Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Гантуяа, улсын яллагч З.Алтансолонго,шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хохирогчийн өмгөөлөгч Алтай, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Балханай, иргэний хариуцагч М.*******, орчуулагч И.Марал, шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2,2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.*******д холбогдох эрүүгийн 1936000000173 дугаартай, 178/2019/0156/Э/ индекстэй хэргийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт *******  аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, Молхы ******* овогт *******ын *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн нутаг дэвсгэрт 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ******* улсын дугаартай иргэн М.*******ийн Ланд Ровер маркийн  тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Б.Жупархааны эрүүл мэндэд хүнд хохирол,иргэн Э.ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ж.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Хохирогчид хохирол төлбөр төлсөн. Цаашид шүүхээс гарах зардлыг төлж барагдуулна гэх мэдүүлэг,

Зам тээврийн осол дээр тогтоосон актанд  ... 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн нутаг дэвсгэрт Ж.******* нь Улаанбаатар хотоос ******* аймгийн чиглэлд 0044 БӨА улсын дугаартай Land Rover маркийн машин жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а-д заасан ”тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байх” гэснийг зөрчиж зам тээврийн осол гарсан байна... гэх дүгнэлт / хэргийн 4-5-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн...Уг зам тээрийн осол болсон гэх газар нь Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт байрлах засмал зам дээр болсон байв.Тээврийн хэрэгслийн баруун талын дугуй нүх гарсан цэгийг 2-н тоогоор тэмдэглэж, зүүн талын дугуй анх гарсан цэгийг 1-ийн тоогоор тэмдэглэж, 2-н тооноос 1-н тоо хүртэл хэмжиж үзэхэд 0.90 м байв.3-н тоогоор зүүн талын дугуй засмал зам руу эргэн орсон цэгийг тэмдэглэж хэмжихэд 20.60 см байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 6-8-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...үзлэгийг Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн нутаг дэвсгэрт хийв.Уг тээврийн хэрэгсэл нь 0044 БӨА улсын дугаартай Land Rover маркийн  машин байх ба уг тээврийн хэрэгслийн урд салхины шил тольны хамт хагарсан,копуд хэлбэрээ алдсан, жолооч талын их гэрэл хагарсан, баруун урд талын дохио хагарсан, баруун урд талын шанаа кирло хагарсан, дөрвөн талын хаалга шилний хамт хагарч хэлбэрээ алдсан,урд хаалганы 2 ширхэг толь хагарсан, дээврийн люк хагарсан,хойт талын кабины шил хагарсан,хойт талын 2 амартизатор эвдэрсэн,хойт тэнхлэг эвдэрсэн, өндрийн мэдрэгч эвдэрсэн,кабин хэлбэрээ алдаж гулзайсан байдалтай байсан... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 9-11-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Молхы хошах овогт Балханайн ы / 17 настай, эрэгтэй, 11-р ангийн сурагч/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос гараад ******* аймгийн ******* сум руу явж байсан. 05-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын нутагт явж байхад жолооч М.******* нь “ би ядарч байна, чи жолоод “ гээд Ж.*******д машинаа бариулсан. Ж.******* М.*******ийн Land Rover маркийн машиныг бариад 20-иод км явж байгаад машинаа онхолдуулж зам тээврийн осол гаргасан.Үүний улмаас миний толгойн яс, арьс гэмтэж,зүүн гарын  тохой шалбарч, зүүн талын чих тасарсан.Ховд аймгийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн.Машин хурдтай явж байгаад хоёр тал руугаа дайвалзаад замын ирмэгээс гарч онхолдсон.Хэдэн удаа өнхөрснийг би мэдэхгүй.Би тухайн үед машины арын суудалд зүүн талын хаалганы хажууд сууж явсан... гэх мэдүүлэг / хэргийн 24-25-р хуудас/

