| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0172/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/178 |
| Огноо | 2020-05-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2020/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч П.*******,
Өсвөр насны шүүгдэгч Э.С,
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Э.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000146 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2004 оны 08 сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сурагч, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Энх-Э.С,
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Э.С нь Баянхонгор аймгийн ******* сумын Задгай 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Ж.*******гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд 2020 оны 03 сарын 31-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ж.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн … 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хөдөөнөөс орж ирээд эхнэр хүүхдээ аваад хөдөө байх гэрлүүгээ яваад 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр эргэж суманд ирээд байшин руугаа орсон чинь салхи сийгээд сэнгэнээд явсан. Яасан бол гэж цонхнуудаа харсан чинь баруун талын цонх онгорхой байж байсан юм. Тэгээд юмнуудаа бүртгэсэн чинь хөөрөг байхгүй байсан. Тухайн үед онгорхой байсан цонхны түгжээ нь зүгээр байсан юм ... гомдол байхгүй, хөөргөө эргүүлээд авсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15/,
Гэрч Л.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Тэр хэлэхдээ барьж байсан гар утсаа задлаад хаячихаад тэгээд тэрийгээ эхнэр бид хоёрт хэлж чадахгүй тэгээд айлын хөөргийг авсан гэсэн. Ж.******* гэх айлын хувьд болохоор манай хамар хашаа байгаа юм. Манай түлшний амбаараас тэднийх харагддаг ба Сумъяабазар түлшний амбаарт гараад зогсож байхад тэр айлын байшингийн цонх нь онгорхой байсан гэсэн тэгээд онгорхой байхаар нь дотогшоо ороод тэндээс хөөргийг авсан юм байна лээ ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/,
Хууль ёсны төлөөлөгч Ж.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Намайг асуухад таныг зовоохгүй гэж бодсон юм гэхдээ ээж би авч гарч ирээд маш их харамссан. Тэгээд айлын хашаа давуулаад шидсэн юм гэж надад хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/,
Өсвөр насны шүүгдэгч Э.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... би өөрийнхөө гэрийн амбаарны дээр гараад зогсож байсан чинь ******* ахын байшингийн цонх нь онгорхой байсан юм. Тэгэхээр нь яагаад онгорхой байгаа бол мөн эзгүй үед нь харж байгаарай гэж захиж байсан болохоор нь очиж цонхноос нь шагайж үзсэн чинь гэрт нь хүн байхгүй байх шиг байхаар нь дотогшоо цонхоор нь орсон юм. Анхнаасаа гэрлүү орьё гэж бодоогүй юм. Тэгээд дотогшоо орсон чинь хүн байхгүй байсан юм. Тэгж ороод гарахдаа стенкэн дээр байсан хөөргийг авч гарсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/,
Энх нахиа ХХК-ны 2020 оны 04 сарын 07-ны өдрийн 195 дугаартай шинжээчийн ... хулгайд алдагдсан гэх хөөргөний зах зээлийн үнэ ханш нь 3.500.000 төгрөгийн үнэтэй ...” болохыг тогтоосон дүгнэлт /хх-ийн 26/,
Өсвөр насны шүүгдэгчийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 40-42/,
Өсвөр насны шүүгдэгчийн суралцагийн хувийн хэргийн хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 52-67/,
Баянхонгор аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2020 оны 04 сарын 24-ний өдрийн 76 тоот дүгнэлт / хх-ийн 51/,
Өсвөр насны шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Өсвөр насны шүүгдэгч Э.С нь 2020 оны 03 сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын Задгай 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух Ж.*******гийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд нэвтэрч хөөрөг хулгайлж бусдад 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас өсвөр насны шүүгдэгч Э.Ст холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд өсвөр насны шүүгдэгч Э.Сыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэв.
Хохирогч Ж.******* нь алдагдсан хөөргөө буцаан авсан гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул өсвөр насны шүүгдэгч Э.С түүний хууль ёсны төлөөлөгч Ж.******* нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүх өсвөр насны шүүгдэгч Э.Сын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулав.
Өсвөр насны шүүгдэгч Э.С нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Энх-Э.Сыг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Ст 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Ст оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг 2 /хоёр/ дахин багасгаж эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Ст оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Ст 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Э.Ст болон түүний хууль ёсны төлөөлөгч Ж.******* нарт мэдэгдсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч Э.С нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч Э.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА