Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/195

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа

Хохирогч Б.*******,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.*******, Ц.*******,

Шүүгдэгч А.Б, Ж.Б, Д.Г, Х.Б,

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Х.Б, А.Б, Ж.Б, Д.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 04 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин,  Х.Б,

2. Монгол улсын иргэн,  28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,  А.Б,

3. Монгол улсын иргэн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,  Д.Г,

4. Монгол улсын иргэн, 1988 оны 08 сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,  Ж.Б

            Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч Х.Б, А.Б, Ж.Б, Д.Г нар нь бүлэглэн 2019 оны 09 сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг ******* гэх газраас Б.*******ын эзэмшлийн 7 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Манай аав 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өнгөрсөн юм. Тэгээд 21 хоног нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр болсон юм. Аавыг өнгөрөхөд бид нар аймагт байж байгаад 21 хоног нь өнгөрөхөөр нь хөдөө ******* сум руу 10 дугаар сарын 05 билүү 06-ны өдөр очиж үхрээ бүртгэхэд нийт 7 тооны монголын үхэр алга байсан ... Манайх малаа тоолуулахдаа талийгаач аав болох нэр дээр тоолуулдаг юм. Гэхдээ талийгаач аавын нэр дээр тоолуулсан бог, бод малууд нь болохоор хүүхдүүд нь болох надад болон миний доор нэг эмэгтэй дүү байдаг юм. Тэр бид хоёр дээр хуваарилж өгсөн байдаг юм. Дээрх алдагдсан 7 тооны үхэр минийх юм байгаа. Манай аавын төрсөн дүү болох ахын бод мал нь бэлчээр нэгтэй болохоор манай бод малтай цуг байдаг юм. 2018 он гэхэд манайх 190 гаран тооны үхрийг тоолуулж байсан юм. Одоо болохоор 110 гаран тооны үхэртэй байгаа. Нядалгаанд 80 гаран тооны үхрийг явуулсан байх ... Миний бие 2018 оны 04 дүгээр сард Чех улс руу яваад 2019 оны 09 дүгээр сарын 04-нд Монгол улсад ирсэн юм. Өөрөөр хэлбэл 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод ирээд, Баянхонгор аймагт болохоор 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ирсэн юм. Намайг гадаадаас ирэхэд аавын бие нь муудаад аав, ээж энэ хэд аймагт ирсэн байсан. Хөдөө бол хүн байгаагүй. Бог малаа гэх хүнээр маллуулж харин бод мал эзэнгүй байсан юм. Би өмнөх өгсөн мэдүүлгүүдтэй хугацаануудын буруу хэлсэн юм байна лээ. Учир нь тухайн үед өөрөө байгаагүй болохоор хугацаануудыг нь нарийн мэдэхгүй байсан юм. /Үхэр хулгайд алдагдсан гэх үеэр/ Сая сүүлд ээж эд нартай уулзаад хугацааг нь нарийн тогтоох гээд хоорондоо ярилцахад манайх хамгийн сүүлд үхрээ 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн юм байна лээ. Тэгэхэд бол үхрүүд бүгд бүрэн байсан гэсэн. Тэрнээс хойш бол бүртгэж чадаагүй байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр бүртгэх гэж бөөгнүүлээд тоолж амжаагүй юм. Харин 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр очиж нэг бүрчлэн бүртгэхэд 7 тооны үхэр алга байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-37/,

Гэрч Р. мөрдөн байцаалтанд өгсөн ... Манай нөхөр болох ******* гэх айлыг нүүлгэх гээд тэр гэх хүний машинтай явсан ... Тэгж яваад тус өдрийн үүрээр нөхөр 04 цагийн үед ******* нар ирсэн ... Тэгээд унтаад өгсөн юм. ******* нар онц юм ярилгүйгээр гараад явсан. Тэгээд өглөө хүүхдээ хичээлд нь хүргэж өгөх гээд 07 цаг өнгөрч байхад босоод гадаа гархад 2 тооны үхэр байсан, ямар зүсмийн үхэр болохыг харж амжаагүй юм байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60/,

Гэрч Б. мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байсан байх өдрөө сайн санахгүй байна. Манайх уг нь Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газарт байж байгаад аймаг руу гэрээ оруулж ирсэн юм. Тэгэхэд хөдөө манайх ганц гэртэй байдаг байсан юм. *******ын үхэр нь тэгэхэд манай үхэртэй цуг байдаг байсан. Уг нь *******ын үхрийг аав нь болох талийгаач хардаг байсан ба тэр хүний бие нь муудаад 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр аймагруу орж ирсэн юм. Бид нар бас тэр хүний бие нь муудахаар аймаг руу нэг гэрээ оруулж ирсэн юм. Яг тухайн үеэр ******* гадаадад байсан ба 2019 оны 09 дүгээр сарын 10-дын үеэр аавынхан бие муудсан болохоор ирсэн. Тэгээд 2019 оны 09 сарын 05-ны үеэр байх *******ын ээж болох гэх хүнтэй яваад үхрүүдийг нь нэг бүрчлэн тоолоход 172 тооных байсан байх нарийн сайн санахгүй байна. Тэгээд ер нь тэрнээс хойш бүртгэгдээгүй. *******ын ээжид өөрийн гэсэн том бүртгэлийн дэвтэр байна лээ ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 62/,

