Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.Д /Орон нутгийн өмчин газар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Х.С /Тэс сумын ЗДТГ/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч:А.О /”Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ /,

Шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгч: Б.Батгэрэл,

Шүүгдэгч Ч.Б-ын өмгөөлөгч: Т.Уянга,

Шүүгдэгч Ж.Т-ын өмгөөлөгч: Б.Болормаа,

Шүүгдэгч: Ц.Б, Ч.Б, Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Цэвээний Батбаяр, Баргад овогт Чантуугийн Батжаргал, Борлууд овогт Жамсрангийн Төгсжаргал нарт холбогдох 1835004410201 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дугаар сарын 23-нд Увс аймгийн  суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Таван тэсийн илч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн тоотод оршин суух Т овогт Ц-н Б / РД: /,

Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 11-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нутгийн удирдлагын менежер мэргэжилтэй, “Баян нутаг Алдар” хоршооны менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн оршин суух Б овогт Ч Б /РД: /,

Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 19-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Ариун дээд” ХХК-ий захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын оршин суух Б овогт Ж-ийн Т /РД:/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ц.Б нь нийтийн албан тушаалтан буюу "Таван Тэсийн Илч" Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх захиралаар ажиллахдаа 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Тэс сумын засаг дарга Ж.Н, Баян нутаг алдар хоршооны захирал Г.А нар болон мөн өдрийн өөрийн Баян нутаг алдар хоршооны захирал Г.А-тай тус тус байгуулсан Таван Тэсийн Илч Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт Эксковатор-Бульдозер-погрузчик нийлүүлэх гэрээний дагуу нийлүүлэгчээс 2018 оны 09 дүгээр сард нийлүүлсэн гэрээнд заасан техникийн тодорхойлолын чанарын шаардлага хангаагүй техникийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон, өөрийн хамаарал бүхий этгээд болох өөрийн төрсөн дүү Ц.Б-ийн нөхөр болох Ж.Т, Баян нутаг Алдар хоршооны менежер Ч.Б нарт давуу байдал бий болгож сумын засаг даргын баталсан ажпын гүйцэтгэлийг хүлээн авах комиссын шийдвэргүйгээр хүлээн авч ашиглаж Улсын төсөвт 115.000.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч “Ариун Дээд” ХХК-ий захирал Ж.Т нь Баян нутаг алдар хоршооны захирал Г.А-гийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Тэс сумын засаг дарга Ж.Н, мөн "Таван Тэсийн Илч" Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Ц.Б нартай байгуулсан Таван Тэсийн Илч Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт Эксковатор-Бульдозерпогрузчик нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ Баян нутаг алдар хоршооны менежер болох уг хоршооны захирал Г.Агийн нөхөр Ч.Б нийлүүлэх явцад түүнээс 110 сая төгрөг авч өөрийн нэгдмэл ашиг сонирхолтой, нийтийн албан тушаалтан болох хадам ах Ц.Б болон Баян нутаг алдар хоршооны менежер Ч.Б нарын өмнөөс өөрийн Ариун Дээд ХХК-ны нэрээр гаалийн бүрдүүлэлт хийж Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор Бүгд Найрамдах Хятад Ард улсын талаас 2018 оны 08 дугаар сарын 31- ний өдөр гэрээнд заасан техникийн тодорхойлолтын чанарын шаардлага хангаагүй техникийг Монгол Улсад оруулж ирж Ч.Б-д хүлээлгэн өгч, Улсын төсөвт 115.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Баян нутаг Алдар хоршооны менежер Ч.Б нь өөрийн эхнэр буюу Баян нутаг алдар хоршооны захирал Г.Агийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Тэс сумын засаг дарга Ж.Н, мөн "Таван Тэсийн Илч" Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Ц.Б нартай байгуулсан “Таван Тэсийн Илч” ОНӨААТҮГ-т Эксковатор-Бульдозер-погрузчик нийлүүлэх гэрээнд заасан техникийг нийлүүлэхдээ гэрээнд заасан техникийн тодорхойлолтын чанарын шаардлага хангаагүй техникийг нэгдмэл ашиг сонирхолтой, нийтийн албан тушаалтан болох Ц.Б-ын дүү Ц.Б-ийн нөхөр Ж.Т-аар зуучлуулан түүний эзэмшлийн “Ариун Дээд” ХХК-ий нэрээр гаалийн бүрдүүлэлт хийж Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор Бүгд Найрамдах Хятад Ард улсын талаас 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсад оруулж ирж, 2018 оны 09 дүгээр сард "Таван Тэсийн Илч" Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт нийлүүлж, Улсын төсөвт 115.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ.

1. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Увс аймгийн Тэс сумын ИТХ-ын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/03 дугаартай  тогтоол /хх-ийн II хавтасны 82-85-р тал/-оор  2018 оны сумын төсвийн Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл  арга хэмжээний жагсаалтыг батлахдаа тус сумын “Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-т “Хог тээврийн 2 үйлдэлт трактор” худалдаж авахад зориулж 60.000.000 төгрөгийн  төсөв баталсан байна.

“Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-ын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай тогтоол /хх-ийн III хавтасны 61-74-р тал/-оор “Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-ын 2018 оны бизнес төлөвлөгөөг батлахдаа 60.000.000 төгрөгөөр Универсаль трактор худалдаж авахаар хөрөнгө оруулалтын зардал баталсан байна. 

“Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ нь өөрийн үйл ажиллагаандаа ашиглах Универсаль трактор /Эксковатор-Бульдозер-погрузчик/-ыг Тэс сумын орон нутгийн хөгжлийн сангийн болон өөрийн ТУЗ-аас баталж өгсөн 120.000.000 төгрөгөөр худалдан авах төсвийг бүрдүүлжээ.

Хамтран хөрөнгө оруулагч тал болох Тэс сумын Засаг дарга 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 78 дугаартай албан тоот /хх-ийн II хавтасны 87-р тал/-оор Универсаль трактор /Эксковатор-Бульдозер-погрузчик/-ыг худалдан авах сонгон шалгаруулалтыг зохион байгуулах эрхийг “Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-т шилжүүлсэн байна.

Универсаль трактор /Эксковатор-Бульдозер-погрузчик/-ыг нийлүүлэх сонгон шалгаруулалтыг “Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Ц.Б захиалагчийн хувиар 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр зарлахдаа материалыг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагаас өмнө хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 10:30 цагт нээхээр хугацаа тогтоож /хх-ийн I хавтасны 65-р тал/, АМКОДОР-702ЕА буюу үүнтэй ижил төрлийн техникийн үзүүлэлт, хүчин чадалтай /хх-ийн I хавтасны 66-р тал/ Универсаль трактор /Эксковатор-Бульдозер-погрузчик/-ыг нийлүүлэх үнийн санал авахаар техникийн нөхцөл заажээ.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн  21.1-т “Захиалагч тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ” гэж заасныг зөрчиж, зөвхөн Тэс сумын ЗДТГ-ын гадна мэдээллийн самбарт мэдээлэл тавьсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Захиалагч “Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Ц.Б 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” 13 дугаартай тушаал /хх-ийн I хавтасны 64, 235-р тал/-аар  Үнэлгээний хорооны даргаар Тэс сумын ЗДТГ-ын ХХҮГ-ын мэргэжилтэн Ж.Ц, нарийн бичгийн даргаар “Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-ын нягтлан бодогч Б.Д, гишүүдэд Байгаль хамгаалагч Б.О, “Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-ын ажилтан О.Б, Тэс сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Ц.Б нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Уг сонгон шалгаруулалтанд 2018 оны 7 дугаар 16-ны өдрийн 09:50 цагт “Баяннутаг Алдар” хоршоо битүүмжилсэн материал /хх-ийн I хавтасны 71-116, 231-245-р тал/ ирүүлснийг Үнэлгээний хороо авч тэмдэглэл /хх-ийн I хавтасны 71-р тал/ үйлдэн баталгаажуулжээ.

Үнэлгээний хороо сонгон шалгаруулалтыг 2018 оны 7 дугаар 16-ны өдрийн 11:00 цагт нээхэд “Баяннутаг Алдар” хоршооноос өөр оролцогч материал ирүүлээгүй бөгөөд  “Баяннутаг Алдар” хоршооноос 120.000.000 төгрөгөөр тендерийн бичиг баримтанд заасан техникийн нөхцөл болох АМКОДОР-702ЕА Эксковатор-Бульдозер-погрузчик /хх-ийн I хавтасны 244-р тал/-ийг  нийлүүлэхээр үнийн санал ирүүлсэн материалыг Үнэлгээний хороо хуралдаанаараа хэлэлцээд уг материалыг шаардлага хангасан гэж үзээд захиалагчид гэрээ байгуулах зөвлөмж /хх-ийн I хавтасны 70-р тал/ хүргүүлсэн болох нь Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл  /хх-ийн I хавтасны 72-73, 237-238-р тал/,

