Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч Ц.Б, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.*******,

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ц.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 сарын 09-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 04 сарын 19-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ******* ******* *******-нд барилгын засварчин ажилтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь Баянхонгор аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр ******* гэх газарт өөрийн эзэмшлийн саарал өнгийн ******* ******* улсын дугаартай тоёота приусс 11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Ц. амь насыг хохироосон буюу авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:            

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

Хохирогч Б. мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр аав ээжтэйгээ золгох гээд Галуут сум ороод ирсэн байхад надруу залгаад талийгаач Ц. осолд орсон байна гэж хэлсэн. Тэгээд би шөнөө аймаг дээр ирэхэд эмнэлэгт эрчимтийн тасагт хэвтэж байсан тэгээд нэг хоноод нас барсан ... Би танихгүй царайг нь харж байгаагүй юм байна лээ саяхан ийм асуудал болсон гэхэд нь харсан өмнө нь талийгаач надтай утсаар ярихдаа манай нөхөр ажлаа хийгээд байж байгаа гээд хэлж л байсан талийгаач нь энэ нөхөр тай танилцаж хамт амьдрахаас өмнө охин, хүү хоёртой байсан. Тухайн үед 2 хүүхэд нь хамт явсан юм байна лээ том охин 14 настай талийгаачийн өргөмөл хүүхэд банди нь 11 настай өөрийнх нь төрсөн хүүхэд байгаа юм. нь машинтай явж байгаад үрүүл ажиллахаа болиод ийм зүйл болчихлоо гэж байсан. Хоёр хүүхэдтэй нь энэ талаар яриагүй 2 хүүхэд нь аавтайгаа байна аавтайгаа үлдэнэ гээд аав нь ч хоёр хүүхдээ би харж хандаж өсгөнө гэж хэлж байсан одоо 2 хүүхэд аав тай хамт байгаа манайхан хүүхдүүдийг нь авъя гэхээр хүүхдүүд аавтайгаа байна гээд байгаа манайхан энэ хэрэг явдал яаж шийдэгдэх эсэхийг хараа л байгаад байгаа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-34/,

Гэрч Л. мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотруу ээжийн төрсөн дүү машинаар түүний эхнэр 2 хүүхдийн хамт 13 цагийн үед байх аймгаас гараад ******* сум өнгөрөөд ******* даваад явж байтал ах гэнэт үрүүл булаагаад байна гэж хэлсэн. Тэгээд хэлээд удаагүй байж байтал замын урд талын жалга руу ороод 2 бүтэн эргэсэн тэгээд жалга дээр машин хажуу талаараа зогссон тэгэхээр нь би урд цонхоор нь гараад 2 дүүгээ гаргаж авсан. эхнэрээ гаргаж авсан тэгээд байж байсан тэгээд түргэн дуудаад эгчийг аваад аймгийн төврүү явсан бид нар бүгд машины суудлын бүсийг бүсэлсэн байсан аймгаас гархад хяналтын пост анхааруулсан байсан юм ... Би тухайн үед гар утсаа оролдоод жолооны үрүүл талын хажуу талд суусан эгч 2 хүүхдийн хамт машины арын суудал дээр суусан явж байсан. Ямар ч байсан Цагаан хөтлийг даваад доош уруудхад ах 55 км цагийн хурдтай явж байсан тэгээд явж байгаад эргэлтэн дээр үрүүл булаагаад байх юм гэж ах ярьж байсан тэгээд удаачгүй машин эргэлдээд яваад өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 37/,

Гэрч Н. мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот руу Ц.Бын хамт Баянхонгор аймгийн төвөөс гарсан би өөрийнхөө машинтай өөрийнхөө машинтай гэр бүлээрээ гарсан юм би түрүүлж яваад ******* суман дээр хүлээж байтал ирсэн. Тэгээд би араас явсан түрүүлээд яваад өгсөн тэгээд миний машины ус халаад байсан учир би Цагаан хөтлийн даваан дээр гэлдэрч гараад доошоо уруудаад ортол эргэдэг тойрог засмал замын цаад талд машинтайгаа онхолдсон байсан тэгээд би очсон. Тэгтэл машин дотроос эхнэрээ ард суудлаас татаж гаргаад гадаа нь толгойг нь хүзүүдээд тэвэрсэн сууж байсан бага хүүхэд нь машинаас гараагүй байсан би машинаас татаж гаргаж ирсэн тэгээд яасан талаар асуухад өөрөө юм яриагүй орилоод байсан бага хүүхэд нь аав үрүүлгүй болсон гээд унагаачихлаа гэж хэлсэн. Тэгээд түргэн дуудаад онцгой байдлынхан ойрхон байсан учраас хүрээд ирсэн удаачгүй түргэн ирсэн. Намайг очиход бол эхнэр ёолоод орилоод ямар нэг зүйл хэлэхгүй байсан би хоёр хүүхдийг нь аваад Баянхонгор аймгийн төвийн эмнэлэгрүү түргэний машин аймаг руу авч явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-40/,

