Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 106

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: С.Болорзул,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч: А.Л нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000050076 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,  А.Л

Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч А.Л нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны орой 21 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг дэвсгэр Улаан эрэг гэх газарт 31-84 ЗАА улсын дугаартай саарал өнгийн “МАССО” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож улмаар зорчигч Б.Мөнхбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт   холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

          1. Шүүгдэгч А.Л  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...миний бие урьд нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн тул одоо нэмж хэлэх зүйл байхгүй...ослын улмаас миний толгой хагарсан, дотуур цус алдсан гэх хүн болохоор Мөнхбаатар байгаа юм.Би өөрөө тээврийн хэрэгслийг жолоодож явсан учир гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй....гэх мэдүүлэг /хх-ийн 104/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Л нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

           3. Хохирогч А.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...дугуйгаа нөхүүлэх гээд Баацагаан руу явсан. Тэгээд тэнд очиж дугуйгаа нөхүүлчхээд буцаж явж байгаад л уг зам тээврийн осол гарсан. Тухайн үеийг би сайн санадаггүй юм...би зэс, мөнгөн эдлэл зарах гэж явж байсан...машины дугуй эвдэрчхээд л гуйгаад авч явсан залуу байсан. Дугуй янзлуулж байх хооронд тухайн залуугийн нэг найз нь ирчхээд байгаад байсан. тэр залуутайгаа жолооч залуу хоёр нэг шил архи уусан. Харин би дугуйгаа янзлуулж байсан учраас архинаас уугаагүй...тээврийн хэрэгсэл жолоодож байж архи ууснаас л болсон гэж бодож байна, ослоос болж миний зүүн талын 3 хавирга хугарч, зүүн талын дал цуурсан байна гэж байсан. Одоо миний бие хэвийн зүгээр болсон байгаа, надад гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27/

4. Гэрч Н.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагийн үед байх Бууцагаан сумаас миний эзэмшлийн альпард маркийн машинтай Батбаяр, Мөнхбаатар, бид нар цуг Баацагаан сум руу гарсан юм. Тэгээд Бууцагаан сумаас гараад замдаа явж байхад машины буруу талын хойд болон зүүн талын урд дугуй хагарсан, тэр газарт утасны сүлжээ байхгүй байсан ба Батбаяр хэсэг алхаад сүлжээтэй газарт гараад хүнтэй ярьчхаад ирлээ гэсэн...хагарсан 2 дугуйг янзлуулж ирнэ гээд Батбаяр, Мөнхбаатар. Батбаяр дуудаад ирсэн 2 залуу Баацагаан сум руу явсан ба би машин дээрээ хоцорсон Тэд хэсэг байж байгаад над руу залгаснаа Баацагаан сумын дугуй засварын газрыг онгойлгуулсан одоо дугуйнуудыг янзлуулж байна гэж хэлсэн...одоо очиж байна та машины гэрлээ асааж байгаарай гэж хэлсэн...эхнэрийнх нь явуулсан хүмүүс ирсэн ба тэд нарын машинд суугаад наашаа буюу Баацагаан сум руу явж байхад Баацагаан сумын Эрүүл мэндийн төвийн тэрэг замд явж байсан. тэгээд бид тэд нартай нийлээд осолд орсон хэдийг нэлээд хайж байгаад олсон...машины дугуй буудаад тэрний улмаас осол гарлаа гэж хэлсэн. Машиныг хэн жолоодож явсныг цуг явсан хүмүүс мэдэх байх...гэх мэдүүлэг /хх-ийн 40/

     5. Гэрч Ц.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Баацагаан сумд ирээд дугуй засуулж байх хооронд Шарка алга болсон байсан, хэсэг хугацааны дараа ирэхэд архи үнэртүүлсэн ирэхээр нь машиныг чинь би баръя гэж хэлсэн чинь тэр тэг тэг гэж хэлсэн тэгээд дугуй янзлуулж дуусчхаад Баацагаан сумын төвөөс хөдөлсөн. Би осол гарсан газрын наана хүртэл машиныг барьсан. Би замдаа явж байгаад төөрөөд замаа сайн олохгүй яваад байсан чинь Шарка би таныг зөв замд оруулж өгье гээд машиныг өөрөө унасан юм. Тэгээд явж байхад осол аваар гарсан...урд талын дугуй нь буудаад тэрний улмаас осол гарсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-42/

