| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 172/2020/0242/Э/ |
| Дугаар | 2020/ШЦТ/246 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгч М.Б, Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б, Б.Ннарт холбогдох эрүүгийн 2015000580258 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б, Б.Н нар бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн О.Б биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б, Б.Н нар бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн О.Б биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2015000580258 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Б хазсан нь үнэн... Би газраас босож ирээд Б зугтаалгахгүйн тулд хөлтэй нь ноцолдож байхдаа түүний хөлнөөс хазсан. Үүнээс өөр түүнийг цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Б малтуураар цохисон нь үнэн. Б цохих болсон шалтгаан гэвэл миний эгчийг удаа дараа айлгаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсанд гол нь байгаа юм...” гэх мэдүүлэг,
Хохирогч О.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэртээ очиход хадам ээж М.Б, дүү Н, Н нар манай хашаанд О хувцас, манай хүүхдүүдийн хувцаснуудыг цүнхэнд хийсэн байж байхаар нь та нар яагаад хүний амьдралд гай болж явдаг юм бэ Оюун-Эрдэнэ бид хоёрын амьдрал биздээ. Нэг хэрүүл болохоор хүрч ирээд хүн авч явдаг хүний амьдралд ганц тус болохгүй байж зайлцгаа гэж хэлтэл хадам ээж М.Б чи муу бид нарыг дээрлэхдэг хэн юм. Бид нар чамд дээрлэхүүлгүй шүү, чамайг өгдөг газар чинь өгнө гэж хэлээд цагдаа дуудахаар нь би гэрээс гарах гэтэл О, Н, М.Б нар намайг гаргахгүй хаалга таглаад зогсохоор нь та нар яахаараа миний гэрт цагдаа дууддаг юм гэж хэлээд гэрээс гартал хэн нь мэдэхгүй нэг нь миний фотволкноос татаад урсан. Би хашаанаас гарах гээд хойд талын хаалга руу очтол хаалга түгжсэн байхаар нь урд талын намхан хашаа руу гүйж очоод давтал хадам ээж М.Б миний зүүн талын хөлийг хашаатай хавсарч хөшиж дараад шилбэний дотор талаас хазсан. Араас нь Н над руу чулуу шидээд байсан. Шидсэн чулуу нь миний нурууг онож байсан...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-24-р хуудас/,
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр үед ээж, дүү Н нар ирээд Б хандаж цагдаад дуудлага өгчихсөн, чамд охиноо дээрэлхүүлж чадахгүй гэхэд Б ээжтэй ноцолдоод гэрээс зугтаагаад гарсан. Б араас ээж болон дүү Н гарсан. Би хүүхдээ тэврээд араас нь гарахад Б хашаан дээр мордчихсон. Ээж нэг хөлнөөс татаад доошоо суучихсан байсан. Н наад талд нь тармуур барьчихсан зогсож байсан. Батсайхан хашаа даваад зугтаачихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,
Шинжээч эмч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О.Б баруун мөр, бугалганы гадна дунд хэсэгт жижиг олон тооны зураасан, хэвлийн баруун хажуу хэсэгт цайвар цагаан өнгийн арьсны түвшинд сорвитой, зүүн өвдөгний гадна хажуу хэсэгт арьсны түвшинд хүрэн бор өнгийн, зүүн шилбэний дотор доод хэсэгт хүрэн бор өнгийн сорви үүссэн байсан. Зүүн өвдөгний гадна хажуу хэсэгт арьсны түвшинд хүрэн бор өнгийн сорви нь гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн шилбэний дотор доод хэсэгт хүрэн бор өнгийн сорви нь мөн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/,
Булган аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Мөнх-Оюуны 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 26 дугаартай:
4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 503 дугаартай дүгнэлт:
1. Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 26 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Хүний биед учирсан шарх нь арьсны бүх давхаргыг гэмтээж, эдгэрэхдээ сорви тогтож эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулдаг тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар гэмтлийн хөнгөн хэрэгт хамаардаг.
2. 2020-01-06-ны шинжээч эмчийн үзлэгээс үзэхэд О.Б биед зүүн өвдөг, шилбэнд сорви, баруун мөр, бугалга, хэвлийн баруун хажуу хэсэгт сорви биш зулгаралт гэмтлийн дараа үүссэн нөсөөгүйжсэн хэсэг тогтоогдож байна. Хүний биед учирсан гэмтэл нь сорвижиж, нөсөөгүйжиж эдгэрснээс хойш тухайн гэмтлийн үүссэн хугацааг тогтоох боломжгүй байдаг. Дээрх гэмтлүүдээс зүүн өвдөг, шилбэний сорви нь дангаараа гэмдлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт /хх-ийн 60-63-р хуудас/,
Шүүгдэгч М.Бгийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82-85-р хуудас/,
Шүүгдэгч Б.Н хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88-92-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2015000580258 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Б, Б.Н нар бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн О.Батсайханы биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч М.Б, Б.Номин-Эрдэнэ нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч О.Б /хх-ийн 20-24-р хуудас/, гэрч Б.О /хх-ийн 33-34-р хуудас/, шинжээч эмч Б.М /хх-ийн 53-54-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Булган аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Мөнх-Оюуны 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 26 дугаартай /хх-ийн 46-47-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 503 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-63-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Б, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч М.Б, Б.Номин-Эрдэнэ нар нь бүлэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч М.Б, Б.Н нар нь хохирогч О.Батсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Б, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Б, Б.Н нар нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85, 92-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Б, Б.Н нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан тэдгээрт торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 2015000580258 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Б, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Б.Н нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Б.Н нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Б, Б.Н нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Эрүүгийн 2015000580258 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, Б.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР