Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 21

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Д-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан “2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/590 дугаартай шийдвэрийг үндэслэн гаргасан 381 м.кв газрыг эзэмших эрхийг тэнцүү хувааж, 190.5 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 190.5 м.кв газрыг эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Орхон аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2018/0016/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, түүний өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.Б, гуравдагч этгээд Ү.М, түүний өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.Д нь нөхөр Н.Үийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах “**” ХХК-ийн ШТС-ийн зүүн талд граж, авто засварын үйлчилгээний зориулалттай 554 м.кв талбай бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж /2012-2017 оныг хүртэл/ ирсэн. Нөхөр Н.Ү маань 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өвчний улмаас нас барсан. Нас барсны дараа өв нээгдэж дээрхи эзэмшил газраас нөхөр Н.Ү-д оногдох хэсгийг охин Ү.М өвлөж авч, уг газрыг эзэмшдэг байсан Б.Г нь дээрх газраас 173 м.кв газраа тусдаа салгаж гэрчилгээ эзэмших эрхийг авсан. Миний бие уг 381 м.кв газрыг Ү.Мийн хамт хамтран эзэмшигчээр эзэмших болсон боловч бид тус тусдаа өөр өөрийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус тусдаа гэрчилгээгээ авах тухай хандахад зөвхөн 1 гэрчилгээ олгоно, танай газрын эзэн Ү.М гэсэн тайлбар өгч байсан. Бидний хооронд зөрчил маргаан гарч байсан бөгөөд дахин ийм асуудал давтагдахгүй тус тусдаа эзэмшил газраа тайван амгалан эзэмшиж, ашиглах ёстой. Газар эзэмших гэрээ байгуулахад зөвхөн эзэн Ү.М гарын үсэг зурна гээд гэрээнд гарын үсэг зуруулаагүй. Мөн уг эзэмшил газрын төлбөрийг би өнөөдрийг хүртэл төлж ирсэн.