6. Шүүгдэгч А.Лын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

.....2019 оны 12 дугаар сарын 23-ны өглөө гэрийнхээ тэнд байх худаг дээр ус аваад зогсож байхад хотын 2 хүн тэгээд наана нь манай Бууцагаан сумын Батбаяр гэх 3 хүн цагаан өнгийн машинтай Баацагаан сум орж явна гээд ирсэн. Тухайн үед надаас цахилгаан насос байна уу гэж асуухаар нь гэрт байгаа гэсэн чинь тэгвэл яах юм бэ гэж хэлээд явсан. Тэгээд мал дээрээ очоод өдөрхөн гэрт ирээд байж байсан чинь утсаар өглөөний цагаан машинтай Батбаяр ахтай цуг явж байсан хүмүүсийн машины дугуй нь хагарчихлаа танай тэрүүгээр байна гэж хэлсэн. Тус өдөр цастай байсан учир саахалт айлын Эрдэнэбат гэх хүүхдийг дагуулаад нөгөө газар руу явсан. Тус газар нь манай гэрээс 40 км зайд байсан юм. Тэгээд тэнд очсон чинь нөгөө ахын машиных нь 2 дугуй хагарсан байсан, цахилгаан насос аваачсан боловч нэмэргүй Байхаар нь Баацагаан сум руу 2 дугуй, Батбаяр ах, наана нь нэг хүнийг аваад машины эзнийг үлдээгээд Баацагаан сум руу явсан.... дугуй засвар дээр байж байхдаа найз Бат-Эрдэнэтэй таарсан. Найзтайгаа хэсэг хугацааны дараа таарсан болохоор нэг юм хувааж уусан. Тухайн үед 0.5 литрийн Соёрхол, том савтай Нийслэл пиво зэргийг хуваагаад уусан...Батбаяр ахыг би уусан байна та машин бариад явчих гэж хэлсэн...миний машиныг бариад явж байхдаа төөрсөн, тэгэхээр нь зөв замд оруулж өгье гэж хэлээд машинаа өөрөө барьж явж байгаад осолд орсон...80 км цагийн хурдтай явсан санаад байна...гэх мэдүүлэг /хх-ийн 45/

7. Насанд хүрээгүй гэрч Э.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...дугуйг янзлуулах гээд Баацагаан сум руу орсон. Тэр машин байсан гэх газарт хурган дээлтэй ах үлдсэн. Тэр хүн машины эзэн нь бололтой байсан. Тэгээд Баянхонгор аймгийн Баацагаан сум ороод дугуй засвар дээр очсон, очоод байж байхад Лхагвабаатар ахыг хүмүүс дуудаад гарсан ба хэсэг хугацааны дараа ирэхдээ юм үнэртүүлсэн ирсэн. Тэгснээ өөрийгөө юм уусан байна. Батбаяр ах та бариад явчих гэж хэлээд машинаа шилжүүлсэн. Тэгээд Батбаяр ах явж байхдаа замдаа төөрөөд тэгснээ Лхагвабаатар ах өөрөө зөв замд оруулж өгье гээд явж байхад осолд орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 46/

8. гэрч Д.Сүнрэгжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Эрдэнэхайрхан сумд тод манлай уяач Б.Энхболдын нэрэмжит цолны мялаалга наадмын хурдан морины 3 ширхэг экс-трайл, 3 ширхэг “Массо” маркийн тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр худалдан аваад түрүүлсэн доод 3 насны морьдын уяач нарт “Массо” маркийн тээврийн хэрэгслийг гардуулан өгч байсан юм одоо нарийн санахгүй байна. Баянхонгор аймгийн залуу 31-84 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өгч байсан санаад байна...гэх мэдүүлэг /хх-ийн 49/

9. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №007 дугаартай:

1. Шинжилгээнд хүргүүлсэн дугуй нь криминалистикийн шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд хүргүүлсэн дугуй нь криминалистикийн шинжилгээнд тэнцэнэ..Шинжлэгдэж буй хар өнгийн хаймар дугуйны “INSIDE” дотор талд “СATCHFORS” гэсэн бичгийн R үсгийн харалдаа дотор зах ирмэг хэсэгт 1.5см*0.4см хэмжээтэй сэтэрсэн гэмтэлтэй түүнээс баруун тийш 1.7 см зайд 1.2см*0.3см хэмжээтэй сэтэрсэн гэмтэлтэй түүнээс зүүн тийш 8см зайд 0,8см*0.3см сэтэрсэн гэмтэлтэй байна...хар өнгийн хаймар дугуйнд үүссэн гэмтэл нь тээврийн хэрэгсэл осолдох үед автомашины өөрийн гадна эд ангиудтай харилцан үйлчлэлийн улмаас хийн даралт суларч үүссэн гэмтэл байна.

