| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2020/0020/э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2020-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: А.Анхбаяр,
Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ш овогт Ц-ийн Б-д холбогдох эрүүгийн 2035000220025 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 23-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, “Гэрээт констракшин” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 2-08 тоотод оршин суух Ш овогт Ц-ийн Б /РД:/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 4-17 тоотод байрлах гэртээ 2019 оны 12 дугаар сарын 24-ноос 25-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр А.Б-тэй маргалдаж улмаар түүний баруун өвдөг тус газарт модон сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Ц.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 4-17 тоотод байрлах гэртээ 2019 оны 12 дугаар сарын 24-ноос 25-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр А.Б-тэй маргалдаж улмаар түүний баруун өвдөг тус газарт модон сандлаар цохьсон болох нь:
Хохирогч А.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Нөхөр Ц.Б бид хоёр маргалдаж байгаад надад уурлаад нэг гараараа миний гар, булчингийн хэсгээс барьж байгаад нөгөө гараараа миний хацар луу алгадаж цохихоор би босоод явах гэтэл нөхөр миний баруун гарын булчингийн хэсгээс бариад “явуулахгүй” гээд татахаар нь би хүчээр салаад шкафны хажууд очоод зогсоход над руу сандал аваад шидэхэд нь миний өвдөгний хэсэгт цохигдсон. Тэр үед өвдөг өвдөхөөр нь би өвдөгөө дараад доош нь суусан. Нөхөр намайг “яасан бэ” гэж ирээд надаас уучлал гуйж аргадсан. Тэгэхээр нь би тэр орой нөхөртэйгээ юу яриагүй “уучлахгүй гээд” хоносон. Тухайн үед миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл мэдэгдээгүй. Маргааш өглөө нь эртхэн босоод гэрээс гараад өөрийнхөө ээжийн гэрт очиж болсон үйл явдлын талаар хэлчхээд ажил руугаа явсан. Нөхөр намайг цохисон тул хэсэг хугацаанд нөхрөө айлгаж хийсэн үйлдлийг нь ойлгуулъя гэж бодоод өөрийнхөө ээжийндээ хоёр хоног ажилдаа явсан. Биеийн байдал хэвийн байсан ба тэр хооронд нөхөр маань надаас уучлал гуйгаад байсан. Гэтэл сандалд цохигдсон өвдөг өвдөөд байхаар нь 2019 оны 12 дугаар сарын 26-нд эмнэлэгт очиж үзүүлсэн чинь “өвдөгний хэсэгт цуурсан” болж таарсан. Тэгэхээр нь миний уур улам хүрч ээжийндээ хэсэг байя гэж бодоод 20 гаруй хоносон. Уг нөхөр маань өдөр болгон над дээр ирж уучлал гуйсан. Тэгтэл 2020 оны 01 дүгээр сарын 10-наас хойш над руу ирэхгүй алга болчхоор нь уурлаад сэтгэлийн хөдөлгөөнөөрөө нөхрөө жоохон айлгах зорилгоор өргөдөл бичиж цагдаагийн байгууллагад хандсан юм. Би нөхрөө жоохон айлгах зорилгоор өргөдөл бичиж өгсөн чинь уг асуудал хүндрээд байх шиг байна. Өргөдөл өгдгийн орой нөхөр ирсэн ба “хөдөө ажлаар явсан” байсан учраа хэлсэн. Би тэрийг нь ойлгохгүйгээр уурандаа өргөдөл гаргасан байсан. би одоо өргөдлөө буцааж авмаар байна. Нөхөр бид хоёр хоорондоо эвлэрч гэртээ хамт байгаа. Би нөхөртөө флаж оёод хүнд өгсөнгүй гэж уурласнаас болж нөхөр надад уурлаж миний биед халдаж цохисон...миний биеийн байдал хэвийн. Биед үүссэн хөхрөлтүүд арилсан. Өвдөгний цууралт бороолж эдгэрсэн...нөхөр бид хоёрын хооронд урьд нь гэр бүлийн доторх жижиг маргаан ганц нэг удаа л гарч байсан. Харин анх удаа нөхөртөө цохиулж байна. Миний нөхөр гэр бүлийнхэндээ халамж анхаарал сайн тавьдаг. Тухайн үед нөхрийн ямар тэнгэр нь буруу эргээд намайг цохих болсныг нь мэдэхгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй аливаа үйлдэл гаргаж байгаагүй. Анх удаа л ийм зүйл болж байна...Нөхөр маань надаас уучлалт гуйсан тул нөхрөө уучилж сайн дураараа эвлэрсэн. Иймд нөхрөөсөө нэхэмжлэх хохирол гомдол байхгүй. Уг хэргийг хурдан шийдүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р тал/,