гэрч Ж.Ц /Үнэлгээний хорооны дарга/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Захиалагч “Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-аас зарласан сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороо хорооны даргаар ажилласан. 2018 оны 7 дугаар сарын 16-нд ирүүлсэн материалыг нээхэд ганцхан “Баяннутаг Алдар” хоршооноос 120.000.000 төгрөгөөр АМКОДОР-702ЕА Эксковатор-Бульдозер-погрузчикийг нийлүүлэх үнийн санал ирүүлсэн байсныг үнэлгээний хороо хэлэлцээд шаардлага хангасан материал гэж үзээд захиалагч болох “Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Ц.Б-д гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн. Гэтэл Ц.Б нь  бидний сонгон шалгаруулж өгсөнөөс өөр трактор авсан байсан. Үнэлгээний хороо материал хүлээн авч, хурлаар хэлэлцэхэд “Баяннутаг Алдар” хоршооноос ирүүлсэн материалын техникийн үзүүлэлтийн хэсэгт “АМКОДОР-702ЕА” гэж тодорхой заасан байсан. Одоо үүнийг арилгасан байна.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 43-44-р тал/,

гэрч Б.Д /Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд “Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-ын нягтлан бодогч/-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 16-ны 11:00 цагт үнэлгээний ирүүлсэн материалыг нээхэд “Баяннутаг Алдар” хоршооноос ирүүлсэн баримт бичгийн техникийн тодорхойлолтонд АМКОДОР-702ЕА маркийн Эксковаторыг 120.000.000 төгрөгөөр нийлүүлэхээр санал ирүүлсэн байсан. Өөр оролцогч материал ирүүлээгүй. Үнэлгээний хорооны гишүүд хэлэлцээд техникийн үзүүлэлт нь тохирч байна гэж үзээд захиалагч болох “Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Ц.Б-т гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн. 2017 оны 7 дугаар сарын 23-нд “Баяннутаг Алдар” хоршоотой гэрээ байгуулсан. 2017 оны 9 дүгээр сард “Баяннутаг Алдар” хоршооны менежер Ч.Б БНХАУ-д үйлдвэрлэсэн JL-942 трактор авч ирж өгсөний дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 06-нд Орон нутгийн өмчийн газарт тендерийн бичиг баримтыг эх хувиар нь явуулахад Ц.Б захирал “Баяннутаг Алдар” хоршооноос ирүүлсэн бичиг баримтын 19-р хуудсанд байсан техниикийн нөхцлөөс “АМКОДОР-702ЕА  гэсэн хэргийг намайг аваад дахин хэвлээд өг” гэсэн шаардлага тавиад байхаар нь би тэр хэсгийг нь хасаад хэвлэж өгөхөд Ц.Б 19-р хуудасны оронд сольж хийгээд 19-р хуудсанд байсан баримтыг аваад урж хогийн саванд хийсэн юм. 2018 оны 9 дүгээр сард “Баяннутаг Алдар” хоршооны менежер Ч.Б трактор нийлүүлэхээр ирэхэд нь намайг уг техникийг хүлээж авах комиссын гишүүнээр томилсон байсан. БНХАУ-д үйлдвэрлэсэн JL-942 загварын трактор авч ирсэн учраас комисс хүлээж авч акт үйлдээгүй, тэр үед бичиг баримт нь ч байгаагүй юм. Тэр тракторыг ашиглахгүй манай байгууллагын хашаанд үлдээчихсэн байсныг захирал Ц.Б “Авч ашиглья. Яаралтай тракторын хэрэгтэй байна” гэсээр байгаад ашиглаж эхэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 35-36-р тал, II хавтасны 15-16-р тал/,

гэрч Б.О /Үнэлгээний хорооны гишүүн/-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Баяннутаг Алдар” хоршооноос ирүүлсэн материалын техникийн үзүүлэлтийн хэсэгт “АМКОДОР-702ЕА” гэж бичсэн байсныг санаж байна. ОХУ-д үйлдвэрлэсэн АМКОДОР-702ЕА  гэж техникийн үзүүлэлттэй бичиг баримт ирүүлсэн байсан учраас захиалагчид гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн. Гэтэл Ц.Б нь Үнэлгээний хорооноос санал болгосноос огт өөр, БНХАУ-д үйлдвэрлэсэн эксковатор худалдаж авсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 38-р тал/,