3. Хар өнгийн хаймар дугуйнд үүссэн гэмтэл нь тээврийн хэрэгсэл осолдох үед авто машины өөрийн гадна эд ангиудтай харилцан үйлчлэлийн улмаас хийн даралт суларч үүссэн гэмтэл байна.... гэх дүгнэлт, зургийн үзүүлэлтийн хамт / хх-ийн 51-53 /

10. Баянхонгор аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №04 дугаартай:

1. Тухайн зам тээврийн осол нь SSANGYOUNG MUSSO маркийн 31-84 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч  А.Л /РД:ВЙ91081417/-ны буруутай үйлдлээс гарсан байх үндэслэлтэй байна.

2. Тухайн зам тээврийн осол гарах шууд шалтгаан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн осол гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна.

3. Тухайн зам тээврийн осолд замын зохион байгуулалт, нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.

4. Цагдаагийн байгууллагын жолоочийн мэдээллийн нэгдсэн сангаас зам тээврийн осолд холбогдсон жолооч нарын лавлагааг шүүж үзэхэд  А.Л /РД:ВЙ91081417/-нь жолоочийн 945263 дугаартай  B ангиллын хучинтэй үнэмлэхтэй,  Цэвэлмаагийн Батбаяр /РД:ВЙ76040515/ нь жолоочийн №1048366 дугаарын В ангиллын хүчинтэй үнэмлэхтэй байна.

5.Тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолоодон явсан жолооч Ц.Батбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн А.Лт тээврийн хэрэгслийн холоог шилжүүлсэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.6/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь Монгол улсын Зөрчлийн тухайн хуулийн 14.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ тооцох үндэслэлтэй байна.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явсан жолооч А.Л нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй «жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн нь Монгол улсын Зөрчлийн тухайн хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ тооцох Үндэслэлтэй байна.

6. Хэргийн оролцогч нарын мэдүүлэг болон тээврийн хэрэгслийн дугуйн мөр зэргийг үндэслэн тээврийн хэрэгслийн уналтын цэг, чиглэлийг тодорхойлох боломжгүй байна.

7. Хэргийн газарт үүссэн тээврийн хэрэгслийн мөр нь тээврийн хэрэгслийн дугуйн өнхрөлтийн мөр байх боломжтой байна.

8.  А.Л /РД:ВЙ91081417/-нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн тус тус заалтыг зөрчсөн тул зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна…гэх дүгнэлт /хх-ийн 83-85/

11. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 69 дугаартай шинжээчийн:

1. Э.Эрдэнэбатын биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-ийн 58/

            12. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №161 дугаартай:

           1. Б.Мөнхбаатарын биед цээжний хөндийн хий, шингэн хуралдалт, өвчүү, зүүн дал яс, зүүн 10,11 дүгээр хавирганы битүү хугарал бүхий шинэ, зүүн нүдний ухархай болон хамар ясны хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хүчтэй цохигдох дарагдах үед үүссэн байх боломжтой.

           3. Б.Мөнхбаатарын тайлбарлаж байгаагаар зам тээврийн осолд орох үед үүссэн байх боломжтой.

           4. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтмол нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

          5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт  /хх-ийн 62-63/

            13. Баянхонгор аймгийн Авто тээврийн Үндэсний Төвийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 20/04 дугаартай шинжээчийн:

               Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн нутаг дэвсгэрт “Шижир ойл” ШТС-ын ард байрлах өөрийн байранд Авто тээврийн төвийн Техникийн хяналтын үзлэгийн инженер Д.Баттулга нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны оройн 21 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 5 дугаар багийн нутаг “Улаан эрэг” гэх газарт иргэн А.Лын жолоодож явсан MUSSO маркийн тээврийн хэрэгсэл онхолдож зорчигч нарын биед гэмтэл учирсан гэх хэрэгт MUSSO маркийн тээврийн хэрэгсэлд мөрдөгчийн тавьсан асуултад хариулт өгөх зорилгоор шинжээчийн дүгнэлт гаргав.

               Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын 5-р баг Алтангийн 8 тоотод оршин суугч Дэмбэрэлсайханы Сүнрэгжавын эзэмшлийн SSANGYONG маркийн MUSSO загварын 31-84 ЗАА улсын дугаартай мөнгөлөг өнгөтэй БНСУ-д 2005 онд үйлдвэрлэгдэж 2019 оны 35 дугаар сард Монгол улсад орж ирсэн КРАКА4АD15Р399 арлын дугаартай ачааны зориулалттай автомашинд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17 цаг 30 минутаас 17 цаг 55 минут хүртэл МNS4598:2003 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон МNS5011:2003 “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон шалгалаа.

Хариулт

               1. Уг автомашин нь онхолдсоны улмаас автомашинд ихээхэн хэмжээний эвдрэл гэмтэл үүссэн байв. Тухайлбал, бүхээг оройн хэсгээрээ цөмөрсөн, салхины шилнүүд хагарсан, зүүн, баруун ар талыг харах толь байхгүй, мөн хоёр талын гишгүүр хагарсан, зүүн талын хойд гэрлүүд нь сууриараа байхгүй, баруун хойд талын жижиг гэрэл, тормосны гэрлүүд нь ажилтай боловч эргэх чиг заадаг гэрэл дохио, ухрах арааны гэрэл ажиллахгүй, дуут дохио нь ажилтай байлаа. Капот цөмөрсөн, урд буфер баруун талдаа хагарсан, хойд 2 хаалгыг салгаж авсан, бүхээгний дотор талын доторлогоо, жолоочийн суудлаас бусад суудлууд нь байхгүй /автомашинд засвар хийгдэж байсан/, зөв талын ойрын гэрэл асахгүй сайлаа. Суваг дотор орж тулгуур эд ангиудыг шалгахад баруун урд талын гар нь гулзайсан байлаа.

               Энэхүү автомашин нь 189127 км гүйлттэй ОМ662 загварын 2874 куб.см ажлын эзлэхүүнтэй хөдөлгүүрээр тоноглогдсон, өвлийн 4ш дугуйтай, дугуйн хээний элэгдлийг штангенциркуль багажаар хэмжихэд хээний гүн нь газарт тулах хэсгээрээ 4.15 мм буюу тогтоосон хэмжээнээс их, хээний элэгдэл багатай байв.

               Автомашиныг тус төвд ашиглагдаж байгаа EWJ92200 маркийн Дани улсад үйлдвэрлэсэн “Тэнхлэг тормос хэмжигч” суурин тоног төхөөрөмжид урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээг шалгахад -25 мм/м, урд, хойд ажлын тормос, зогсоолын тормосны ажиллагааг эргэх механизм дээр дугуйг эргүүлж тормосны дөрөөн дээр гишгэж шалгахад, урд тэнхлэг дэх дугуйнуудад үйлчилж буй тормосны хүч зүүн талдаа 3.9 кН, баруун талдаа 3.4 кН, хүчний зөрүү 13.0 хувь, хойд тэнхлэг дэх дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүч зүүн талдаа 2.3 Кн, баруун талдаа 2.8 кН буюу хүчний зөрүү нь 18.0 хувь, зогсоолын тормосны идэвхжил 9999.0 КН байлаа.

               Дизель хөдөлгүүртэй автомашины утааны тортогжилтын хэмжээг ОРUS-50 багажаар шалгаж үзэхэд тортогжилт нь 30.5 хувь байсан нь стандартаар тогтоосон 35 хувиас бага буюу хэвийн хэмжээнд байв.

               2. “Тэнхлэг тормос хэмжигч” суурин тоног төхөөрөмжөөр шалгасан үр дүнгээс харахад, урд тэнхлэгийн хажуу гулсалт -25 мм/м байгаа нь тогтоосон хэмжээ 5 мм/м-ээс их буюу тэнхлэгийн тохиргоо их хэмжээгээр алдагдаж дэрвийлттэй болсон, урд тэнхлэгийн зүүн, баруун талын дугуйнуудад үйлчилж буй тормосны хүчний зөрүү нь 13.0 хувь буюу 20 хувиас бага, жигд ажиллагаатай, хойд тэнхлэгийн дугуйнуудад үйлчилж буй тормосны хүчний зөрүү 18.0 хувь стандартад заагдсан 30 хувиас бага байгаа нь урд, хойд тэнхлэгийн дугуйнуудын ажлын тормос бүрэн ажиллагаатай болохыг харуулж байна.