Гэрч Б.Нурболдыхын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 09 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос М.*******ийн Land Rover маркийн машинтай Е.,Ж.*******,нэг хүүхэдтэй эмэгтэй, жолоочтойгоо бид 7-уулаа гарсан. Замд явж байгаад жолооч “машин барьдаг хүн байна уу” гэхэд Ж.******* “би чадна” гэхэд “ чамд үнэмлэх байгаа юу “ гэж асуухад нь Ж.******* “ байхгүй” гэсэн. Ховд аймгийн Зэрэг сумын нутагт явж байхдаа жолооч Ж.*******ыг “ чи жаахан машин барьчих, ах нь жаахан амраад авъя” гэсэн. Ж.******* машиныг бариад 1 км орчим явж байгаад машин 2 талдаа дайвалзаад засмал замаас гараад 2-3 удаа өнхөрсөн.Би машинаас эхэлж гараад Бауыруан, ******* хоёрыг татаж гаргасан.Хамт явсан эмэгтэй гарч ирээд “ миний хүүхэд хаана байна” гэхэд хүүхэд нь засмал зам дээр шидэгдсэн байсан. Тэгээд замаар ирж байсан машины жолоочийг гуйгаад бид нарыг Зэрэг сумын эмнэлэгт хүргэсэн... гэх мэдүүлэг / хэргийн 37-38-р хуудас/

Гэрч М.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өөрийнхөө 0044БӨА улсын дугаартай Land Rover маркийн машинтай Улаанбаатар хотоос ******* рүү гарсан.Замдаа явж байгаад машин барьж чаддаг хүн байна уу гэхэд Ж.******* “ би барьж чадна, 69 барьж байсан” гэж хэлсэн.Тэгээд нойр хүрээд байхаар нь Ж.*******д машинаа өгчихөөд би хойт талын суудалд суугаад явж байтал Ж.******* машиныг барьж эхлэнгүүтээ дайвалзуулаад хөдлөөд эхлэхээр нь би “ аяархан зогсохыг бод” гэж хэлэхэд машин дотор байсан хүмүүс шуугилдаад байхаар нь Ж.******* сандраад тормозоо гишгэх гээд хаазаа гишгээд машин өнхөрөөд 4 дугуй дээрээ зогссон... гэх мэдүүлэг / хэргийн 41-42-р хуудас/

Гэрч А.Алтынгүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр М.*******ийн 0044 БӨА улсын дугаартай машинаар , , Нуболат,******* манай хүү Бахбергэн бид 7-уулаа Улаанбаатар хотоос ******* рүү гарсан. Замдаа явж байгаад жолооч нойр хүрээд байна гээд Ж.*******д машинаа өгөөд өөрөө хойт талын суудалд суусан.Машин жаахан явж байгаад замын эсрэг урсгал руу ороход арын суудлаас хүмүүс “ машинаа зогсоо, тормозоо гишгэ” гээд орилолдоход Ж.******* сандраад хаазаа гишгэх шиг болсон тэгээд нэг мэдэхэд машин онхолдоод бид нарын ирж байсан зүг рүү хараад зогссон байсан.Миний өвөр дээр байсан хүүхэд маань байхгүй, гадна шороон дээр уначихсан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 43-44-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 569 дугаартай шинжээчийн ...М.*******ийн биед дагзанд шарх, дух, зүүн хөмсөг, зүүн тохой,зүүн шуу,зүүн сарвуу, зүүн ташаан толгойд зулгаралт,зүүн хацар, зүүн дал, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 46-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 578 дугаартай шинжээчийн ...А.ийн биед зүүн тохой, зүүн шуу, хүзүү, зүүн сарвуу, баруун бугалганд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 54-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 580 дугаартай шинжээчийн “...Б.ий биед духанд болон толгойн оройд шарх,баруун дээд 3-р шүдний хугарал,баруун хацар,баруун чихний ар доод хэсэг болон хүзүүний баруун талд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, доод уруул, зүүн өвдөг, баруун шагай, баруун ташаан толгой, цээж, зүүн ташаан толгой, зүүн шилбэнд зулгаралт, баруун эгэмд цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хэргийн 58-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 577 дугаартай шинжээчийн ” ...Б.ы биед хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, гавал ясны титэм заадсаар баруун оройгоос зулайны хажуу хэсэг хүртэл зүүндээ чамархай хүртэл хугарал, хөхлөг сэртэнгийн хугарал, дунд бүрдлийн хазайлт, 0.7 см, хүзүүний 2-р нугалмын их биеийн хугарал гэмтэл тогтоогдлоо.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2,3.1.3,3.1.5-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хэргийн 62-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 160 дугаартай шинжээчийн “...Ж.*******ы биенээс авсан гэх шингэн цусанд этилийн спирт илрээгүй...” гэх дүгнэлт / хэргийн 75-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 579 дугаартай шинжээчийн “...Э.ы биед эрүү ясны арын сэртэнгийн болон ооч хэсгийн далд хугарал, дагзанд шарх,зулай, хүзүү, дээд уруул,зүүн хөхний дээд хэсэг,зүүн мөр,эрүү,баруун бугалга,баруун чих, зүүн шилбэ, зүүн тохойд зулгаралт, зүүн доод 5,6-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хэргийн 83-р хуудас/