Гэрч Т. мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр би талийгаачийн төрсөн дүү болох тэй үхрүүдээ бүртгэсэн юм. Манайх Баян тээг, Ихрийн сайр, гэх газруудаар зундаа зусдаг юм. Тэгж явахад үхрүүд бүгд бүрэн байсан юм. 174 тооны үхэр байсан ... Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр очиж бүртгэхэд 10 гаран тооны үхэр алга байсан ба тухайн үед усанд байж байгаад зарим нь тоологдоогүй юм уу дахин тоолоход нийт 7 үхэр дутсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 64/,

Гэрч Ц. мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 10 сар гарсан санаад байна *******ын гэр лүү нь яваад очоод мах байгаа эсэх талаар тодруулахад би уг нь тэднийхээс ямааны мах сураад очсон юм. Тэгсэн ******* ямааны мах байхгүй харин үхрийн мах байгаа гэж хэлсэн. Тэгээд махыг үзсэн чинь одоо сайн санахгүй байна үхрийн хаа, гуя, зэргийг авсан санаад байна 50 хэдэн кг болсон байх мөнгийг нь төлөөд гэрийнхээ хажуу талын зоориноос гаргаж өгсөн. Махыг тэр өөрөө гаргаж өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 65/,

Гэрч Г. мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны намар байсан санаад байна. Манайх тэгэхэд арван мянгат болон Хөх толгойн голоор байдаг байсан юм. Би сая мэдүүлэгтээ дурдлаа хэдэн тооны адууг тэжээдэг гэж. Тухайн өдөр би хэдэн адуу руугаа явж байхад замаараа *******ын гэрээр орсон юм. Тэднийд очиход хашаанд сайн санахгүй байна адуугаар бол цавьдардуу гэмээр 2 тооны жижгэвтэр биетэй 2 тооны үхэр байсан. Тэгээд гэрээр нь орсон чинь ******* ах ганцаараа байж байсан ба орондоо хэвтэж байсан. Одоо санахад урьд өдөр нь архи уусан байсан юм уу бага зэргийн шартсан байдалтай байсан. Би тэднийх рүү 11 цагийн орчимд очсон юм. Тэгээд ******* ахтай мэнд усаа мэдэлчихээд байж байсан чинь ******* ах, хаа хүрэхнүү ахдаа энэ хашаанд байгаа хоёр үхрийг унгалцаад өгөөдхөө гэхээр тэгье гэж хэлсэн юм. Тэгээд тэдний гэрээс нь гараад хашаанд нь байсан 2 тооны үхрийг би унгалцаад өгчихөөд тэгээд явсан юм. Би тэр үхрийн арьсыг хуулах, махын эвдлэх юмнуудад нь оролцоогүй юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 69/,

Гэрч Ё. мөрдөн байцаалтанд өгсөн ... Одоо тухайн үеийн он, сар, өдрийн нарийн сайн санахгүй байна. Бодоод үзэхэд 2019 оны 09 сарын сүүлээр 10 дугаар сарын эхээр байсан санаад байна. Би болохоор аймгийн төвөөс мотоцикльтой ******* сумын 2 дугаар багийн нутаг “” малаа тууж яваад цагаан өнгийн Портер маркийн машинтай Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг болох “*******ын тал” гэх газарт таарсан юм. Тус газар нь бунхны бригадаас 7-10 км зайнд байдаг юм. Тухайн машиныг махны буюу ******* жолоодсон байсан ба кабинд нь , ******* нар байсан ба тэд нар өөрсдийгөө бунхны бригадаас аймаг руу явж байна гэж хэлсэн. Тэгээд тэд нар ч хөдлөөд би ч цаашаагаа малаа туугаад явсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 77/,

Шүүгдэгч Х.Бын мөрдөн байцаалтанд өгсөн ... нарын хувьд аймагруу бид нартай цуг явахаар болоод мотоциклио машинд ачаад тэгээд тэр хоёр хоёулаа ******* бид хоёрын явж байсан машины кабинд суугаад цуг хөдөлсөн. Бригадаас хөдлөөд 5-6 км явсан байх хээр зогсоод миний авсан архийг задалж уусан юм. Тэгээд тэнд байсан үхэрнээс 2 тооны үхрийг , *******, бид дөрөв ачаад аймагт ирээд би гэртээ буусан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 98-99/,

Шүүгдэгч А.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Тэгээд машинаас ******* бид хоёр буугаад машинд ачсан байсан миний мотоциклийг буулгаад би өөрөө бариад *******ыг араараа сундлаад 1 км гарангийн зайд яваад тэнд байсан үхэрнээс 2 тооны үхрийг тасалж аваад тууж ирээд машинд байсан бугуйлгаар ******* ах хүлээд бид 4 зэрэг ачаад аймагруу хөдөлсөн юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 100-102/,

