Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Г.Цогтмагнай,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 7 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 11 сарын 20-ноос 2018 оны 11 сарын 30-ны хооронд Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газраас иргэн М.******* 1 тооны үхэр болох малыг хулгайлж бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 11 сарын 20-ноос 2018 оны 11 сарын 30-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газраас иргэн М.******* 1 тооны үхэрийг хулгайлж бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч М.******* ... Одоо хэргийн талаар ярих юм бол 2017 онд манайх 60 гаран тооны үхэртэй байж байгаад тус онд 5 тооны үхрийг үлдээж үлдсэн үхрүүдээ гаргаж маханд өгсөн юм. Тэгээд дээрх үлдээсэн гэх 5 тооны үхэр болохоор Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “ ” гэх газарт байсан юм. Тэгээд тэрнээс хойш бид нар өөрсдөө сумын төвд байсан болохоор үхрээ бүртгэж, маллаж чадаагүй юм. Сураг дуулахад ******* гэх хүний үхэрт очсон гэж байсан юм. Энэ талаар яг хэнээс сонссон болохоо мэдэхгүй байна. Харин 2018 оны хавар ******* гэх хүн над руу утсаар залгаад танай үхэр манай үхэртэй нийлсэн байгаа шүү гэж хэлсэн. *******ын манай үхрийг таньж байгаа шалтгаан нь болохоор манай үхрүүд содон мөн тэдний үхрүүдтэй ойрхон бэлчдэг болохоор танина. *******ыг үхэр чинь манай үхэртэй нийлсэн байгаа гэхээр нь байлгаж бай тэгж байгаад авна гэж хэлсэн юм. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр 12 дугаар сарын эхээр байх ******* гэх хүн манайд ирээд үхрийг чинь Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “******* гэх” газарт өөрийнхөө үхэртэй үлдээлээ гэж хэлсэн. Мөн /*******/ гэх хүнд өөрийнхөө үхрийг үлдээсэн тэр хүн миний үхрийг маллаж байгаа танай үхэр тэнд үлдсэн шүү аваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр өдрийн маргааш нь байх гэх хүн рүү утсаар залгаад манай үхэр байгаа юу гэсэн чинь би өөрөө аймагт явж байна танай үхэр байгаа та ирж аваарай гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөөс 3 хоногийн дараа байх *******ийнд ирхэд аймгаас шөнө ирлээ гэж сууж байсан ба үхрээ авъя гэж хэлсэн юм. Тэгээд ******* миний үхрийг авчирхаар явсан боловч олоогүй гэж ирсэн. Тэгэхээр нь за олдвол хэлээрэй гэж хэлчихээд явсан юм. Тэгээд тэрнээс хойш нэг удаа утсаар ярьсан ба тэр хэлэхдээ үхэр чинь олдохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь сураг тавьж байгаарай гэж хэлсэн юм. Тэгээд бүр олдохоо байхаар нь ******* сумын цагдаагийн хэсэгт өргөдөл өгч шалгуулсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/,

Гэрч А.*******ийн ... намайг очсон шөнийн маргааш нь 14 цагийн үед байх гуай нэг хүний хамт ирээд үхэрээ авна гэхээр нь би авчирах гээд явсан боловч олоогүй юм. Тэгээд тэр хавиар хэсэг хайгаад олдохгүй байхаар нь гэртээ эргэж ирээд олоогүй гэж хэлсэн чинь ах за тэгвэл олдвол хэлээрэй гэж хэлчихээд явсан. Тэрнээш хойш тухайн хүний үхрийг хараагүй ... ******* ахаас үхэрнүүдийг авхад тэр үхэр тэдний үхэр дотор байсан ба ******* ах хэлэхдээ энэ ******* үхэр байгаа юм гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/,

Шүүгдэгч *******ын ... 2018 оны 11 дүгээр үед санагдаж байна. Өвөл болсон байсан юм. Манайх тухайн үед Баянхонгор аймгийн ******* сумын “ ” гэх газар нутаглаж байсан. Манай нутаглаж байсан газраар ******* ахын үхэр бэлчдэг байсан. Тэгтэл үхэр дотор шар тарлан зүсмийн үхэр нийлсэн нилээн удаан явсан юм. Тэгэхээр нь эзэнгүй үхэр яваад байхаар нь үхэрийг ганцаараа бугуйлдаж барьж аваад гэрийнхээ гадаа хөтөлж авчираад гаргасан юм. Гаргачихаад маргааш нь үхрийг замын унаа зогсоож байгаад үхрийнхээ махыг ачаад аймагт ирээд дунд зах дээр ирээд мах авдаг хүнд 1 кг нь 4500 төгрөгөөр өгөөд 700.000 гаран мянган төгрөг болсон юм. Тэр оройдоо эргээд замын унаанд суугаад гэртээ харьсан юм. Үхэр гаргах үеэр би гэртээ ганцаараа байсан юм. Үхэр гаргасан талаар манай гэр бүлийнхэн хэлээгүй мөн үхрийн мах өгсөн хүнийг танихгүй ... Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 49/,

“Энх-Нахиа” ХХК-ний 2020 оны 02 сарын 20-ны өдрийн №121 дугаартай эд зүйл үнэлсэн шинжээчийн “...1 тооны нас гүйцсэн монголын эр үхэр 1.000.000 /нэг саян/ төгрөг ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь алдагдсан 1 тооны үхэрний үнэ 1.000.000 төгрөгийг хохирогч ид Хаан банкны дансаар шилжүүлэн өгсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримтыг ирүүлж хохирол нөхөн төлөгдсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******т оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.      

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.ГЭРЭЛМАА