            Газрын албаны ажилтан Д.Б-д би эзэмших эрхээ тусад нь салгаж гэрчилгээ авъя гэхэд “Манай хуулинд тэгэх боломжгүй, Ү.М зөвшөөрөөгүй тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн. Би Газрын албаны Д.Цолмон даргатай уулзахад “Та нар хамтран эзэмшигчид. Манай хуулинд тэгж салгах боломжгүй” гэсэн. Мөн тусдаа гэрчилгээ авч, гэрээ байгуулах хүсэлтийг хүлээн аваагүй. Аймгийн Засаг даргад энэ байдлын талаар хандахад шүүхээр шийдвэрлүүл гэсэн. Ү.Мийн хувьд өөр ажил хийдэг, энэ газраа ашигладаггүй. Би өөрт оногдох хэсгээ салгах гэхээр Ү.М зөвшөөрдөггүй. Ү.М надад гэрчилгээний хуулбарыг л зөвхөн өгдөг байсан. Эх хувийг өгдөггүй. Та яах гэж байгаа юм бэ? гээд өгдөггүй. Би энэ газар дээрээ граж, дугуй засварын үйл ажиллагааг “**” ХХК-ийн нэр дээр явуулдаг. Газрын төлбөрийг 2017 оныг дуустал бүрэн төлсөн. Ү.М газрын төлбөрийг төлдөггүй, газартай хамаатай арчилж хамгаалах бүх зардлыг би өөрөө хариуцдаг. Гэтэл газар эзэмших эрх маань ганцхан Ү.Мээс хамааран зөрчигдөж, Газрын албанд хандахаар хүсэлтийг хүлээн аваагүй, аймгийн Засаг даргад хандахаар миний бичсэн өргөдлийн агуулгыг ч ойлгохгүй “шүүхээр шийдвэрлүүл” гээд намайг бүтэн 2 жил чирэгдүүлж байна. 2005 онд Н.Үтэй нийлж амьдарч байх хугацаандаа бид өөрсдийн хүчээр засварын газраа босгосон. Ү.М нэг удаа ирж тусалж байгаагүй. Тийм байж одоо намайг аймшигтай хүн мэтээр харуулах гэж байна. Иймд “**” ХХК-ийн үйл ажиллагааг явуулах боломжоор хангаж, Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/590 дугаартай шийдвэрийг үндэслэн гаргасан 381 м.кв газрыг эзэмших эрхийг хоёр тэнцүү хувааж, 190.5 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээг олгож, 190.5 мкв газрыг эзэмшүүлэх гэрээ байгуулахыг аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Ү өөрийн хууль ёсны эхнэр Д.Д, хамаатны хүн болох Б.Г нарыг өөрийн хүсэлтээр хамтран эзэмших эрхтэй гэж бүртгүүлсэн. Н.Ү нас барснаар өвлөх эрхийн гэрчилгээгээр Ү.М өвлөж авах хүсэлтээ гаргаад Д.Д өөрийн өвлөх хувь хэсгээсээ татгалзаж хүүхдэд нь өгсөн. Энэ өвийн асуудал хуулийн дагуу явагдсан. Ингээд гурван хүнд хамтын эзэмшил үүссэн. Д.Г өөрийн 175 мкв газраа салгаж авъя гэхээр нь газрыг салгаад өгсөн. Ү.М, Д.Д нар тухайн үед их эв найртай байж Д.Д “**” ХХК-ийн нэр дээр дугуй засварын үйл ажиллагаагаа явуулаад ирсэн. 2017 оны 09 дүгээр сард маргаан гарсан. Ү.М нь “Энэ газрыг чи авах ёсгүй. Энэ объектийг чи бариагүй. Хоосон газар авбал ав” гэсэн асуудал ярихаар нь Д.Д өөрийн хүч хөдөлмөрөө шингээн босгосон учраас арга ядаад би үйл ажиллагаа явуулж байгаа 65 мкв газрыг л авъя. Бусдыг нь чи ав гэхээр Ү.М үгүй гэдэг. Газрын албанд энэ талаараа хэлээд хандахаар урдаас нь Ү.М бол газрын эзэн харин та хамтран эзэмшигч тул түүнээс зөвшөөрөл ав гэж хэлдэг. Үйл ажиллагаатай холбоотой зээл авах, өөр бусад байгууллагуудтай харилцах гэхээр бичиг баримтын эх хувь байдаггүй. Газрын албаны даргатай ороод уулзахаар нэг л хүнд гэрчилгээ бичиж өгсөн учраас дахин танд бичиж өгөх боломжгүй гэж тайлбарладаг. Засаг даргад өргөдөл өгөхөөр шүүхэд ханд гэсэн. Энэ хүний хувьд 381 мкв газрыг хамтран эзэмших эрхтэй гэдэг нь тогтоогдож байгаа. Харин энэ хамтран эзэмших асуудал дээр Ү.М байнга түүний хамтран эзэмших эрхийг зөрчсөөр ирсэн. Хамтран эзэмшигч нар нэгнийхээ эрх ашгийг хөндөхгүй байх хуулийн зохицуулалт байгаа. 381 мкв газрыг Ү.Мтэй хамтран эзэмших эрхтэй. Эзэмших эрх нь Ү.Мээс хамааралтай болсон. Тиймээс 190.5 мкв газар эзэмших эрхтэй гэрчилгээг тус тусад нь гаргаж олгохыг даалгаж өгөөч. Д.Д үйл ажиллагаа явуулдаг хэсэгтээ газраа авахыг хүсэж байгаа. Ү.М хамаарал бүхий байгаа учраас тохиролц гэсний дагуу тохиролцож чадахгүй байгаа учраас түүний эрх нь хэрэгжихгүй байна. Хариуцагч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.д заасан заалтыг хэлж байна. Энэ нь 381 мкв талбай бүхий газрын гэрчилгээг өөр дээрээ шилжүүлэх тухай асуудал биш. Нэхэмжлэгчийн хувьд газрын тодорхой хэсгийг буюу 190.5 мкв газрыг эзэмших эрхээ тусад нь баталгаажуулж авъя гэж хэлж байхад шилжүүлэх асуудалтай холбоод байгааг зөвшөөрөхгүй байна. Ү.М хамтран эзэмшигчийн эрхийг зөрчихгүй байх ёстой. Эрхийг нь зөрчөөд байгаа учраас Д.Д олон тийш энэ асуудлаа яриад гүйгээд байгаа. Нэг нэгж талбарын дугаартай бол нэг гэрээтэй байж болно гэж хуулинд заасан бол нэг л гэрээ байх ёстой гэж ойлгож болохгүй. Тус тусдаа гэрээтэй байж болохгүй гэж ойлгож болохгүй. Төрийн байгууллага Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар иргэний өргөдөл гомдлыг хүлээж авах ёстой. Сонсох ажиллагаа хийх ёстой. Захиргааны үйл ажиллагааны зарчим гэж байгаа. Энэ зарчим алдагдаад ирсэн гэж ойлгож байна. Зөвлөгөө, мэдээллээр хангах ёстой. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан байгаа тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжтой байна. Энэ бүхнийг эс үйлдэхүй байна гэж харж байна. Анхнаасаа захиргааны байгууллагын албан тушаалтан хэрхэн яаж хандах талаар хэлсэн бол энэ хүн ингээд олон удаа чирэгдэл болж явахгүй. Нэхэмжлэлийг хангаж өгөөч” гэв.

            Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Д.Д-ийн нэхэмжлэлтэй аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/590 дугаартай шийдвэрийг үндэслэн гаргасан 381 м.кв газрыг эзэмших эрхийг хоёр тэнцүү хувааж, 190.5 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрх, 190.5 м.кв газрыг эзэмшүүлэх гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардалагатай танилцаад дараах хариуг хүргүүлж байна. Аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/590 дүгээр захирамжийн хавсралтын нэгдүгээр мөрөнд зааснаар талуудын хүсэлтийн дагуу иргэн Б.Гэд 175 м.кв газар эзэмших эрх шилжиж, Ү.Мт 379 м.кв газар үлдэхээр шийдвэрлэсэн болно. Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралтаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг баталсан бөгөөд уг журмын 3.3-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх өргөдлийг талууд хамтран гаргах бөгөөд эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухайгаагаа гэрээнд тусгаж нотариатчаар гэрчлүүлсэн байна”, 7.1.4 дэх хэсэгт зааснаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх” Засаг даргын шийдвэрийн төслийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар боловсруулна. Мөн журмын 10.12-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээний арын нүүрэнд хамтран эзэмшигчдийг бүртгэхдээ иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаарыг тус тус бичнэ” гэж заасан. Иргэн Д.Дг хамтран эзэмшигчээр бүртгэх эсэх асуудал Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эрх хэмжээний асуудал бөгөөд мөн журамд заасны дагуу иргэн Ү.М, Д.Д нар хамтран эзэмшигчээр бүртгүүлэх өргөдөл /хүсэлт/-өө холбогдох байгууллагад албан ёсоор гаргаагүй байна. Дээрхээс үзэхэд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/590 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/590 дугаартай захирамж хууль тогтоомж зөрчөөгүй, хүчин төгөлдөр үйлчилж байгаа захирамж юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болохоор газрыг 2 хувааж өгөхийг даалга гэж ярьж байна. Энэ нь шүүхийн шатанд шийдэгдэх асуудал биш. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу талууд хүсэлтээ гаргаад өгвөл хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой. Гол нь Засаг даргад хандсан гэж байна. Тухайн үед ирэхдээ Ү.М бид 2 хамтран эзэмшигч байх ёстой. Хавсралт дээр хамтран эзэмшигчийг бүртгээгүй байна гэж хөөцөлдөөд явахад нь Газрын алба бүртгэсэн байна. Газрын хамтран эзэмшиж байхад газрын 1 гэрчилгээтэй байж болно гэж хуулинд заасан. Талууд өөрсдөө тохироод хүсэлтээ өгвөл хуулийн хүрээнд шийдвэрлэх боломжтой асуудлыг шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа нь буруу юм. Иргэд хоорондоо харилцан тохироод шийдвэрээ өөрсдөө гаргах боломжтой. Харилцан тохирч чадахгүй байгаа нь төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа биш гэж үзэж байна. Анхнаасаа 3 хуваах байсан бол хүсэлтээ өгч болох байсан. Б.Г өөрийн газраа салгаад 2 хүн үлдсэн. Иргэд хоорондоо тохиролц гэж хэлмээр байна” гэв.

Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут баг “**” ХХК-ийн ШТС-ын зүүн талд байрлах граж, авто засвар, үйлчилгээний зориулалттай 554 м.кв газрын эзэмшигч нь Н.Ү, Д.Д, Б.Г нар байсан бөгөөд эзэмшигч Н.Ү нь 2016 оны 05 дугаар сард нас барсан байна. Н.Үийн өв залгамжлагч тогтооход Н.Ү-д оногдох хэсгээс Д.Д өвлөхөөс татгалзаж, Ү.Мт өвлүүлсэн байна. Иймээс Д.Д, Ү.Мийг хамтран эзэмшигчээр бүртгэж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед Д.Д, Ү.М нар 381 мкв газар дээрээ хил заагаа тогтоож ирээгүй байсан. Газар дээрээ эргэлтийн цэгээ бэхлээд, гэрээгээ хийгээд Б.Г газраа салгаж авахад юу бүрдүүлсэн яг тийм баримтуудаа бүрдүүлээд ирсэн бол газар шилжээд тус тусдаа гэрчилгээ гараад, гэрээ хийгдээд явах боломжтой. Гэтэл хаагуур яаж хуваах гэж байгаа нь тодорхойгүй тэр талаарх хүсэлт байхгүй байсан учраас нэг гэрчилгээ гаргаж өгсөн. Хувааж болохгүй гэж хэлээгүй. Д.Д нь хуульд заасны дагуу хүсэлтээ өгөөгүй. Магадгүй хүсэлтээ өгсөн байхад захиргааны байгууллага ажиллагаа хийхгүй байгаа бол эс үйлдэхүй болно. Харин энэ бол иргэд хоорондын маргаан учир иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй.” гэв.