               Зогсоолын тормосны ажиллагааг стенд дээр шалгахад зүүн, баруун хойд талын дугуйны тормос барьж байгаа нь зогсоолын тормосны идэвхжил сайн байлаа.

               Бүх дугуйнуудын хээний гүн нь газарт тулах хэсгээрээ дунджаар 4.15 мм байгаа нь замын хөдөлгөөний дүрэмд заагдсан 1.6 мм-ээс их буюу шаардлага хангаж байгаа, жолооны хүрдний сул явалт Замын хөдөлгөөний дүрэмд заагдсан 10 градусаас бага, хэвийн хэмжээнд байна.

               Тус төвд ашиглагдаж байгаа БНСУлсад үйлдвэрлэсэн “Их гэрлийн цацрагийн тусгал хэмжигч” MQD-3C загварын багажаар гэрлийн хүчийг тодорхойлоход, зүүн талын ойрын гэрэл ажиллахгүй, хол ойрын тусгалдаа шилжихгүй, холын гэрлүүд нь ажилтай бөгөөд зүүн талын холын гэрлийн хүч нь 33000, баруун талынх нь 27200 кандел буюу тогтоосон 10000 канделаас их буюу гэрлийн тусгал нь сайн байлаа. Хэмжилтийн үр дүнгээс харахад, SSANGYONG маркийн MUSSO загварын 31-84 ЗАА улсын дугаартай автомашин нь зам тээврийн осол болоход техникийн бүрэн бүтэн байдал /жолоодлогын механизм, тормос/-аас шалтгаалсан гэмтэл байхгүй болохыг тогтоов. Харин зев талын ойрын гэрэл, эргэх чиг заадаг гэрэл дохио ажиллахгүй байв.

               Зам тээврийн ослын дараа автомашины урд тэнхлэгийн тохиргоо нь алдагдсан, зарим гэрэлтүүлэх хэрэгслүүд нь ажиллахгүй болсон байв.

               3. SSANGYONG маркийн MUSSO загварын 31-84 ЗАА улсын дугаартай автомашин нь Монгол улсад импортоор орж ирсний дараа 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын “Да хүрээ” техникийн хяналтын үзлэгийн төвд анх удаа суурин тоног төхөөрөмжөөр үзлэгт орж тэнцсэн мэдээллийг оруулбал:

Зөрүү Стандарт

-Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ-

+1.0 мм/м

5 мм/м

-Урд тэнхлэгийн тормосны хүчний хэмжээ-

зүүн баруун

 

 

1.3 кн 1.2 кн

8.3 хувь 20 хувь

-Хойд тэнхлэгийн тормосны хүчний хэмжээ-

0.6 кн 0.5 кн

12хувь 30 хувь

-Холын гэрэл-

зүүн баруун

 

/кандел/

10000 10000

10000-250001

-Ойрын гэрэл- /кандел/

10000 10000

10000-225000

-Утааны тортогжилтын хэмжээ-

10 хувь

35 хувь

/Өөр техникийн хяналтын үзлэгийн төвд орсон мэдээллийг хэвлэх боломжгүй./

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр SSANGYONG маркийн MUSSO загварын 31-84 ЗАА улсын дугаартай ачааны зориулалттай автомашины ерөнхий байдлыг нүдээр үзэж шалгасны дараа техникийн хяналтын үзлэгийн суурин тоног төхөөрөмжөөр урд тэнхлэгийн хажуу гулсалт, урд, хойд ажлын тормосны хэмжээ, зогсоолын тормос, бусад нэмэлт хэрэгслүүд, гэрэлтүүлэх хэрэгслүүдийн ажиллагааг шалгасан шинжээчийн дүгнэлтийг 02 дугаар сарын 11-ний өдөр бичиж хүргүүлэв.