гэрч Ц.Б /Үнэлгээний хорооны гишүүн/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Баяннутаг Алдар” хоршооноос ирүүлсэн материалын техникийн үзүүлэлтийн хэсэгт “АМКОДОР-702ЕА” гэж бичсэн байсан учраас сонгон шалгаруулалтын бичиг баримтанд заасан ОХУ-д үйлдвэрлэсэн АМКОДОР-702ЕА буюу үүнтэй ижил төрлийн техникийн үзүүлэлт, хүчин чадалтай Универсаль трактор /Эксковатор-Бульдозер-погрузчик/ гэсэн шаардлагыг хангасан гэж үзсэн” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 39-р тал/-үүдээр тогтоогдож байна.

Үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмжийн дагуу 2018 оны 7 дугаар сарын 23-нд “Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-ын нягтлан бодогч Б.Д, “Баяннутаг Алдар” хоршооны менежер Ч.Б нар Эксковатор-Бульдозер-погрузчикийг 2018 оны 7 дугаар сарын 23-аас 2018 оны 8 дугаар сарын 23-ны хооронд нийлүүлэх, нийлүүлэгчийн гарын үсэгтэй гэрээг захиалагч хүлээн авмагц 40.000.000 төгрөгийн санхүүжилт, барааг хүлээн авсны дараа 20.000.000 төгрөгийг тус тус олгох нөхцөлтэйгээр гэрээ /хх-ийн I хавтасны 113-116-р тал/ байгуулсныг “Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-ын захирал Ц.Б, “Баяннутаг Алдар” хоршооны захирал Г.А нар  баталсан байна.

Гэрээний дагуу 2018 оны 8 дугаар сарын 13-нд “Баяннутаг Алдар” хоршооны Хаан банкны 5830002756 дансанд 40.000.000 төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэсэн JL-942  загварын тракторыг комисс хүлээж аваагүй байхад буюу 2018 оны 9 дүгээр сарын 14-нд 8.500.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 28-нд 11.500.000 төгрөгийг тус тус “Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-ын Хаан банкны 5815212222 данснаас шилжүүлсэн болох нь депозит дансны хуулга  /хх-ийн I хавтасны 172, 190-191-р тал/-аар тогтоогдож байна.

Хөрөнгө оруулагч тал болох Тэс сумын Засаг дарга Ж.Н Үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмжийн дагуу 2018 оны 7 дугаар  сарын 23-нд “Баяннутаг Алдар” хоршооны захирал Г.А-тай Эксковатор-Бульдозер-погрузчикийг 2018 оны 7 дугаар сарын 23-аас 2018 оны 8 дугаар сарын 23-ны хооронд нийлүүлэх, барааг хүлээн авсны дараа 60.000.000 төгрөгийг олгох нөхцөлтэйгээр гэрээ /хх-ийн II хавтасны 88-91-р тал/ байгуулах санал ирүүлснийг зөвшөөрч “Гэрээ байгуулж, санхүүжилт олгох тухай” 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдийн А/87 дугаартай захирамж /хх-ийн II хавтасны 92-р тал/ гаргасан  байна.

Тэс сумын ОНХС-аас 2018 оны 8 дугаар сарын 14-нд “Баяннутаг Алдар” хоршооны Хаан банкны 5830002756 дансанд 55.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь төлбөрийн баримт /хх-ийн II хавтасны 86-р тал/-аар тогтоогдож байна.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн (a)-д "Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж тус тус хуульчилжээ.

“Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ  нь Увс аймгийн орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байна.

“Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтанд хамаарч байгаа тул шүүгдэгч Ц.Б-ыг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ц.Б нь албан тушаалын байдлаа ашиглан тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн  21.1-т “Захиалагч тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ” гэж заасныг биелүүлэхгүйгээр тухайн сонгон шалгаруулалтыг  нийтэд мэдээлэхгүйгээр  өөрийн урьдчилан үгсэн тохиролцсон “Баяннутаг Алдар” хоршооноос өөр оролцогч бололцоог зориуд хаасан байна.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.

Нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх” гэдгийг сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг, “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгоно.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно” гэж тодорхойлсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Б-ыг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер шалгаруулалтыг хууль бусаар зохион байгуулж, өөрийн нэгдмэл сонирхолтой буюу өөрөө бичиг баримтыг нь бүрдүүлж сонгон шалгаруулалтанд оролцуулсан “Баяннутаг Алдар” хоршоотой гэрээ байгуулсан, гэрээний үүрэг биелэгдээгүй байхад үнийг шилжүүлсэн, мөн техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй техникийг өөрөө бусадтай хамтран нийлүүлсэн, албан ёсоор хүлээн аваагүй /хүлээн авсан баримт үйлдээгүй/ байхад уг техникийг авч ашиглаж, их хэмжээний хохирол учруулснаас гадна хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтад оролцож ажил, бараа, үйлчилгээг нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуйн нэгж, байгууллагуудын эрх ашиг, түүнчлэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулсан байх тул түүний үйлдэл эрх мэдэл, албан тушаалын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Б нь “Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын албан тушаалын бүрэн эрхэд хамаарах сонгон шалгаруулалт зарлах, гэрээ байгуулах, гүйлгээ хийх эрх буюу давуу байдлаа ашиглан энэ гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан  гэж үзнэ.

Үнэлгээний хорооны сонгон шалгаруулсан “Баяннутаг Алдар” хоршоооноос ирүүлсэн техникийн нөхцлөөс илт муу техникийн нөхцөлтэй JL-942  загварын БНХАУ-д үйлдвэрлэсэн тракторыг өөрийн төрсөн дүү Ц.Б-ийн нөхөр Ж.Т-ын “Ариун дээд” ХХК-ий нэрээр 2018 оны 8 дугаар сарын 31-нд Монгол Улсын хилийн Замын-Үүд дэх боомт /хх-ийн II хавтасны 223-231-р тал/-оор оруулж ирсэн байна.

БНХАУ-д үйлдвэрлэсэн JL-942  загварын тракторыг Монгол Улсын хилээр оруулж ирэх ажиллагааг шүүгдэгч нар урьдчилан тохиролцож хийсэн болох нь Хил хамгаалах Ерөнхий газраас ирүүлсэн шүүгдэгч нарын хилээр нэвтэрсэн лавлагаа /хх-ийн II хавтасны 214-219-р тал/-гаар тогтоогдож байна.

Үүнд шүүгдэгч Ц.Б, Ж.Т нар 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 09:33 цагт Замын-Үүд боомтоор хамтдаа БНХАУ руу нэвтэрсэн,  шүүгдэгч Ж.Т нь 2018 оны 8 дугаар сарын 31-нд Монгол Улсын хилийн Замын-Үүд дэх боомтоор JL-942  загварын тракторыг авч ирсэн, шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 02-нд Замын-Үүд боомтоор БНХАУ руу нэвтэрч, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 17:56-17:57 цагийн хооронд шүүгдэгч Ц.Б-ын хамт мөн боомтоор орж ирсэн байна.

Шүүгдэгч Ч.Б нь шүүгдэгч Ц.Б-тай урьдчилан тохиролцож сонгон шалгаруулалтанд оролцоход нь “Баяннутаг Алдар” хоршооны бичиг баримтыг ашиглуулах, сонгон шалгаруулалтанд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж өгөх, дансаараа гүйлгээ хийх, JL-942  загварын тракторыг худалдаж авахаар БНХАУ руу хамт явах, БНХАУ-аас хамт ирэх, уг техникийг “Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-т хүргэж өгөх, шүүгдэгч Ж.Т нь өөрийн хадам ах болох шүүгдэгч Ц.Б-тай үгсэн тохиролцож БНХАУ руу хамт явж, JL-942  загварын тракторыг өөрийн “Ариун дээд” ХХК-ий нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийж Монгол Улсын хилээр оруулж ирэх зэрэг үйлдлээр энэ гэмт хэрэгт оролцсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-т “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж тодорхойлсон байна.

Шүүгдэгч Ч.Б, Ж.Т нар нь урьдчилан амлаж үйлдлээрээ гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн  байх тул тэднийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах  гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэж үзнэ.