Насанд хүрээгүй гэрч Б. мөрдөн байцаалтанд өгсөн ... Би битүүний өдөр Улаанбаатар хотоос аав, ээж дүүгийн хамт Баянхонгор аймагт цагаан сар болох гэж ирчИхээд цагаан сар өнгөрөөгөөд 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр цагийг нь санахгүй байна Баянхонгор аймгийн төвөөс гарч яваад засмал зам дээр нэг дугуй хашлагатай юм шиг зам дээр явж байтал гэнэт машин эргэлдээд онхолдсон. Би талийгаач ээж дүү нарын хамт машины арын суудал дээр суусан явж байсан юм. Тэгээд ээж ухаан алдсан байсан тэгээд цагдаа эмнэлэг хоёр ирээд би дүүтэйгээ хамт эмнэлэг дээр очиж эмнэлэгт үзүүлээд тэр оройноо эмнэлгээс гарсан. Би машин онхолдох гэж байхад замын хашлага төмрийг л харсан аав машиныг жолоодоод *******ийн давааг даваад хэлсэн байх яг хаана явж байхад хэлснийг санахгүй байна машины үрүүл булаагаад байна гэж хэлж байсан. Тэгээд түүний дараагаар манай машин осолд орсон ... Манай аав тухайн машиныг 2019 оны шинэ жилийн өмнө худалдаж аваад жоохон засвартай юм байна гээд айлын хашаанд байлгаж байгаад 2020 оны 01 дүгээр сараас засаад унаж эхэлсэн. Өмнө нь ямар нэг машин жолоодож байгаагүй нь миний дүү бид хоёрын яг төрсөн аав бол биш намайг 8 настай байхаас ээж дүү бид нартай хамт байж эхэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/,

Насанд хүрээгүй гэрч Б. мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 03 сарын 03-ны өдөр цагийг нь санахгүй байна Баянхонгор аймгийн төвөөс гарч яваад Цагаан даваа гэсэн байх аав дээшээ өгсөж яваад машины үрүүл булаагаад байна гэж буюу агаад хэлж байсан. Тэгээд доошоо уруудаад явж байгаа нэг дугуйлдсан засмал зам дээр машины шонгийн төмөр машин мөргөөд нэг эргэлдээд 4 дугуй дээшээ гарч ирээд онхолдсон. Тэгэхэд би ээж эгчийн хамт машины арын суудалд дээр сууж байсан манай аав машин барьсан байсан тэгээд машины онхолдсоны дараа нэлээн удаж байгаад эмнэлэг ирсэн. Тэгээд аймгийн төвийн эмнэлэг дээр ирсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46/,

Шүүгдэгч Ц.Бын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би золгуутаар цагаан сараас өмнө Баянхонгор аймагт ирээд ээжтэйгээ золгочихоод эхнэр 2 хүүхэд нэг эгчийнхээ хүүхдийн хамт 2020 оны 03 сарын 03-ны өдөр хорио тавигдсан өдөр өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай приүс 11 маркийн машинаараа Баянхонгор аймгаас гарч яваад ******* сум “******* даваад явж байтал миний машины үрүүл булаагаад тэгээд дартал замын хажуу тал руу онхолдсон улмаар тэр өдөр манай эхнэр эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад маргааш нь буюу 2020 оны 04 сарын 04-ний өдрийн 18 цагт нас барсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 61/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 сарын 24-ний өдрийн 25 тоот шинжээчийн ... талийгаач Ц. цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношинд дурдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь гавал, тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ ... гэсэн дүгнэлт /хх-ийн 75-78/,

Баянхонгор аймгийн Замын цагдаагийн тасгийн 2020 оны 03 сарын 16-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн ... Тухайн зам тээврийн осол нь ******* ******* улсын дугаартай приус 11 маркийн автомашины жолооч Ц.Бын буруутай үйлдлээс болж гарсан байх үндэслэлтэй ба Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчсөн байна. Үүнд: Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 81/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 4-10/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 11/,

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 12-14/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-19/,

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, цогцосонд задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 65-74/,

Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 20-23/,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 24-25/,

Эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 112-113/,

Шүүгдэгч Ц.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 120-122, 124-129, 131-140/,

Талийгаач Ц. нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 141/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 03 сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр ******* гэх газарт өөрийн эзэмшлийн саарал өнгийн ******* ******* улсын дугаартай тоёота приусс 11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Ц. амь насыг хохироож Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Бад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй зөв байна.

Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Ц.Бад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.

Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй гомдол саналгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул шүүгдэгч Ц.Быг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон ба бусдад төлөх төлбөргүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ц.Бын эзэмшлийн приус маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ц.Бад буцаан олгож, эд хөрөнгө биүтүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан приус маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн №02719547 тоот гэрчилгээг шүүгдэгч Ц.Бад буцаан олгож, шүүгдэгч нь Ц.Бын №843305 тоот В ангилалын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Ц.Быг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Бад зан үйлээ засах сургалтанд хамрагдах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Бад мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Ц.Бын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ц.Бын эзэмшлийн приус маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ц.Бад буцаан олгож, эд хөрөнгө биүтүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан приус маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн №02719547 тоот гэрчилгээг шүүгдэгч Ц.Бад буцаан олгож, шүүгдэгч нь Ц.Бын №843305 тоот В ангилалын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.  

9. Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ГЭРЭЛМАА