2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 37 дугаартай Замын цагдаагийн шинжээчийн “... БӨА улсын дугаартай Ланд ровер маркийн автомашины эзэмшигч М.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.б-д заасан ”Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөн байна.

БӨА улсын дугаартай Ланд ровер маркийн автомашиныг жолоодож явсан Ж.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан ” Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4.б-д “ Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэх заалтуудыг зөрчсөн байна. Мөн дүрмийн 23.9.а-д “ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөн.Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ж.******* нь эрхийн үнэмлэхгүй, тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслээ зогсоож чадаагүйгээс шалтгаалан зам тээврийн осол болсон... гэх дүгнэлт / хэргийн 96-р хуудас/

Шинжээч М.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эрхийн үнэмлэхгүй хүн өөрөө автомашины талаар мэдлэг, ойлголт, дадлага туршлага байхгүй, ямар нэгэн асуудал гарахад ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй, зогсоох арга хэмжээ авах гэж байгаад тормозоо гишгэх гээд андуураад хаазаа гишгэснээс машин хурд нэмж осол гарсан.Дадлага туршлагатай хүн байсан бол тухайн нөхцөлд арга хэмжээ аваад зогсоох боломжтой байсан...” гэх мэдүүлэг / хэргийн 171-р хуудас/

Шүүгдэгч Ж.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тэгээд би машин бариад 1 км орчим явж байхад машин зүүн тал руугаа рулиэ булаагаад би буцаагаад дарахад машин дайвалзсан.Тэгэхэд ард сууж явсан хүмүүс “ тормозоо гишгэ” гэж орилохоор нь би сандраад хааз тоормозны алийг нь мэдэхгүй гишгэсэн. Машин зогсохгүй явж байгаад онхолдчихсон.Би сандраад юу болсныг сайн санахгүй байна. Би хөдөө гэртээ байхдаа УАЗ-469 машин барьж үзсэн өөр машин бариагүй.Би тухайн үед М.*******т жолооны эрхгүй гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг / хэргийн 108-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.*******  нь 2019 оны 09 дүгээр  сарын 05-ны өдөр Ховд аймгийн Зэрэг  сумын Эхэн багийн нутаг дэвсгэрт М.*******ийн эзэмшлийн 0044БӨА  улсын дугаартай Ланд Ровер маркийн автомашин жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Б.ы эрүүл мэндэд хүнд хохирол, Э.ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь  хохирогч Б.ы мэдүүлэг, гэрч Б.Нурболдых, М.*******, А.Алтынгүл  нарын мэдүүлэг, замын цагдаагийн шинжээч М.Алтангэрэлийн мэдүүлэг болон 37 дугаартай дүгнэлт, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 577,579 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Ж.*******ы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр М.*******ийн эзэмшлийн 0044-БӨА  улсын дугаартай Ланд Ровер маркийн автомашин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс  тухайн машинд зорчиж явсан Б.Жупархааны биед хүнд, Э.ы биед хүндэвтэр, А., Б., М.******* нарын биед хөнгөн гэмтлүүд учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, машин жолоодох дадлага туршлага,чадваргүйгээс, өмнө нь жолоодож байгаагүй машиныг жолоодсоноос зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцөл  болсон байна.