Гуравдагч этгээд Ү.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ү.М нь өөрийн аав Н.Үийн хууль ёсны дагуу эзэмшиж байсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах “**” ХХК-ийн ШТС-ын зүүн талд байрлах граж, авто засварын үйлчилгээний 381 м.кв талбай бүхий газрыг өв залгамжлах эрхийн дагуу газрыг эзэмших болсон. Уг газарт байрлах граж, авто засварын газрыг өөрийн болгох гэж аавтай хамтран амьдрагч байсан Д.Д нь дайрч давшлан гражийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй, уг граж байрлах газрыг эзэмшиж дангаараа өмчилнө гэх болсон. Үүнээс болж намайг хариуцагчаар татаж Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах “**” ХХК-ийн ШТС-ын зүүн талд байрлах граж, авто завсарын үйлчилгээний 381 м.кв талбай бүхий газрын 190,5 м.кв газрын эзэмшигчээр тогтоож өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба шүүхээс үндэслэлгүй байна гэж шийдвэрлэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Миний бие аавынхаа өвлөх эрхийн дагуу шилжиж ирсэн 381 мкв газрыг хууль ёсны дагуу эзэмшигч бөгөөд Орхон аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь хууль зөрчөөгүй. Д.Дг хамтран эзэмшигчээр оруулсан ба хамтран эзэмшигчээр орох болсон шалтгааныг Г гэх хүн мэдэх ба Гийг өөрийн эзэмшиж байсан 554 м.кв газарт хамтран эзэмшигчээр оруулах үедээ Гийн эзэмших эрхтэй газрыг тусгаарлан шийдвэрлэх хүртэл бичиг баримт хөөцөлдүүлэх зорилгоор Д.Дг хамтран эзэмшигчээр оруулсан гэж ярьж байсан. Энэ тухай Д.Д нь өөрөө ярихдаа “Би та нарын эцгийн хөрөнгийг булаацалдахгүй, жил орчим авто засварын газрын ажиллуулчихаад та нарын нэр дээр бүрэн шилжүүлж өгнө” гэх зүйлийг хэлж байсан ба засварын газарт байрлах хоёр ямийн нэгийг нь намайг авч ашиглах гэхэд “Энэ хөрөнгийг би  эзэмших эрхтэй та нар юугаар нотлох юм, энэ газрын хөрөнгө та нарт хамаагүй, би граж, газрыг авахдаа л авна” гэж дайрч, цагдаагийн газарт болон шүүхэд нэхэмжилж хандах болсон. Намайг газрын гэрчилгээний хуулбарыг л өгдөг гэж байна. Энэ бол худлаа. Та эх хувийг нь авах уу? гэхээр хуулбар байхад болно хэрэггүй чамд байж байг гэж хэлдэг байсан. Анх аавыг өнгөрсний дараа эгч нь нэг жил хэрэглээд өгнө гэсэн. Тэгээд өвлөх эрх үүсэхээр чи аваарай гэж хэлдэг байсан. Жилийн дараа энэ талаар хэлэхээр чамд өгөхгүй, өгөх алба байхгүй гэсэн. Газрын алба дээр ажил хөөцөлдөж байна, хурдан ирэхгүй бол газрыг хураах гэж байна гээд байхаар нь ирж гарын үсэг зурсан. Анх бол би та нарын эцгийн хөрөнгийг булаацалдахгүй гэсэн. Газар дээр хамтран эзэмшигч болсныхоо дараа би компаниа авъя. Чи газраа ав гээд байсан. Яаруулаад л ирээд гарын үсэг зур гээд байхаар нь ажлаасаа чөлөө авч ирээд гарын үсгээ зурсан. Тэгээд л компаниа өөрөө ганцаараа авсан. Намайг газраа чи аваарай гээд байсан. Гэтэл одоо маргаан гаргаад явж байна. Би хайхрамжгүй байдлаасаа болоод сайн уншиж шалгалгүйгээр гарын үсэг зурсан байна лээ. Би за яахав би өөрөө ажилтай юм чинь та хэрэглээд явж бай л гэдэг байсан. Одоо ашигтай талбайгаа авах гэж чичрээд байгаа. Миний хувьд яг голоор нь хуваана гэж бодож байна. Төрийн байгууллага болон төрийн байгууллагын албан хаагч нар нь газар эзэмших эрхийг олгохдоо хууль зөрчсөн, хууль бус үйлдэл хийгээгүй бөгөөд миний бие хууль ёсны дагуу 381 м.кв газрыг эзэмших эрхтэй учир уг газрыг дангаар, тэнцүү хуваан эзэмших эрхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/590 дугаар Засаг даргын захирамжаар Д.Д, Ү.М нар 381 мкв газрыг хамтран эзэмшихээр шийдвэр гарсан. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан. Газар эзэмших гэрээнд хамтран эзэмшигч гэж тогтоогдсон. Ү.М нь Газрын тухай хуулийн 6-р зүйлд заасан газар эзэмшигч мөн бөгөөд гэрээ, гэрчилгээ болон холбогдох баримтуудаар газар эзэмшигч болсон. Мөн Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрх олж авахдаа Ү.М хууль зөрчсөн зүйл байхгүй. Хуулийн дагуу газар эзэмшиж авсан. 381 мкв газар дээр хоёулаа үйл ажиллагаа явуулах асуудлаас болж талууд хоорондоо маргасан. Энэ газрын 190.5 мкв газрыг дангаараа эзэмших хүсэлтээ гаргасан гэж байгаа боловч хамтран эзэмшигчээр орох, газрыг дангаараа эзэмших асуудал нь Иргэний эрх зүйгээр зохицуулагдсан. Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зохицуулсан асуудал байгаа. Тэгэхээр энэ харилцааг төрийн байгууллага болох Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулах үндэслэл байхгүй. Газар эзэмших хүсэлтээ өгөхдөө ямар хэмжээний газар хэрхэн яаж эзэмших хүсэлтэй эсэх асуудлыг Газрын тухай хуулиар зохицуулсан байдаг. Бусад иргэдийн газартай давхцаагүй байгаа газрыг олгох боломжтой. Энэ 381 мкв газар анх Н.Үийн эзэмшил байсан бөгөөд дараа нь Д.Д орж ирсэн. Н.Ү нас бараад Ү.М өвлөж авсан. Энэ асуудал нь хууль тогтоомжийг зөрчсөн асуудал байхгүй. Газрыг ганцаараа эзэмших хүсэлтэй байгаа бол хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргах эрхтэй. Анхнаасаа гурвуулаа энэ газрыг хамт эзэмшинэ гэж байсан. Газар эзэмших гэрчилгээ гарч гэрээ байгуулсан. Үүнд захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл байхгүй. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2.т “газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан” бол газар эзэмших эрх дуусгавар болохоор заасан байна. Ү.М 381 мкв газрыг эзэмших бүрэн эрхтэй этгээд мөн. Энэ эрхэд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Засаг дарга саад болоогүй. Д.Д-ийн үйл ажиллагаа явуулж байгаа хэсэг дээр Ү.М саад болоогүй. Харин Ү.М газар дээрээ үйл ажиллагаа явуулъя гэхээр Д.Д зөвшөөрдөггүй. Энэ газар дээр барьсан үл хөдлөх хөрөнгөөс болж маргаан гарсан. Хамтран эзэмшигчээр гэрчилгээ гаргуулна гэхээр Д.Д би ганцаараа эзэмшинэ гэдэг. Тийм байхад захиргааны байгууллага хууль зөрчсөн байна гэж үзэхгүй. Захиргааны акт гарахдаа нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн тохиолдолд даалгах нэхэмжлэл гаргадаг. Нэхэмжлэгчийн эрх ашгийг хэрхэн яаж хохироосон эсэх нотлох баримт байгаа эсэхийг шалгаж шийдвэрлэх ёстой. Үл хөдлөх хөрөнгө авах гэхээр саад болж байна гэж тайлбарлаад байна. Үүнд яагаад Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг буруутай гэж үзэж байна вэ? Хэсгээр хамтран өмчлөх асуудлыг иргэний эрх зүйгээр өмчлөлийн зүйлийг өмчлөх эрхтэй юм уу? гэж маргаан үүсгээд явах боломжтой. Харин энд захиргааны байгууллагад халдааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн яг ямар эрх ашиг зөрчигдөөд байгаа юм бэ? Энэ нь захиргааны байгууллага албан тушаалтантай холбоотой зүйл гэж нотлох баримтаас харагдахгүй байна. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөөч. Захиргааны байгууллагад хүсэлтээ өгөөд хариу ирүүлээгүй гэж байгаа бол холбогдох албан тушаалтны хууль бус үйлдлийн талаар гомдол гаргаад явах боломжтой. Засаг дарга албан ёсоор хариу өгөхдөө 381 мкв газрыг шууд хуваах нь эзэмшигч нарын хууль ёсны эрх ашгийг хөндөх үндэслэлтэй гэж тайлбарласан. 190.5 мкв газрыг тасалж авах нь мөн Ү.Мийн эрх ашиг руу халдах гэж байна гэж үзэж байна”гэв.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Д нь Орхон аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/590 дугаартай шийдвэрийг үндэслэн гаргасан 381 м.кв газрыг эзэмших эрхийг тэнцүү хувааж, 190.5 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 190.5 м.кв газрыг эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Орхон аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Шүүхээс хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын тайлбар, холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг, “**” ХХК-ийн ШТС-ын зүүн талд граж, авто засвар үйлчилгээний зориулалт бүхий 554 м.кв газрыг Н.Ү, Д.Д, Б.Г нар хамтран эзэмшдэг байсан бөгөөд газар хамтран эзэмшигч Н.Ү нь нас барсан тул Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт зааснаар түүний өв залгамжлагчаар охин Ү.М нь газрын хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон.

Хамтран эзэмшигч Б.Г нь Д.Д, Ү.М нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр дээрх 554 м.кв газраас 173 м.кв газрыг салган авч, Д.Д, Ү.М нар нь Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/590 дугаар захирамж, газар эзэмших эрхийн ** дугаартай гэрчилгээгээр 381 м.кв талбай бүхий газрын хамтран эзэмшигчээр бүртгүүлж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

Д.Д, Ү.М нар нь Газрын тухай хуулийн дагуу зохих шатны Засаг даргын шийдвэр, эрхийн гэрчилгээний үндсэн дээр газрыг хамтран эзэмшиж байгаа учраас хэн аль нь тэгш эрхтэйгээр газрыг эзэмших, ашиглах эрхтэй гэж үзнэ.

Газар хамтран эзэмшигч Д.Д, Ү.М нар нь газар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэх, газар дээрх эд хөрөнгөө ашиглах асуудлаар хоорондоо зөрчилтэй байдал үүссэний улмаас Д.Д нь эзэмших эрх бүхий газраа хоёр тэнцүү хуваалгаж, 190.5 м.кв газрыг өөрт эзэмшүүлэх захирамж гаргаж, гэрчилгээ олгуулах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар Орхон аймгийн Засаг даргад өргөдлөө гаргасан боловч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 5/836 дугаартай албан бичгээр уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх талаар хариу өгчээ.

Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулах асуудлаар Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандахад тусд нь гэрчилгээ олгох боломжгүй талаар хариу өгч байсан нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

Орхон аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь дээрх байдлаар Д.Д-ийн гаргасан өргөдөл, гомдолд амаар болон бичгээр хариу өгч байсан тул захиргааны байгууллага түүний гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхгүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

Харин Д.Д-ийн гаргасан хүсэлтийн дагуу газрын хоёр хувааж, 190,5 м.кв газрыг Д.Дд эзэмшүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулах боломжгүй талаар түүнд татгалзсан хариу өгч байсан гэж үзэхээр байна.

Ийнхүү Орхон аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас маргаан бүхий газрыг хоёр тэнцүү  хувааж, Д.Дд 190.5 м.кв газрын эзэмшүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулаагүй гэж захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй бөгөөд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа, хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй.

Харин газрыг хамтран эзэмшигч Д.Д, Ү.М нар нь хооронд газар эзэмших, ашиглах эрх, газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн талаар маргаан үүссэний улмаас түүний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 108 дугаар зүйлд зааснаар газар эзэмшигч нь газар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй байх тул газар эзэмших эрх, газар дээрх эд хөрөнгийн маргаанаа иргэний журмаар шийдвэрлүүлж, хэн нь аль хэсэгтээ, газар эзэмших эрхтэй болох, газрын аль хэсэгт хэний өмч хөрөнгө байгааг тогтоолгох нь зүйтэй.

Шүүхээс Орхон аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт Ү.М, Д.Д нарын хамтран эзэмшиж байгаа 381 м.кв газрын хоёр тэнцүү хуваан олгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг даалгах нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэг /газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах/-т заасан зарчимд нийцэхгүй болно. Учир нь уг маргаан бүхий газар дээр газар хамтран эзэмшигч нар нь хэн аль нь тэгш эрхтэйгээр эрхээ хэрэгжүүлэх бөгөөд нэгнийх нь эрх нөгөөгөөр хязгаарлагдах тул хэн нэгэнд нь давуу байдал олгож, шууд даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэг /Иргэн...-ний газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно/-т зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь газар дээрх үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно. Иймд маргаан бүхий газар дээр байрлах хөрөнгө болоод газар эзэмших, ашиглах эрхийн талаар үүссэн маргаан нь харилцан хамааралтай бөгөөд захиргааны байгууллага өөрийн үзэмжээр газрыг шууд хоёр хуваан шийдвэрлэх нь газар эзэмшигч нарын эрхийг зөрчих тул уг асуудлаар маргаж буй хоёр иргэн өөрсдөө сайн дурын үндсэн дээр газрын хил заагаа харилцан тохиролцож хуваах, тохиролцож эс чадвал иргэний журмаар энэ маргаанаа шийдвэрлүүлэх нь зүйтэй болно.

Д.Д, Ү.М нарын хамтран эзэмшиж буй 381 м.кв газар нь нэг нэгж талбар бүхий газар байх тул уг газарт газар эзэмшүүлэх нэг гэрчилгээ олгож, нэг гэрээ байгуулсан нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.13 /газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ олгох журам батлах/, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар “Журам батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтын 10.12 дахь заалт, мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг /Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна/, 34 дүгээр зүйлийн 34.9 дэх хэсэг /Газрыг дундаа эзэмшиж байгаа тохиолдолд газар эзэмших нэг гэрээтэй байж болно/-т заасныг тус тус зөрчөөгүй байна.

Газрын хамтран эзэмшигч Д.Д, Ү.М нар нь газар эзэмших, ашиглах эрх, газар дээрх хөрөнгийн маргаанаа өөрсдөө харилцан тохиролцох эсхүл иргэний журмаар шийдэрлүүлсний дараа газрыг хуваах, нэгж талбар тус бүрд газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах асуудлаар захиргааны байгууллагад хандах боломжтой.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 23 дугаар зүйлийн 23.2.13, 27 дугаар зүйлийн 27.3, 34 дүгээр зүйлийн 34.9, 34.10 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Д.Д-ийн Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/590 дугаартай шийдвэрийг үндэслэн гаргасан 381 м.кв газрыг эзэмших эрхийг хоёр тэнцүү хувааж, 190,5 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч  Д.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.УУГАНЦЭЦЭГ