Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 19

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Л.Э, Тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд тус тус холбогдох

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Л.Э-ын гаргасан 5/338 дугаар бүхий албан тоотыг боловсруулахад үндэслэл болсон захиалагч болон үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох, уг тендерийг дахин зарлах үйл ажиллагааг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл түдгэлзүүлэх, шүүхийн үйл ажиллагаанд зарцуулагдаж буй манай байгууллагаас гарах зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх”-ыг  хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уламбаяр, хариуцагчийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгч У.Уламнэмэх нар оролцов.

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн захирал Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай байгууллага нь “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-иас зарласан Тесто 350 /1 ком/ багаж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон бөгөөд тус байгууллагаас 2018 оны 5-р сарын 9-ний цахим шуудангаар “Д” ХХК нь доорхи 3 шаардлагыг хангаагүй тул тендерээс татгалзсан гэсэн 5/309 дугаартай 2018 оны 5-р сарын 7-ны өдрийн албан тоот ирсэн. Үүнд: 1. Банкны тодорхойлолт буруу буюу зөвхөн данстай гэсэн тодорхойлолт явуулсан /өр зээлийн тухай мэдээлэл ирүүлэх/,

2. Шүүхийн Тамгын Газрын тодорхойлолт скайнердаж хавсаргасан,

3. ТБОНӨХБАҮХАТ хуулийн 14-16 дугаар зүйл үүсээгүйг бичгээр мэдэгдэнэ гэсэн заалтыг биелүүлээгүй

Манай байгууллага нь дээрхи үндэслэлүүд нь үнэлгээний хороо тендерээс татгалзах үндэслэл болохгүй гэж үзэж өөрсдийн тайлбар үндэслэлүүдийг 21/18 албан тоотоор 2018 оны 5-р сарын 10-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу захиалагчид гомдол  гаргасан боловч захиалагч байгууллагааас зөвхөн 5-р сарын 7-ны өдрийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзсэн талаархи мэдэгдэл цахим шуудангаар явуулсан бөгөөд эх хувь бичгийг 2018 оны 05-р сарын 21-ний өдөр хүлээн авсан. 5/338 тоот албан бичгийг буюу захиалагчийн шийдвэрт маргаан үүсгэн Монгол Улсын Сангийн Яамны хууль эрх зүйн хэлтэст 2018 оны 05-р сарын 17-ны өдрийн 22/18 тоот албан бичгээр хандсан боловч гомдол хүлээн авах хугацаа дууссан захиалагчийн шийдвэр 5-р сарын 7-ны өдөр гарсан байна гэсэн хариуг тус хэлтсийн мэргэжилтэн н.Өлзийдүүрэн амаар мэдэгдсэн.

...”Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эын гаргасан 5/338 дугаар бүхий албан тоотыг боловсруулахад үндэслэл болсон захиалагч болон үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох, уг тендерийг дахин зарлах /гэрээ байгуулах/ үйл ажиллагааг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл түдгэлзүүлэх, шүүхийн үйл ажиллагаанд зарцуулагдаж буй манай байгуулагаас гарах зардалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уламбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Д” ХХК “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-иас зарласан Тесто-350 /1 ком/ багаж нийлүүлэх тендерт оролцсон. Гэтэл “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК 3 шаардлага биелүүлээгүй гэж унагаасан. Энэ 3 үндэслэл нь бидний үзэж байгаагаар үндэслэлгүй байна. Үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Эхний шаардлага харилцагч банкны тодорхойлолтыг эх хувиар нь захирлын гарын үсэгтэй нь өгсөн. Өгөгдлийн хүснэгтийн 6-д харилцагч банкны тодорхойлолт гэсэн байгаа. Шаардлагатай бол өр зээлтэй эсэх баримт тодорхойлолтыг өгч болох байсан. Харин захиалагч компаниас банкны тодорхойлолт л гаргаж өгөхийг шаардсан. Хоёрдугаарт Шүүхийн Тамгын газрын тодорхойлолт хавсаргах гэсэн. Бид Шүүхийн Тамгын газраас авсан тодорхойлолтоо өгсөн. Гэтэл шаардлага хангахгүй байна гэсэн учраас дахин шүүхээс хувилж аваад хуулбар үнэн дарж өгсөн. Гуравдугаарт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  16 дугаар зүйлийн 1.6-д нийлүүлэх барааны загвар, тодорхойлолт, эсхүл гэрэл зураг, тэдгээрийн үнэн болохыг гэрчилсэн баримт бичгээр мэдэгдэнэ гэсэн байгааг биелүүлээгүй гэж мэдэгдсэн. Тус хуулийн 14-16 дугаар зүйлүүдэд заасныг баримтлаагүй буюу бүрдүүлбэр дутуу гэсэн байгааг ойлгоогүй. 14 дүгээр зүйл Ерөнхий нөхцөлийг магадлах, 15 дугаар зүйл Санхүүгийн чадавхийг үнэлэх, 16 дугаар зүйл Техникийн чадавх болон туршлагыг үнэлэх гэсэн ерөнхий шаардлагууд байгаа. Тэгэхээр техникийн чадавхи энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-14.1.7 хүртэлх заалтыг харвал 14 дүгээр зүйлийн 14.3.т “Энэ хуулийн 14.1-д заасан нөхцөл байдал үүссэнийг тендерт оролцогч Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын дараах баримт бичгээр нотолж болно” 14.3.1.т “шүүхийн шийдвэр болон төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас гаргасан баримт бичиг” 14.3.2.т “үүсгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээ болон түүнтэй адилтгах бусад баримт бичиг” гэж заасан байна. Тус хуулийн 14.1.5.д “тендерт оролцогч нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой” эсэх талаараа мэдэгдэх гэж байгаа. Энэ талаар бичгээр мэдэгдсэн байгаа. Тендерийн материалд өгөгдлийн хүснэгт гэж байгаа. Үүний 1.1-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 зүйлд буюу өгөгдлийн хүснэгтэд холбогдох шаардлагыг хангасан байна гэж заасан байна. Өгөгдлийн хүснэгтээс харахад материал баримтуудаа бүрэн бүрдүүлж өгсөн байхад танайх шаардлага хангаагүй гэж хэлсэн. Өгөгдлийн хүснэгтэд 7 зүйл байгаа. Энэ бүгдийг нэг бүрчлэн шаардлага хангаж өгсөн. Үндэслэлгүйгээр тендер шалгаруулалтаас унагаасан тул үнэлгээний хорооны шийдвэр болох хурлын тэмдэглэлийг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Л.Э шүүхэд гаргасан тайлбартаа: “... Тус компани нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд тендер зарлаж, үнэлгээний хороо байгуулан шалгаруулалтыг хийдэг бөгөөд дээрхи хуулийн зүйл, заалт бүрийг баримтлан дагаж мөрдөн ажилладаг.

Гомдол гаргаж буй “Д” ХХК нь Үнэлгээний хорооны шийдвэрийг эсэргүүцэж байгаа талаар 2018 оны 5-р сарын 10-ны өдөр 21/18 тоот албан бичгээр мэдэгдсэний дагуу тендерт ирүүлсэн материал, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл зэргийг хянан үзэхэд ТБОНӨХБАҮХАТ хуулийн 15.3.1 дэх заалт /харилцагч банкны мэдэгдэл/-ийг зөрчиж байсан тул хариу албан бичиг хүргүүлсэн.