Уг автомашиныг суурин тоног төхөөрөмжөөр техникийн байдлыг шалгасан "Хэмжилтийн хуудас”, автомашины ерөнхий байдлын гэрэл зургийг тус тус хавсаргав…гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 92-97/ болон хавтаст хэргийн 11-15 дугаар хуудсанд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

          Шүүхээс шүүгдэгч А.Лыг   2019 оны 12 дугаар сарын 23-ний орой 21 цагийн орчим Баянхонгор аймгийн Баацагаан 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан эрэг” гэх газарт  3184 ЗАА улсын дугаартай “MACCO” маркийн авто машиныг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн   12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 3.7а-д заасан “согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчиж уг авто машиныг онхолдуулж авто машин дотор зорчиж явсан А.Мөнхбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримтууд тус тус болсон нь хохирогч А.Мөнхбаатар болон гэрч Н.Ариунболд, Ц.Батбаяр, А.Л, бага насны гэрч Э.Эрдэнэбат, гэрч Д.Сүрэнжав   нарын мэдүүлэг,Баянхонгор аймаг дахь  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 07, 69 дугаартай дүгнэлт, Замын цагдаагийн шинжээчийн 04 дугаартай дүгнэлт, Баянхонгор аймгийн Авто тээврийн үндэсний төвийн шинжээчийн 20/04 дугаартай дүгнэлт, Дархан-уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 161 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.

          Иймд шүүгдэгч А.Лыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг   зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг   үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

          Дээрх үйл баримт  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан тул шүүгдэгч А.Лт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Лт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын чанартай гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт  хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч А.Лын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, түүнд тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг    тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан хугацаатай адил хугацаагаар авч  тээврийн хэрэгсэл жолоодох үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалтыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Л нь тээврийн хэрэгсэл эрх хасагдсан хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодсон үйл ажиллагаа явуулсан бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж уг хязгаарлалтад хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан нарт даалгаж шийдвэрлэв.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болж албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт СД хоёр ширхгийг хураасан мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 28, 2020 оны 01 дүгээр сарын 21ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж уг хоёр ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар,   шүүгдэгч А.Лын тээврийн хэрэгсэл жолоодох 945263 дугаартай жолоочийн үнэмлэхийг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ЦЕГ-ын лицензийн төвд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасуулахаар шилжүүлэхээр, 3184 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 02454676 дугаартай авто машины гэрчилгээг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож  авто машины гэрчилгээг хэрэгцээний дагуу авто машины  эзэмшигч Д.Сүнрэгжавт буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгаж,  хэргийн газрын үзлэгийн явцад осол гарсан авто машины / P245 / 70R16 / 106T / маркийн дугуйг эд мөрийн баримтаар хураасан мөрдөгчийн тогтоолыг хүчинтэйд тооцсон Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг дугуйг шийтгэх хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Лт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч А.Л нь   цагдан  хоригдсон  хоноггүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Мөнхбаатарт учирсан хохирлыг нөхөн төлсөн тул шүүгдэгч А.Лыг бусдад  төлөх  төлбөргүй болохыг дурдаж хэрэгт шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.      

    Шүүгдэгч А.Л нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн  5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон.                                                                                                      

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  А.Лыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг   зөрчиж, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, шүүгдэгч  А.Лт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан хорих  ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж,  зургаан  / 06 / сарын  хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.4-д зааснаар шүүгдэгч  А.Лт нэг  / 01  / жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоож, уг шийдвэрт хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Л нь тэнссэн хугацаанд тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн  бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5,6-д зааснаар шүүгдэгч А.Л нь хязгаарлалт тогтоосон хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, хяналт  тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч А.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2.1, 2.3-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг  / 01 / жилийн хугацаагаар эрх хасах  ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ эхэлсэн өдрөөс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.                                                   

7. Уг хэрэгт шүүгдэгч А.Л нь   цагдан хоригдсон хоноггүй,  гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1,  21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт СД хоёр ширхгийг хураасан мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 28, 2020 оны 01 дүгээр сарын 21ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж уг хоёр ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар, шүүгдэгч А.Лын тээврийн хэрэгсэл жолоодох 945263 дугаартай жолоочийн үнэмлэхийг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ЦЕГ-ын лицензийн төвд шилжүүлэхээр, 3184 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 02454676 дугаартай авто машины гэрчилгээг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож  авто машины гэрчилгээг хэрэгцээний дагуу эзэмшигч Д.Сүнрэгжавт буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгаж,  авто машины / P245 / 70R16 /106T / маркийн дугуйг эд мөрийн баримтаар хураасан мөрдөгчийн тогтоолыг хүчинтэйд тооцсон Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг дугуйг шийтгэх хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

             9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.Лт авсан    хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгосугай.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

   11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.                                   

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч А.Лт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.