Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.*******,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, , *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг ******* гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 03-наас 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрүүдэд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлолтын үйл ажиллагааг 0.01 га хэмжээ бүхий газарт явуулж байгаль орчинд 235.574 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг ******* гэх газарт хүмүүс ашигт малтмал олборлож байгаад цагдаад баригдаад явсан гэдгийг мэдэж байгаа ... Тухайн газар дээр ашигт малтмал олборлох талаар ямар нэгэн гэрээ зөвшөөрөл олгогдож хийгдээгүй ... тухайн үйл ажиллагааны улмаас байгаль экологид 235.574 төгрөгийн хохирол учирсан, нөхөн сэргээхэд 284.611 төгрөгийн зардал гарахаар тогтоосон байна. Тиймээс бүруутай этгээдээс дээрх хохирол зардалыг нэхэмжлэх болно ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/,

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Миний хувьд Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг ******* гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрүүдэд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохоор үйл ажиллагаа явуулсан нь үнэн. Би 2020 оны 04 сарын 03-ны өдрийн орой 20 цаг өнгөрч байхад Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг ******* гэх 2002 оноос уурхай ажиллаж байгаад явчихсан эвдэгдсэн газарт алт олборлохоор Doosan 55 маркийн унагалдай троктортай очоод тэнд байсан шлам шороог шөнийн 23 цаг хүртэл угаачихаад техник хэрэгслээ тэндээ үлдээгээд ******* сумын төв дээр ирж гэртээ хоносон. Тэгээд маргааш өдөр буюу 2020 оны 04 сарын 04-ний 08 цагийн үед цагдаагийн ажилчид трактор байгаа газар очсон байна гэж сураг сонсоод очсон чинь аймгийн төвөөс цагдаагийн ажилчид ирээд унагалдай тракторыг ачаад аймгийн төвд авчирсан. Тухайн газарт би ганцаараа ажилласан. Ажиллахдаа улсын дугааргүй улаан өнгийн Doosan 55 маркийн бага оврын унагалдай трактор, 1 хуурай аргаар шороо угаагч төхөөрөмж 1 ширхэг, хүрэн өнгийн цахилгаан үүсгүүр мотор 1 ширхэг зэрэг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ашигласан. Тухайн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж бүгдээрээ миний өөрийн эзэмшлийнх байгаа юм. Doosan 55 маркийн бага оврын унагалдай трактор нь улсын дугааргүй, ямар нэгэн бичиг баримт байхгүй. Би уг тракторыг өнгөрдөг 2019 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотоос хүнээс авч байсан. Тэр хүн надад ямар нэгэн бичиг баримт өгөөгүй, одоо би тухайн хүнийг танихгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-78/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 8-14/,

Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Doosan 55 маркийн трактор, хуурай аргаар шороо угаагч төхөөрөмж, хүрэн өнгийн цахилгаан үүсгэгч мотор зэрэг эд зүйлүүдийг битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 21-24/,

“Нуман-Алтай” ХХК-ний 2020 оны 04 сарын 23-ны өдрийн 1/19 дугаартай шинжээчийн ... Тухайн эвдэгдсэн талбай нь 132м2 буюу 0.01 га хэмжээтэй бөгөөд байгаль орчны хохирлын үнэлгээ нь 235.574 төгрөг болж байна. Тухайн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 284.611 төгрөг болж байна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 43-65/,

“Энх-Нахиа” ХХК-ны 2020 оны 05 сарын 12-ны өдрийн 270 тоот эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-70/,

Шүүгдэгч *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-ийн 99/,

Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 83-90/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч ******* нь 2020 оны 04 сарын 03-наас 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрүүдэд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсаны улмаас байгаль экологид 235.574 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч *******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр *******д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.

Иймд шүүгдэгч *******г хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******гийн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсны улмаас байгаль орчинд 235.574 төгрөг, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 284.611 төгрөгийн хохирол учирсан талаар “Нуман-Алтай” ХХК-ний 2020 оны 04 сарын 23-ны өдрийн 1/19 дугаартай шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан бөгөөд уг дүгнэлтийг шүүх үндэслэлтэй дүгнэлт болсон гэж үнэлэв.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4-т зааснаар “газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байх тул байгаль орчинд учирсан 235.574 төгрөгийг 3 дахин буюу 706.722 төгрөгөөр нэмэгдүүлж техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал 284.611 төгрөгийг нэмж нийт хохирлын хэмжээг 991.333 төгрөгөөр тооцов.

Уг хохирлыг шүүгдэгч ******* нь нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд түүнээс 991.333 төгрөгийг гаргуулж төлбөрийг Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, уур амьсгалын санд олгов.

Шүүгдэгч ******* нь өөрийн эзэмшлийн Doosan 55 маркийн улсын дугааргүй, бичиг баримтгүй трактор, хуурай аргаар шороо угаагч төхөөрөмж, хүрэн өнгийн цахилгаан үүсгэгч мотор зэргийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул шүүгдэгч *******гаас уг эд зүйлүүдийг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон ба хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч *******гийн эзэмшлийн Doosan 55 маркийн улсын дугааргүй, бичиг баримтгүй трактор, хуурай аргаар шороо угаагч төхөөрөмж, хүрэн өнгийн цахилгаан үүсгэгч мотор зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******г хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1-д тус тус зааснаар шүүгдэгч *******д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч *******гийн засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч *******гаас 991.333 төгрөг гаргуулж Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын дэргэдэх Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн Doosan 55 маркийн улсын дугааргүй, бичиг баримтгүй трактор, хуурай аргаар шороо угаагч төхөөрөмж, хүрэн өнгийн цахилгаан үүсгэгч мотор зэргийг хурааж, улсын орлого болгосугай.

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн Doosan 55 маркийн улсын дугааргүй, бичиг баримтгүй трактор, хуурай аргаар шороо угаагч төхөөрөмж, хүрэн өнгийн цахилгаан үүсгэгч мотор зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.      

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Б.ГЭРЭЛМАА