Шүүгдэгч Ж.*******ыг гэмт хэрэг үйлдэхэд иргэний хариуцагч М.******* буюу 0044-БӨА  улсын дугаартай Ланд Ровер маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч буруутай болох нь замын цагдаагийн шинжээчийн “...М.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.б-д заасан ”Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэх дүгнэлт, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 2-т зааснаар М.*******ийг 100.000 төгрөгөөр торгосон шийтгэврийн хуудас / хх-202/-аар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.*******ыг  тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж бусдын эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодож, Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хариуцагч М.******* нь хохирогч Б.д 580000 төгрөг, хохирогч Э.д 786472 төгрөг, иргэний нэхэмжлэгч А., Б. нарт 160000 төгрөг тус тус төлж барагдуулсан. Шүүгдэгч Ж.******* нь хохирогч Б.д 1 сая төгрөгийг төлсөн баримт ирүүлсэн, хохирогч иргэний нэхэмжлэгч нараас цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, иргэний хариуцагч хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ж.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-109/-аар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ж.*******ы хувийн байдлын талаар гэрч А.*******ын өгсөн...Ж.******* нь боловсролгүй, 7 настай байхад нь ээж нь нас барсан, одоо эгч аавынхаа хамт амьдардаг.2018 онд Ховд ЗХ-ний 123-р ангид цэргийн алба хаасан...  гэх мэдүүлэг / хх- 165-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Ж.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: шүүгдэгч Ж.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,иргэний хариуцагч, хохирогч нарт 1500000 төгрөг, иргэний нэхэмжлэгч нарт 160000 төгрөг тус тус төлсөн,шүүгдэгч Ж.******* нь хохирогч нарын цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн.Хохирогч нар болон иргэний нэхэмжлэгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх гэх санал дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: шүүгдэгч Ж.******* нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, хохирогчид 1сая төгрөгийн хохирол төлсөн, шүүхээс нотлох баримтын хүрээнд гарах зардлыг                                                           төлөхөө илэрхийлсэн. Шүүгдэгч Ж.******* нь боловсролгүй, эцэг, эгчийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал болон, мөн хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх санал, дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Ж.*******ы  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлсөн байдал гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2,2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Ж.*******д оногдуулсан 08 сарын хорих ялыг 08 сарын хугацаагаар тэнсэж  шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч Б.д 1 сая төгрөг төлсөн, иргэний хариуцагч М.******* нь хохирогч Б.д 580000 төгрөг, хохирогч Э.д 786472 төгрөг, иргэний нэхэмжлэгч А., Б. нарт 160000 төгрөг тус тус төлсөн  болно. Хохирогч Б. түүний хууль ёсны төлөөлөгч нь хэрэгт 5.108.453 төгрөгийг нэхэмжилсэн боловч 2070903 төгрөгний баримт хэрэгт авагдсан бөгөөд бусад 3415000 төгрөгийн баримт хэрэгт авагдаагүй тул шүүх хэлэлцэхгүй орхисон болно. Шүүгдэгч Ж.******* нь хохирогч Б.д 1 сая төгрөг төлсөн байх тул хэрэгт авагдсан баримттай зардлаас хасч шүүгдэгчээс иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар 1070903 төгрөг гаргуулж хохирогч Б.д олгуулах нь зүйтэй болно.

Шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.*******ы 3 тооны үхэр,15 тооны хонь, 10 тооны ямаа битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5/105 дугаартай Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцлах   нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Молхы ******* овогт *******ын *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн, 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч Молхы ******* овогт *******ын *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01/нэг/ жилийн хугацаагаар хасч, 08/найм/ сарын хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.*******д оногдуулсан 08 /найм/ сарын хорих ялыг 08/ найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

4.Шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг  тус тус дурдаж, шүүгдэгч Ж.*******ы эзэмшлийн 3 тооны үхэр,15 тооны хонь, 10 тооны ямаа битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5/105 дугаартай Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалсугай.

5.Шүүгдэгч Ж.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг  ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ж.*******аас 1070903 төгрөг гаргуулж, хохирогч Б.д олгуулж, хохирогч Б., Е. нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа бүрдүүлж иргэний хариуцагч М.*******ээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ж.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС