Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,   

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч Б.Б, 

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, Б.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2019 оны 06 сарын 14-ний өдөр Х.******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгойн тус газарт нь гэрийн униар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 06 сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Х.******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газарт нь гэрийн униар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох ...

Хохирогч *******ийн ... 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын нутагт зам ангид ажиллаж байгаад Улаанбаатар хотын иргэн ******* гэх хүнд зодуулж гэмтэл авсан. ******* нь гэрт архи ууж байгаад гэрийн униар намайг цохиж гэмтээсэн ... Надад одоо гомдол санал байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-46/,

Гэрч Б.******* … 2019 оны 05 дугаар сард Баянхонгор аймаг руу замын ажил хийхээр Улаанбаатар хотоос 8 хүний хамт явсан. Тэр замын ажил нь Баянхонгор аймгаас 44 км зайтай газарт байсан. 2019 оны 06 сарын 14-ний өдөр замын ажлаа хийж дуусгаад маргааш Улаанбаатар хот явна гээд манай ажилчид нийлж архи уусан. Би тухайн үед унтаж байхад гэнэт хүмүүс шуугилдахаар нь сэртэл манай ах ******* нь Батбилэгийн толгойд нь гэрийн униар цохисон Батбилэг ахын духнаас цус гарч байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/,

Гэрч ийн ... Баянхонгор аймгийн ******* сумын нутагт байх Говь-Алтай аймаг явах засмал замын ажил дээр ажиллаж байсан юм. 2019 оны 06 сард бид нар уусан юм. Тэр өдөр би *******ын дүү ******* хамт гэрийн гадаа зогсож байхад *******ийн араас ******* нь жоотуу барьсан цохих гээд явж байхаар нь жоотууг нь салгаж авсан. Тухайн үед Батбилэгийн духнаас цус гарсан байсан бөгөөд яасан юм бэ гэхэд ******* намайг униар цохисон гэж хэлж байсан. Тэгээд маргааш нь бид нар Улаанбаатар хот руу явцгаасан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54/,

Гэрч Ү.******* ... Баянхонгор аймгийн ******* сумын нутагт зам ангид ажиллаж байсан. 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр бид нар нийлж архи уусан. Би тасраад унтаад өгсөн. Маргааш нь Батбилэгийг ******* униар цохисон гэж хүмүүс ярьж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56/,

Гэрч Б.******* ... 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын нутагт байх зам ангид ажиллаж байсан хүмүүстэй гэрт архи ууж байгаад би унтаад өгсөн. Маргааш нь босоод ирхэд Батбилэгийн духнаас нь цус гарсан байхаар нь юу болсон талаар асуухад ******* нь Батбилэгийн униар цохисон гэж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60/,

Шүүгдэгч Б.Бын ... Тэгээд Батбилэг бид хоёр хоорондоо маргалдаад удалгүй би гэрээс гарахдаа Батбилэгрүү гэрийн унь унахаар нь аваад шидсэн чинь нүүрлүү нь оноод духнаас нь цус гарсныг цэвэрлээд унтацгаасан. Маргааш өдөр Улаанбаатар хотруу бид хэд бүгдээрээ явцгаасан. Улаанбаатар хотод очсоны дараа Батбилэг өргөдөл бичээд цагдаад өгсөн байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 сарын 21-ний өдрийн 7606 тоот шинжээчийн ... *******ийн биед тархи доргилт, духанд шарх, зүүн зовхинд цус хуралт, зүүн бугалгад цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 62/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 14-16/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Б.Бод хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.

Хохирогч Б.Батбилэг нь шүүгдэгч Б.Бод гомдолгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд бичгээр илэрхийлж хавтаст хэргийн 96 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн Б.Бын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч  Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бод 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Бын цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Бод мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Бын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.      

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.ГЭРЭЛМАА