Шүүгдэгч Д.Гын мөрдөн байцаалтанд өгсөн ... Яг үнэндээ 2 тооны үхэр хулгай хийхэд би өөрөө оролцсон юм. Бригадын гуанзнаас хөдлөөд замдаа зогсож архи ууж байхдаа хоорондоо юм яриад сууж байсан юм. Тэгсэн , нар хэлэхдээ сая зам дээр үхэр байсан хулгай хийх үү гэж хэлхэд нь ******* бид хоёр хүлээн зөвшөөрсөн юм. Тухайн үед бид нар бүгд уусан байсан болохоор архины халуунд хулгай хийсэн юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 103-104/,

Шүүгдэгч Ж.Бын мөрдөн байцаалтанд өгсөн ... *******, хоёр мотоцикльтой яваад 5-6 тооны үхрийг тууж ирсэн. Үүнээс 2 тооны үхрийн нэгийг нь ******* бугуйлдаад барьчихсан зогсож байсан. Нөгөөдхийг нь болохоор барьсан байсан. Би яг тэд нарыг үхрүүдийг барьж байхад биш харин барьсаных нь дараа машинаас буусан юм. Тэгээд тэд нарт хандаж юу хийж байгаа юм бэ хулгайн юм биш биз гэхэд бид нар өөрсдөө араа даана чи чимээгүй бай гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 105-106/,

Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 25-31/,

Энх-Нахиа ХХК-ны хулгайд алдагдсан 7 тооны үхрийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83/,

Энх-Нахиа ХХК-ны гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85, 87/,

Хулгай хийсэн газраа зааж байгаа тухай гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 118-119/,

Киа пронтер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 120/,

Мал тооллогын архивын лавлагаа, мал тоолсон тухай гар бүртгэл, мал тооллогын бүртгэл /хх-ийн 121-132/,

Шүүгдэгч Х.Б, А.Б, Ж.Б, Д.Г нарын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 110-117, 134-157/,

Шүүх хуралдаанд гарган өгсөн хохирол нөхөн төлсөн тухай баримт болон гомдол саналгүй тухай хохирогчийн хүсэлт зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Х.Б, А.Б, Ж.Б, Д.Г нар нь 2019 оны 09 сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг ******* гэх газраас бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан иргэн Б.*******ын эзэмшлийн 7 тооны үхрийг хулгайлж бусдад 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Х.Б, А.Б, Ж.Б, Д.Г нарыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч Б.******* нь шүүгдэгч нараас хохиролд нийт 6.500.000 төгрөгийг хүлээн авсан цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт бичгэээр илэрхийлсэн тул шүүгдэгч Х.Б, А.Б, Ж.Б, Д.Г нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Х.Б, А.Б, Ж.Б, Д.Г нар нь Ж.Бын эзэмшлийн улсын дугаартай киа пронтер маркийн автомашин ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул Энх-Нахиа ХХК-ны уг автомашиныг үнэлсэн үнэ болох 3.000.000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хувааж шүүгдэгч Х.Б, Ж.Б, Д.Г, А.Б нараас тус бүр 750.000 төгрөг гаргуулж, шүүгдэгч Б. нь өөрийн эзэшлийн мустанг 5 маркийн улсын дугааргүй мотоцикль ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул Энх-Нахиа ХХК-ны уг мотоциклийг үнэлсэн үнэ 300.000 төгрөгийг шүүгдэгч А.Бөөс тус тус гаргуулж улсын орлого болгов.

Шүүгдэгч Х.Б, А.Б, Ж.Б, Д.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Х.Б, А.Б, Ж.Б, Д.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон ба бусдад төлөх төлбөргүй байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Х.Б, А.Б, Ж.Б, Д.Г нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ж.Бын эзэмшлийн улсын дугаартай киа пронтер маркийн автомашин болон шүүгдэгч Б.ийн эзэмшлийн мустанг 5 маркийн улсын дугааргүй мотоциклийн үнийг шүүгдэгч нараас гаргуулж шийдвэрлэсэн тул уг тээврийн хэрэгслүүдийг эзэмшигч нарт нь буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Х.Б,  Ж.Б,  Д.Г,  А.Б нарыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Х.Б, Ж.Б, Д.Г, А.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Х.Б, Ж.Б, Д.Г, А.Б нарт тус бүр оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

4. Шүүгдэгч Х.Б, Ж.Б, Д.Г, А.Б нарын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.ийн эзэшлийн мустанг 5 маркийн улсын дугааргүй мотоциклийн үнэ 300.000 төгрөгийг шүүгдэгч А.Бөөс, иргэний нэхэмжлэгч Ж.Бын эзэмшлийн улсын дугаартай киа пронтер маркийн автомашины үнэ 3.000.000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хувааж шүүгдэгч Х.Б, Ж.Б, Д.Г, А.Б нараас тус бүр 750.000 төгрөг гаргуулж тус тус улсын орлого болгосугай.

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.ийн эзэшлийн мустанг 5 маркийн улсын дугааргүй мотоцикль, иргэний нэхэмжлэгч Ж.Бын эзэмшлийн улсын дугаартай киа пронтер маркийн автомашин битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.   

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.      

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Б, Ж.Б, Д.Г, А.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Б.ГЭРЭЛМАА