... Иймд нэхэмжлэгч талын тавьж буй шаардлагыг хүлээн авах боломжгүй бөгөөд тухайн тендертэй холбоотой гомдол маргааны үнэн зөвийг богино хугацаанд шийдвэрлэн, манай байгууллагад шаардлагатай байгаа Тесто 350 /1ком/ багажийг худалдан авах хууль, эрх зүйн боломж бүрдүүлж өгөхийг хүсье.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Уламнэмэх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-иас зарласан Тесто-350 /1 ком/ багаж оруулж ирэхээр сонгон шалгаруулалтыг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр үнэлгээний хорооны шийдвэр гарсан. Уг тендерт 3 компани орсон. Үнэлгээний хороонд ирсэн материалд үнэлгээ хийгээд уг 3 компани шаардлагад нийцээгүй тул хариу мэдэгдэх хуудсаар зөвлөмж хүргүүлсэн. Нэхэмжлэл гаргаж байгаа тайлбарт хариулт өгөхөд “Д” ХХК-ийн банкны тодорхойлолт буруу буюу худалдан авах ажиллагаатай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлд Санхүүгийн чадавх 15 дугаар зүйлийн 15.3.1.д харилцагч банкны мэдэгдэл гэж заасан байгаа. Эндээс энэ компанийн санхүүгийн чадавхыг үнэлнэ. Энэ тодорхойлолтод уг компани өр зээлтэй эсэх, татан буугдсан эсэх санхүүгийн талаарх мэдээллийг харах боломжтой байх ёстой. Гэтэл уг компани харилцах данстай эсэх тодорхойлолтыг гаргаж өгсөн байна. Энэ талаар бичгээр өгсөн санхүүгийн чадавхыг үнэлэх баримт байгаагүй. Тиймээс шаардлага хангаагүй гэж үзсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.1-14.4.7 хүртэлх заалтад заасан баримтуудыг албан ёсоор гаргаж өгөх ёстой. Энэ компани төлбөрийн чадвартай, чадваргүй эсэх тодорхойлолт байхгүй. Татвар хураамж төлсөн эсэх мэдээлэл байх ёстой. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т “төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь захиалагчаас хараат байдлаар үйл ажиллагаа явуулдаг” эсэх тухайн захиалагч байгууллагын удирдлага бүрэлдэхүүнээс хараат бус ажилладаг. Урьд ямар нэгэн ажилд хамтран ажиллаж байсан эсэх талаарх баримт байхгүй. Өөрсдөө энэ талаараа тодорхой бичиж өгөх ёстой байсан. Сүүлийн 3 жил авилгын гэмт хэрэгт холбогдож тогтоогдож байсан талаарх тодорхойлолт байхгүй байна. Скайнердаж ирүүлсэн баримтын тамга тэмдэг нь бүдэг байсан учир үүнийг хувилсан байна гэж үнэлгээний хорооны гишүүд үзсэн. Анх ирэхдээ материал бүрэн бүтэн байх ёстой байсан. Нөхөж тодорхойлолт ирсэн гэж байна. Үүнийг үнэлгээний хорооны үйл ажиллагаанд харш гэж үзсэн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, тэдгээрийн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Д” ХХК нь “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Л.Эын гаргасан 5/338 дугаар бүхий албан тоотыг боловсруулахад үндэслэл болсон захиалагч болон үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох, уг тендерийг дахин зарлах үйл ажиллагааг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл түдгэлзүүлэх, шүүхийн үйл ажиллагаанд зарцуулагдаж буй манай байгууллагаас гарах зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тус компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уламбаяр хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад “Тесто 350 /1 ком/ багаж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн болно. 

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/48 дугаар “Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг томилох тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар Г.Ургацбаярыг үнэлгээний хорооны даргаар томилжээ. Тесто 350 /1ком/ багаж нийлүүлэх үнэлгээний хорооны даргаар томилогдсон  Г.Ургацбаяр нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Эрдэнэт дулааны цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанийн захирлын Б/96 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан байна.

Иймээс Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна.” гэж заасны дагуу үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг томилсон “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Л.Э үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрийн үр дагаврыг хариуцан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болно.

Нэхэмжлэгч “Д” ХХК нь 1. Банкны тодорхойлолт буруу буюу зөвхөн данстай гэсэн тодорхойлолт явуулсан /өр зээлийн тухай мэдээлэл ирүүлэх/,

2. Шүүхийн Тамгын Газрын тодорхойлолт скайнердаж хавсаргасан, 3.  Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  14-16 дугаар зүйл үүсээгүйг бичгээр мэдэгдэн гэсэн заалтыг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр үнэлгээний хороо тендерээс татгалзсан нь үндэслэлгүй тул Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлгүй гэж маргасан болно.

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанийн “Тесто 350 /1ком/” багаж нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэх тендерийг зарласан. Үүний дагуу нэхэмжлэгч “Д” ХХК тендерийн баримт бичгийн шаардлагын дагуу Тесто 350 багаж нийлүүлэх үнийн саналыг явуулсан ба энэхүү тендерт “Дани” ХХК, “Мэжэстик Адамс” ХХК мөн оролцсон байна.

Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна.” гэж заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанийн “Тесто 350/1ком/” багаж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурал болж дүгнэлтээ гаргажээ. 

Үнэлгээний хорооны дүгнэлтэд нэхэмжлэгч “Д” ХХК-ийг “банкны тодорхойлолт буруу, өр зээлгүй гэсэн утга агуулгатай бичиг авах байсныг зүгээр л данстай эсэх лавлагаа авч ирсэн”  гэсэн тухайд:

 Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхитайгаа баталсан нотолгоо ирүүлэхийг шаардаж болно.” 15.3-д “Санхүүгийн чадавхийг дараах баримт бичгээр нотолж болно:”, 15.3.1-д “харилцагч банкны мэдэгдэл” гэж тус тус заасны дагуу захиалагч байгууллага болох “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанийн “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны 1.1-д “Тендерт оролцогч нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйл буюу Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан холбогдох шаардлагыг хангасан байна.”, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ”Шалгуур үзүүлэлт” гэсний 6-д “харилцагч банкны тодорхойлолт“-ыг нэмэлт шаардлагад тооцон авахаар шийдвэрлэсэн байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасан хуулийн заалттай нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Гэтэл нэхэмжлэгч “Д” ХХК нь тендерт оролцох бичиг баримт бүрдүүлэхдээ санхүүгийн чадавхийг баталсан харилцагч банкны мэдэгдлийг авах байтал Хаан банканд данстай болох тухай лавлагаа авсан нь тендерт оролцоход бүрдүүлсэн баримтаар, нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уламбаяр нь ХААН БАНК-ны 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5068/77 дугаар тодорхойлолтоор өр зээлийн үлдэгдэлгүй гэсэн баримтыг Үнэлгээний хорооны шийдвэрт гомдол гаргахдаа авч өгсөн гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгч компанийг тендерт оролцохдоо баримт бичгийн бүрдэл дутуу байсан нь тус тус нотлогдож байна. 

Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл үүсээгүйг бичгээр мэдэгдэнэ гэсэн заалтыг биелүүлээгүй гэсэн тухайд: Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд тендерт оролцсон 3 компанийн нийтлэг алдаа бол  Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  14-16 дугаар зүйл үүсээгүйг бичгээр мэдэгдэнэ гэсэн заалтыг биелүүлээгүй гэж дүгнэсэн.

Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Тендерт оролцогч энэ хуулийн 14.1-д заасан нөхцөл байхгүйг бичгээр мэдээлнэ” гэж заасныг гүйцэд биелүүлээгүй болох нь “Д” ХХК-ийн тендерийн шалгаруулалтад ирүүлсэн баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Дээрхи байдлуудаас дүгнэхэд  “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанийн “Тесто 350 /1 ком/” багаж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж нэхэмжлэгч “Д” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймээс нэхэмжлэгч “Д” ХХК-ийн “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанийн “Тесто 350 /1 ком/” багаж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн Тамгын газраас ирүүлсэн тодорхойлолтыг скайнердсан гэсэн тухайд: “Тесто 350 /1 ком/” багаж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны шийдвэр /хуралдааны тэмдэглэл/-д  Дархан-уул аймаг дахь анхан шатны Шүүхийн Тамгын газрын 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 304 дугаар албан бичгийн талаар дүгнэлт өгч шийдвэрлээгүй болох нь үнэлгээний хорооны хуралдааны шийдвэр /хуралдааны тэмдэглэл/-ээр нотлогдож байх тул  шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэлд дүгнэлт өгөөгүй,

Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд “...шалгарсан компанид гэрээ хийх тухай мэдэгдлийг хүргэхийг үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга М.Ууганбаярт даалгав.” гэсэн байгаа нь  хуралдааны явцад шийдвэрлэсэн асуудал, түүний үндэслэлтэй нийцэхгүй, тухайн тендерт ямар ч компани шалгараагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүх үүнийг техникийн алдаа гэж үзсэн болно. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 14 дүгээр зүйлийн 14.4, 15 дугаар зүйлийн 15.3.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн  “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанийн “Тесто 350 /1 ком/” багаж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2,  113.1, 113.2-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар 5 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БОЛОРМАА