Энэ гэмт хэргийн субьект нь нийтийн албан тушаалтан байх бөгөөд хамжигчаар оролцож байгаа этгээд нь нийтийн албан тушаалтан байхыг шаардахгүй тул шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч Т.Уянга, Ж.Т-ын өмгөөлөгч Б.Болормаа нарын “Бидний үйлчлүүлэгч нар нь нийтийн албан тушаалтан биш тул холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү”  гэсэн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нар “Баяннутаг Алдар” хоршооны дансаар “Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-аас 60.000.000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр, Тэс сумын ОНХС-аас 55.000.000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээр Үнэлгээний хорооноос сонгон шалгаруулсан техникийн  нөхцлөөс илт муу JL-942 загварын трактор нийлүүлсний төлбөрт шилжүүлэн авсан байх тул энэ гэмт хэргийн улмаас 115.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1.“их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус заасан байх бөгөөд 50.000.001 төгрөг буюу түүнээс дээш хэмжээний хохирол учирсан бол их хэмжээний хохиролд хамаарна.

Шүүгдэгч нар нь 115.000.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул тэднийг их хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Б, Ж.Т нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

“Баяннутаг Алдар” хоршооны захирал Г.А нь мөрдөн байцаалтын шатанд “Манай “Баяннутаг Алдар” хоршоо нь 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан. Миний нөхөр Ч.Б бүх үйл ажиллагааг нь хариуцаж явуулдаг. Ч.Б 2016 оноос 2018 онд Наранбулаг сумын Засаг даргаар ажиллах болоход хоршооны захирал байж болохгүй гээд намайг хоршооны захирлаар томилсон. Түүнээс хойш Б-ыг дахин захирлаар бүртгүүлж амжаагүй байгаа. Б бүх үйл ажиллагааг хариуцаж, шаардлагатай бичиг баримт дээр намайг захирал гэж гарын үсэг зуруулдаг. Өөрөө менежер гэж гарын үсэг зурдаг юм. Намайг 2018 онд “Увс хүнс” ХК-д ажиллаж байхад Ч.Б “Тэс суманд трактор нийлүүлэх гэж байна” гээд тендерийн бичиг баримт болон гэрээ авч ирээд надаар гарын үсэг зуруулж аваад явсан. Бичиг баримтыг нь би уншиж танилцахгүйгээр гарын үсэг зурж  өгөөд явуулсан. Гэрээнд би гарын үсэг зурсан. Гэрээнд зурсан гарын үсэг миний гарын үсэг мөн” гэж мэдүүлсэн /хх-ийн III хавтасны 19-20-р тал/ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа тул Г.А-г энэ хэрэгт оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас “Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-т 60.000.000 төгрөг, Увс аймгийн Тэс сумын ОНХС-нд 55.000.000 төгрөгийг хохирол  тус тус учирсан байна.

Мөрдөн байцаалтын шатанд Увс аймгийн Тэс сумын ЗДТГ-ыг хохирогчоор тогтоож, Тэс сумын ЗДТГ-аас төлөөлөгчөөр томилогдсон Хууль эрх зүй,  хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн Х.С-ийг,

“Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ нь 100 хувь орон нутгийн өмчит хуулийн этгээд тул Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрыг хохирогчоор тогтоож, Орон нутгийн өмчийн газраас төлөөлөгчөөр томилогдсон Хууль эрх зүйн харилцааны мэргэжилтэн С.Д-г,

“Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-г хохирогчоор тогтоож, “Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-ын ТУЗ-өөс томилсон ТУЗ-ын гишүүн А.О-ийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тус тус тогтоосон нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.2-т “хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг мөрдөгч, прокурор хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж заасантай бүрэн нийцэж байна.

“Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч А.О шүүхийн хэлэлцүүлэгт “JL-942 загварын тракторыг шинжээчийн тогтоосон үнэлгээгээр нь тооцож, “Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-т авах боломжтой гэж “Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-ын ТУЗ үзсэн. Шүүх энэ тракторыг манайд шилжүүлээд өгчихвөл өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн.

