| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/05349/и |
| Дугаар | 2037 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2037
МАГАДЛАЛ
2016.12.12 Дугаар 2037 Улаанбаатар хот
ХХХХ-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05349 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ХХХХ-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 54 000 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: ХХХХ нь надаас 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хоёр өрөө байрны барьцаатайгаар 30 000 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатай зээлсэн. Гэрээ ёсоор 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төлөх 39 000 000 төгрөгийг байнга шаардаж байсан боловч мөнгө одоохон өгчихнө, түр хүлээсэн боловч төлөөгүй тул бид 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хэлцэл хийж баталгаажуулсан. Уг хэлцэл ёсоор зээлийн төлбрийг алдагдал, хүүгийн хамт 55 000 000 төгрөгөөр тооцоод сарын 5 хувийн хүүтэйгээр аль болох богино хугацаанд төлөхөөр болсон боловч төлөөгүй. Иймд үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүү 9 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, нийт 54 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч ХХХХ-ээс 46 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 427 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 387 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч 39 000 000 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 16-нд өгөх хугацаа одоо 31 cap буюу 2 жил 7 cap өнгөрөөд байгаагаас шалтгаалан алдангийн 15 000 000-өөс хавьгүй их төгрөгийн хохирол хүлээх болж байна. Тухайлбал, хэрэв 39 000 000 төгрөгийг сарын 1.25% буюу жилийн 15% хүүтэйгээр банкны хадгаламжинд байлгасан бол энэ мөнгө эхний нэг жилд 39 000 000 төгрөгөөс 5 85 сая төгрөг, хоёр дахь жилд 44.85 сая төгрөнөөс 6.73 сая төгрөг, сүүлийн 7 сард нь 51.58 сая төгрөгөөс 4.46 сая төгрөг буюу хадгаламжийн хүүгээр 17.04 сая төгрөгөөр нэмэгдэж одоо 56.31 сая төгрөгтэй болох байлаа. Тэгээд ч ХХХХ-ийн гуйлтаар 2014 оны 08 дугаар сарын 30-нд хэлцэл хийж 55 сая төгрөгийн сарын 5% хүүтэй шинэ зээлийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргаагүй. Цаашдаа нэхэмжилсэн төлбөрөө өшөө хэдэн сараар хүлээж авах, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар авуулах шаардлага гарвал өшөө улам бүр их хохирох болж байна. Энэ хугацаанд миний бие мөнгөнөөсөө гадна шүүх, тахарын газраар байнга явахдаа ажлын маш их хугацаагаа алдаж мөн эрүүл мэндээр ч их хохирсон байгаа талаарх нэхэжлэл, гомдлоо гаргаагүй билээ. Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзахгүйгээр "...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан алданги буюу гэрээний хариуцлагыг 7 000 000 төгрөгөөр..." тогтоосон нь хэргийн үйл баримтад нийцээгүй бодит бус дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангиас хэрэгсэхгүй болгосон 8 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.
Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 54 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигчдын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч ХХХХ нь 30 000 000 төгрөгийг 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаагаар, сард 2,5 хувийн хүүтэй зээлсэн, жилийн эцэст зээлийн нийт дүн 39 000 000 төгрөг болохыг талууд гэрээгээр баталгаажуулсан, гэрээ байгуулсан өдөр хариуцагч нь 30 000 000 төгрөгийг Хаан банкны дансаар хүлээн авсан, зээл төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги тооцохыг гэрээнд заасан, зээлийн барьцаанд хариуцагчийн өмчлөлийн 53,5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц барьцаалагдсан, зээл болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал болон хариуцагч нь зээл, хүү төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
Нэхэмжлэгч ХХХХ нь зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэсэн боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчаас гаргавал зохих алдангийг 7 000 000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй гэж үзнэ.
Учир нь хуулийн дээрх зохицуулалт нь хэргийн нөхцөл байдал, алдангийн хэмжээ илт их байх нөхцөлд хэрэглэгдэх бөгөөд хариуцагч нь зээл, хүүг 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төлөх байтал гэрээний үүргийг гүйцэтгэлгүй 2 жил 2 сар гаруй хугацаа хэтрүүлсэн, гэрээний үндсэн үүрэг 39 000 000 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги тооцвол хариуцагч нь алдангид 15 000 000 төгрөг нийт 57 500 000 төгрөг төлөх үүрэгтэй байхаас нэхэмжлэгч нь 54 000 000 төгрөг нэхэмжилсэн байна.
Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийн зохицуулалтыг хэрэглэн алдангийн хэмжээг шүүх үндэслэлгүйгээр багасгаж тогтоосон талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 142 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
М.НАРАНЦЭЦЭГ