Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 07

 

 

Т.Лхамдуламын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, шүүгч Г.Уламбаяр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

        Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж шийдвэрлэсэн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 399 дугаар шийдвэртэй,

       Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин суух Т.Лхамдуламын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс /хуучин нэрээр/-т холбогдох

       Ажилгүй байсан хугацааны цалин 7.120.867 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Л.Энхжаргалын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ариун-Эрдэнэ

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Энхзаяа

Прокурор: Б.Өлзийбат

Нарийн бичгийн дарга: Ө.Халиунаа нар оролцов.

 

        Нэхэмжлэгч Т.Лхамдулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Лхамдулам миний бие 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Бугат сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байгаад 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн даргын б/05 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан байсныг Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар үндэслэлгүй ажлаас халагдсан нь тогтоогдсон. 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажилд буцаан авсан. 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх

 

 

2

 

хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл гаргуулах, 13 сарын цалин 6.573.108+547.759 7.120.867  2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тушаал гаргасан мөртлөө 3 сард ажилласан хугацааны цалин өгөөгүй, амралтын мөнгө олгосон байсан. Учир нь ээлжийн амралтыг биеэр эдлээгүй байхад амралтын мөнгө олгоод тушаал гаргасан байгаа.

       

          Иймд миний ажилгүй байсан хугацааны цалин шимтгэл төлөгдөөд гарт 6.408.780 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.

 

        Хариуцагчийн төлөөлөгч Л.Энхжаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т.Лхамдулам нь нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс завшиж, нийгмийн даатгалын сан болон тэтгэвэр, тэтгэмж авагч, даатгуулагчдад хохирол учруулсан байсныг дотоодын хяналт шалгалтаар илрүүлж ажлаас чөлөөлсөн.Нийгмийн даатгалын улсын байцаагчдын хийсэн хяналт шалгалтаар учруулсан хохирлыг тогтоож, актаар 13.271.581 төгрөгийн төлбөр тавигдсан. Т.Лхамдулам нь төлбөрөөс 7.080.257 төгрөгийг төлж, 6.191.324 төгрөгийн төлбөрийг барагдуулаагүйгээс аймгийн цагдаагийн газраар шалгагдаж, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн. 2015 онд анхан шатны шүүхээс гэм буруутайг нь тогтоож, Өршөөлийн хуульд хамруулж байсан зэргээс үзэхэд Т.Лхамдулам нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Т.Лхамдуламын учруулсан хохирол 6.191.324 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа томилогдсон. Энэ хугацаанд ажилгүй байсан тул ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа гэжээ.

 

        Хариуцагчийн төлөөлөгч Л.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлтсийн даргын тушаал 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гарч ажлаас чөлөөлөгдсөн. Нийгмийн даатгалын улсын байцаагч нарын дүгнэлтийг үндэслэн акт гарсан гэж ойлгож байгаа. Т.Лхамдулам нь 13 сарын цалин нэхэмжилсэн байна. 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртлэх цалинг олгочихсон. 2014 оны 9 дүгээр сараас 2015 оны 03 дугаар сар хүртлэх амралтын мөнгөний олговрыг олгосон байгаа. Нэхэмжлэлдээ амралтын мөнгийг мэдэгдэлгүйгээр олгосон гэж бичиж цалингаа бүтэн нэхэмжилсэн байна. Т.Лхамдулам нь тухайн үед жирэмсэн байсан. 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх 60 хоногийн жирэмсний лист, 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл амаржсаны лист бичүүлж энэ мөнгө нь нийгмийн даатгалын сангаас олгогдсон. Үргэлжлүүлээд хүүхдээ асрах чөлөө авсан. Тухайн үед ажиллаж байсан гэж үзвэл жирэмсэн амаржсаны хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн зохицуулалтаар нярайн хугацаанд ажил

 

                                                                

3

 

олгогч цалин олгохгүйгээр нийгмийн даатгал төлөх ёстой. Үүний хүрээнд хүүхдээ асарсны тэтгэмжийг авах ёстой. Энэ хугацаанд байгууллагаас цалин олгогдохгүй. Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөх эрх зүйтэй учраас 13 сарын цалин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

        Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс /хуучин нэрээр/ буюу одоогийн нэршлээр Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны цалин гаргуулах шаардлагад 6.689.328 төгрөгийг гаргуулан Ончуул Түвдэндоржийн Лхамдуламд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 431.539 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу 2015 оны 03 дугаар сараас 2016 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Т.Лхамдуламын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу ажилгүй байсан хугацааны цалин 6.689.328 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 121.979 төгрөгийг Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс /хуучин нэрээр/ гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

        Хариуцагчийн төлөөлөгч Л.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Т.Лхамдуламын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 6.689.328 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

        Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөний хугацаанд нь “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-д заасны дагуу тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогч шимтгэл төлөх үүрэгтэй байдаг.

        Нэхэмжлэгч Т.Лхамдуламд дээрх заалтын дагуу жирэмсний эмнэлгийн хуудас авснаас хойш буюу 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс хойш цалин олгогдохгүй, харин жирэмсэн амаржсаны амралттай буюу хүүхдээ асрах чөлөөний хугацаанд нь ажил олгогч байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэл төлөх учраас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

       

 

4

 

    Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 399 дугаартай шийдвэрийг дахин магадлаж, Т.Лхамдуламд гаргуулсан 6.689.328 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

        Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байна.

 

        Нэхэмжлэгч Т.Лхамдулам ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс эс зөвшөөрч маргажээ.

 

        Т.Лхамдулам нь 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдөж, Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн б/10 дугаар тушаалаар Бугат сумын нийгмийн даатгалын байцаагчийн ажилд эгүүлэн томилогджээ.

 

       Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...” олгохоор заажээ.

 

        Т.Лхамдулам нь ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс түүнийг ажилд нь эгүүлэн авсан 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан байх ба тэрээр дээрх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар олговор авах эрхтэй байна.

 

        Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 дүгээр сарын  30-ны өдрийг хүртэл тооцож, нийт 6.689.328 /зургаан сая зургаан зуун наян есөн  мянга гурван зуун хорин найман/ төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж Т.Лхамдуламд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 431.539 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

        Хариуцагч  тал Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөний хугацаанд ажил олгогчоос шимтгэл төлөх үүрэгтэй байдаг. Үүний дагуу жирэмсний эмнэлгийн хуудас авснаас хойш цалин олгогдохгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэжээ.

“Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-д ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн ажлаас чөлөөлөгдөхийн өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож ажиллаж байсан байгууллага нь нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй учраас шүүхээр тогтоогдсон цалингаас тооцон гаргасан нь үндэслэлтэй байна.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 399 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121.979 /нэг зуун хорин нэгэн мянга есөн зуун далан ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

        3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй,  эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

       

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.НЯМДОРЖ

                          ШҮҮГЧИД                                     Г.УЛАМБАЯР

                                                                                Т.ЖАРГАЛСАЙХАН