Увс аймгийн Тэс сумын ЗДТГ-аас 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаартай “Тус сумын ОНХС-ийн болон “Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ хөрөнгө оруулалтаар авсан JL-942  загварын трактор нь хэвийн ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар “Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-ын ажлаас гадна 296 мотоцаг ажиллаж 53.280.000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байна. Иймд уг тракторыг тогтоосон үнээр нь манайд шилжүүлж, үлдэгдэл хөрөнгийг ОНХС-нд оруулж өгнө үү” гэсэн албан тоот ирүүлсэн зэргийг харгалзан үзээд шүүгдэгч нарын “Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-т нийлүүлсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн JL-942 загварын тракторыг “Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-т шилжүүлэн өгч, шинжээчийн тогтоосон үнэлгээгээр нь тооцож, шүүгдэгч нарын  нөхөн төлөх хохирлоос нь хасах боломжтой гэж дүгнэлээ.

“Гэрэгэ эстимейт” ХХК-ий 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн УВ/01/601 дугаартай дүгнэлтээр “БНХАУ-д үйлдвэрлэсэн Julang-942 загварын трактор  нь 2018 оны 7 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотод 57.800.000 төгрөгийн үнэтэй, Улаанбаатар хотоос Увс аймгийн Тэс суманд уг тракторыг тээвэрлэж ирэх зардал 2.000.000 төгрөг байна”  гэх  дүгнэлт /хх-ийн I хавтасны 46-р тал/-ээр  БНХАУ-д үйлдвэрлэсэн Julang-942 загварын трактор  “Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-т нийлүүлэгдэх зах зээлийн үнэлгээ 59.800.000 төгрөг болохыг тогтоожээ.

Иймд 115.000.000 төгрөгийн хохирлоос 59.800.000 төгрөгийн хохирлыг хасаж, 55.200.000 төгрөгийг шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэг зэргийг харгалзан гүйцэтгэгч Ц.Б, хамжигч Ч.Б, Ж.Т нараас хохирлыг ялгамжтай гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнээд шүүгдэгч Ц.Баас 25.000.000 төгрөг, шүүгдэгч Ч.Б-аас 15.100.000 төгрөг, шүүгдэгч Ж.Т-аас 15.100.000 төгрөгийн хохирол тус тус гаргуулан 55.000.000 төгрөгийг Тэс сумын ОНХС-нд, 200.000 төгрөгийг “Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-т тус тус олгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б 25.000.000 төгрөгийн хохирлыг шүүхийн шатанд төлсөн, шүүгдэгч Ч.Б, Ж.Т нар гэм буруугийн шүүх хуралдааны дараа завсарлага авч тус бүр нь 15.200.000 төгрөгийн хохирлыг төлсөн  тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.Б нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч Ч.Б, Ж.Т нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутай болох нь тус тус тогтоогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б, Ч.Б, Ж.Т нар нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж  байсан эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн III хавтасны 173, 174, 175-р  тал/-гаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б нь  эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 6-р багийн 1-40 тоотод оршин суудаг бөгөөд эхнэр Р.Д нь Тэс сумын Цэцэрлэгт тогоочоор ажиллаж, ТҮ-1-5 шатлалаар 569.585 төгрөгийн цалин авдаг болох нь Тэс сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 06 дугаартай тодорхойлолт, мөн 2003 оноос хадлангийн аж ахуй эрхэлж Увс аймаг дахь Улсын нөөцийн газарт жил бүр Өвс бэлтгэн нийлүүлдэг. 2019 онд 4.000 ширхэг пресс нийлүүлсэн болох нь Тэс сумын ЗДТГ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаартай тодорхойлолт, мөн өдрийн Тэс сумын Хөдөө Аж Ахуйн тасгийн мэргэжилтэн Д.А-ийн тодорхойлолтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Б нь эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 31-9 тоотод оршин суудаг. Малын гаралтай түүхий эд худалдан борлуулах, ноос, ноолуур боловсруулах, газар тариалан, мал аж ахуй хослон эрхлэх, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөлтэй “Баяннутаг Алдар” хоршоог эрхлэн байнгын үйл ажиллагаа явуулдаг талаарх түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Ж.Т нь эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 1 дүгээр 64 айлын 45 тоотод оршин суудаг. Газар тариалан, мал аж ахуй хослон эрхлэх, гадаад, додоод худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй “Ариун дээд” ХХК-ий захирал ажилтай. “Цэнгийн зам” ХХК-д давхар ажиллаж 700.000 төгрөгийн цалин авдаг гэх түүний хувийн байдлын талаарх баримтууд хэрэгт авагджээ.

