны 04 сарын 10-ны өдрөөс хойш олох байсан цалин 1.309.436 төгрөг, хуваариа мужаан хийж олох байсан орлого 1.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1.000.000 төгрөг нийт 3.309.436 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагийг тус тус гаргасан боловч нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт дутуу хангалтгүйн улмаас иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хохирогчийн дээр дурдсан буюу 3.309.436 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Харин хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн эм тарины хохиролд нэхэмжилсэн 141.500 төгрөгийн баримт нь шаардлага хангаж байх тул шүүгдэгч О.Баас 141.500 төгрөг гаргуулж хохирогч  П.Хт олгов.

Шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа өөрийгөө илчилж цагдаагийн байгууллагад биеэр очиж дуудлага мэдээлэл өгсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.5-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч О.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөртэй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч О.Бын эзэмшлийн гар утас битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч  О.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Бын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Бт мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Баас 141.500 төгрөг гаргуулж хохирогч  П.Хт олгосугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч О.Бын эзэмшлийн гар утас битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

7. Хохирогч  П.Х нь өөрт учирсан эмчилгээний болон бусад зардалын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.      

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ГЭРЭЛМАА