Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 618

 

Н.Гүнсмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01480 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Гүнсмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хууль бус үйл ажиллагааг таслан зогсоолгох, хөндлөнгийн шинжээчийн гаргасан үнэлгээг хүчингүй болгох, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цэрэннадмид,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 9188 дугаар шийдвэрээр Н.Гүнсмаа, Б.Зоригоо нараас 47 200 000 төгрөгийг гаргуулж “Цагаан ажнай ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 1 хэсэг гудамжны 387 тоот, В-100 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр оруулсанд гомдолтой байна. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээрх 2 хөрөнгө нь 2 хүний эзэмшилд байдаг ба Н.Гүнсмаа надад итгэмжлэлээр захиран зарцуулах эрхийг өгсөн. Дээрх хууль ёсны өмчлөгч Н.Гантулга, Б.Зоригоо нараас албадан дуудлага худалдаанд оруулахдаа үнийн санал аваагүй ба авах оролдлого хийгээгүй, мөн анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсон талаарх мэдэгдлийг хүргүүлээгүй болно. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хууль бус үйл ажиллагааг таслан зогсоолгох, хөндлөнгийн шинжээчийн гаргасан үнэлгээг хүчингүй болгох, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 9188 дугаар шийдвэрээр Н.Гүнсмаа, Б.Зоригоо нараас 47 200 000 төгрөгийг гаргуулж “Цагаан-ажнай ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч Н.Гүнсмаагаас үнийн санал авахад Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Хужирбулан, 1 дүгээр хэсэг, 10 дугаар гудамжны 387 тоот хувийн орон сууц, газрын хамт 60 000 000 төгрөгөөр, В-100 тоотод байрлах хувийн орон сууц, газрын хамт 55 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Өмчлөгч Н.Гантулгад үнийн саналаа өгөхийг 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 3/28983 тоот мэдэгдэл, Б.Зоригоод үнийн саналаа өгөхийг 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 3/28392 албан тоотоор тус тус мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд ирж үнийн санал өгөөгүй байна. Иймд төлбөр авагч “Цагаан ажнай ББСБ” ХХК-ийн хөндлөнгийн шинжээч томилох хүсэлтийн дагуу 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 155 дугаар тогтоолоор “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилоход, 387 тоотод орших 110 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 35 000 000 төгрөгөөр, В-100 тоотод орших 90 м.кв талбайтай хувийн сууц, 504 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 27 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Иймд Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэлгээний 70 хувиар тус тус тооцон анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох болохыг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3/31824, 3/31826 дугаар албан бичгүүдээр төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдсэн нь хууль зөрчөөгүй тул нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хууль бус үйл ажиллагааг таслан зогсоолгох, хөндлөнгийн шинжээчийн гаргасан үнэлгээг хүчингүй болгох, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах тогтоолыг хүчингүй болгуулах тухай Н.Гүнсмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 9188 дугаар шийдвэрээр Н.Гүнсмаа, Б.Зоригоо, “Цагаан ажнай ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулахгүй анхнаас нь хууль зөрчсөн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөдлөх 2 хөрөнгийг битүүмжлэн хураахдаа хөндлөнгийн гэрч аваөгүй, албадан дуудлага худалдаа явуулахдаа үнийн санал аваагүй, авах оролдлого хийгээгүй, итгэмжлэлийн хугацаа дууссан байсаныг шүүх хуралд авч хэлэлцээгүй. Мөн хөндлөнгийн шинжээчийн үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс хол зөрүүтэй зэрэг хууль бус ажиллагаа хийсэн. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хууль бус ажиллагааг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн нэрийг бичээгүй байгааг зөвтгөн өөрчлөх боломжтой юм.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хууль бус үйл ажиллагааг таслан зогсоолгох, хөндлөнгийн шинжээчийн гаргасан үнэлгээг хүчингүй болгох, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан нэхэмжлэгч Н.Гүнсмаа гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан байна.

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8873 дугаар захирамжаар Н.Гүнсмаа, Б.Зоригоо нараас 47 200 000 төгрөгийг гаргуулан “Цагаан ажнай ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 1 дүгээр хэсэг, В-100 /99/ тоот хаягт байршилтай хувийн сууц, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 1 дүгээр хэсэг, 10-387 тоот хаягт байршилтай хувийн сууцуудыг газрын хамт 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр битүүмжилж, 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хураан авах ажиллагааг тус тус явуулжээ. /хэргийн 46-60 дугаар тал/

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгч Н.Гүнсмаагаас дээрх эд хөрөнгүүдийн үнийн саналыг авахад тэрээр нийт 115 000 000 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр төлөгч Б.Зоригоо, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Н.Гантулга нарын хаягаар үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч үнийн санал өгөөгүй байна. /хэргийн 43, 44 дүгээр тал/

 

Иймд төлбөр төлөгч Б.Зоригоо, Н.Гантулга нар нь үнийн санал өгөөгүй тул хариуцагч нь 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 155 дугаар тогтоолоор “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 1 дүгээр хэсэг, В-100 /99/ тоотод орших 90 м.кв талбайтай хувийн сууц, 504 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 27 000 000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 1 дүгээр хэсэг, 10 дугаар гудамж, 10-387 тоотод орших 110 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 35 000 000 төгрөгөөр тус тус үнэлжээ. /хэргийн 22-41 дүгээр тал/

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 10/392 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 10-387 тоотод байрлах 110 м.кв талбай бүхий хувийн сууц, гэр бүлийн газрын хамт үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувь буюу 24 500 000 төгрөгөөр, В-100 /99/ тоотод байрлах 90 м.кв хувийн орон сууц, гэр бүлийн хэрэгцээний газрын хамт үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувь буюу 18 900 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, энэ тухай мөн оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3/31824, 3/31826 дугаар мэдэгдлүүдийг төлбөр төлөгч Н.Гүнсмаа, Б.Зоригоо болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Н.Гантулга нарт тус тус гардуулан өгч, уг дуудлага худалдаагаар уг үл хөдлөх эд хөрөнгө борлогдоогүй болох нь хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 18-21, 62-65 дугаар тал/

 

Хариуцагчийн явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж анхан шатны шүүх дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хуралдааны товыг зохигчид мэдэгдсэн байх боловч тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасан журмын дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн нэрийг бичээгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг зөвтгөн өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01480 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “177.1,” гэсний дараа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

 

                            ШҮҮГЧИД                              Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                   С.ЭНХТӨР