Гэрч М.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Манай охин хөл нь бэртсэн гэмтсэнийг надад хэлээгүй байсан бол би юу ч мэдэхгүй өнгөрөх байсан. Хүргэн Б манайд ирээд эхнэрээсээ уучлалт гуйгаад яваад байж байгаад 2020 оны 01 дүгээр сарын дунд үеэр эхнэрээ дагуулаад явсан. Би тэр хоёроос ямар нэгэн зүйл асууж шалгаагүй явуулсан. Охин хөл нь бэртэх болсон шалтгаанаа “флажнаас болж маргалдсан” гэж хэлсэн. Өөр юу ч хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,
Гэрч Т.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний хүү архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй. Тамхи бол огт татдаггүй. Хүнтэй хэрүүл маргаан хийгээд, элдэв буруу ааш араншин гаргаад байдаггүй. Ц.Б-ыг эхнэрээ цохисон гэхээр гайхаад байна. Айлын бага хүүхэд тул ааваа алдсандаа сэтгэл санаа нь тавгүй байж магадгүй гэж би бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,
Шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Эхнэртэйгээ маргалдаж байгаад баруун гараас барьж байгаад 2 удаа алгадаж цохисон. Тэгээд сууж байсан сандлаа аваад эхнэр лүү шидэхэд хөлийг нь цохьсон. Тэгтэл эхнэр доош суучихаар нь би айгаад эхнэр лүүгээ очоод эхнэрээсээ уучлалт гуйсан. Маргааш нь унтаж байгаад сэрсэн чинь эхнэр ажилдаа явсан байсан. Орой эхнэр ирэхгүй оройтоод байхаар нь эхнэр лүү ярьж асуусан чинь эхнэр надад гомдоод өөрийнхөө ээжийн гэр лүү явсан байсан. Эхнэр маань ээжийнхээ гэрт 20 гаруй хоносон. Би өдөр бүр эхнэртэйгээ уулзаж уучлалт гуйсаар байгаад эвлэрсэн. Одоо эхнэр хүүхдүүдтэйгээ цуг байгаа. Эхнэрийн хөл нь бэртсэнийг бид хоёр мэдэлгүй байж байгаад хэд хоногийн дараа мэдэж эмнэлэгт үзүүлж эмчлүүлсэн. Урьд өмнө нь бид хоёр маргалдаж зодолдож байгаагүй. Түргэн уурнаасаа болж эхнэрээ зодож, ийм гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 100 дугаартай “А.Б-н биед Баруун хөлийн тойгны яс доод хэсгээр цуурсан хугаралтай, тэр хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг тодорхой хугацаанд сарниулах учир Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 25-р тал/-ээр хохирогч А.Б-ийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж хохирогч руу сандал шидсэн үйлдэл нь хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд шидэж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч А.Б-ийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч А.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд хохирол, гомдолгүй талаар тодорхойлолт /хх-ийн 62-р тал/ гаргаж өгснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч П.Д-гийн өгсөн: “Би А.Бтэй 10 гаруй жил найзалж байна...Ц.Б архины харшилтай тул архи уугаад байдаггүй. Баяр ёслолын үед хэрэглэдэг. Ц.Б харилцааны хувьд сайн гэж дүгнэж байна. Эхнэр хүүхэд болон бид нартай зөв боловсон харилцдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/, Гэрч Б.Н-ын өгсөн: “...Би Ц.Б-тай 10-д жил найзалж байгаа, ах дүүгээс ялгаагүй болсон. Бид нар гэр бүлийн найзууд гэж явдаг. Ц.Б архи, согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй. Баяр ёслолын үед л хэрэглэвэл л хэрэглэх байх. Бараг ууж харагддаггүй. Энэ хоёрын хоорондын хэрүүл маргаан гарч байсныг мэдэхгүй бйна. Их л эв найртай байдаг юм шиг санагддаг. Эхнэр хүүхэдтэйгээ байнгын эелдэг зөөлөн харьцаж ярьж байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/, Гэрч Ц.Т-н өгсөн: “...Саяхан аав маань нас барсан, удалгүй ахын хүүхэд нь эндэж нас барсан тул сэтгэл санааны хямралтай байсан. Ийм байх үед уг асуудал гарсан байх тул сэтгэл санааны байдал нь нөлөөлсөн байж магадгүй. Би дүүгээ эхнэртэйгээ маргалдаж цохисон гэхэд гайхаад байгаа юм. Ийм байдал гаргахаар зан авиртай хүүхэд биш юм. Миний ах, дүү нар гэр бүлийн хүмүүжил сайтай, эцэг, эх маань бид нарыг элдэв муу үйл хийхгүй байх талаар байнгын сургаж ирсэн. Ц.Б урьд нь хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Анх удаа л ийм хэрэгт холбогдож байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/ -үүд хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон сандал нь ахуйн хэрэглээ эд зүйл тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Ц-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