Мөн шүүгдэгч Ж.Т-ын хүү 2012 онд төрсөн Т.Б нь Аутизм өвчинтэй бөгөөд Улаанбаатар хотод тусгай сургуульд сурдаг талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт түүний өмгөөлөгч Б.Болормаа гаргаж өгсөн байна.

Шүүгдэгч нар нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт анх удаа үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох нь зүйтэй гэж дүгнэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан байна.

Иймд шүүгдэгч нарын сонгон шалгаруулалтын бичиг баримтанд зааснаас илт муу техникийн үзүүлэлт бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн JL-942  загварын 59.800.000 төгрөгийн бодит үнэлгээтэй тракторыг 115.000.000 төгрөгөөр нийлүүлж, олсон 55.200.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,  3-д “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан тул шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 55.200.000 төгрөгийг хурааж улсын орлого болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл тул 55.200.000 төгрөгийн хөрөнгө орлогыг хураахдаа шүүгдэгч нараас ялгамжтай хураах нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, оролцооны хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнээд  шүүгдэгч Ц.Б-ын хувьд ногдох хөрөнгөөс 20.000.000 /хорин сая/ төгрөг, шүүгдэгч Ч.Б-ын хувьд ногдох хөрөнгөөс 17.600.000 /арван долоон сая зургаан зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Ж.Т-ын хувьд ногдох хөрөнгөөс 17.600.000 /арван долоон сая зургаан зуун мянга/ төгрөгийг тус тус хурааж улсын орлого болгохоор тогтоов.

Шүүгдэгч нараас хөрөнгө орлого хураах албадлагын хэмжээ хэрэглэсэн тул шүүгдэгч Ц.Б-ын Увс аймгийн Тэс сумын 6-р багт байрлах 000071662 гэрчилгээний дугаартай, 20.837.000 төгрөгийн үнэ бүхий 128м/кв орон сууц, 000061194 гэрчилгээний дугаартай, 9.896.000 төгрөгийн үнэ бүхий 2474 м/кв газар, 000377080 гэрчилгээний дугаартай, 8.265.000 төгрөгийн үнэ бүхий 870 м/кв үйлдвэр, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 44 дугаартай тогтоол,

Шүүгдэгч Ж.Т-ын Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, I-64 айлын 3-45 тоотод байрлах 000099765 гэрчилгээний дугаартай, 49.073.310 төгрөгийн үнэ бүхий 40.3 м/кв орон сууц битүүмжилсэн Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 45 дугаартай тогтоол,

Шүүгдэгч Ч.Б-ын 93-90 УВХ улсын дугаартай, 10.706.700 төгрөгийн үнэ бүхий Митсубиши челленжер авто машин битүүмжилсэн Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 46 дугаартай тогтоолуудыг хөрөнгө орлого хураах нэмэгдэл ялыг биелүүлэхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.

БНХАУ-д үйлдвэрлэсэн JL-942 загварын тракторыг “Таван Тэсийн илч” ОНӨААТҮГ-т 59.800.000  төгрөгийн үнэлгээгээр нь тооцон шилжүүлж шийдвэрлэсэн тул уг тракторыг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 43 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Ц-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

- Шүүгдэгч Б овогт Ч-гийн Б, Б овогт Ж-гийн Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц.Б-ын нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилээр хасаж, 8000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ч.Б, Ж.Т нарын нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 /гурав/ жилээр хасаж,  тус бүрт нь 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарт  оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 55.200.000 /тавин таван сая хоёр зуун мянга/ төгрөгөөс, шүүгдэгч Ц.Б-ын хувьд ногдох хөрөнгөөс 20.000.000 /хорин сая/ төгрөг, шүүгдэгч Ч.Б-ын хувьд ногдох хөрөнгөөс 17.600.000 /арван долоон сая зургаан зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Ж.Т-ын хувьд ногдох хөрөнгөөс 17.600.000 /арван долоон сая  зургаан зуун мянга/ төгрөгийг тус тус хурааж улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ц.Б-ын эд хөрөнгө битүүмжилсэн Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 44 дугаартай тогтоол, шүүгдэгч Ж.Т-ын эд хөрөнгө битүүмжилсэн Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 45 дугаартай тогтоол, шүүгдэгч Ч.Б-ын эд хөрөнгө битүүмжилсэн Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 46 дугаартай тогтоолыг тус тус хөрөнгө орлого хураах нэмэгдэл ялыг биелүүлэхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Б.ГАНСҮХ