Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 36

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                    

                                                                                                                                                                                                                                   

                                                               

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхмэнд,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 294 дүгээртэй шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Энхмэндийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 9 дүгээртэй прокурорын эсэргүүцлээр Б.Б-д холбогдох 201601080143 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Б, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт хх дүүргийн хх дүгээр хороо, хх дугаар гудамжны хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 12-13 цагийн орчимд хх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 56-19 тоотод иргэн хх нүүрэн тус газар цохиж, түүний зүүн нүдийг сохолж хараагүй болгон эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 40в дугаартай яллах дүгнэлтээс үзэхэд:

Уг яллах дүгнэлтийн тогтоох, тэмдэглэх хэсэгт “Яллагдагч Б.Б-ы үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” гэснийг ноцтой зөрчсөн.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй” гэж заасан ба яллагдагчийн өмгөөлөгч Ж.Ганхуягийн “...Яллагдагч ямар гэмт хэрэг үйлдсэн, ямар зүйл ангиар ял оноож байгаагаа бичих ёстой...” гэсэн хүсэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Мөн тус шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч Ж.Ганхуяг “...Хэргийн газрын үзлэгт үйлдэл болсон А цэгийг тэмдэглэсэн. Гэтэл гэрч, хохирогч, яллагдагчийн нарын мэдүүлгээр тухайн хэрэг газарт болсон бодит үйл явдлын байрлал тодорхойгүй, зөрүүтэй байна. Хохирогч, яллагдагч нарын барилцсан цэг юм уу, хохирогчийн нүдний шил олдсон цэг юм уу гэх мэтчилэн А цэг тодорхойгүй байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх хүсэлтэй байна. Учир нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийхэд хэрэг тодорхой болно гэж үзэж байна” гэсэн хүсэлттэй холбогдуулан прокурор Б.Энхмэнд мөрдөн байцаалтад хэргийг буцаавал оролцогч нарт хүндрэл чирэгдэл үүснэ гэж үзэж байгаа учир яллах дүгнэлтийг засах саналтай байна” гэсэн атлаа мөн өдрийн 201 дүгээр захирамжид өмгөөлөгчийн хүсэлтийг үл харгалзан ажиллагаа хийгээгүйг анхаарах нь зүйтэй. Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Энхмэнд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр “...яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт гэмт хэргийн шинжийг бичээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн...” гэж үзэж хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Үүнд:

1. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасны дагуу гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэхийг бичнэ гэсний дагуу яллах дүгнэлтийн тогтоох хэсэг бичигдсэн байна. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт гэмт хэргийн шинжийг нь бичихээр хуульд заагаагүй байна. Иймд хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн тэмдэглэх хэсэгт гэмт хэргийн шинжийг нь бичээгүй гэсэн нь үндэслэлгүй байна. Холбогдсон хэргийн товч утга, гэмт хэргийн шинжийг нь яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт бичсэн байна.

2. Б.Б-ыг сэжигтнээр 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг шүүгч Д.Чинзориг нь шийдвэрлэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан атал түүнд холбогдох хэргийг шүүхээр хянан хэлэлцэхэд шүүгчээр оролцсон нь Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн  10.2 дугаар зүйлийн 2, Мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын явцад энэ хуулиар харьяалуулсан асуудлыг хянан шийдвэрлэсэн шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд оролцохыг хориглосон зохицуулалтыг зөрчсөн байна. Б.Б-ы үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болсон байна. Иймд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 294 дүгээртэй шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Б.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

 

Мөн Б.Б-ыг сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хянан шийдвэрлэсэн шүүгч Д.Чинзориг нь, уг Б.Б-д холбогдох хэргийг шүүхээр хянан хэлэлцэхэд шүүгчээр оролцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг /Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуулиар харьяалуулсан асуудлыг шүүх хянан шийдвэрлэнэ/-т заасан асуудлыг хянан шийдвэрлэсэн шүүгч анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй.” гэж заасныг зөрчсөн байна.

 

Шүүгчийн захирамжид давж заалдах журмаар бичсэн прокурорын эсэргүүцэл бүрэн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 294 дүгээртэй “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 9 дүгээртэй прокурорын эсэргүүцлийг ханган Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

 

                                                                                   Д.ОЧМАНДАХ